Сурагчидад хакердуулсан “ХААН БАНК“-нд итгэж болох уу?

Зуны гурван сар хаа нэг тийшээ яваад уулзалдаагүй хүүхэд залуус нийлж, дарвин гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол ч хичээлийн жил эхлэхэд гардаг билээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана, хэнтэй нөхөрлөж, юу хийж байгаад нь анхаарлаа хандуулж байгаасай хэмээн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид холбогдон ял шийтгүүлсэн нэгэн хэргийн хавтсыг сөхье. Хэдийгээр насанд хүрээгүй хөвгүүд хэмээн хөнгөн ял шүүх шийтгэсэн ч нэгэн насных нь амьдралд хар толбо болж, “ял шийтгүүлж байсан” хэмээх дагавартай байна гэдэг тийм ч таатай явдал биш. Хүүхэд насны гэнэн томоогүйн алдаа гэж өөрсдийгөө хайцаалахаас нь өмнө эцэг эхчүүд бид үр хүүхдэдээ байнга анхаарал тавьж байвал хэрэг, зөрчилд холбогдохоос нь сэргийлж чадна гэсэн үүднээс энэ нэгэн хэргийг онцолъё. Насанд хүрээгүй хүүхдүүдийн нэрийг нууцлах үүднээс өөр нэрээр төлөөлүүлснээ ташрамд тодотгоё.

 Сурагчид “Хаан” банкны цахим үйлчилгээний нууц үгийг тусгай программ ашиглан хулгайлжээ

 Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургууль анх байгуулагдсан цагаасаа хүүхэд, залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх,  авьяасыг нь дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Гэвч тус сургуулийн төгсөх ангийн гурван сурагч өөрсдийнхөө авьяас чадвар, сурсан мэдсэнээ буруугаар ашиглаж, бусдад хохирол учруулсан хэрэг 2017 оны аравдугаар сард гарсан байна.

2000-аад оны эхэнд төрсөн, 17 настай нэг ангийнхан болох Болдоо, Батаа, Баяраа нар хичээлийнхээ дундуур Мэдээлэл зүйн танхимынхаа компьютерыг ашиглан нэгэн иргэний “Хаан” банкны данснаас удаа дараа гүйлгээ хийж, мөнгийг нь “туучихжээ”.

Хэдийгээр тэдний авсан мөнгө эцэг, эхийнх нь сарын цалингийн талд хүрэхгүй ч 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн шинэ хуульд хохирлын хэмжээг төдийлөн харгалзахаа больж, үйлдэлд нь хариуцлага ногдуулдаг болсон учраас хууль сахиулах байгууллагынхан тэдний холбогдсон хэргийг сайтар шалгаж, нотолсон аж.

Дээрх хөвгүүдийн нэг Болдоо Мэдээлэл зүйн кабинетад ороод хичээлээ хийж хэвшсэн 15 дугаартай компьютерын ард суужээ. Энэ үедээ  кэелоггер (keylogger) хэмээх программ ашиглан иргэн Д-ийн Хаан банкан дахь дансаа удирддаг интернэт банк үйлчилгээний нууц үгийг нь олж авсан гэнэ. Компьютерын программ хангамжийн мэргэжлийн хүмүүсийн тодорхойлсноор “Кэелоггер гэдэг нь төхөөрөмжид оруулсан тэмдэгтүүд буюу мэдээллийг хадгалж авах, эсвэл тухайн халдагч руу явуулдаг, нууцаар ажилладаг программ” юм байна. Харин тус банкны дээрх үйлчилгээнийх нь хамгаалалт, нууцлал тийм сайн биш байдгаас болсон уу, Болдоо нэг их оролдлого, хүчин чармайлт гаргалгүй нууц үгийг нь өөрийн болгож тэмдэглэн авчээ. Энэ тухайгаа хавтаст хэрэгт мэдүүлэхдээ “2017 оны аравдугаар сарын 16-нд мэргэжлийн хичээлийн үеэр багшийн өгсөн даалгаврыг хийж дуусаад фэйсбүүкт орсон юм. Дараа нь кэелоггер программ руу орж, өөрийнхөө фэйсбүүкийн нэвтрэх эрхийг арилгахаар нэвтэрсэн.

