Ажил хийхгүй байх нь гэмт хэрэг гэсэн заалтыг Үндсэн хуулинд оруулах хэрэгтэй

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх санал бодол

 

Үндсэн хууль бол ард түмний хүсэл зориг, оюун ухааны охь манлай, нэг ёсны цэцэлсэн шашдир юм. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, нөгөө талаар ирээдүйн үзэл баримтлалын гол зарчим, үзэл санааг цогцоор нь хуульчилсан эрх зүйн акт. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан зарим нэг санал, бодлоо хэлье.

 

1. УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацаа нь байнгын ажиллагаатай парламентын хувьд 75-аас доошгүй ажлын хоногтой уралдаж, гишүүний хариуцлагыг нэмэгдүүлж, батлан гаргаж байгаа хуулийн чанар чансааг сайжруулж, үүнд эрс өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатайг өнгөрсөн үеийн нөхцөл байдал харуулж байна.

2. Хуралдааны ирц болон санал хураалтын талаар УИХ-ын 39-ээс доошгүй гишүүнтэй ирц бүрдүүлж, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, 39-өөс доошгүй гишүүний саналаар эцэслэн батлахыг дэмжиж байна. УИХ-ын хуралдаанаар саналаа илээр гаргах шаардлагатай. Харин нууц санал хураалт хуралдааныг зөвтгөх гол үндэслэл нь парламентын гишүүдийг намын дарамтаас чөлөөлж, зөвхөн өөрсдийн ухамсарт хариуцлага хүлээх боломжийг олгодог.

3. УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох. 1992 оны Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран хийж болохгүй гэж тов тодорхой заасан. Энэ нь ч зөв. Парламентын гишүүний үндсэн үүрэг бол ард түмнийг төлөөлөх, хууль тогтоох, гарсан хуульдаа хяналт тавих явдал. Үүнээс өөр ажлын чиг үүрэг функц байхгүй. Энэ удаагийн өөрчлөлтөөр үндсэн хуулийн 28-34 хувийг өөрчилнө гэж байгаа. Үүнтэй холбогдуулан хэлэхэд аливаа нам, эвсэл сонгуулиар дийлэнх олонхын санал авч ялалт байгуулснаар төр, засгийн эрхийг авч дөрвөн жилийн хугацаатай улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл мордохын хазгай гэгчээр 1990-ээд оноос улс орныг удирдаж байсан эрх баригчид зарим нам, эвсэл холбоо түүний овилгогүй хий мэдэмхийрч сагсуурсан попилистууд хий хэнээрхэлд автсанаас болж улс орон хүрсэн түвшингээсээ хэдэн зуу дахин ухарч ард түмэн хохирсоор 30-аад жилийн нүүрийг үзэж байна. 1990-ээд оны эхээр хяналт шалгалтын бүх тогтолцоог устгав. Үүнд, намын болон АХШХ, НАХЯ, Прокурорын ерөнхий хяналтыг үгүй хийв. Энэ дөрвөн хяналт шалгалтын байгууллагыг устгалаа гэхэд АХШХ-г авч үлдэх ёстой байв. Яагаад гэвэл, АХШХ бол хууль хяналтын байгууллагууд, шүүх прокуророос илүү хурдан шуурхай дайчин, ард түмний нэрийн өмнөөс хянан шалгаж мэдээлдэг учраас ард түмэн тойрон хүрээлсэн сайн байгууллага байсан гэдгийг одоо ч ард түмэн мартаагүй, мартах ч үгүй. Хууль хяналтын байгууллагуудыг татан буулгасны дараа өмч хувьчлалыг шуурхай хийж, дуусгасан. Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын гол үндсийг бүрдүүлж ирсэн нь эдийн засгийн бааз суурь болсон 60, 70-аад жил ажилласан том, жижиг, дунд үйлдвэрүүд бол салбар тус бүртээ хөгжин бэхжиж, монголчуудыг тэжээн тэтгэж, арьс шир, савхин эдлэл болон бусад үйлдвэр дотоодын хэрэгцээг хангаад бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж, валют олж, чанар нь сайжирч, захиалга нь ихэсч байна. Гэвч Ю.Цэдэнбал даргын голлох үүрэггэй оролцсон нь 70-аад жилийн хур хөрөнгө болох 968 аж ахуйн нэгж, албан байгууллагыг ямар ч эмх цэгц, систем, зохион байгуулалтгүйгээр өмч хувьчлал нэрээр хуваан авч аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд гээд ар өврийн хаалгаар багахан үнээр, заримыг нь үнэгүй шахуу авч үрэн таран хийсэн. Зарим том үйлдвэрийг авсан хүн тухайн салбарын мэргэжпийнх бус учраас баар, ресторан, зоог, цэнгээний газар болгон хятадуудад түрээслэн тэнгэрт тултал баяжсан. Ихэнх хүн нь 6 насны морь уралдуулж, ядуучуудын 70 гаруй хувь нь зурагт харахаас өөр ажилгүй болтлоо ядуурлаа. Өмч хувьчлалын хуудуутай бодлого нь ард түмэнд асар их хор хөнөөлтэй тусав. Гадаадын янз бүрийн улсад ТМС, техникум, их, дээд сургууль, курс, тусгай мэргэжлээр төгсч ирсэн хэдэн зуун мянган залуус, охид хөвгүүд энэ үйлдвэрүүдэд ажиллаад 2-3 жил, дөнгөж ажиллахаар ирсэнд нь том цохилт болж, энэ хүмүүсийн оюуны потенциал их юм сурч мэдсэнээр үйлдвэрүүдэд ажиллах нөхцөл боломжийг нь шууд хаасан учраас амьдрал нь бүдэг болсон. Ихэнх үйлдвэрт суурилуулсан суурь машин, тоног төхөөрөмж, тоноглолыг ямар ч бодлогогүй вагонд ачиж БНХАУ руу явуулсан.

