Цаашдаа хязгааргүй үргэлжлэх “80-70-60”

Баяр наадамд дуртай Монголчууд бидний жил бүр тэмдэглэдэг улсын наадмаас гадна аймаг сумын ой, овоо тахилга, адуу тэмээ, түм буман хонь ямаа гээд хэдэн зуун баяр наадам бий.  Түүнээс онцгойлон авч үзэж болох гурван том ой ойрын өдрүүдэд тохиолоо. 

Эхнээс нь онцолбол эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлаа авч үлдсэн Халхын голын ялалтын 80 жил, далайд гарцгүй орны хувьд онцгой ач холбогдолтой төмөр замын тээвэр үүсэн хөгжсөний 70 жил, өөрсдөө тариа ногоогоо ургуулах боломж нөхцөлөөр хангагдсан буюу атрын 60 жилийн ой байв. 

 

Эх орны маань түүхэн хөгжлөөс энэ гурван чухал үйл явдлыг Монголын түүхээс хэнбугай нь хэзээ ч яагаад ч сугалаад авч хаях, үгүйсгэх  аргагүйг миний үеийнхэн сайн мэдэж байгаа. Харин өнөөгийн залууст  сайтар ухааруулж өгөхгүй бол бид ардчилал хэмээн цээжээ дэлдэж,   хамаг бүтээсэн босгосноо харлуулан хашгачсаны гайгаар дээрх түүхэн үйл явдлуудын ач холбогдлыг мэдэхгүй төөрөлдөж яваа залуус, юм уншдаггүй ухвар мөчтөнүүд өдрөөс өдөрт олширсоор байгаа нь харамсалтай.

 

1. Халх голын ялалтын 80 жил 1939 он

 

Халх голын тулааныг дайн гэх үү? Эсвэл байлдаан гэх үү? Эсвэл бүр Япончуудын авч үздэгээр “Номуунханы хэрэг явдал”, хилийн будилаан төдий юу?

Би мэрэгжлийн түүхч биш, буруу ч бурж байж мэднэ, гэхдээ л Халхын голд дэлхийн II дайны эхэлж, тэнд мөн төгссөн гэж үздэг хүмүүний нэг. Өөрөөр хэлбэл 1939 оны 5-р сард Орос-Япон хоёр их гүрэн тэнд халз тулж, эрэгчин эмэгчнээ үзэлцэж, цэрэг эрсийнхээ эр зориг, зэр зэвсгийнхээ хүчин чадлыг туршсан том тулаан болсон. Нэг талаас Монгол-Зөвлөлтийн арми, нөгөө талаас Манжго улсын далбаан дор байлдсан Японы Квантуны армийн нисэх хүчин, танк, их буу, бүх л төрлийн техникээр зэвсэглэсэн мянга мянган цэргүүд оролцсон байлдаанууд 4 сарын турш үргэлжилсэн. Дайнд оролцсон болоод амь үрэгдсэн хүний тоо асар их хэлбэлздэг тул би дурьдсангүй. Энэ тулаанд Япончууд хүчин мөхөсдөн бууж өгч 1939 оны 9 сард ялагдлаа хүлээсэн. Мөн энэ сард  Германчууд Польш руу довтолсоноор  зургаан жил үргэжлэн 60 сая хүний халуун амь авч одсон дэлхийн II дайн эхэлсэн. 

Дэлхийн II дайн Европт 1945 оны 5 сарын 9-нд Германы ялагдлаар үндсэндээ дууссан ч, 1945 оны 8 сард ЗХУ, БНМАУ Японд албан ёсоор дайн зарлаж, Хятадын зүүн мужуудыг чөлөөлөн Америкууд Номхон далайд ялалт байгуулснаар Япончууд 9 сарын 2-нд бууж өгөх актанд гарын үсэг зуран II дайн албан ёсоор дууссан.   Дэлхийн 62 орны хүн амынх нь 80 гаруй хувь нь татагдан орсон энэ том дайнд миний жижиг Монголыг бараг дурсдаг ч үгүй байсан он жилүүд ард үлдсэн байна. Дэлхийн дайнд оролцсон бичикхэн ч гэсэн бидний хувь нэмрийг улс орнууд өнөөдөр арай өөрөөр  үнэлдэг болжээ. Бид том гүрэнтэй эн зэрэгцэн их дайнуудад оролцсоны баталгаа нь гэвэл ялагч их гүрний ерөнхийлөгч В.Путин Халх голын дайны ялалтыг хүндэтгэж манайд айлчилсан явдал.

