Нүдний хялар аяндаа арилна гэж байдаггүй

Мэргэжлийн эмчийн туслалцаагүйгээр таньж болдог нүдний цөөн тооны эмгэгийг нэг нь нүдний хялар юм. Хялар нүд гэдэг нь нэг, эсвэл хоёр нүд төв тэнхлэгээсээ хазайхыг хэлдэг. Ингэснээр хүний нүд нэг чиглэлд өөр өөр тийш харж байдаг. Үр дүнд нь нэг зүйл дээр хараагаа тогтоож чаддаггүй.

Энэ эмгэг нь ихэвчлэн хоёр нүд нь зохистой хэлбэрээр зэрэг ажилладаг болж эхлэж байгаа 2-3 настэй хүүхдүүдэд үүсдэг. Статистик мэдээнээс үзвэл, 50 хүүхэд тутмын нэг нь нүд хялартах эмгэгийн аль нэг хэлбэрээр шаналж байдаг ажээ.

Шалтгаан

Хялар нүд нь дараах шалтгааны улмаас үүсэх эрсдэлтэй. Үүнд:

• Тархины гэмтэл ба халдварт өвчин

• Нүдний булчингийн үрэвсэл, судасны ба хавдрын гаралтай өөрчлөлт

• Нүдний гажиг, холын ба ойрын харалганыг буруу, эсвэл цаг алдаж эмчилсэн

• Төрөлхийн өвчин ба төрөхийн гэмтэл

• Стресс, биеийн хүчний хэт их ачаалал

• Хүүхдийн нүдэнд хэт их ачаалал өгөх

Явц

Хялар нь хам ба саажилтын гаралтай гэсэн хоёр янз байдаг. Хам хяларын хоёр нүд ээлжлэн хялайдаг бөгөөд хоёр нүдний шулуун байрлалаас хазайх хэмжээ нь ойроцлоо байна. Энэ төрлийн хялар нь ихэвчлэн нүдний бүтцийн онцлоготой холбоотой байдаг бөгөөд удамшлын шинжтэй болохоор гол төлөв хүүхдүүдэд ажиглагддаг.

Саажилтын гаралтай хялар нь нүдний хөдөлгөгч булчингийн өөрчлөлт, эсвэл харааны мэдрэлийн өвчний дүнд үүснэ. Энэ үед нэг нүд хялар харна. Юм харахад үед өвчтэй нүд сул, эсвэл огт хөдөлдөггүй бол эрүүл нүд нь өргөн өнцгөөр хөдөлж байдаг.

Цаашлаад хялар нь дотроо олон янз байдаг. Үүнд

• Ойртсон (ойрын харалгантай хослох нь цөөнгүй). Энэ үед нэг нүд нь хамар руу хазайдаг.

• Холдсон (холын харалгантай хослох нь цөөнгүй). Энэ үед нэг нүд нь чамархай руу хазайдаг.

• Босоо хяларын үед нүд дээшээ, эсвэл доошоо хазайдаг.

Шинж тэмдэг

Дээр өгүүлсэнчлэн танихад мэргэжлийн эмчийн оролцоо шаардлагагүй бөгөөд хүний нүд байнга, эсвэл үе үе тэгш хэмээ алдаад байгааг ойр тойрных нь хүмүүс анзаарчихсан байдаг. Хүнд өөрт нь юм давхардаж харагдах, толгой эргэх, толгой өвдөх зэргээр мэдрэгдэнэ. Мөн гурван хэмжээст дүрслэлийг хавтгайраа хүлээж авах, хялайж байгаа нүдний хараа муудах зэрэг шинж илэрнэ.

Үр дагавар

Хүүхэд насанд үүссэн хялар нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд таагүй нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хүүхэд орчин тойрноо бодитоор хүлээж авч чадахгүй байгаагаас үүдэн биеийн болон оюуны хөгжил нь удаашрах аюултай.

Хялар нүдийг дагалддаг бас нэг хүндрэл нь хараа муудах юм. Ингэж хараа муудахыг амблиопи гэдэг бөгөөд хялар нүдний хөдөлгөгч булчинд хангалттай ачаалал ирэхгүй байгаагаас үүдсэн хараа муудалт юм.

Оношилгоо 

Оношийг зөвхөн нүдний эмч үүсэх болсон бүх л шалтгааныг нарийвчлан тодруулж, шинжилсний дараа л тавьдаг. Эмч хараа тусгай хүснэгтийн тусламжтайгаар шалган, хялайлтын өнцгийг тодорхойлоод, тусгай толины тусламжтайгаар хоёр нүдний хам үйл ажиллагааг тодорхойлно.

Эмчилгээ

Хялар нь аяндаа арилна гэж байдаггүй болохоор эмчилгээг аль болох эрт эхлүүлэх нь сайн. Энэ эмчилгээ нь нэлээд цаг шаардсан, дунджаар 3-4 жил үргэлжилдэг эмчилгээ юм. Эмчийн заалт, зөвлөгөөг нарийн мөрдөх шаардлагатай байдаг.

Нүдний гажиг, холын болон ойрын харалганг засахаас хяларын эмчилгээ эхэлнэ. Нүдний шилийг хяларын шинж тэмдгийг багасах хүртэл нь бага наснаас эхлэн зүүлгэнэ.

Хялар нүдний суларсан булчин хөгжүүлэхэд чиглэсэн тусгай дасгал энэ эмчилгээний бас нэгэн чухал хэсэг юм.  Амблиопи буюу хялар нүдний хараа эрс муудсан үед нэг талыг нь битүүлсэн нүдний шил байнга зүүх шаардлага гарч болох юм. Ингэснээрээ хараа муутай нүдэнд ирэх ачааллыг нэмж, улмаар нүднийх нь булчинг хөгжүүлж өгдөг. Ийм эмчилгээг удаан хугацаагаар хийдэг бөгөөд хэтрүүлэлгүйгээр зогсоохын тулд эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай.

Нүдний шил, тусгай дасгал нь үр дүн өгөхгүй байгаа үед болон саажилтын гаралтай хяларын үед мэс засал хийдэг. Хүүхдэд ийм хагалгааг ихэвчлэн 3-6 насанд нь хийдэг. 14 нас хүртэлх настай хүүхдэд ерөнхий мэдээ алдуулалт хийж хагалгаа хийнэ. 14 дээш насанд хэсэгчилсэн мэдээ алдуулалтын дор хагалгаа хийдэг. Хагалгааны дараах сэргэх хугацаа дунджаар 10 хоног байна. Хагалгааны дараа нүдний эмчийн байнгын хяналтанд байж, нүдний булчинг хөгжүүлэх тусгай дасгал хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

Хялар нүднээс сэргийлэхийн тулд тоглоомыг нь нүдэнд хэт ойр өлгөхгүй байх зэргээр хүүхдийн нүдний ачааллыг зөв зохицуулж хялар болон нүдний бусад эмгэгийг эрт илрүүлэн цаг алдалгүй эмчлэхийн тулд нүдний эмчид үзүүлж байх шаардлагатай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)