Буурал даргын бурхан ухаан

1952 оны хавар маршал Х.Чойбалсан тэнгэрт гэнэт дэвшсэний дараа Ю.Цэдэнбал Ерөнхий Сайдаар сонгогдож, улс орныхоо удирдлагыг гартаа авсан юм. Үүнээс жилийн дараа И.Сталин нас барж, Никита Хрушев Зөвлөлт засгийг тэргүүлэх болов. Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа эхлэн Никита Хрущевтай  дотносож, атар газар эзэмшихэд шаардлагатай асар том хөрөнгө оруулалтыг эх орондоо хийлгэж чадсан хүн бол Бал дарга. 

 

“Еэ базарваань. Чингис хүрээд ирлээ. Одоо биднээс юу дээрэмдэх гэж явна” гэсээр Хрушев түүнийг угтдаг байсан гэдэг. 1961 онд Ю.Гагариныг сансраас ирэхэд Никита Хрущевтай хамт нь соц орнуудын удирдагчдаас Мавзолейн индэр дээр зогсож байсан цорын ганц хүн бол Бал дарга. 

 

Тэрээр Хрущевыг залгамжлаад 1964 онд Леонид Ильич Брежневийг нэгдүгээр дарга болонгуут  Зөвлөлтийн зээл тусламжийг Монгол руу татаж чадсан хүн. Бал дарга маань овсгоо гарган Мао Це дуны хөлд сууж байгаад 1962 онд өмнөд хилээ баталгаажуулж авч байлаа. Хятадаас хэдэн мянган ажилчин оруулж ирэн Монголын хот хөдөөг барилгажуулах ажлыг ч мөн хийлгэж чадсан. Нийслэл хотын төвд дөч тавин мянгатууд, Төв цэнгэлдэх хүрээлэн, спортын ордон, Улаанбаатар зочид буудал, Энхтайвны гүүр, Налайхын зам гээд тоочих юм бол Хятадуудын бидэнд хийсэн хөрөнгө оруулалт асар их. Зөвхөн миний төрж өссөн Баруунтуруун суманд л гэхэд анхны 2 давхар сургуулийг маань хятад барилгачид босгож өгсөн ачтай. Харамсалтай нь Хятадад гайтай соёлын хувьсгал эхлэхээс өмнөхөн Бал даргын шахалтаар тэднийг яаралтай нутаг буцаасан. 

1966 онд анх удаа Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежнев манайд  айлчлав. Энэ үед ЗХУ Монгол улс хоёрын хооронд 30 жилийн өмнө маршал Х.Чойбалсангийн үед байгуулсан гэрээний баримт бичгүүдийн хугацаа дуусч байж. Брежнев Цэдэнбал хоёр Хятадын зүгээс занал хийсэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд хоёр тал хамтран тус хоёр орны аюулгүй байдал тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор бүхий л шаардлагатай түүний дотор цэргийн арга хэмжээ авах болно гэсэн баримт бичигт гарын үсэг зурсанд Брежневийн айлчлалын гол ач холбогдол нь  байсныг өнөө хүртэл хэн ч анзаараагүй явжээ.

Хятадад энэ үед “Соёлын хувьсгал” өрнөж, гадаад улс төрийн бодлого нь яаж ч эргэж мэдэхээр байсан бөгөөд их үймээн савнаасаа халих юм бол юу болохыг урьдчилан таахад бэрх байсан юм. Брежневтэй байгуулсан гэрээгээр урьд хилийн дагуу 100 гаруй мянган хүнтэй Зөвлөлтийн цэргийн ангийг байрлуулах асуудал тэр үед яригдсан байдаг. Бидний  үеийнхэн яагаад ийм олон хүнтэй Оросын цэргийн ангиуд Монголд ирж байрлах болсны учир шалтгааныг мэддэг ч үгүй ойлгодог ч үгүй байж. Хятадын байдал юунд ч хүрч  болзошгүй аюултай байдалд хүрсэн тул Бал дарга ийнхүү Брежневээс Монголд байгаа цэргийнхээ тоог нэмэгдүүлэхийг гуйхаас өөр аргагүй байдалд хүрч байж л дээ. Хятадууд Вьетнам руу дайрч байх тэр үед орос цэргүүд манай урьд хилийн ойролцоо байрлаж, Монголчууд бидний аюулгүй байдлын баталгаа болж байсныг илэн далангүй ухуулж таниулж болохгүй улсын нууц байсанд л хэргийн гол учир оршино. 

