Р.Болормаа: Чанаргүй зам барьдаг компаниудад эрх олгосон хүмүүст хариуцлага тооцъё

Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор Р.Болормаатай  ярилцлаа.

-Монголын  замын салбарын бодлого, хөгжил ямар шатандаа явж байна вэ?

-Манай улсын автозамын салбарын хөгжил оройтож  эхэлсэн. 2004 онд анх Автозамын инженерийн холбоог байгуулсан. Намайг 1994 онд сургуулиа төгсөөд ирэхэд манай салбар 10 гаруйхан инженертэй байсан. Одоо  боловсон хүчин болон инженерүүдийн хувьд дутагдалтай зүйл байхгүй. Сайн инженер олон бий.

Саяхан Японы замын салбарын хүнтэй уулзахад “Манайх зам тавьж болох бүх газарт тавьсан. Замын хувьд хөгжил дээд цэгтээ хүрсэн. Одоо гоозүйн таашаал өгөх тал дээр инженерүүдээ өрсөлдүүлж байна гэж” ярьж байсан. Харин манайд бол дөнгөж техникийн хөгжлийнхөө шатанд явж байна. Өөрөөр хэлбэл, хэрхэн бат бөх, чанартай хийх вэ гэдэг шатанд явж  байна гэх үү дээ.

 

 

Манай улс нийт 49 мянган км замтай. Үүнээс улсын чанартай нь 12 мянган км замын дөнгөж долоон км нь хатуу хучилттай болж байна шүү дээ. Улсын чанартай гэдэг нь аймаг, сум, хот, боомтуудыг холбосон замыг хэлж байгаа юм. Байж болох бүх газрыг замжуулсан гэж хэлэх хараахан болоогүй. Аливаа зам  төв болон туслах замтай байх ёстой.

 

 

Жишээлбэл, Сансрын зам шиг туслах зам алга. Сүүлд нисэхийн хурдны замыг барьсан  ч бас л асуудалтай. Яагаад гэхээр тэр замыг дагаад том хорооллууд баригдаж эхэлсэн. Хурдны замаас хорооллууд руу орох болон хорооллууд дундах зам огт байхгүй. Орон сууц хорооллууд нь замаа шахсан байдалтай баригдаж байгаа нь удахгүй асуудал дагуулах нь тодорхой.

 

-Улаанбаатар хотын замын түгжрэлийн гол эх үүсвэрийг хэрхэн хардаг вэ?

 

-Улаанбаатар хотын замын түгжрэлийн гол шалтгаан нь  хот төлөвлөлт зүй зохистой яваагүйтэй холбоотой. Жижиг хороолол, хотхон аль нь ч анх ерөнхий төлөвлөгөө хийхдээ замын зураг төсөл хийдэггүй. Уг нь хот төлөвлөхөд замын инженерүүдийг оролцуулах ёстой шүү дээ. Тэр ч байтугай  борооны ус, галт түймрийн мэргэжилтэн ч байх ёстой. Гэвч тэр ажлуудыг хийдэггүй. Тухайлбал, аль нь тухайн хотхоны гол зам юм, аль нь айлын зориулалттай зам байх вэ. Мөн аль нь том гудамж байж хэдэн метр өргөн зам тавих вэ гэдэг шийдлийг эхнээс нь гаргах учиртай. Үүнээс гадна аль хэсэгт нь хоёр метр өргөнтэй явган хүний зам байх вэ, дугуйн замыг хаагуур тавих вэ хэмээн төлөвлөх ёстой.Замын инженер гэж байгаа боловч гудамж зам төслийн инженер шүү дээ. Ногоон байгууламж, дугуйн зам, явган хүний замыг төлөвлөдөг. Дугуйн, явган хүний зам, ер нь бүх зам яагаад өнөөдөр Улаанбаатар хотод асуудалтай байна вэ гэхээр хотхоноо барьсан хойноо машин зам болон явган хүний зам байх ёстой юм байна, одоо зам баръя гэдэг буруу шийдлээр яваад  байгаа юм. Барьсан барилгынхаа голоор яаж ийж байгаад  зам барьдаг гаж тогтолцоотой. Гол буруу нь ерөөсөө л энэ. Ерөнхий төлөвлөгөөнийхөө хамгийн анхан шатны төлөвлөгөөндөө бид замын асуудлаа оруулж, төлөвлөх ёстой. Тэгэхээр Улаанбаатар хотын  өнөөдрийн замын асуудал, түгжрэл, бухимдлын гол суурь нь хот төлөвлөлтөөс үүдэлтэй.

