Ижийгээ санахын зөнгөөр “Санаж явах ижий” эгшиглэсэн 25 жил

Ээжийгээ санасан хүн бүхэн элэгээ дэвтээж 25 жил дуулсан “Санаж явах ижий” дууг амилуулж олны зүрх сэтгэлд хүртэл дуулж яваа Монгол улсын гавьяат жүжигчин Ж.Одмаагийн уран бүтээлийн цэнгүүн 10 дугаар сарын 13-ны өдрийн 19.00 цагт “UB PALACE”-т болох гэж байна.

"Ачит ээж таныгаа санаж зүүдэлж явна даа

Алс холын нутгаас очиж амжихгүй л байна даа

Санаснаар биш дээ хорвоо болохгүй л юм ээж ээ

Сайн явна гэдэгт минь эргэлзэлгүй итгээрэй... ” энэ гайхам сайхан үгтэй дуу эгшиглэхэд нүдээ аниад хэвтэж байсан ч нулимс өөрийн эрхгүй урсдаг. Учир нь Монгол Улсын гавьяат жүжигчин Ж. Одмаа энэ дууг сэтгэлээсээ, зүрхнээсээ дуулсан болоод л өдий хүртэл бидний зүрх сэтгэлд эгшиглэж, аялагдсаар л яваа. Цэргийн чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлж өнөөг хүртэл тайзыг чимэж, амилуулсаар яваа энэ эрхэм дуучин минь Булган аймгийн уугуул.  Найманхан настайдаа Улаанбаатар хотод шилжиж ирсэн гэдэг. Тэр үед л дуучин болохыг мөрөөддөг хүүхэд байжээ. Орныхоо урд талын хөшгийг татчихаад эгч, дүү хоёртойгоо тоглолтод оролцож байна гэж тоглодог байсан гэгээн дурсамжийг нь олон сонсож байлаа. Гэхдээ хувь тавилангийн замаар  оёдолчны мэргэжил эзэмшсэн гэдэг.  Хүүхдийн хүсэл мөрөөдөл үргэлж л сэтгэлд нь гэрэлтэж сайн сайхан бүхэн рүү хөтөлдөг. Тиймээс ч нэг өдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад шалгалт өгч тэнцээд дуучин хэмээх эрхэм алдарын эзэн болсон гэдэг. “Дайны жилийн сувилагч бүсгүй”, “Би цэргийн хүн”, “Яаж даана даа ачийг тань”, “Ээж Тандаа очно доо”, “Цамбагарав уул” зэрэг зохиолын олон сайхан бүтээлийг олны хүртээл болгосон. Энэ дундаас “ Санаж явах Эжий”ийн Ж. Одмаа гэж дуудуулах эрхтэй болсон нь бахдам. Түүний уран бүтээлд ээжийн тухай сайхан дуунууд олон бий. Харин зохиолын дуу дуулахаас өмнө “Сандуйтай мод”, “Хандармаа” гээд ардын дуугаар хүмүүс мэддэг байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, С.Цоодол багш нар анх Ж.Одмаа гавьяатыг  ардын дууны амтанд оруулсан гэдэг. Энэ хоёр буурлаасаа их зүйл сурсан. Тиймээс ч хойч үедээ их зүйл үлдээхийг хичээдэг гэж ярих дуртай. Дуучин болоход Ардын жүжигчин Д.Мияасүрэн, эстрадын ахмад дуучин С.Баянмөнх, мөн урлагийн тайзан дээр биеэ хэрхэн авч явах ёстойг хуучнаар Ардын армийн дуу бүжгийн чуулгын алдарт “Жаран хар”-ын уран бүтээлчид нь зааж сургасан гэдэг. 1975 онд дуулаачийн мэргэжил эзэмшүүлдэг газар ховор, Багшийн сургуульд л багшийн анги гэж байлаа. 1980-аад оны эхээр дуулаачийн анги нээгдсэн ч гэрийн эзэгтэй болж сурч амжаагүй ажээ. Гэхдээ Ардын жүжигчин Н.Норовбанзадын дуулаачийн дамжааг дүүргэсэн гэдэг. Нэгэнтээ Ж.Одмаа гавьяаттай ярьж суухад  “ Хүмүүс “хө, хө, хө” гээд дуулахаар ардын дуу болно гэж боддог. Энэ буруу. Ардын дууг сэтгэлээсээ дуулах ёстой. Төв халх, баруун, зүүн, үзэмчний ардын дуу бүр өөр өөрийн онцлогтой. Ая, айзам, эгшиг, үгийн өргөлтийг судлахгүйгээр дуулах нь дууны утгыг алдагдуулдаг. Ер нь ардын дууны үг нь зэмлэж, ая нь аргаддаг шүү дээ. Хүмүүс “Ум зандан ширээ”-г хоёрхон бадаг дуулаад байдаг. Энэ дуу чинь 30 бадагтай юм шүү дээ. Нэг бадгийг нь л хэлье. 

