Д.Баярхүү: Халхын Гол ба СССР-ийн тоглолт

 

Энд би СССР-ийн гадаад бодлогын түүхээс хөндөж байна. Одоо оросууд ил бичдэг нуухгүй болчихсон баримтыг дэлгэж байна. Энэ бичлэгээрээ өнөөгийн ОХУ ба Ерөнхийлөгч Путиныг яллах ямар ч санаа агуулаагүй. Бүү мушгиарай!

Халхын голын байлдаан–дайн. “Бои на Халхин-Голе” (11 мая-15 сентября 1939 годa) гээд ru.wikipedia.org сайтад биччихсэн байхад байлдаан, тулалдаан гээд хөрвүүлчихмээр юм. Дөрвөнсарын ширүүн “дайн” хэмээн шат ахиулан нэрлэснээрээ Эх орны дайн гэдэг шиг л түүхнээ мөнхрөх болж байна. Гэхдээ ирээдүй хойч үе маань юу гэхийг үлмэднэ. Монгол-Японы харилцаа энэ эрчээрээ хөгжөөд байвал, стратегийн түншлэл нь бэхжээд, шат ахивал, орчин цагийн монголын балчир, залуу, дунд үеийнхний тархинд Япон гэж нэг ид шидийн орон байна, тийшээ тэмүүлэх минь гэсэн үзэл бодол суусаар байвал бид Халхын голын дайны ялалтын ойг яг энэ 80 жилийнхээ хэмжээнд тэмдэглэх үү гэдэг бас эргэлзээтэй асуудал. Японы зөөлөн хүчний бодлогод хамгийн ихээр автсан Азийн улс гэсэн имижтэй яваа Монголд Хятадын зөөлөн хүчний бодлого нутагших гээд Хятадын удирдагчдын тархийг хичнээн их гашилгаж байгааг хятад судлаачийн хувьд би бүр мэдрээд байгаа хүн бичиж байна.

ОХУ-д хүчний байгууллагын төлөөлөл, цэрэг-улс төрийн цогцолборын төлөө цогтой зогсогч, цэрэг-эх оронч үзлээр оросын залуусыг уриалан дуудагч, цэрэг-спортын тамирчин Путин засгийн хязгааргүй эрх барьж байгаад нь баяр хүргэхийн сацуу тэр хүний хувийн голдуу үзэл бодол, итгэл үнэмшлээс үүдэлтэй баярыг бид хамтран тэмдэглэсэн нь бас нууц биш. Путины дараагийн Оросын удирдагч авч үзэх ч үгүй байж мэднэ. 

Өдөр бүр төв телевизийн мэдээллийн сувгаар Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан булан ажиллуулж, заримдаа доозыг нь хэтрүүлэх шиг л болж байлаа. Аль социализмын үед 1969, 1979, 1984 онд тэгж тэмдэглэж байхад нь ярьсансан бол болох л байж. XXI зууны цоо шинэ эрин үед “Монгол-Зөвлөлтийн дайчдын гайхамшигт ялалт”, “Улаан армийн цэргийн урлаг, операц”-ын тухай улиг болтол цэргийн эрдэм шинжилгээний эрдэмтдээр яриулах хэрэг байж үү? Миний сайн танил хурандаа дотор нь орчихсон ярьж харагдана лээ. СССР гэж байх үед тэнд цэргийн академи дүүргэчихэн хүмүүс тэнд сурсан заалгаснаа өнөөдөр сүрхий царайлан ярих нь залуу хойч үед инээдэм болох вий гэж бодож суулаа. Милитарист Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг устгаж, Монголын ард түмнийг боолчлох харгис дайн өдөөгөөд тас цохиуллаа хэмээн тэртээх 1970-аад онд бичдэг ярьдаг байсныг бүү давтаасай гэсэндээ би инээдэм гэж нэрлэлээ. 

Энэ дайныг ялалтад хүргэсэн маршал Жуковт хязгааргүй их гавьяа ногдохыг энд үгүйсгэж байгаа биш ч бас нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй байна. Цагийн хэлхээ, түүх, бодит байдлыг ялгаж салгах нь манай үзэгчид, уншигчдын үүрэг биш ч бас зөв үнэн мэдээлэл тэдэндээ түгээх учиртайсан. 