 

-Тэгвэл одоогийн энэ төлөвлөлт дээр түгжрэлийг бууруулах ямар арга зам байна вэ?

 

-Хотын  төв замуудыг  төлбөртэй болгох хэрэгтэй. Бид ямар нэгэн газраар үйлчлүүлэхдээ дугаарлахаас татгалзаж мөнгөө төлж Вип үйлчилгээ авдаг биз дээ. Яг түүн шиг төлбөрөө төлөөд түгжрэлгүй явдаг болгомоор байгаа юм. Мөн автозамын бүтээн байгуулалтыг сайжруулахын тулд зам ашигласны төлбөрийг өндөр тооцох  хэрэгтэй. Зам барих гэхээр хөрөнгө мөнгө байхгүй гэдэг. Иймээс төлбөрийг нь  өндөр байлгах хэрэгтэй.

 

-Сүүлийн үед Дарханы зам  хүмүүсийн бухимдлыг төрүүлэх боллоо. Та энэ замын Тендер туслалцааны багийн дэд ахлагчаар ажилласны хувьд юу хэлэх вэ?

 

-Дарханы замын хувьд бид төслийн урьдчилсан байдал гэдэг зүйлийг хийгээгүй. Бусад улс оронд бол төслийн урьдчилсан байдлыг заавал хийдэг. Энэ нь замын дагуу болон түүгээр зорчих хүмүүст жилийн өмнөөс энэ тухай мэдээллийг өгсөн байх ёстой. Тэр байтугай  “Түр замаа хаагуур гаргах вэ. Та нар юу гэж бодож байна”  гэж санал асуулга авч хүмүүсийнхээ сэтгэл зүйг бэлддэг. Харин манайх тэгээгүй. Санхүүгийн боломж нь бүрдээд шууд ажлыг нь эхлүүлсэн. Одоо ажил зогссон тухайд бол  хэрэгжилтийн үеийг хянаагүй болохоор хэлж  мэдэхгүй байна.

 

-Замын хөдөлгөөнд орол­цогчдын хувьд түр замд  тоос  их босдог. Үүнээс болж осол их гарч  байна гэлцдэг. Түр замыг ер нь яаж хийх ёстой вэ, ийм стандарт байдаг уу?

 

-Замын төсөл дээр бол түр замыг зайлшгүй гаргах ёстой гэсэн байдаг. Мөн түүнийхээ дагуу тоосжилт болон бусад асуудлыг гүйцэтгэгч нар тоосгүйжүүлж, тэгшилж, хө­дөл­гөөний аюулгүй байдлыг хан­гах ёстой гэсэн үүрэг байгаа. Тэр үүргийн хүрээнд хэрэглэгчид маань түр замыг засуулах  шаардлага тавих эрхтэй.

 

-Хөдөө орон нутгийн авто замын бүтээн байгуулалтын ажил хугацаандаа ашиглалтад ордоггүй. Мөн бүтээн байгуулалт хийсэн зам нь удалгүй эвдэрдэг. Энэ юунаас болдог юм бол?