Хоёр дахь удаагаа манайд айлчлахад Брежнев даргын далан насны ой нь ойртсон үе байж. Л.Брежневт ая тал засдаг хүмүүсийн нэг бол тэр үед Монголыг хариуцаж байсан бөгөөд урьд нь манайд элчин сайдаар ажиллаж байсан Русаков байв. Тэрээр Брежневт Монгол Улсын Баатар цол олго хэмээн Бал даргыг шахаж байж.  БНМАУ-ын баатрын одон өгчих юм бол шагналд нугасгүй түүний удахгүй тохиох төрсөн өдрөөр нь юугаар шагнах вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Тухайн байдлаас гарах аргыг Бал дарга өөрөө сэдэж олжээ. Тэрээр БНМАУ-ын хүндэт иргэн гэдэг цол бий болгож, давхиж яваа морьтны дүрстэй төрийн сүлд бүхий туузанд зүүдэг алтан таван хошуу гардуулъя гэсэн санал УТТ-ыхондоо гаргажээ. Одонг урлахад 80 орчим грамм /ЗХУ-ын баатарын одонд ордгоос гурав дахин их/ алт орсон гэдэг.  Энэ бол хэнтэй ч харилцаагаа хурцатгалгүйгээр хийсэн ухаалаг шийдвэр байв.   Хоёрхон жилийн дараа Брежневт “БНМАУ-ын Баатар” цол, дахиад 5 жилийн дараа “БНМАУ-ын Хөтөлмөрийн баатар” цол олгов. “БНМАУ-ын Баатар” цолыг хоёр дахь удаагаа олго гэсэн шахалт Кремлиэс ирэхийг нь урьдчилан тааварласан Бал дарга баатар цолыг давтан олгохгүй гэсэн Төв хорооны тогтоол хүртэл гаргуулж байжээ. БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар гэсэн  хоёр том цолоор шагнагдсан  энгэртээ Сүхбаатарын одон дөрвийг зүүсэн,  “БНМАУ-ын Хүндэт иргэн”-ий цолыг хүртсэн эхний болоод эцсийн хүн нь Леонид Илич Брежнев байлаа.  

 

 

Манай орны барилгажилтын их ажилд үзүүлсэн Зөвлөлтийн тусламж үнэлж баршгүй агуу билээ. Монголд байгуулах үйлдвэр ХАА-н олон төрлийн барилга байгууламжийг барихад хүчин дутагдаж байсан учир Бал дарга удаа дараагаар хүсэлт тавин хоёр орны засгийн газрын хэлэлцээрээр Зөвлөлтийн барилгын байгууллагуудыг Монголд ажиллуулахаар тохиролцжээ. Ингээд Зөвлөлтийн барилгын гурван трест Монголд ирж, богино хугацааны дотор асар их ажлыг хийж гүйцэтгэснийг бидний үеийнхэн мэднэ.  

 

 

Зөвлөлтийн барилгын трестүүд нийслэлийн 1, 3, 4, 13,15-р хороололд  орон сууц, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүдийг байгуулж, цардмал зам талбай, хорооллын тохижилтыг иж бүрэн хийсэн юм. Орос барилгачид нийслэлд орон сууцнаас гадна гэрлэх ёслолын ордон, залуу техникчдийн ордон, хүүхдийн ордон,үйлдвэрчний эвлэлийн ордон,  шинжлэх ухаан технологи мэдээллийн төв, орбит станц, усан бассейн зэрэг олон сайхан барилгуудыг барьсныг өнөөгийн залуус лав мэдэхгүй дээ. 

 

 

Монгол-Зөвлөлтийн  барилгын мэргэжлийн хамт олон 1965-1989 оны хооронд нийслэл хотын хороололд нийтдээ 1,1сая ам метр  талбайтай орон сууц, соёл ахуйн иж бүрэн цогцолборуудыг барьж ашиглалтанд оруулсаны дотор Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлэг, нэгдсэн 2-р эмнэлэг, гэмтлийн эмнэлэг, халдварт өвчин судлалын эмнэлэг, хавдар судлалын эмнэлэг, эх нялхсын төв эмнэлэг зэрэг цогцолборуудыг барьсан юм. Эдгээр эмнэлгүүдийг тухайн үед бариулаагүй байсан бол хавдрын өвчлөл хэд дахин ихэссэн өнөөдөр бид яаж амь амьдралаа залгуулах байсан юм болоо гэхээс Орос ах нарт талархаад талархаад баршгүй.

