Хүүхдийн шүдний өвчний оношилгоо, эмчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжинэ

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар өнөөдөр Япон улсын Эрүүл хотыг дэмжигч байгууллагын ерөнхийлөгч Мицуюу Чиба, Шүдний эмнэлгийн холбооны зөвлөх Мурашигэ Фүжино, Масару Хасегава, Инагаки Томиказу нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЗДТГ-ын хэлтсийн дарга Б.Нацагдорж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар оролцов.
 УБ хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Эрүүл хотыг дэмжигч байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд төслийн эхний шатанд Чингэлтэй дүүргийн  ерөнхий боловсролын 50 болон 37 дугаар сургуулийг сонгон авсан байна.  

  Дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ  “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах нь манай салбарын чухал асуудал. МУ-ын Засгийн газар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталж, хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийн шүдний өвчний тархалтыг бууруулах зорилтын хүрээнд 2-6 насны хүүхдийн амны хөндийн өвчний оношилгоо, эмчилгээг хийгдэж байгаа энэ мөчид хүүхдийн амны хөндийн өвчлөлийн бууруулах төслийг хэрэгжүүлж, хамтран ажиллах гэж байгаад та бүхэнд талархал илэрхийлье”  гэлээ.

Эрүүл хотыг дэмжих чиглэлээр бид Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажилладаг. Энэ удаа тус дүүргийн хүүхдийн шүд цоорох өвчлөлийг бууруулах ажлын хүрээнд 50 дугаар сургуулийн сурагчдын амны хөндийн өвчлөлийн байдалд судалгаа хийж, холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж  байгаа тухай Япон улсын Эрүүл хотыг дэмжигч байгууллагын ерөнхийлөгч Мицуюу Чиба танилцуулаад, төсөл хэрэгжихэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүслээ.

 Дэд сайд Л.Бямбасүрэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээ хийхээс гадна  урьдчилан сэргийлэх ажилд анхаарч ажиллахыг онцлоод Эрүүл мэндийн яамны зүгээс хамтран ажиллана гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)