Дүнжингарав төвийн түрээслэгчид түрээсийн төлбөр нэмснийг эсэргүүцэж байна

Дүнжингарав худалдааны төвөөс түрээслэгч иргэддээ түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулж байгаа тухай мэдэгдэх хуудас хүргүүлж, гэрээгээ шинэчлэх шаардлага тавьжээ. Ингэхдээ нэг түрээслэгчийн сарын түрээсийг 120-140 дахин нэмэгдүүлсэн байна. Улмаар түрээслэгчдийг энэ сарын 25-ны дотор түрээсин гэрээгээ шинэчлэхгүй бол лангууг суллахыг сануулжээ.

Дүнжингарав худалдааны төвөөс түрээсээ нэмсэн шалтгаанаа ус, дулаан, цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбон тайлбарласан байна. Харин түрээслэгчид дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж өчигдөр Дүнжингарав худалдааны төвийн гадаа цуглаан хийж, эрх ашгаа хамгаалахаар Үйлдвэрчний эвлэл байгуулсан байна. Өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа цуглаж, хотын дарга С.Амарсайханд хүсэлт хүргүүллээ. Энэ үеэр зарим түрээслэгчдийн байр суурийг сонслоо. Тэдний зүгээс “Б.Наранхүү тэнд байгаа сэндвичэн авбаараа ав. Бид газраа авъя. Газрын маргаантай, ямар ч үйлчлүүлэгчгүй байх үеэс нь эхлэж түрээсэлж эхэлсэн. Гэтэл ишиг иврээ ургахаар эхийг мөргөнө гэгчийн үлгэр болж байна. Овоо үйлчлүүлэгчтэй болоод ирэнгүүт биднийг хөөж байна. Худалдааны төвийг удирдлагуудад шаардлага тавихад хүлээж авдаггүй. Бидний эрх ашиг зөрчигдөж байна” хэмээж байв.

Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэгчдийн ҮЭХ-ны Гүйцэтгэх захирал: Х.Лувсанцэрэн "Дүнжингарав худалдааны төвийн зүгээс бидэнд гэнэт л мэдэгдэл ирүүлсэн. Ингэхдээ түрээсээ 120-140 хувиар нэмнэ гэдгээ мэдэгдээд үгүй бол долоо хоногийн дараа лангуугаа сулла гэсэн. Түрээслэгчид бараагаа аваад хаашаа явах юм бэ? Ийм боломжгүй байдлаар нь далимдуулж дарангуйлал үзүүлж байна. Бид анх Дүнжингаравыг хов хоосон газрын маргаантай байхад түрээсэлж байсан. Гурван жил ямар ч ашиг орлогогүй эрсдлээ өөрсдөө үүрээд ирээдүйд сайхан болно гэж найдвар тээж өнөөдрийг хүрсэн. Гэтэл жаахан гайгүй болоод ирэхээр түрээсээ нэмчихлээ. Бид түрээсийн төлбөр нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж, Дүнжингаравын удирдлагуудад хандсан ч үр дүнд хүрээгүй. Иймээс бид хотын даргад хандаад байна. Хотын даргын мөрийн хөтөлбөрт “Иргэдээ ажлын байраар хангана” гэсэн байгаа. Өнөөдөр ажлын байргүй болох дээрээ ирээд байгаа 1000 гаруй хүн яах вэ? Лангуу түрээслэгчид зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Өдрийн болон ББСБ, банкны зээлтэй".

Лангуу түрээслэгч "600 гаруй лангуу байгаа. Үүн дээр нэмэгдээд Б.Наранхүү гишүүний олимпийн аваргуудад өгсөн бэлэглэлийн лангуунууд байгаа. Бид Дүнжингарав худалдааны төвийг хүнгүй байхаас нь эхлээд л үйл ажиллагаа явуулж, түрээсээ төлсөн. Тогтсон үйлчлүүлэгчтэй болчхоод ажлын байраа алдмааргүй байна. Үүнийхээ төлөө л тэмцэж байна".

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)