 

 

Бал даргын маань уйгагүй хөөцөлдлөгийн дүнд говь хээрийн бүсийн аймгуудад онцгой шаардлагатай үйлдвэр, хөдөө аж ахуйн томоохон барилга байгууламжуудыг барих зорилгоор Зөвлөлтийн барилгын 3-р трестийг 1965 онд Улаанбаатар хотод байгуулж байж. Тус трест нийслэл хотод сүлжмэлийн үйлдвэр, мянган автомашины засварын газар, барилгын машин механизмын завод, арьс шир боловсруулах үйлдвэрүүд, керамзитийн үйлдвэр, тоосгон завод, троллейбусны депо, ”Буянт Ухаа” нисэх буудал, ээрмэлийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсныг өнөөдөр цөөхөн хүн мэдэх байх. Аймаг орон нутагт томоохоноос нь дурьдвал зөвхөн Дорнод аймагт л гэхэд адуун чулууны нүүрсний уурхай,  цахилгаан дулааны станц, гурилын үйлдвэр, Халх гол САА гэх мэтийн барилга байгууламжууд, хивсний үйлдвэр, ноос угаах үйлдвэр, Борнуур, Зүүнхараа, Түмэнцогт, Өндөрхаан, Баянцогт, Заамар, Эрдэнэсант, Орхонтуул, Байдраг, Баянчандмань, Баруунхараа, Хурхын  сангийн аж ахуйнууд, Улаанбаатар хотод Барилгын ТМС, сүүний үйлдвэр,  Чойбалсан, Мандалговь, Сайншанд, Баруун-Уртын дунд сургуулиуд, Баруунтуруун, Хархираа, Цагаатолгойн услалтын системүүд, зэрэг хөдөөгийн асар олон газарт малын хашаа, тэжээлийн нөөцийн барилгуудыг барьж өгснийг бид мартах ёсгүй юм.

 

 

Монгол орныг үйлдвэржүүлэх, эдийн засгийг өөд татах, экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөхөд “Эрдэнэт” үйлдвэр, шинэ хот чухал үүрэг гүйцэтгэхийг ухамсарлан Эрдэнэтийн овооны орд газарт геологи-хайгуул явуулах, зураг төсөл гаргах, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлаас эхлээд үйлдвэр, хот байгуулах, өндөр үр ашигтай ажиллуулахад эхнээс нь анхаарч, асар их зүйл санаачлан хэрэгжүүлсэн хүн бол Бал дарга.

 

 

Эрдэнэт үйлдвэрийг Монголд барих эсэх талаар тэр үеийн Зөвлөлтийн удирдлагууд хоорондоо санал зөрөлддөг байж. Энэ ажлыг түргэвчлүүлэхэд Бал дарга айхтар ухаан гаргасан талаар  Уул уурхайн яамны сайд асан, хөдөлмөрийн баатар Хурц гуай дурсахдаа "1968 оны 7 сарын сүүлээр "Цагаан суварга"-ын ордыг Япончуудад танилцуулахад Цэдэнбал дарга надад хоёр зүйл захисан. Нэгдүгээрт ордын нэрийг нь хэлж болохгүй, хоёрдугаарт хаана гэдгийг нь хэлээд хэрэггүй гэсэн юм. Би ч даргын захисан  ёсоор ордны талаар Япончуудад танилцууллаа. Тэгтэл  сарын дараа намайг СнЗ-ийн орлогч дарга Пэлжээ гуай дуудаж байна. Яваад очтол “Цэдэнбал дарга Брежневтэй уулзахаар гэнэт явлаа. Ямар шалтгаантайг нь  мэдсэнгүй. Бас ганцхан комиссартайгаа явсныг бодоход их л чухал асуудал юм шиг санагдлаа” гэв. Удаа ч үгүй дарга ирлээ. Их баяртай ирсэн. Нөгөө нэрийг нь хэлээд хэрэггүй гэсэн "Цагаан суварга"-ын ордын талаарх мэдээлэл Японы сонинд гарсныг нь Зөвлөлтийнхэн Эрдэнэт гээд бодчихож л дээ. Угаасаа нэр нь дурдагдаагүй болохоор тэгж бодох нь гарцаагүй. Тэгээд манайхыг Эрдэнэтээ Япончуудтай нийлж ашиглах нь гэж сандарсандаа Брежнев яаралтай уулзъя гэсэн юм билээ. Сигнал авсан Зөвлөлтийнхэн ч яаралтай ажилдаа орж, Эрдэнэт гэдэг их айл үндсэндээ тавхан жилийн дотор сүндэрлэн боссон доо. Ю.Цэдэнбал даргын ухаан айхавтар байгаа биз. Нэг биш, хоёр биш, нэлээд хэдэн нүүдлийн цаадахыг харж, Эрдэнэтийг шуурхай барьж байгуулсны ачаар өнөөдөр бид энэ том үйлдвэрийнхээ буяныг эдэлж байна, цаашид ч эдэлнэ. Хүнд хэцүү үед Эрдэнэт л биднийг тэжээж байлаа шүү дээ." гэсэн байдаг. 