Халх голын тулалдаан хамаг ардын дайн байсан гэж манай нэг яруу найрагч хэлсэн дээ. Энэ тулаан хөрш гүрэнд маань их дайны өмнө зэвсэг техникээ турших том боломж олгосон. Азид ноёрхолоо тогтоох эрмэлзэлтэй байсан Япончуудын хувьд сэтгэл зүйн асар том ялагдал болсон. 1938 онд Хасан нуурын тулаанд ялагдаж, жилийн дараа Халх голд хиар цохиулсан тэд хэдий Германтай холбоотны үүрэг хүлээсэн байсан ч аугаа эх орны их дайны үед ЗХУ-ыг зүүн талаас нь довтолж зүрхлээгүй. Ийм учраас Сталин Алс Дорнодод байлдааны нөөцөнд байсан цэрэг техникээ Москвагийн хамгаалалт, довтолгоонд татаж ашигласан нь дайныг ялалтанд хүргэх нэг том алхам болсон гэж цэргийн түүхчид үздэг юм билээ. Халх голын тэнгэрт дайны түүхэнд хамгийн олон онгоц зэрэг гарч тулалдсаныг Монгол цэргийн эрэмгий зоригийг харснаа алдарт маршал Г.Жуков “Дурдатгал, бодрол” номондоо дурссан байдаг. 

 

2. Монгол улсад төмөр зам байгуулагдсаны 70 жил 1949 он

 

Монголын төмөр замыг 1949 онд байгуулагдсан гэж үзэн 70 жилийнхээ ойг энэ онд өргөн тэмдэглэж байгаа. Гэвч түүхийг бяцхан сөхвөөс 1934 онд Улаанбаатар хотод аж үйлдвэрийн комбинат, төв цахилгаан станц зэрэг томоохон үйлдвэрийн газрууд байгуулагдаж эхэлснээр төмөр зам тавих онц шаардлага бий болж, Улаанбаатар-Налайхын төмөр зам барих ажлыг 1937 оны зунаас Зөвлөлтийн цэргийн барилгачид эхэлсэн байдаг. 1938 оны зун Ардын хувьсгалын 17 жилийн ойн баяраар  Монголын талд анх төмөр зам түчигнэж эхэлсэн түүхтэй. Энэ замыг тавьснаар Улаанбаатар-Налайхын хооронд нүүрс тээвэрлэж байсан олон зуун автомашиныг чөлөөлж улс ардын аж ахуй болоод батлан хамгаалахын хэрэгцээнд шилжүүлж  байв. Анхны төмөр зам нь 43км байсан бөгөөд манай улсын тээврийн хөгжлийн түүхэнд энэ шинэ хуудсыг нээсэн хүмүүс бол оросууд байлаа. Мөн тэр жилдээ багтаан гуравхан сарын дотор Соловьевск-Баянтүмэний хооронд 237 км урт анхны өргөн төмөр замыг мөн л Зөвлөлтийн цэргийн барилгачид барьсан. Энэ төмөр замаар татсан мянга мянган тонн зэвсэг техник хэрэгсэл нь Халх голын дайныг ялалтанд хүргэх гол хөшүүрэг болсныг мэдэх хүн өдрөөс өдөрт цөөрсөөр. Өнөөдөр энэ төмөр замын рельс төмөр нь бүү хэл, шороон далан ч хүртэл байхгүй болж эдгэрсэн байна. 

 

Үндсэн сэдэв рүүгээ оръё.Наушкаас Улаанбаатар хүртэлх өргөн төмөр зам барих ажлыг Монголын засгийн газрын хүсэлтээр Халх голын дайны дараа шууд эхлэхээр төлөвлөсөн байсан боловч эх орны дайн эхэлсэнээр энэ ажил нурсан гэдэг. Гэвч генералисмус Сталин амалсан ёсоороо төмөр зам тавих ажлыг 1947 оны 9 сараас эхлүүлэн “505-ын”гэгддэг 80 гаруй мянган хоригдлуудаар шуурхай хийлгэсэнээр хоёрхон жилийн дотор 400 гаруй км замыг барьж дуусгасан байдаг. 1949 оны 11 сарын 7-ны Октябрийн баярын өдөр ЗХУ-аас орж ирсэн анхны 1956.1.2 Замын-Үүд галт тэрэгний цуваа Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж ёслол төгөлдөр хүлээн авч байжээ. 

