Украины авлигын эсрэг шүүх үйл ажиллагаагаа эхлүүлэв

Украин улс удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан Авлигын эсрэг дээд шүүхийнхээ үйл ажиллагаа өнгөрсөн пүрэв гарагт эхлүүлж, нээлтэд нь ерөнхийлөгч Володимир Зеленський өөрийн биеэр оролцон шинээр байгуулагдаж байгаа байгууллагыг олон улсад тус улсын нэр хүндийг өргөх, чухал байгууллага хэмээн онцолжээ.

Өндөр төвшний авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг 2013, 2014 оноос хойш тус улс дахь барууны бодлогыг дэмжигчид үндсэн шаардлагаа болгосоор байгаа бол дээр дурдсан авлигын эсрэг шүүхээс гадна, авлигын гэмт хэргийг мөрдөх Мэргэшсэн мөрдөн шалгах байгууллага (NABU), Прокурорын байгууллага (SAPU)-ыг байгуулж, авлигатай тэмцэх арга барил, бүтцээ шинэчлээд байгаа юм.

Украин улсын хууль тогтоох байгууллага нь 2018 оны 6 дугаар сард авлигын хэргээр дагнан ажилладаг шүүх байгуулах эсэх талаар санал хурааж, амаргүй үйл явцыг даван туулж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Харин АНУ-ын Төрийн департамент уг үйл явдалтай холбогдуулан “Бие даасан авлигын эсрэг шүүх байгуулснаар Украйн улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, ардчиллын хөгжилд чухал үйл явдал боллоо” гэжээ.

Тус шүүхийг өмнө нь Харьков хотын Печенеги дүүргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Елена Танасевич даргалж байгаа ба түүний Украины Чөлөөт радиод өгсөн ярилцлагаар бол шүүх үйл ажиллагаагаа эхэлсэн даруйд 3000 орчим авлигын гэмт хэрэг хүлээн авах төлөвтэй байгааг тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгч Зеленськийгийн мэдэгдсэнээр авлигын эсрэг шүүхийн үйл ажиллагаанд парламентын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаас гадна зөвхөн “Өндөр төвшний авлигын гэмт хэрэг”-т төвлөрөн ажиллах болно гэжээ.

Эх сурвалж: eu-ocs.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)