Бал дарга 1972 онд “Эрдэнэт" үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах санал гаргах тухай захирамж гарган Эрдэнэтийн зэс-молибденийн ордыг ашиглах ажилд хяналт тавьж эрчимжүүлэх үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчдийг томилжээ. Мөн тэр даруй ЗХУ-ын СнЗ-ийн дарга А.Н.Косыгинд хандан Эрдэнэтийг байгуулах талаар хэлэлцээр байгуулах, тус үйлдвэрийн эхний ээлжийг 1977 онд, бүрэн хүчин чадлаар нь 1979 онд барьж дуусгахад шаардагдах 120 сая рублийн зээл олгох талаар хүсэлт гарган захидал илгээхэд энэ асуудлыг А.Н.Косыгин дэмжихээ тэр дор нь илэрхийлж, ”Эрдэнэт” үйлдвэр, шинэ хот барихад чухал ач холбогдолтой Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн авто замыг шинэчлэх, барилгын бааз барих, барилгачдад зориулсан орон сууц, соёл ахуйн объектуудыг 1973-1976 онд Зөвлөлтийн хүчээр барихыг зөвшөөрч, мөн эхний ээлжийн барилга, байгууламжуудыг барихад зориулан 120 сая рублийн хөнгөлөлттэй зээл өгөхөөр амалсан байдаг. Ингэж Эрдэнэт үйлдвэр болон хот баригдах ажил эхэлж байсан түүхтэй.

Мөн Эрдэнэт үйлдвэр, шинэ хотын барилга байгууламжид чухал шаардлагатай олон мянган нарийн мэргэжлийн ажилчид, инженер-техникийн ажилтан, удирдах хүмүүсийн гэр бүлийг ажилтай байлгаж, тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн хивсний үйлдвэр, хүнсний комбинат, сүү-ногооны чиглэлийн САА зэрэг олон том объектуудыг барьж байгуулах талаар Зөвлөлтийн талтай тохиролцон богино хугацаанд барьж ашиглалтад оруулахад Цэдэнбал даргын маань ач тус асар их билээ.  Одоогоор үлдэгдэл нөөц нь 4 сая.тн зэс байгаа талаар мэргжилтнүүд ярьдаг. Энэ нь өнөөдрийн зэсийн үнээр тооцвол 20-24 тэрбум ам долларын бүтээгдэхүүн газар доорхи агуулахдаа хадгалагдсаар байгаа гэсэн үг. Эрдэнэтийн овоо өнгөтэй байна Энэ зууны царай байна гэсэн дууны үг юутай үнэн Зөвлөлт-Монголын барилгачдын хүчээр жилд 16 сая тонн хүдэр боловсруулах Уулын баяжуулах комбинат, Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн авто зам, Галуут-Сүхбаатар, Дархан-Эрдэнэтийн цахилгааны өндөр хүчдэлийн шугам, Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт хүртэл урт ус дамжуулах 54 км хоолой, дулааны станц, уулын ажлын карьер, хаягдлын сан, 100 мянган ам метр орон сууц, үйлчилгээний барилгатай Эрдэнэт хот босож байсан цаг саяхан мэт.  “Эрдэнэтийн овоо өнгөтэй байна, энэ зууны царай байна”  гэсэн дуу цангинуулсаар Монгол-Зөвлөлтийн  барилгачид 1973 оны 3 сард Эрдэнэт овоо-Цагаан Чулуутын зэлүүд хээр хөндийд ирж, асар майхан бариад Эрдэнэт хот Уулын баяжуулах комбинатын барилгын ажилд орж байлаа. Өнөөдөр үйлдвэрт нийт 6000 гаруй хүн ажиллаж,  тэдний гэр бүлийн гишүүдийг оролцуулбал 20 гаруй мянган хүн Эрдэнэт хэмээх өнөр гэр бүлд хамрагдаж байгаа нь хотын нийт хүн амын бараг 1/4 болох ба энэ хүмүүсийн амьдрал, сэтгэл санаа Эрдэнэт үйлдвэртэй холбоотой байж түүгээрээ тэд бахархдаг билээ.