 

 

Өмч хувьчлалын асуудлаар зарим хүний хэлснийг дурдвал, өмч хувьчлалаар маш их хэл ам гарч зарим байгууллагын урилгаар тухайн үеийн Германы эдийн засгийн сайд Эксперентурыг урьж тэрбээр хоёр хоног ажиллаж, Монголын өмч хувьчлалыг дүгнэж ярихдаа “Би Монголын өмч хувьчлалыг судалж үзлээ. Өмч хувьчлалыг явуулахдаа өмчийг хувьчилсан биш ард түмний өмч хөрөнгийг хулгайлжээ’’ гэдэг гол дүгнэлт хийсэн байдаг.

 

 

4. УИХ тарах, тараах асуудлыг УИХ-ын нийт гишүүдийг 3,2-оос доошгүй (бүрэн эрхийг хэрэгжүүлэх) боломжгүй гэж үзвэл УИХ өөрөө тарна, энэ бол бараг биелэхгүй.

5. УИХ-ын зарим бүрэн эрхийг хязгаарлах нь зүйтэй. Ингэснээр Ерөнхий сайд танхимаа биечлэн бүрдүүлэх боломж олгоно. Ерөнхий сайд тухайн салбарыг хариуцсан төрийн сайдаар салбартаа танигдсан, олны хүндэтгэлийг хүлээсэн, салбараа нэгд нэгэнгүй мэддэг, хамгийн шилдэг тэргүүний хүн байвал зохино. Ерөнхий сайд нь улс төрийн бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэнээс ч хараат бус байлгахаас сэргийлж байна. Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх нөхцөлийг бүрдүүлснээр эрх мэдлийн хяналт, тэнцлийг сайжруулах ач холбогдолтой юм. УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хязгаарлах нь зүйтэй. УИХ нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлохоос бусад гишүүн төсөвт дураар халдах, улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрлийг үүсгэж, зардал нэмэхгүй гэх зэргээр хязгаарлах хэрэгтэй. Мөн төрийн хяналтыг сайжруулах, хяналт шалгах төр хороо байгуулахыг бид бүрэн дүүрэн дэмжиж байна. 30 шахам жилийн хугацаанд төр, засгийн толгойд гарсан хүмүүс улс орон, ард түмнээ ерөөсөө бодсонгүй. Тэд зөвхөн улс орныг тонох, бусадтай сүлбэлдэж, улс төр, бизнесийн бүлэглэл, хээл хахууль, сүлжээний хонгил үүсгэх, шоронгийн даргын үүрэг гүйцэтгэснээс өөр миний хийсэн ажил гээд үзүүлчих өргөн, нарийн төмөр зам тавьсан, ноолуурын иж бүрэн ганц сайхан үйлдвэр барьсангүй. Оюутолгойн цахилгаан станц, V цахилгаан станцыг гэхэд 4-5 газар барина гээд 20 шахам жил болсон. Хуулиар хүлээсэн үндсэн үүрэг, намын дэвшүүлсэн зорилт, засгийн газрын мөрийн хөтөлбөр, танхимаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй хөсөрдүүлсэн бас тэгээд бүтээн байгуулалт өрнүүлж, барьж, байгуулж байна гэдэг нэрийн дор хэдэн арван их наяд төгрөг олон зуун тэрбумыг юу ч хийгээгүй байж үрэн таран хийсэн. Манай эрх баригчид улс орноо лиценз нэрээр гадна дотныхонд зарж, өөрсдөө баяжаад ард түмний амьдралыг улам дордуулсан. Одоо Монгол Улс Оюутолгойд хамгийн их өртэй, ард түмэн нь хамгийн ядуу ийм улс орон болчихоод байгааг