Дараа нь Зөвлөлт-Монгол-Хятадын засгийн газар хоорондын гурвалсан хэлэлцээрээр Улаанбаатараас  Замын Үүд хүртэл төмөр замыг ЗХУ өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулахаар тохиролцож  нүсэр их ажлыг 1953 онд эхэлж 1955 онд дуусган 700 гаруй км урт төмөр замыг манайд хүлээлгэн өгч байжээ. Ийнхүү Монголын умардаас өмнөд хил хүртэл 1115км өргөн төмөр замтай болж, уг замын дагуу 500 гаруй гүүр, 35 өртөө зөрлөг, 5 депо, Улаанбаатарт төв буудал барьснаас гадна, орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, гуанз, дэлгүүр, клуб бүхий олон тосгон суурин бий болсон юм. Нэмж хэлэхэд Шарын голын уурхай ашиглалтанд орсонтой холбогдон 1963 онд Дархан Шарын голын 63км, 1973 онд Салхитаас Эрдэнэтийн зэс молибдений уурхай хүртэл 200  км шинэ төмөр замыг барьж байгуулсан билээ. 

Далайд гарцгүй манай орны хувьд энэ төмөр зам шиг амь амьдралыг маань залгуулж буй тээвэр одоохондоо үгүй. Монголын Засгийн газраас нэг копейк ч нэхэлгүй биднийг хоёр их гүрэнтэй холбосон унаатай болгож өгсөн ачтан хэн бэ? гэж хүүгээсээ ч юм уу ачаасаа асуугаад нэг үзээрэй.   

 

3. Атрын 60 жил  1959 он

 

Монгол улсад атар газар эзэмших замаар тариалангийн гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээгээ хангадаг болох асуудлыг дэвшүүлж улмаар 1959 оны 3 сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас Атрын анхдугаар аяныг зарлаж нөр их ажлыг ЗХУ-ын шууд дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхэлсэн байдаг. Атрын анхдугаар аяныг 1959-1960 онд хэрэгжүүлэх явцад ЗХУ-аас 50 гаруй хүнтэй хөрсний экспедиц ирж байжээ. Тэдний судалгааг үндэслэн гурван жилийн дотор 300 мянган га  атар газар эзэмшсэн юм. Ийнхүү атар газар эзэмшсэнээр газартариалангийн үйлдвэрлэл хөдөө аж ахуйн  бие даасан салбар болж,  хүн амаа гурил, төмс, хүнсний ногоогоор бүрэн хангах, мал аж ахуйг таримал тэжээлийн тогтвортой баазтай болгох ”Атрын анхдугаар аяны” зорилт биелж,  Монгол оронд ач холбогдлоороо ардын хувьсгалын дараа орохоор хоёр дахь хувьсгал хийгдсэн билээ. 

 

Атар газар эзэмшсэн эхний гурван жилд  ЗХУ-аас 2500 трактор, 550 комбайн, 200 дизель цахилгаан станци, 3000 автомашиныг хөнгөлттэй зээлээр нийлүүлсэн байдаг. 1959-1961 онд Дархан, Зэлтэр, Баянцогт, Угтаал, Эг-Үүр, Хэрлэн, Түмэнцогтын САА-нууд байгуулагдаж, Баруунтуруун, Цагаантолгой, Ерөө, Зүүнбүрэн, Жаргалант, Тариалан, Ингэттолгой, Зүүнхараагийн САА-уудын тариалах талбай ихээхэн нэмэгдсэн билээ. Атар газар эзэмших үйл ажиллагаа орон даяар асар эрчимтэй өрнөж зөвхөн эхний жил буюу 1959 онд 108 мянган га атар газрыг эзэмшсэн бөгөөд 1961 он гэхэд нийтдээ 260 гаруй  мянган га атар газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулж, 380 мянган га-д тариалалт хийж 125 мянган тонн үр тариа, 25 мянган тонн төмс, хүнсний ногоо хурааж байлаа. 