Дархан-Сэлэнгийн бүс нутагт түлш эрчим хүчний цогцолборыг шинээр байгуулах, Дархан хотыг барьж босгох зорилгоор Зөвлөлтийн барилгын 1-р трестийг 1960 оны сүүлчээр Дархан хотод байгуулсан юм. Мөн Зөвлөлтийн барилгын инженер хайгуулын институт ирж ажилласны үндсэн дээр 1961 оны 10 сараас Бурхантын хөндийн эзгүй зэлүүд газарт шав тавьж, Найрамдлын Дархан хотын  ажлыг эхлүүлж байжээ. Ингэж Монгол улсын хоёр дахь том хот болох Дарханыг барих нүсэр ажил өрнөж эхэлсэн түүхтэй. Найрамдлын Дархан хотыг барьж байгуулахад л хичнээн их хөрөнгө босгож хуримтлуулж байсныг бидний үеийнхэн болоод Дарханчууд мартаагүй байх учиртай. Дархан хотын орон сууцны барилгууд, үйлдвэр аж ахуйн газрууд, сургууль эмнэлэг, Дархан-Шарын голын өндөр хүчдэлийн шугам, төмөр зам гээд маш олон тооны барилга байгууламжийг богино хугацааны дотор барьсны дээр хамгийн гол нь хэдэн мянган мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж өгсөн орос нөхдийн ач гавьяаг мартахын аргагүй. Дарханы Дулааны Цахилгаан станц, Байшин үйлдвэрлэх комбинат, Барилгын нэгдэл, Хүнсний үйлдвэр, Хонгорын сангийн аж ахуй Дархан хотыг тойрсон үр тариа, хүнсний ногоо, мах сүүгээр хангах чиглэлийн дагавар аж ахуйнууд, Ерөөгийн алтны уурхай, Дархан, Номгон, Цагааннуур, Улаан толгойн САА-нууд, УГТЭШХүрээлэн гээд тоочиж баршгүй олон обьектууд энэ үеэр баригдсаныг хойч үеийнхэн маань мөн мартах учиргүй. Польш улсын тусламжтайгаар Монголын анхны силикатын үйлдвэр,  дээр нь нэмэгдээд Нэхий эдлэлийн үйлдвэрийг Болгарууд, Цементийн заводыг Чехүүд, Мах комбинатыг Унгар нөхөд туслан байгуулсныг өнөөдрийн Дарханчууд сайн мэднэ. Энэ жагсаалт цаашаа нилээд урт үргэлжлэх учир ингэсгээд зогсъё. 

 

“Ю.Цэдэнбал гаднаа ЗХУ-д үнэнч юм шиг харагддаг ч цаанаа биднийг сайн үүлдрийн "Саалийн үнээ" гэж үздэг байсан. Бүхий л асуудлыг ямагт өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэж оролдоно. Тэр ч бүү хэл империалист хэмээн ад үздэг Японтойгоо эвсчихээд “Говь” хэмээх том үйлдвэр бариулсан. Биднийг тэр сайн саадаг байсан. Брежнев ч үүнийг гадарладаг хирнээ юу ч хийж чадаагүй. Гэхдээ Ю.Цэдэнбал хэзээ ч бидний ардуур хоёр нүүр гарган үйл хэргээсээ ухарч байгаагүй юм шүү. Бүхэл бүтэн том улс орны удирдагчийн хувьд эх орноо нэгдүгээрт тавьдаг байсан нь мэдээж хэрэг” гэж Л.Брежневийн дараагийн үеийн удирдагч Ю.Андропов хэлсэн байдаг. 