Үнэндээ коммунизм байгуулах их үйлсэд жирийн бие хүн бол хэн ч биш гэдгийг Жуков Халхын голд чухам нотлон харуулсан гэдгийг үгүйсгэж болохгүй. “Жуков судалгаа” эрчээ авсан Британид хэвлэгдсэн нэгэн бүтээлээс үзвэл Халхын голд “гайхамшигтай дайтсан”-ыг нь харлуулах нэг баримтыг олоод нээчихжээ. Гурван сард Moнгoлын дорнод хил дээр тулалдахдаа Жуков Улаан армийн 600 орчим цэрэг офицерт цаазын ял оноож, харин шагналд тодорхойлсон нь 83 гэсэн байх юм. Жуковын гаргасан эхний тушаал нь бууж өгсөн,хулчийсан улаан цэргүүдийг өчиггүй бууд! 

Жуков нь маршал цолтойгоор ирж энэ дайныг удирдаагүй юм. Тэрээр доод шатны нэг генерал л байсан. Дайн эхэлснээс дуустал нь командлаад ялалтад хүргэсэн юм биш. Тэр гавьяаг хуваалцах оросын өчнөөн төчнөөн генералууд бий. Зөвхөн ганцыг нь нэрлэе. Николай Владимирович Фекленкогэдэг генералыг хэн ч дурсахгүй, ярихгүй байгаад би гайхаж байна. Энэ хүн 1937 оны зунаас Монгол дахь буудлагын 57-р онцгой корпуст алба хашиж, ингэхдээ механикжсан 7-р бригад, танкийн онцгой 32-р бригад командалж, 1938 оны намраас корпусаа захирч байхдаа 1939 оны хавар, зуны эхэн сарын дайны галыг өөр дээрээ авсан гавьяатан. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө эхний тулалдаануудыг энэ хүн удирдаж, давуу хүчтэй японы цэрэгтэй тулж байжээ. Энэ нөхрийг Жуковын матаасаар (илтгэл) командлагчаас нь хусч хаян, Жуковыг оронд нь томилжээ.

Халхын голын дайн яах гэж ямар зорилгоор дэгдсэн, эсвэл дэгдээсэн бэ гэдэгт эрүүл саруул хариулт хайя. “Танака меморандум” буюу 1927 онд Ерөнхийсайд Гиичи Танака зохиож Эзэн хаандаа өргөн барьсан түрэмгий төлөвлөгөө гэгчийг хэрэгжүүлэхээр милитарист Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг устгаж, Монголын ард түмнийг боолчлох харгис дайн өдөөсөн гэх суртал мөн ч олон жил бидний тархинд туссан даа. Харин одоо энэ суртал үлгэр болсон. “Танака меморандум”-ыг Японы Засгийн газар бус харин Зөвлөлтийн тусгай албад хэргээр зохиож тараасан гэх мэдээлэл оросын өөрийнх нь ТВ-ээр 14 жилийн тэртээ цацагдсаныг (РТР суваг 2005.03.02) ахмад Элчин сайд Д.Ёндон эшлэснийг энд давтая.

Тэгвэл Монгол руу халдсан өөр ямар зорилго байж таарах вэ? Дахиад л эшлэе: ru.wikipedia.org сайтад“Советско-японские пограничные конфликты, период между 1935 и 1939 годами” буюу “Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөн”гэснийг бодохул тэр үеийн БНМАУ-ыг тусгаар улс гэж тооцоогүй, тэр хоёр хоорондоо үзчихсэн юм шиг сэтгэгдэл бууна. 