хүн бүр ярьж, хэлж, бичиж байна. Ийм учраас хянан шалгах төр хороо байгуулах, нотлох баримтыг гаргуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Засгийн газрыг эмхлэн байгуулахад Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байхаас гадна УИХ-ын 4 гишүүн Засгийн газрын гишүүн байж болох юм. 4 гишүүний хариуцсан яам нь Монгол Улсын эдийн засаг, аюулгүй байдал бусад шинжээрээ мөн үндсэн чиглэлийн яамдын сайдыг энэ 4-т хариуцуулж болох юм. УИХ-ын хамгийн олон суудал авсан нам, эвсэл холбоо Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид 5 хоногийн дотор УИХ-д оруулж шийдвэрлүүлнэ. Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилж, чөлөөлж, огцруулахыг бие даан  шийдвэрлэхээс гадна ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Тиймээс Засгийн газрын бүх ажлыг УИХ-ын өмнө хар толгойгоороо бүрэн хариуцна. Ингэснээр Ерөнхий сайд намын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан ажил үүргээ тууштай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Мөн гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаа нэг удирдлагатай болж, эрх мэдлийн хяналт тэнцвэрийг сайжруулна. Энд нэг зүйлийг дурдахад, УИХ, Засгийн газрын гишүүн сайд нар иргэд хөдөлмөрчдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь гаргасан сайд дарга нар алга. Энэ талаар УИХ-ын гишүүн сайдын ажлын цагийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан, өөрөөр хэлбэл /хроно метраж/ ажпын зураг авалтыг хийж иргэд хөдөлмөрчид рүү ойртуулсан нэг ч ажлын эхлэл, санаачилга, бодит алхмыг өнөөдөр хэн ч хийгээгүй, сэдээгүй урсгалаараа явна. ЗГХЭГ-аас үүнийг зориуд анхаарч үзэхэд илүүдэхгүй болов уу. Бид чинь жинхэнэ ажлын халуун цэгт үйлдвэрлэлийн гүнд гол ажлыг нугалж хийхийн оронд албан тушаалын сэнтийд суух яасан их дуртай болчихоо вэ. 1992 оноос хойш 14 Засгийн газар байгуулсан, дундаж нас 1.8 жил болсон байх юм.

 

1992 оноос өдийг хүртэл сайд, дэд сайд гээд 300 сайд төрсөн байх юм. УИХ-ын гишүүд өөртөө аль болох олон албан тушаал нэмэхийг оролддог, хичээдэг, түүнийг нь бас дэмждэг. УИХ, Засгийн газрын сайд Монгол, Польш, Германы парламентын бүлгийн дарга, Монголын хэсгийн дарга дотооддоо бол хүнсчдийн холбооны тэргүүн гэх мэт шинэ жилийн гацуур мод шиг олон албатай, чимэг зүүлттэй бараг бүгдээрээ богд хаан болчих эсвэл олон гуншинтай начин шиг байх юм. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайн онож хэлснээр байсхийгээд Засгийн газар Ерөнхий сайд нь огцрох юм. Огцорсон Ерөнхий сайдын хананд өлгөсөн зурагны будаг нь хатаагүй байхад дараагийнхыг томилж байна гэхэв дээ.