Өнгөрсөн зууны 60-аад оноос ЗСБНХУ-ын тусламж улсын хөрөнгө оруулалтын 30 гаруй хувийг эзэлж, шатахуун 100 хувь, автомашин тоног төхөөрөмж 90 гаруй хувь, өргөн хэрэглээний барааны 60 хувь нь Зөвлөлтийнх байлаа. 70-80-аад онд зөвлөлтийн мэрэгжилтэн байгаагүй нэг ч салбар байгаагүй бөгөөд тэдний ихэнх нь мэрэгжлээ жинхэнэ ёсоор эзэмшсэн, уйгагүй хөдөлмөрч, зөв шудрага бөгөөд монголчуудад чин сэтгэлээсээ ханддаг байсныг тэр үеийнхэн одоо дурсан ярьцгаадаг билээ. Тэдний хүчин зүтгэлээр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Багануурт шинэ хорооллууд босч, Монгол орны нарийвчилсан газрын зургууд хийгдэж, нүүрс, барилгын материал, жонш, газрын ховор элемент, өнгөт металлын шинэ орд газрууд нээгдэж байлаа. Өвгөн миний биечлэн оролцож явсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан Биологийн болон палеонтологийн экспедици л гэхэд 1969 оноос эхлэн зохион байгуулалттайгаар жил бүр ирж манай орны хөрс, амьтан ургамал, бэлчээр ойн хээрийн иж бүрэн судалгааг өөрийн зардлаар хийдэг байлаа. Энэ экспедицийн 50 жилийн ой мөн энэ онд тохиож байгаа билээ. 

Ойр дотно ажиллаж байсан хүмүүс нь даргыг “Хувийн жаргал хөөцөлддөггүй, баяжих хөлжихийг огт боддоггүй, ажлаас өөр чухал зүйлгүй, ард олноо хүндэтгэдэг, үгийг нь сонсдог эрхэм хүн” гэцгээдэг байлаа. 

Бал даргын ажлыг товчхонд нь дүгнэж хэлэхэд тэрээр Никита Хрущевтой дотносож, Леонид Ильичтэй нөхөрлөж,  Зөвлөлтийн зээл тусламжийг Монгол руу их мөрөн мэт урсган оруулж чадсан Монгол түмний өмнө мартагдашгүй гавьяатай хүн. Зөвхөн Зөвлөлт гүрэн төдийгүй, Ардчилсан Германы Хоннекер, Болгарын Тодор Живков, Унгарын Янош Кадр, Югославын Тито гээд социалист лагерийн бүх орны удирдагчид, тэр бүү хэл эрд түмэндээ хамгийн харамч хатуу ханддаг  байсан Румыны Чаушескугаас хүртэл мебелийн үйлдвэр, цирк бариулж буцалтгүй тусламж авч дөнгөж байж. Зөвлөлтүүдтэй хагаралдан байж Японоос дайны төлбөрт “Говь” үйлдвэрийг бариулсан нь одоо хүртэл Монголын ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байгаа билээ.  Бал даргын маань 103 насны ой тохиож байгаа учраас ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн шүлгээр өндөрлье дөө .

 

 Дөмөг алдар ялалтын замаар

Дөчин хэдэн жил биднийг дагуулсан

Дөрвөн зүг найман зовхисын

Дөрөө харшуулж зуузай холбосон юм

     Бага насны алтан дуртгал 

     Бал даргаа хайрлаж дурсан санах юм аа 

Үгүйлэн санах сэтгэл хэцүү 

Үйлийн үртэй орчлон хатуу 

Үсээ бууралттал зүтгэж зүтгэчихээд 

Өнчирч ганцаардсаар харьд өнгөрсөн юм

      Дахилт

Увс нуурынхаа уран долгио шиг 

Уян зөөлөн сэтгэлтэй явсан юм 

Улс Монголынхоо төлөө гэсээр  

Унтах нойр, жаргал цэнгэлийг орхисон юм 

Дахилт

 

 

Доктор Ш.Пүрэвсүрэн 

 

Удахгүй хэвлэгдэх “Бал даргынхан бидний амьдралд” номноос...

