БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Хандлагаа өөрчилье!

“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-д Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Хандлагаа өөрчилье” сэдвээр үндсэн илтгэл тавилаа.

Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр бодит ахиц дэвшил гаргах, нийгмээс шинжлэх ухаанд хандах хандлагыг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн хурал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд “Хандлагаа өөрчлөх”-ийг уриаллаа.

Аливаа зүйлд хандах хувь хүний ч бай, нийгмийн оюун санааны ч бай хандлага ямар байхаас тэрхүү зүйл нь цаашдаа сайнаар ч, саараар ч танигдах, хөгжин дэвших, эс хөгжин доройтох, шагшигдан магтагдах, гоочлон муулуулах, хэрэгжиж биелэлээ олох эс бөгөөс гацаж саатан зогсохын салаа замын нэгнээр замнах болдог нь хэнд ч нууц биш юм. Тийм болохоор бид төр засгийн буюу бодлого шийдвэр гаргах түвшиндээ ч, хэрэгжүүлэх түвшиндээ ч шинжлэх ухаанд хандах “Хандлагаа өөрчилье” гээд хэд хэдэн зүйлийг онцлов.

Нэг: Бодлого, шийдвэр гаргах, хөгжлийн бодлого боловсруулахдаа шинжлэх ухааны үндэслэл, судалгаа, тооцоололгүй хандах, гадны хөгжлийн бодлогыг шууд хуулбарлах байдал түгээмэл байна. Үүний зэрэгцээ бодлогын шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, тооцооллыг зөв тусгаж боловсруулахад чиглүүлж ажилладаг төрийн мэргэшсэн институцийн тогтолцоо сул байна. Ийм учраас судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, төрийн бодлогын харилцан хамаарал, уялдааг хангах чиглэлд дорвитой алхмууд хийх цаг болжээ.

Хоёр: Сүүлийн жилүүдэд Монголын эрдэмтдийн бүтээл дэлхийн түвшинд үнэлэгдэж, хэвлүүлсэн бүтээлийн тоо жилээс жилд тогтмол өссөөр байна. Сүүлийн 10 жилийн дотор Монголын эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5.1 дахин өссөн. Жилийн дундаж өсөлт нь 9 хувь байна. Скопуст /Scopus/ бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Монгол Улс Азийн эхний 20 улсын эгнээнд орж, манай эрдэмтдийн бүтээлээс 64.0 мянга гаруй удаа ишлэл хийгдээд байна. Шинжлэх ухаан технологийн салбарт маань чадварлаг эрдэмтэн судлаачид олон байгаа ч салбарыг бүхэлд нь авч үзвэл судалгааны бүтээмж, хүртээмж чамлалттай хэвээр байна. Цаашид эрдэм шинжилгээний ажилчдыг чадавхижуулах, ахисан түвшний суралцагсдыг судалгаа боловсруулалтын ажилд татан оролцуулах, сургалтыг нь оновчтой, үр дүнтэй хэлбэрээр шинэчлэн зохион байгуулах шаардлага байна. Энэ чиглэлд их сургуулиуд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Гурав: Улс орны хөгжлийг тодорхойлох нэгэн үзүүлэлт болох нэг хүнд ногдох шинжлэх ухаан, боловсролын хөрөнгө оруулалтын үзүүлэлт АНУ-д 100 ам.доллар, Японд 900 ам.доллар, Финландад 800 ам.доллар бол Монголд 1 ам.доллар байна. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын практикаас харахад, шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн 20 хувийг цалинд, 80 хувийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулдаг бол, манай улсын хувьд 67,3%-ийг цалин, тогтмол зардалд, үлдсэн 32,3%-ийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Энэ байдлыг өөрчилье!

Дөрөв: Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойшхи 30 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Биологийн идэвхтэй бэлдмэлийн туршилт үйлдвэрлэлийн цех болон Шинжлэх ухааны судалгааны нэгдсэн лаборатори гэсэн 3 барилгыг бариулж ашиглалтад оруулсан. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарч, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг гадаадын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэх ажлыг эрэлхийлэн ажиллаж байна.

Тав: Төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбар хоорондын түншлэлийг шинэ шатанд гаргах, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал нэн чухал болоод байна. Шинжлэх ухаан, технологийн түншлэлийг хөгжүүлэхэд нэгдүгээрт, төр, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, түншлэлийг эргэн харах, хоёрдугаарт, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хоорондын түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг нягтруулах, гуравдугаарт, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түншлэлийг шинэ шатанд гарган хөгжүүлэх шаардлагатай болжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг илтгэлийнхээ төгсгөлд “Цаашид бид юуг хэрхэн хийх вэ?” гэсэн асуулт тавиад, хандлагаа өөрчилж, хамтаараа хийх дараах зүйлсийг уриаллаа. 

• Төр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилье,

• Шинжлэх ухааны салбарт нөөцийг төвлөрүүлье,

• Судалгааны их сургуулийг байгуулъя, 

• Шинжлэх ухааны салбарт дэлхийн түвшний манлайлагчдыг бэлтгэе, 

• Аж үйлдвэрийн IV хувьсгалд өөрсдийгөө бэлдье,

• Хамтран ажиллах соёл төлөвшүүлье, 

• Шинжлэх ухаанчаар сэтгэдэг хандлага бий болгоё.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)