 

Шүүгчдийн томилгоонд анхааралтай хандах хэрэгтэй. Юуны өмнө хууль хяналтын байгууллага, шүүх, прокурорын ажил ард түмний үнэний индэр байх ёстой. 30 шахам жилд энэ байгууллагууд үнэний дуу хоолой, индэр, үнэний дэнс болж чадаагүй асар их шүүмжлэлийн бай болж ирснийг ард түмэн бэлхнээ хэлдэг. Өнгөрсөн 30 жилд шүүх хэний талд ажиллав, эрх мэдэлтэй мөнгөтэй хүний талд ихэнх шийдвэрийг гаргаж хуулинд захирагдаагүйг хүн бүр хэлдэг ярьдаг болсон. Иймд Монгол Улсад хамгийн их эрх мэдэлтэй, хамгийн өндөр цалин авч байгаа шүүгчдийг томилгооны сонсголд оруулж, хариуцлагыг нь улам дээшлүүлж, долоо хэмжиж нэг огтлох ёстой гэдэг саналтай байна. Үндсэндээ анхан, давж заалдах шатны, Дээд шүүх гээд шүүхийн шат бүрийн болзол нөхцөл шалгуурыг давсан шүүгч томилох нь хамгийн зөв онууштай хувилбар мэт санагдаж байна. Сүүлийн 10 гаруй жилд төрийн өндөр албан тушаалтнууд улс төр, бизнесийн бүлэгт орж ил далдаар хэдэн их наяд, тэрбумаар нь идэж, ууж, луйвардаж, улс орон ард түмнийг хохироочихоод маш олон хүн ял завшиж, гадаадад оргон гарч, хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хүлээгээд суучихдаг болсон байна. УИХ хөөн хэлэлцэх асуудлыг Туркийн туршлагаар гэмт хэрэгт холбогдолгүйгээр саадгүй шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэх байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нь зөвхөн Үндсэн хуульд захирагдаж хууль дээдлэн ажиллах ганцхан чиг үүрэгтэй. Урьд 27 жилийн дунджаар үзвэл Үндсэн хуулийн Цэц нь асуудлыг хууль зүйн талаас шийдэхээсээ илүү хараат байдал, сонирхол нь өөр болж буруу тийш нь хэлтийж, хэлбэлзэж, хэтийдэж зарим үед ялсан хүчний талд орж, цаг үеийн даяллаар явж ирэв. Ярихаас аргагүй хэдэн нийтлэг асуудал байна. Ер нь сүүлийн 20 гаруй жилд ард иргэд хууль шүүхийн байгууллагад итгэх итгэл бүрэн унтарлаа гэдгийг эрхэм гишүүдээс авахуулаад хэн хүнгүй ярьж, хэлж, бичиж байна. Монголын ард түмний баялагт хууль бусаар гар дүрсэн хүмүүст яаралтай хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ бүх баялаг маань оффшорт байгаа шүү дээ. Түүнийг авчирна гээд 4 жилийн өмнө Ерөнхийлөгчөөсөө эхлээд хийсэн бүтээсэн зүйлгүй хийрхэлд автаад сууж байна. Ганц мэддэг чаддаг зүйл нь улсын өмч хөрөнгийг завших, хууран мэхэлж авах, үрэгдүүлэх төрийн өндөр албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хүнд суртал гаргаж, хүнийг чирэгдүүлэх улмаар хээл хахууль авах зэрэг зүйл бүрийн арга, заль, ов мэх хэрэглэж байна. Манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тогтолцоо нь Оросын холбооны улсынх шиг холбооны олон муж хязгаар, улстай биш учраас 2 шатны хуралдаан байх боломжгүй. Нэг парламенттай байхад ард түмнээ төлөөлөөд, хуулиа дээдлээд, хариуцлагаа өндөржүүлээд хяналтаа сайн тавихад л болчих юм. Гишүүдийн тооны асуудлыг оруулж ирж байна. Миний хувьд одоогийн үндсэн хуулийн заалтаар 76 гишүүн байхад болно. Түүнээс биш дэлхийн, Ази бүс нутгийн жишиг эсвэл тэр улсад тийм байдаг манайд 99,108 болгоё гэдгийг огт дэмжихгүй. Гишүүдийн тоог нэмснээр ард түмний татвараар бүрддэг улсын төсөв хэтэрч ард түмний амьдрал ахуй одоогийнхоосоо улам бүр дордоно гэдгийг бодолцох хэрэггэй. Сүүлийн 30 гаруй жилд төр, засгийн буруу бодлогын золиос болсон ард түмэн мах, гурил, ногоо, тосоо граммлаж, талхаа хүртэл зүсмээр авч байгааг захын гэр хорооллоор яваад судлаад үзэх хэрэгтэй. Бас нэг асуудал бол хууль сахиулагчид иргэдээ эрүүдэн шүүхээс ангид байж, эрхийг хамгаа лж чадахгүй байна. Үүнд, хууль хяналтынхан, шүүх прокурорынхон, прокурорын байгууллагын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс газар, тасаг алба энэ асуудлыг хариуцсан орлогч дарга юу хийж байсан юм бэ. ТЕГ, ШШГЕГ, хөндлөнгийн хүний”нөлөөнд яагаад автсан юм бэ, автаагүй бол яагаад хүний мууг үзэж зовоож ийм юманд оролцсон юм бэ. Өргөсөн тангараг яасан бэ. Тангаргаа ингэж биелүүлдэг юм уу, үүнийг чинь ард түмэн хараад сууж байна шүү дээ. Монголд ажил хийдэг хүн олдохоо байсан. Аль болох биеийн амрыг харж амар хялбар аргаар амьдрахыг чухалчилдаг болсон. 