 

Түүх сөхөж тайлбар хэлье. Халхын голоос хамаагүй өмнө 1904 онд Орос, Япон хоёр дайтахад Орос үзэшгүй муухайгаар ялагдаж Порт-Артур, Сахалины өмнөд хэсгээ тэр чигт нь Японд булаалгасан. 1907 онд Улс төрийн ерөнхий асуудлаархи Орос-Японы хэлэлцээр, түүнийг дагалдуулсан нууц гэрээ Петербургт байгуулагдсан. Манжуурын төмөр замаас гадна нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятадын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, Хятад дахь худалдаа, аж үйлдвэртээ тэгш эрхтэй байх асуудал тэр гэрээгээр хөндсөн. Манжуур дахь оросын (умард) ба японы (өмнөд) нөлөөний хүрээний зааг хил гэгчийг тогтоон, нууц гэрээний III зүйлд Гадаад Монголд Орос нь тусгай ашиг сонирхолтойг Япон хүлээн зөвшөөрчээ. Оросын энэхүү эрх ашигт хохирол учруулах хөндлөнгийн аливаа оролцооноос зайлсхийнэ гэсэн хатуу заалт орсон нь Монгол руу Япон өнгөлзөх хууль, эрх зүйн үндэсгүй гэсэн үг байв. 1925 онд СССР, Япон хоёр Бээжинд Харилцааны үндсэн зарчмуудын тухай конвенц гэрээ байгуулснаар Октябрийн хувьсгалаар саатсан харилцаа бүрэн хэвийн болсон. Яг ийм нөхцөлд Хасануур, Халхын голд энэ хоёр улс нүдэлдээд авсан байдаг нь түүхэн шоглоом, оньсого гэлтэй.

1938, 1939 онд Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөн (байлдаан) Хасан-нуур, Халхын голд тохиосон боловч дипломат харилцаа нь тасраагүй гэхлээр бүр ч эргэлзээтэй. Дайтагч хоёр талын дээдсүүд Москва, Токиод ёслолын уулзалт хийгээд л, хундага тулгаад л, хил дээр юу болж байгааг ард түмэн нь бараг мэдээ ч үгүй.

Дайтах болсон гол шалтгааныг манай өмнөд хөршөөс хайгаад гаргаад ирж болно. Хятадын хувьсгалын найдвартай ар талын баазын үүргийг тэрхэн үедээ манай Монгол гүйцэтгэчихсэн юм биш үү? Түүхнээ Хятад руу Японы түрэмгийлэл 1931 онд дэгдсэн гэж тэмдэглэжээ. Үүнийг“Япон-Хятадын дайн 1931-1933 он” гээд сайтаас лавлаад үзэж болно. Хятад руу Япон халдсанаараа 1927-1936 онд Хятадад дэгдсэн Гоминдан, Коммунист намын хоорондын иргэний дайныг түр зогсоолгож, Хятадын эв нэгдлийг хангуулжээ. Гэтэл 1937.07.07-нд японы цэрэг Хятад руу өргөн хүрээтэй давшилтаа эхлүүлжээ. Хятадын цэргийн үхээнц байдлыг зөвлөлтийн цэргийн сургагч нар мөн ч их муулж бичсэн дээ. Харьцуулаад үзэж болно. Хятадын хоёр сая цэрэг (командлагч нь Чан Кайши) 300 мянган япон цэргийн давшилтыг яаж ч чадалгүй ялагдаж ухарчээ. Японы хүчинд 150 мянган цэрэг бүхий Манж-Го-гийн арми хавсарч байлдаад Хятадыг туйлдуулжээ. Хятадын улаан арми (өнөөгийн ардын чөлөөлөх арми) ухраад, хүчээ нөөгөөд байснаас бус дайтаагүй, дайсны галын хүчийг өөртөө татаж хохирсон нь Чан Кайшийн арми болов.