Тэр үеэр нэг хүний “Хаан” банкны интернэт банк үйлчилгээний нууц үгийг харсан юм. Нууц үг нь тухайн программ дээр бичигдсэн байсан. Хичээл тараад энэ талаар Батаа, Баяраа нарт хэлсэн” хэмээжээ.

Болдоо уг дансныхаа мэдээлэл, нууц үгийг хоёр найздаа ч бас хэрэглүүлэхээр санал болгосон ч нөгөөдүүл нь зөвшөөрөөгүй хэмээн мэдүүлсэн байх юм. Тухайлбал, Батаа мэдүүлэгтээ “Баяраа бид хоёрыг дансны мэдээлэл авах уу гэхэд нь “үгүй” гэж хэлсэн. Сүүлд нь ийм зүйл хийж болохгүй тухай өөрт нь хэлж байгаад утаснаас нь тэр нууц үг, аппликэйшнийг устгуулсан. “Боль” гэж Болдоод зөндөө хэлж байсан” гэж ярьсан бол Баяраа нь “Би тухайн Мэдээлэл зүйн танхимд суудаггүй. Надад бусдын банкны дансны нууц үгийг олж авсан тухайгаа хэлэхэд нь “ашиглаж болохгүй” гэдгийг өөрт нь тайлбарлаж хэлээд Батаа бид хоёр уг программыг устгахыг шаардаж байсан” гэсэн байна.

Харин тэдний асран хамгаалагч нарын нэг нь “Кэелоггер гэдэг программыг хэн ч ашиглах боломжтой. Программ ашиглаж олж авсан мэдээллийн дагуу хүний данс руу нэвтэрч байгаа нь гэмт үйлдэл.

Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1-2-т зааснаар зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа нэг жил гаруй болж байхад хохирлын тооцоог гаргаагүй, түүнийг төлж барагдуулах боломжгүй байдал үүсгэсэн. Төлбөрийг тогтоогоод өгвөл бид төлнө” гэжээ.

 “Ажил хийж олсон мөнгөөрөө ангийнхнаа дайлж байна гэж бодсон”

 Ийнхүү тусгай программ уншуулж олж авсан нууц үгээ ашиглан иргэн Д-ийн гэр бүлийнхний хамтран эзэмшдэг Хаан банкны данснаас 22 удаа гүйлгээ хийж, 560 шахам мянган төгрөг авсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Болдоо 2017 оны аравдугаар сарын 17-ноос мөн сарын 23 хүртэлх хугацаанд хамгийн багадаа 7000, ихдээ 60 000 төгрөгийн гүйлгээ хийж дээрх хэмжээний хохирол иргэн Д-д учруулсан хэмээн цагдаа, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн байх юм.  Ингэхдээ найз нөхдөө хоолоор дайлж, Улсын их дэлгүүрээс “Zippo” брэндийн үнэтэй асаагуур хүртэл авч өгсөн гэнэ. Хавтаст хэрэгт байгаа мэдүүлэгт хэрэгт холбогдогчдын нэг нь “Урлагийн үзлэг бэлдэж байсан ангийнхандаа идэж, уух юм авч өгсөн гэж хүүхдүүд ярьж байхаар нь Болдоогоос “Юун мөнгө юм бэ, чи авч өгсөн юм уу” гэж асуусан. Тэрбээр Мэдээлэл зүйн кабинетын 15 дугаартай компьютероос программ уншуулан нууц үг олж аваад, тухайн дансны мэдээллийг ашиглан өөрийнхөө гар утаснаас интернэт банк үйлчилгээнд холбогдсон байсан. Улмаар сургуулийн хажуу талын “Тансаг” хэмээх нэртэй дэлгүүрийн данс руу мөнгө шилжүүлж, идэж, уух зүйл авснаа хэлж байсан. Болдоо нэг бус удаа ангийнхандаа идэж уух юм авч өгсөн.  Манай ангийнханд тэрбээр “Зун ажил хийж олсон мөнгөөрөө та нарыг дайлж байна” гэж ярьсан байна лээ. Ангийн хүүхдүүд ч түүнийг цалингаараа юм авч өгч байна гэж ойлгосон. Нэг удаа бид хэд “Өргөө-3” кинотеатрт кино үзэхэд Болдоо тасалбар авч өгч байсан юм” хэмээн мэдүүлжээ.