 

 

Бөх барилдаж, морь уралдуулснаар Монгол Улс ерөөсөө хөгжихгүй, яаж хөгжих үү гэхээр өдөр шөнөгүй ажиллаж байж, материал баялгийг үйлдвэрлэж, бүтээж байж улс орон хөгжинө. Тиймээс Үндсэн хуульд дараах агуулгатай заалт оруулмаар байна. Одоогийн 16-ийн 4-т /хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн заалт нь хөрөнгөтний анархист дампуу маягийн нэг ёсны залхуучууд, архичид, сул тэжээлгэгчид, залхуу бэртэгчингүүдийг өөгшүүлсэн, тэднийг хуулийн заалт халхавчаар ил тодоор дэмжсэн ийм л муу үр дагавартай заалт.

 

 

Энэ муу заалтаас болж монгол яасан их уруудаж доройтов оо. Түүний оронд хүн бүр хөдөлмөрийг бишрэн шүтэж зөвхөн хөдөлмөрлөх үүрэгтэй. Хөдөлмөрлөх нь хүн бүрийн ариун бөгөөд журамт үүрэг, сайн сайхан үйлсийн эхпэл. Хөдөлмөрийн насны хүн хөдөлмөрөөс өөрийгөө чөлөөлөх нь гэмт хэрэг мөн/ Зөвхөн энэ заалтыг оруулсан нөхцөлд монголчууд хөгжиж дэвшинэ. Эс тэгвэл улам дордоно, дордсоор ч байна. Мөн Үндсэн хуульд эдийн засгийн бүлэг ойлголт ерөөсөө байхгүй түүнээс гадна баялгийн 51 хувийг заавал ард түмэн эзэмшинэ гэсэн заалт оруулах хэрэгтэй. Эдгээр хуулийн заалтыг оруулахгүйгээр Үндсэн хуулийг ард түмэн батлахгүй нь нэгэнт ойлгомжтой болсон. Энэ саналыг харгалзан үзээсэй гэж хүсч байна.

 

 

Б.ТҮНЭРЭВ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.21.118)

    2019-09-14

    Ямар бодлоготой нийтлэл юм болдоо нэг л далд явуулгатай эрүүл биш элийрэлтэй нийтлэл байна монголчуудыг тэр чигт нь гэмт хэрэгтэн болгох зорилготой юм аа даа зүгээр байж байхад л гэмт хэрэгтэн болох юм байна л даа эрүүл оюун ухаантай ёс зүйтэй боловсролтой мэдлэгтэй хүний бодол нийтлэл лав биш харин явуулга өдөөн хатгалт цалин хөлсгүй боолын хөдөлмөр хүчээр хийлгэх далд санаатай бодлоготой нийтлэл байна