 

-Манай компаниуд гадаадын компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа алдаа дутагдал гаргадаггүй. Харин өөрсдөө барихаараа үйл ажиллагаа нь доголддог, зогсдог асуудал гардаг.  Автозамын гүйцэтгэгч компаниуд 3-6 жилийн баталгаа олгодог. Гэвч түүнээс цаашхийг яах вэ гэдэг хариуцлагын тогтолцоо алга. Анхнаасаа чанаргүй зам барьдаг  эсвэл замаа цаг хугацаанд нь хүлээлгэж  өгдөггүй. Өөрөөр хэлбэл, тендерийг хугацаанд нь ашиглалтад оруулдаггүй компаниуд яагаад дахин тендерт ялаад байна вэ. Яагаад тэдэнд улсын төсөв мөнгөөр тоглох эрх олгоод байна вэ. Тэгвэл тэр эрхийг өгч байгаа комисст  хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хариуцлагагүй компанийг шалгаруулсан  юм чинь өөрөө хариуцлагаа хүлээдэг байвал ийм асуудал гарахгүй. Шат шатандаа хариуцлагыг зөв төлөвлөөд ирвэл хугацаандаа, аль болох чанартай хийдэг компаниуд шалгарна шүү дээ. Тэр компанийн төлөө зөвшөөрч гарын үсэг зурсныхаа төлөө хариуцлага хүлээх учраас.  Харин Улаанбаатар хотын замын гол дайсан бол борооны ус. Ус бол замын дайсан гэдэг. Хотын борооны ус Туул гол руу  урсахдаа замаар урсдаг. Зам нь ус зайлуулдаг шуудуу болчихсон. Улаанбаатарын зам яагаад тоосжилттой байдаг вэ гэхээр борооны ус урсаад байгаатай л холбоотой. Ус сувгийн газар үерийн усны асуудлыг шийдэх ёстой. Гэвч тэр салбарт хөрөнгө оруулалт байхгүй.

 

 

Бороо орохоор замаар зайлуулдаг гэсэн ойлголт маш буруу. Тиймээс бид усаа зам руу оруулахгүйн тулд замынхаа наад талд шуудуу татаад орж ирэхээс нь өмнө барьж авдаг. Тэгээд зайлуулдаг. Улаанбаатар хотын уулнаас урсаж байгаа ус тэр болгоны авдаг тийм байгууламж манайд байхгүй. Түүнийг борооны ус гадаргуун усны мэргэжилтэн хийх ёстой.

 

 

 -Орон нутгийн замын эвдрэл гэмт­л­ийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

 

-Манайд орон нутгийн замд замын инженер, засвар ажлын эргүүл гэж байдаг. Дурын нэг хүн машинаа зогсоогоод машинаа янзлаад явахдаа чулуу овоолоод явдаг. Замын засвар, арчлалтын эргүүл нэг хоногийн өмнө явсан бол дараагийн өдөр явахгүй. Өдөр болгон явдаггүй. Гэтэл нэг хоёр хоногийн дараа осол гарахаар эзэнгүй зам гээд хашгирдаг. Бусад улсад ч мөн эргүүл ажилладаг. Мөн замын хуультай байдаг. Тэгээд хууль зөрчсөн үйлдлийг иргэн та харсан бол мэдээлсний төлөө торгуулийн тодорхой хувийг иргэнд өгдөг. Тэгэхээр иргэн болгон хянагч болж байгаа юм. Манайд болохоор зам байлаа гэхэд түүний хашлага эвдээд зам гардаг хэсэг хийчихлээ гэхэд эргэн тойронд байгаа хүмүүс харсан ч хэлдэггүй. Түүнийг байцаагч өөрөө ирж хартал тэр хэвээрээ байж байдаг. Тэгвэл гадаадад мэдээлдэг хуулийг ганцхан замын салбар биш зам хэрэглэгчид хэрэгжүүлдэг.

-21 аймаг, сум, боомтуудыг  холбосон зам тавьж болдоггүй юм уу?

-Ийм боломж бий. 2013 онд Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн хурдны замын зураг төсөл хийсэн,  бэлэн байгаа. Гэтэл тэр ажил дэмжигдээгүй. Гол шалтгаан нь  мөнгө санхүүтэй хол­боотой юм шиг байна лээ. Замын инженерүүдийн хувьд хувилбаруудыг нь гаргаж өгсөн. Шийдвэр гаргагчид,  Засгийн газрын зүгээс  шийдэхгүй байгаа. Хий гэвэл бид хийхэд бэлэн.

 

Б.Баяржавхлан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.24.25)

    2019-09-23

    Уг нь зөв зүйлүүд их л ярьсан байна.