Болдоо найзуудтайгаа Улсын их дэлгүүрийн бэлэг дурсгалын тасагт бараа сонирхож яваад “Zippo” хэмээн асаагуур хоёр найздаа авч өгсөн бол өөр нэгэнд нь гитарын цохиур худалдан авч бэлэглэхдээ иргэн Д-ийн данснаас төлбөрийг нь төлсөн байна.

Харин Болдоо мэдүүлэгтээ “Анх тухайн хүний нууц үгийг мэдэж авсан өдрөө ямар нэг гүйлгээ хийгээгүй. Маргааш оройноос нь эхэлж “Тансаг”  дэлгүүрээс идэж, уух зүйл, Улсын их дэлгүүрээс Батаа гитартаа цохиур, Баяраа болон өөр нэг найздаа асаагуур, “Апекс” их дэлгүүрээс өөртөө богино өмд (шорт) гэх зэргийг авч, зарим хүний данс руу бэлэн мөнгө шилжүүлж байсан. Гэхдээ 7-8 удаа л гүйлгээ хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гэр бүлийнх нь эзэмшдэг “Хаан” банкан дахь данснаас удаа дараа учир битүүлгээр мөнгө гараад байгааг мэдсэн Д гэр бүлийнхнээсээ асуутал огт гүйлгээ хийгээгүй байж. Тиймээс дансаа түр хаалгаад, нууц үгээ сольж, хэсэг ашиглахгүй байтал хэн нэгэн нууц үгийг нь сэргээх хүсэлт илгээснээр хакеруудын халдлагад өртсөнөө мэдэж цагдаагийн байгууллагад хандсан гэнэ.

Өсвөр насны хөвгүүдийг мөнгө угаасан гэм буруутай гэж шүүх дүгнэжээ

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 29-нд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ингэж шийдвэрлэхдээ шүүх Болдоог “Сургалтын зориулалттай ашигладаг цахим төхөөрөмжөөр дамжуулан компьютерын өгөгдөл системээс иргэн Д-д мэдэгдэхгүйгээр, далд аргаар данс, түүнтэй холбоотой мэдээлэлтэй танилцаж, нэвтэрсний дараа ангийн найз Батаа, Баяраа нарт энэ тухайгаа мэдэгдэж, бусдын данснууд руу мөнгө шилжүүлсэн, гүйлгээ хийсэн.  

Батаа, Баяраа нарыг “Өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хууль бусаар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ дэмжиж бүлэглэн оролцсон” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд өсвөр насны шүүгдэгч Болдоогийн үйлдэл нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөнгө угаах хэд хэдэн гэмт хэргийн, Батаа, Баяраа нарынх мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл өсвөр насны шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогч Д-ийн дансанд 22 удаа хандаж, гүйлгээ, шилжүүлэг хийж олсон хөрөнгө, мөнгө байх бөгөөд энэ нь банк, санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй иргэн Д эд хөрөнгөөрөө хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Иймд шүүх Болдоог цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, компьютерын өгөгдөл, системд нэвтэрч танилцсан буюу Эрүүгийн хуулийн 26.1-1 дэх хэсэгт  зааснаар, Болдоогоос гадна Батаа, Баяраа нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг бүлэглэн авсан, ашигласан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 18.6-1 дэх дугаар хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.2-т  заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөнгө угаасан гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, Баяраа, Батаа нарыг хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Харин Болдоод хорих ял ногдуулахгүйгээр тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар болсон байна. Тэдний учруулсан хохирлыг ар гэрийнхнээс гаргуулж, хохирогч Д-д төлөхөөр шүүх шийджээ.

Харин энэ хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг хөвгүүдийн төлөвшлөөс гадна Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулиас сурагчдадаа сургалт явуулахдаа хяналт тавих байдал хангалтгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: LIVETV.MN

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)