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • (192.82.65.224)

    2019-09-17

    Маршал маань үндэсний том удирдагч мөн юм.

  • Зочин (64.119.24.25)

    2019-09-17

    Энэ хүнтэй арай дөхүү хүн нь Хүрэлсэх юм даа

  • 333 (202.131.234.194)

    2019-09-17

    “Ю.Цэдэнбал гаднаа ЗХУ-д үнэнч юм шиг харагддаг ч цаанаа биднийг сайн үүлдрийн "Саалийн үнээ" гэж үздэг байсан. Бүхий л асуудлыг ямагт өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэж оролдоно. Тэр ч бүү хэл империалист хэмээн ад үздэг Японтойгоо эвсчихээд “Говь” хэмээх том үйлдвэр бариулсан. Биднийг тэр сайн саадаг байсан. Брежнев ч үүнийг гадарладаг хирнээ юу ч хийж чадаагүй. Гэхдээ Ю.Цэдэнбал хэзээ ч бидний ардуур хоёр нүүр гарган үйл хэргээсээ ухарч байгаагүй юм шүү. Бүхэл бүтэн том улс орны удирдагчийн хувьд эх орноо нэгдүгээрт тавьдаг байсан нь мэдээж хэрэг” гэж Л.Брежневийн дараагийн үеийн удирдагч Ю.Андропов хэлсэн байдаг.

  • (182.160.2.103)

    2019-09-17

    Доктор Ш.Пүрэвсүрэн гэгч минь Чойбалсан гэнэт тэнгэрт дэвших бус тэнгэрт халих гэж монгол хэлээр бичиж ярьдаг болохоос юун дэвших юм бэ. Үгээр маяглагч ч болдоо

  • (66.181.189.53)

    2019-09-17

    ene hvnii hiisen bvteesen bvhend bid amidarch surch hvn bolsondoo

    333 (66.181.189.53)

    2019-09-17

    “Ю.Цэдэнбал гаднаа ЗХУ-д үнэнч юм шиг харагддаг ч цаанаа биднийг сайн үүлдрийн "Саалийн үнээ" гэж үздэг байсан. Бүхий л асуудлыг ямагт өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэж оролдоно. Тэр ч бүү хэл империалист хэмээн ад үздэг Японтойгоо эвсчихээд “Говь” хэмээх том үйлдвэр бариулсан. Биднийг тэр сайн саадаг байсан. Брежнев ч үүнийг гадарладаг хирнээ юу ч хийж чадаагүй. Гэхдээ Ю.Цэдэнбал хэзээ ч бидний ардуур хоёр нүүр гарган үйл хэргээсээ ухарч байгаагүй юм шүү. Бүхэл бүтэн том улс орны удирдагчийн хувьд эх орноо нэгдүгээрт тавьдаг байсан нь мэдээж хэрэг” гэж Л.Брежневийн дараагийн үеийн удирдагч Ю.Андропов хэлсэн байдаг.

  • zochin (202.131.245.182)

    2019-09-17

    saihan hvn bsan da daanch haramsaltai on jilvvdeer svvlchiin amidralaa vdvvlsen hvn de. yasan ih nutagaa sanasan boldoo. .

  • (103.26.193.193)

    2019-09-17

    Ум сайн амгалан болтугай. Ганц хүүгийн нь байж байгааг урагшгүй барам

  • Занги (202.179.26.153)

    2019-09-17

    Дээр өгүүлсэн нь цаглашгүй ҮНЭН. Хөөрхий тэр хүн одоогийн дарга нарыг бодвол ӨӨРТӨӨ юу ч наагаагүй амьдралынхаа эцэст ямар ч хөрөнгөгүй нэгэн бсан. Бэлгэнд ирсэн хэдхэн дурсгалаа аваад явсан юм байлгүй Их юм авчихсан юм шиг АРААС нь ЭЛДВЭЭР бичиж л бсан даа Ум сайн амгалан болох болтугай