СССР-ийн хувьд дэлхийн хувьсгалын төвийн өнцгөөс “Хувьсгалч хувьсгалт нэг л Хятад” хэрэгтэй. Хувьсгалт зүүний хоёр нам (Улс ардын нам, Коммунист нам) хоорондоо үзэлцэх нь байдаг л асуудал, харин дайнч, амбицтай, эртний өс хонзонтой Японд Хятадыг алдана, Хятад суларна, ялагдана гэж Москвагийн хувьд байж боломгүй. Зэвсэг техник муутай, цэргийн эрдэм тааруу, тариачны армийг СССР зэвсэглэсэн, санхүүжүүлсэн, цэргийн нэртэй сургагч зөвлөгчдөө илгээсэн нь үр дүн муутай нь илт болоод ирсэн учраас өмнөшөө давшиж яваа Японы тэр их армийг арагш нь шилжүүлж байлдуулах стратегийг хэрэгжүүлэх цаг тулгарчээ. Хятадын үлэмж нутаг дэвсгэрийг хянаж байгаа Япон нь хүн хүч, зэвсэг техникээ умар зүг рүү хөдөлгөөнд оруулах, өмнөшөөх давшилтаа зогсоохоос аргагүй байдалд оруулах дайныг хойд хил дээр нь өдөөж өгөх ёстой боллоо. 1938 ондХасан хэмээх нуурын орчим хоёр 7 хоног Зөвлөлт, Японы цэрэг тулгарч байлдаад Япон нь ялагдлаа. Энэ ялагдал аль алинд нь хангалттай байсангүй. Япон нь Хятадын нутгийн гүн рүү давшсаар, Москвагаас хий л ажиглаад суухаас аргагүй нэг жил өнгөрлөө. 

Бас нэг эвгүй мэдрэмж орос нөхдөд төржээ. БНМАУ-Манж-Го хоёр улсын хэлэлцээний явцыг ажваас ар, өвөр монголчууд (тэр үедээ баргууд гэж яригдана) байлдахгүйгээр барахгүй, ерөөсөө Японтой зөрчилгүй болж таарах гээд, гэтэл дэлхийн хувьсгалын онолоор хувьсгалт Хятад Японд цохиулаад сулраад байх нь байж боломгүй, иймээс хоёр монголыг нөхөрлүүлэхгүйгээр Японтой нь хутгаж байгаад байлдааны гал өрдчих хувилбар Москвад яригдав. Ерөөсөө Хаант Оростой тохиролцчихоод Манжуурт тэр тохиролцоогоо зөрчөөд төмөр зам тавиад, бүтээн байгуулалт хийгээд (Японоос зөөж авчирсан олон үйлдвэрүүд) бэхжээд байх нь гэрээ зөрчсөн өөдгүй алхам болох тул түүнийг нь хүчтэйхэн таслан зогсооё, гэхдээ Зөвлөлтийн ба Манж-Гогийн нутагт (1935.03.23-нд СССР өөрөө хүлээн зөвшөөрчихсөн) шууд халз тулахаас зайлхийе, түүнд нь бэлхэн талбар Халхын гол гэж нэг хот суурингүй, хүнгүй, малгүй зэлүүд нутаг байна гэсэн стратегийн төсөөлөл улаан армийн дарга нарын тархинд, штабт, цэргийн байр зүйн зураг дээр гараад ирэх нь тэр. 

 

Дайн нөхцөлдсөн үндсэн шалтгааныг дээр биччихлээ. Байлдахгүй байх, хүний амь түйвээхгүй байх, Монголын газар нутгийг ашиглуулахгүй байх талынхныг “1937 он”-ы махны машинд мянга мянгаар нь оруулаад хэрчээд дууссан. Одоо энх тайвны тухай яриа паг, ам ангайх хүн байхгүй, ам ангайвал амьгүй. 

 

Энэ жил зөвхөн Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж байгаа юм биш, олон “80 жил”-үүд ярайж байна. Бүгд нэг нэгнээсээ хамаарах, бас логик холбоотой үйл явдлууд юм. Нэгэн лут “80 жил” тохионо. Халхын голын халуун зунаар ид тулалдаж байх үед Москвад хэд хэдэн яриа хэлэлцээ-дипломат наймаалцал явагдаж, Зөвлөлтийн Гадаад хэргийн ардын комиссариат тун завгүй, Кремль ч бас завгүй өнгөрөв. Наймдугаар сарын 17-нд Британи-Францын төлөөлөгчдийг бараг хөөгөөд шахуу буцаалаа. Нацист Германы эсрэг, дэлхийн II дайн дэгдээлгэхгүй байх талаар гурван талаараа ярилцаж байснаа элдэв шалтаг зааж гоморхож байснаа холбоотон гэгддэг тэр хоёртой хэлэлцээгээ бүрмөсөн зогсоожээ. 1939 оны 4 дүгээр сард эхлүүлэн, гурван сар сунжран нууцаар хуралдсан нь үр дүнгүй дууслаа. 