Атар газар эзэмшсэнээр урьд нь манай улс бүх гурил, будаагаа гаднаас авдаг байсан бол  энэ төрлийн бүтээгдэхүүнээр  өөрийгөө бүрэн хангаад зогсохгүй бүр экспортлож  валютын нөөцөө бүрдүүлдэг болжээ.  Газар тариалантай зэрэгцэн гурил үйлдвэр тэжээлийн үйлдвэрүүд хаалгаа нээж, жилд 80-100 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай  8 үйлдвэр, 100 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай 25 үйлдвэр цех, ажиллаж эхэлсэн байдаг. Хөрс боловсруулах  тариа тарих хураах ажил бүрэн  механикжиж, тариалангийн шинжлэх ухаан, түүнтэй холбогдсон техникийг эзэмших боловсон  хүчнийг дотооддоо бэлтгэдэг болсон юм. Атар газрыг эзэмшин тариаланг хөгжүүлсэнээр Монголын хөдөө талд орчин үеийн суурин газрууд бий болж  манай орны  нүүр царай танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн билээ. Энэ их ажилд ЗХУ-аас өнгөрсөн хугацаанд авсан 10 тэрбум шилжих рублийн хөнгөлөлттэй зээлийн ихээхэн хэсгийг зарцуулсан бөгөөд хожим нь энэ өрийг хүчингүй болгосон юм.

 

4. Найрамдал хамтын ажиллагаа цаашдаа хязгааргүй үргэлжилнэ. 2019 он

 

Бал даргын үе буюу 1976 онд ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев Монголд айлчилснаас хойш 24 жил тасарсан олсны үзүүрийг В.В.Путин залгаж, 2000, 2009, 2014 онуудад манай оронд хөл тавьлаа. Энэ удаагийн айлчлалаар тэрээр ОХУ-тай байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг шинэчлээд иж бүрэн, хугацаагүй гэдэг үг нэмлээ.  Тэгэхээр манай хоёр улсын гадаад бодлого хамтын ажиллагаа цаашдаа хэзээ ч зогсолгүй, тасралтгүй үргэлжилнэ  гэсэн үг. 

Айлчлалын үеэр яригдсан зүйлүүдээс онцолбол: Ерөнхийлөгч В.Путин “Хийн хоолойг Монголоор дамжуулах эсэхийг судалж үзнэ” гэсэн нь олны анхаарлыг ихэд татлаа. Хэрвээ хийн хоолой Монголоор дамжихаар болчих юм бол хүйтний улирал бараг 8 сар үргэлжилдэг манай оронд эрчим хүчний үнэ хямдрахаас өгсүүлээд маш олон талын ач холбогдолтой. Хамгийн наад зах нь хот хөдөөгүй нүүгэлдсэн хар утаанаасаа сална гэсэн үг. Энэхүү саналыг Владивостокийн уулзалтын үеэр ерөнхийлөгч В.Путин дэмжсэн талаар сайхан мэдээ бас байна. http://itoim.mn/article/sNJqw/18175

Хойд хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр хоёр тал арван гэрээ үзэглэлээ. Харилцаагаа шинэ шатанд ахиулан, цэрэг батлан хамгаалахын салбарт дэмжлэг авахаар боллоо. Одоо манай төрийнхөн жаахан санаачлага гаргаад араас нь шаргуй хөөцөлдөж чадвал боломжийн хаалгуудыг нь ерөнхийлөгч В.Путин онгойлгож өгчихөөд буцлаа. 

 

Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100 тэрбум рублийн экспортын зээл хүссэний дагуу В.Путиныг дагалдаж ирсэн “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал О.В.Белозёров “Таван толгой-Зүүнбаянгийн 414 км замын төслийн ажилд Улаанбаатар төмөр замыг оролцуулахыг нааштайгаар харж байгаа” гэж хэлэв. Гадаад орлогынхоо  дийлэнхийг зэс, нүүрсний экспортоос бүрдүүлдэг манайх шиг улсад эдийн засгаа тэлэх ганц боломж нь Хятад руу чиглэсэн төмөр зам.  Тэгэхээр Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр замын бүтээн байгуулалт ирэх оноос өрнөх болов уу гэж би дотроо найдаж байна. 

  Нүүрсний нөөцөөрөө Америкийн дараа ордог хойд хөрш маань Европ руу нүүрсээ экспортолдог байсан бол одоо Зүүн өмнөд Ази, Хятадыг сонирхох болсон. Якутад байршилтай нүүрсний  нөөцөөрөө дэлхийд дээгүүр яригддаг тэрбум гаруй тонн коксжсон нүүрсний нөөцтэй Колмарын уурхай л гэхэд жилд 4.5 сая тонн нүүрс олборлодог байснаа сүүлийн хэдхэн жилд олборлолтоо 4-5 дахин өсгөнө гээд зарлачихсан байгаа. Ер нь Алс Дорнодын боомтоос нүүрсээ экспортлох том том уурхайнууд ОХУ-д олон бий. Эдний нүүрсний олборлолт өнгөрсөн жил 40 сая тонн давсан.  Алс Дорнодын нөөц ихтэй нүүрсний уурхайнуудаа төмөр замжуулах бодлогыг ОХУ онцгой анхаарч байна.  Тывагаас урагш нь Тагнын нуруу дамнуулан урагшаа төмөр зам тавих төсөл ч бас яригдаж л байсан.

