МАН: Монголчуудыг "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төлөө саналаа өгнө гэдэгт итгэж байна"

Мэндчилгээ

Дэлхийн ардчиллын өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Иргэний оролцоо төвтэй төрийн ардчилсан тогтолцоо, чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг, соёлын шинэ тутам хэв загварыг хүлээн авсан нээлттэй нийгэм, олон тулгуурт гадаад хамтын ажиллагааг 1992 онд баталсан Үндсэн хуулиар тунхаглан зарласан билээ.

 

Улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, Бүгд найрамдах төрт засгаа үүсгэн байгуулж, бие даасан бүрэн эрхт байдлаа олон улсад хүлээн зөвшөөрүүлж, үндэсний сэргэн мандал, бүтээн байгуулалтыг удирдан манлайлсан баялаг түүхийн ХХ зууны төгсгөлд МАН (тухайн үеийн нэрээр МАХН) өөрийн дангаар удирдах эрх мэдлээс татгалзаж, улс орондоо олон намын тогтолцоог бий болгох эрс шийдмэг алхмыг хийсэн. 

 

Энэхүү өөрчлөлтийг хийхэд тухайн үеийн намын гишүүн болон нам бус сэхээтэн залуучуудын санал санаачлага, нийгмийн шаардлага, гадаад геополитикийн өөрчлөлт үлэмж нөлөө үзүүлэхийн зэрэгцээ тухайн үеийн намын удирдлагын зоримог шийдвэр чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Нийгмийн өөрчлөлт, цаг үеийн шаардлагыг мэдэрсэн тухайн үеийн нам, төрийн удирдлага болох Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ 1990 оны гуравдугаар сарын 9-нд огцорч, түүнээс сарын дараа тэр үеийн эрх баригч өнөөгийн МАН онц их хурлаа хийж, улс оронд явуулах шинэчлэлийн бодлогыг тодорхойлж, мөн оны тавдугаар сард болсон АИХ-ын чуулганаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, шинэ намууд байгуулагдах, сонгуульд оролцох боломжийг бүрдүүлсэн түүхтэй. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөс даруй хоёр сарын дараа буюу 1990 оны долоодугаар сард анхны олон намын оролцоотой сонгууль явуулж, АИХ-ын 402 төлөөлөгчийн 343 нь, АИХ-аас хувь тэнцүүлэн байгуулсан УБХ-ын 50 гишүүний 33 нь эрх баригч намаас сонгогдож, дийлэнх олонхийн эрхийг авсан боловч үндэсний зөвшилцлийг хөгжүүлэх, шинэ тутам улс төрийн нам, хүчнүүдийг төрийн ажилд оролцуулах зорилгоор УБХ-ын дарга, улсын дэд ерөнхийлөгч, Засгийн газрын шадар сайд болон зарим гишүүдийг шинэ байгуулагдсан намуудын төлөөлөлд өгч байжээ. 

Уг зөвшилцлийн үр дүнд 1990 оны намын Онц их хурлаас эхлүүлэн бэлтгэсэн Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажил үндсэндээ хоёр жил үргэлжилж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан билээ.

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль, түүгээр баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, ардчилсан төрийн тогтолцоо, засаглалын тэгш хуваарилалт, зах зээлийн чөлөөт эдийн засаг, өмчийн олон төрөлт хэлбэр, тэдгээрийн ололт амжилт бүхэн мөн гарсан алдаа дутагдал ч өнгөрсөн 30 жилийн монголчууд бидний улс төрийн нам, үйл ажиллагаа, зөвшилцлөөр бий болсон салшгүй бүтээл юм.

 

Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 27 жил өнгөрч улс төр, нийгэм, хүн ам зүй, эдийн засгийн олон хүчин зүйлс өөрчлөгдлөө. Эдийн засаг, иргэний нийгэм, мэдээллийн технологийн  салбарт ихээхэн дэвшил гарч нааштай үр дүн гарч байгаа ч улс төрийн салбарт асуудал бэрхшээлүүд байна. Төрийн тогтолцоон дахь хяналт-тэнцвэрийн зарчим алдагдах, шүүх эрх мэдэлтний талд үйлчлэх, улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурах  зэрэг бэрхшээл сорилтууд Монголын ардчилалд тулгарч байна.

 

Тиймээс Монгол Ардын Нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Эрх мэдлийн харилцан хяналт, тэнцэлтэй, тогтвортой хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхээр зүтгэн ажиллаж байна. 

 

Бүтээж бий болгосон ардчиллын үнэт зүйлсээ улам бататган, хүний эрх, ардчилал, аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглал, түүнийг баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төлөө саналаа өгнө гэдэгт итгэж байна.

 

Монгол Ардын Нам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (64.119.19.198)

    2019-09-13

    GORDBOO