Зөрүүлээд нөгөөдөр нь буюу 8 дугаар сарын 19-ндөө Зөвлөлт-Германы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Геополитикийн том тоглолт хийлээ. Дэлхийг ба Европыг хуваах тухай ярих нь үлдлээ. Төд удсангүй.Баянцагааны тулалдаанд Зөвлөлт, Монголын цэрэг Японыг бутниргэсэн тэр өдөр III Рейхын Гадаад хэргийн сайд Риббентроп Москвад заларлаа. Дайснаа дарсан, дархан цолоо мандуулсан өдрөө Германы сайдыг хэргээр урьжээ. 1939.08.23-нд СССР-ийн Засгийн газрын тэргүүн Молотов Германы Гадаад хэргийн сайдтай Үл довтлох тухай Гэрээ буюу Пакт гэгчид гарын үсгээ Кремльд зуржээ. Дагалт нууц протоколуудад ч гарын үсэг зуржээ. Түүнийгээ 8/28-наар огноолсон байгаа юм. Молотов-Риббентропын Пактаар Польшийг Висла мөрнөөр хоёр хувааж, Польшийн төрт-улсыг устгах, Прибалтикийн гурван улс ба Баруун Белорусс, Баруун Украин, Молдавын баруун хэсэг-Бессарабыг СССР-т өгөх боллоо. Харин Финландыг хөндөж болохгүй гэснийг нь СССР зөрчөөд тэр өвөлдөө дайн өдөөж ялагдаж, дараа нь их үнээр ялсан болж зарим хэсгийг нь өөртөө нэгтгэсэн. Москвад ийм том наймаа явагдаж байхад Сталин Риббентропт Монголын тухай ганцхан өгүүлбэр хэлсэн байгаа юм. “Монголд японы муусайн цэргийг шалба цохилоо. Азийнхантай ингэж хатуухан ярихгүй бол болохгүй байгаа юм. Энэ талаар санаа зоволтгүй. Танай холбоотныг (Японыг нь хэлж байна) цаашаа хөндөхгүй” гэх нь тэр. Монголын ард түмний хувь заяа хутганы ирмэг байсан гэж үздэг тэртээх 1939 оны зун Москвад БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай яриа ингэсгээд мартагдсан юм биш үү?

 

 

Дэлхийн хувьсгалын удирдагч багш маань хадуураад хундаганы үгийг хэтрүүлсэн байдаг. Риббентроп Москвагаас тээж ирсэн сэтгэгдлээ Альфред Розенбергт ярьсныг цаадхи нь тэмдэглэж авчээ. “Сталин манай фюрерын эрүүл энхийн төлөө хундага өргөсөн төдийгүй Гиммлерийн төлөө хундага өргөж үг хэлэхдээ Германы хэв журмын баталгаа хэмээн түүнийг өргөмжилсөн” хэмээн Риббентроп ярьж байжээ. “Өөрийн талынхныг нь устгаж цээрлүүлснийх нь төлөө хундага өргөж байх ч гэж дээ. Гиммлер коммунизмыг цээрлүүлсэн, Сталины өөрийнх нь итгэдэг тэдгээр нөхдийг нь үгүй хийсэн, гэтэл тэгж хундага өргөх шаардлага баймааргүйсэн” хэмээн Розенберг бичиж үлдээжээ. 

Бас нэг “80 жил”-ийг сөхье. Халхын голд байлдаад байдаг. Баянцагааны тулалдаанаар Японы цэрэг ялагдсан болохоос эцсийн ялагдал биш. Ялалт, ялагдлыг олон улсын эрх зүйн баримт бичигт суулгаж, гарын үсэг зурж баталгаажуулж байж эцэслэдэг. 1939.09.15-нд Халхын голын районд байлдааны үйл ажиллагааг зогсоох тухай хэлэлцээрт Молотов, Японы Элчин сайд Сигэнори Того нар гарын үсэг зурав. Ингэж гарын үсэг зурсан хийгээд Халхын голын районы газар нутаг, гал зогсоосон шугамын талаар БНМАУ-д дуулгасан ч үгүй. Дайн зогссоныг мэдээгүй, Мана уулаа чөлөөлөхөөр мордсон Монголын морьт цэргийг Улаан армийнхан агаараас дайрч бөмбөгдөж зогсоолгосон тухай чих дэлсэх нь үнэний ортой.