 

Ганц Хятад улсаас хамааралтай биш олон гарцтай байх тусмаа Монгол улсын нүүрсний өрсөлдөх чадварт мэдээж эерэг нөлөөтэй байж таарна. Ерөнхийлөгчийн маань хэдэн жилийн өмнөөс яриад байгаа хувилбараар бол манай улс ОХУ-аар дамжуулаад нүүрсээ гуравдагч орнууд руу гаргаж чадвал чамгүй ашиг олохоор байгаа.  ОХУ ын ерөнхийлөгч В.Путин  өмнө нь гурван удаа манайд айлчлахдаа хэдхэн цаг саатаад цай уучихаад буцаж байсан бол энэ удаад хоёр хонож өнжсөн нь айлчлалд ямар өндөр ач холбогдол өгснийг дэлхий нийтэд харуулсан хэрэг биз ээ. 

 

1972 онд анх ЗХУ-ын хүч хөрөнгөөр босч байсан Дорнод аймгийн Халхгол сумыг өнөөдөр дахин шинэ сумын жишгээр сэргээн босгоход найман сая еврогийн хөрөнгө оруулалт хийлээ.  ОХУ-ын агаарын хүчнийхэн ирж, Монголын тэнгэрт  цэргийн урлагийг үзүүлж, Монголчууд биднийг төдийгүй дэлхий нийтийг алмайрууллаа. ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, xурандаа Г.Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулга ирж, нийслэлд маань эх орны дайны сүлд болсон алдарт “Ариун дайн” дуугаа эгшиглүүллээ. Байгаль орчны элдэв асуудалд байнга санаа зовниж явдаг миний хувьд баярлууштай нэг мэдээ бас чих дэлсэв. Эрдэнэт үйлдвэрээс өдөр шөнөгүй пургидаг цагаан тоосноос эхлээд говийн нүүрсний тээврийн замуудыг дагасан тоосжилтийг бид шийдэж чадахгүй олон жил болсон.  Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр ОХУ-ын “Спецпродукт” групп Монгол Улсад ирж, УУХҮЯ, ЗТХЯ-ныхантай уулзсан тухай сураг дуулдлаа.  “Спецпродукт” нь барьцалдуулагч бодис буюу тоосжилтыг нам дарах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэнээрээ олонд танигдсан байгууллага.

 

Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт эрчимтэй явагдаж, энэ хэрээр байгаль орчноо сүйтгэж, ард олон, ан амьтан, мал сүргээ хордуулах үзэгдэл газар авсан.  Тавантолгойн орд газруудын орчинд тоосжилт хэрээс хэтэрч, хүн малын өвчлөл ихэсч байгааг бид бүхэн мэднэ. Ойрын жишээ татахад Улаанбаатар-Налайх, Улаанбаатар-Дархан чиглэлийн зам энэ зун ямар байлаа даа. Тэгвэл ОХУ-ын “Спецпродукт” группын нэвтрүүлсэн энэхүү бодис ашиглан гадаргуу дээрх тоосны нарийн ширхэгийг хооронд нь барьцалдуулснаар бүдүүн ширхэгтэй болгон тоосжилт үүсгэдэггүй гадарга бий болгож, энэхүү бодисыг цацах тусам гадаргууны тоос барьцалдаж улмаар хатуужилт бий болж, тэгширдэг аж.   Ямартай ч Ерөнхийлөгч В.Путины айлчлалын дараа тоосноосоо салах том боломж гарч ирж байгааг алдаж болохгүй мэт санагдана. https://www.spena.ru/products/smachivatel-pylepodavitel-rz-d-dorozhnyy/ Та бүхэн энэ сайт руу ороод “тоосны мангас” хэмээх энэ бодисын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. 

 

Дүгнээд хэлэхэд манай хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн гучин жил шөнийн тэнгэрт хойд зүгт сүүмэлздэг  алтан гадас од мэт байсан бол одоо Дорнын их талд үүр хаяарч наран ургахтай адил гэрэлт ирээдүй байна.

 

 

 

Ш.Пүрэвсүрэн             

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • хүслэн (202.21.120.187)

    2019-09-09

    Орос монголын найрамдал хамтын ажиллагаа уламөрнөх болтугай