“...Булганхан хүрмээ зүүж гэнэ ээ хө

Бурхныхаа зүмцийг эрдэнээр хийнэ ээ хө

Буруу зөвийг найрлан ажнаа хө

Будант хорвоод ухаарч сууна аа хө...” гэсэн сайхан бадаг бий.” Гэж ярьж байлаа. Цагийн мөнгөн салхи өөрчлөгдөж тэр л хэм аясаар бидний амьдрал сонсох аялгуу, дуулах дуу хувьсссаар л байгаа энэ үед бодууштай л зүйлийн нэг санагдаж байсныг нуух юун. Монголын дууны их урлагийн амьд гэрч, домог түүхийн амьд судар болсон энэ эрхэм минь өөрийнхөө намтар, дуунуудыг багтаасан 108 дуутай ном хэвлүүлж байсныг тодхон санаж байна.  Тэрхүү номондоо С.Цоодол багшийнхаа  заасан дуунуудыг ч багтаасан харагддаг. Тухайлбал  “Сүнжидмаа”, “Хандармаа", "Янтайхан Гөөгөө” гээд хүмүүсийн дуулдаг дуунууд бий.  Ж.Омаа эгч минь төрж өссөн нутагаа үе үехэн санадаг юм шиг санагддаг.  Арга ч үгүй биз Булганы Сайхан сум.  Дуу хуур нь тэгширсэн, адуу мал нь хурдтай, айраг цагаа нь сэнгэнэсэн гайхам нутагт төрж өссөн охин. Ж.Одмаа гавьяатын аав уртын дуу сайхан дуулдаг, лимбэ тоглодог, жолооч хүн байжээ. Ээж нь аймагтаа урнаараа гайхагддаг, царайлаг хүүхэн байсан гэж нутгийн хөгшид одоо ч дурсдаг юм билээ. Тийм сайхан хүмүүсийн үр хойч нь болсон сайхан хувь зохиолтой сайхан уран бүтээлч. Ээжийнхээ тухай дурсахдаа “Миний санаж явах ижий”-г ээж минь сонсож амжаагүй ч дуулах бүрт минь тэнгэрийн орноос сонсож, баярлаж байгаа гэж боддог. Ер нь хүний амьдралын хамгийн жаргалтай үе мөч бол ээж, аавтайгаа хамт байсан хүүхэд нас. Түүнээс биш эд хөрөнгө, эрх мэдэлд аз жаргал оршдоггүй юм. Ээжийнхээ чанасан цайнд боорцог хөвүүлж идээд, гэрийн хаяагаар салхи зөөлөн үлээгээд л ... Хэд хоног зүсэрсэн борооны дараа тугал, хургаа хариулж ирчихээд үхрийн халуун баасанд хөлөө дүрэн дулаацах тэр ахуй, тэр нас л жаргал юм даа. Хөнгөн санаашрах энэ л хорвоод өөр өөрийнхөө өнгө аялгуугаар амьдрах сайхан. Тиймээс ч Ж.Одмаа гавьяат маань “Санаж явах ижий”  нэртэй уран бүтээлийнхээ цэнгүүнийг хэдхэн хоногийн дараа хийх гээд зогсож байна. Энэхүү тоглолтод  . ЦДБЭЧ-ынхан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ, МУГЖ Л.Чаминчулуун, М.Бямбажав, Ж.Уранчимэг, Б.Батбаатар, МУСТА, дуучин Э.Чулуунчимэг, Х.Ган-Эрдэнэ, дуучин Б.Гүрбадам, Б.Анхтуяа, Д.Бердибек зэрэг уран бүтээлчид оролцоно. Зургаа дахь бие даасан тоглолтдоо ардын болон цэрэг, эх орны сэдэвт дуу, 60, 70-аад оны болоод сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдээ толилуулахаар болжээ. Сайхан дууг сонсоход сэтгэлийн сүүдэр арилдаг. Сайхан хүмүүнтэй уулзахад сэтгэлийн наран манддаг. Тиймээ тэр л сайхан хүмүүний нэг нь Монгол Улсын гавьяат жүжигчин Ж. Одмаа билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)