Бас нэг, гэхдээ бүр ч таагүй “80 жил”-ийг энэ жил тэмдэглэнэ. Тэр нь яг нэг сарын өмнө Москваднууц протокол байгуулж байсан өдөр буюу 1939.09.28-нд дахин Москвад Молотов, Риббентроп нарын гарын үсэг зурсан СССР ба Германы хоорондын Найрамдал, хилийн тухай Гэрээ. Сарын өмнө Москвад морилж байсан Нацистын Рейхийн сайд нэг сарын дараа дахин морилжээ. Халхын голд гал зогсоож, энх тайвныг хангаад ердөө маргааш нь Улаан армийн ангиудыг баруун хил дээрээс хөдөлгөн нэг далайлтаар Польш, Балтийн гурван улс, Баруун Белорусс, Баруун Украин, Бессарабыг эзлээд авлаа. Польшийг цаанаас нь Германы Вермахт устгаж цохиж хөөгөөд Варшавыг нь буулгаад авчихсан. Холбоотон хоёр-Зөвлөлт, Германы хамтарсан ялалтын парад Брестэд боллоо. Түүнийг албажуулж олон улсын эрх зүйгээр баталгаажуулахын тулд Риббентроп Москвад ирээд тэрхүү Найрамдал, хилийн тухай Гэрээнд гарын үсгээ зуржээ. Ийнхүү хамтран хуйвалдагч, нөлөөний хүрээг хуваалцагч байсан хоёр улс Найрамдал, хилийн тухай Гэрээгээрээ холбоотон болоод авлаа. 

 

Монголын дорнод талд нам гүм. Хэн хэн яасан, нутаг хаана байна, улсын хил гэж байна уу, монголчуудад ер падгүй. Чив чимээгүй явсаар 1940.06.09-нд БНМАУ-ын улсын дорнод хилийг зөвлөлтийнхөн японтой хамтраад тогтоогоод өглөө. Энэ талаар Москвад суугаа Элчин Ж.Самбууд ямар ч мэдээлэл хаанаас ч очсонгүй. СССР-ийн Гадаад яаманд урьж уулзан ядаж нэг тайлбарладаг байгаа даа? 

 

Энд би СССР-ийн гадаад бодлогын түүхээс хөндөж байна. Одоо оросууд ил бичдэг нуухгүй болчихсон баримтыг дэлгэж байна. Энэ бичлэгээрээ өнөөгийн ОХУ ба Ерөнхийлөгч Путиныг яллах ямар ч санаа агуулаагүй. Бүү мушгиарай!

 

Ерөөсөө Зөвлөлт Холбоот Улсыг ч яллаж байгаа юм биш. Геополитикийн өнцгөөс авч ярьвал зөвлөлтийнхөн Монголоор тоглолт хийх эрхээ их гүрний статусаараа олоод авчихсан, нийгмийн байгууллаас үл хамааран ямар ч их гүрэнд их гүрний амбиц, эрх ашиг гэж байдаг, түүнд нь манай мэт Монгол хэн ч биш, ашиглагдах тавилантай. Энэ бол геополитикийн хатуу хууль. Монгол-Зөвлөлтийн найрамдал гэдгийг гиншигнэн мөрөөддөг, өнөөгийн оросуудаа “ах нар” гэж авгайлж байгаад бэлгийн хороолол үнэгүй бариулаад авчих санаатай салан задгай монголчууддаа хандаж бяцхан түүх сөхлөө шүү!

Олон улсын харилцааны судлаач, профессор  Д.Баярхүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монгол (103.212.117.106)

    2019-09-15

    Баярхүү үнэнийг бичжээ. Гэхдээ бичсэн өнгө нь нэг жаахан тиймэрхүү байна:::