Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх болсныг зөв гэж үзэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Е/43 тоот албан бичиг, бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Үндсэн хуулийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Албан бичигт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас татан авч байгаагаа мэдэгдээд нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх болсныг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр шийдвэрлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа мэдэгдээд, ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байгаагаа дурджээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан УИХ-ын тогтоолын төсөлдөө Монгол Улсын Үндсэн хуульд оруулах зарчмын шинжтэй дор дурдсан өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр тусгажээ. Үүнд:

1.  Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх, гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах;

2.    Ард нийтийн санал асуулгыг 2019 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд улс орон даяар явуулах;

3.    Гадаадад байгаа Монгол Улсын иргэдээс санал авах ажиллагааг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт 2019 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулах;

4.    Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 6.2-т заасны дагуу санал асуулгын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг бэлтгэж батлуулахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд, иргэдэд тайлбарлан таниулах, мэдээллээр хангах хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газарт;

5.    Ард нийтийн санал асуулга явуулах болон энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох бусад арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт;

6.    Ард нийтийн санал асуулгыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд;

7.    Ард нийтийн санал асуулгын иргэний /сонгогчийн/ бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох ажиллагаанд “New image cast” санал тоолох төхөөрөмж ашиглахыг зөвшөөрөх; 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)