Шатарчин хүний ухаанд орчлон дэлхий багтдаг

“Амьдралын тойрог” булангийн зочин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн өдөр тутамдаа хийж буй одоогийн ажил, алба нь бяцхан хүүхэд багачуудад шатар заах. Түүний гарын шавь нараас дэлхийн шатрын их мастер, олон улсын болон шатрын холбооны мастерууд олон төрөн гарсан юм. Тэднийхээ багш олон талын туслагч нь ажээ.

 

Оршлын оронд

Шатарчин хүний ой ухаанд орчлон дэлхий бүхлээрээ багтдаг гэж хэлэх гэсэн юм. Энэ нандин үг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч шатрын Олон улсын мастер Пүрэвийн Жигжидсүрэнтэй уулзаж ярилцсаны дараахан өчүүхэн бичээч надад бодогдсон.

Учир нь Завхан нутгийн алдартны өлгий Алдархааны Харчулуут гэх өгөөмөр нутагт тэндхийн хөх салхи хөхөмдөг униарт аргадуулж өссөн тэр эрхмийн ухаалаг яриаг сонсох нь бас аз завшаан байсан гэдгийг өчисү.

Алдархаан гэдэг алдартны хаан нутаг гэсэн нэр ч юмсан уу? Энэ тухайд П.Жигжидсүрэн мастер улам улам амтархан сонсмоор тун гоё зүйрлэлтэй ярьсан даа.

Хүний ааш араншин, хүсэл мөрөөдөл гэдэг хойшдын амьдралд гүн гүнзгий нөлөөлдөг гэж тэр хэлнэ лээ.

Энэ үгнээс нь ургуулан бодвоос хүсэл мөрөөдөлдөө хүрч зөв хүн болж чадсан  нэгэн П.Жигжидсүрэн өөрөө ажээ.

 

Тэр нутгийнхаа алив сайхныг магтахдаа яг л онгодоо дуудаж байгаа мэт.

-Манай сумаас тууштай эх оронч хөвүүн, армийн генерал Батын Дорж, зуундаа цөөний нэг болж төрсөн сод авьяастан уянгын яруу найрагч Бэгзийн Явуухулан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Жалан-Аажав, олон улсын олимпийн хорооны гишүүн Ш.Магван нарын бахархалтай хүмүүс бий. Тэд маань алдартнуудын жингийн хөтөч нь гэж үзвэл өнөөгийнхөн бид тэдний гаргасан жимээр явж, амьдарч байгаа юм шүү дээ. Завханыг угаас хутагт хувилгаадын нутаг гэдэг. Энэ нутгаас төрөгсөд Цаст Очирваань хайрхандаа мөргөж, шүтэн биширч явдаг болоод ч тэр үү хийморьтой байдаг ч байх гэж тэр хүүрнэх юм билээ.

 

Монголын шатарчид энэ спортыг сонирхогчдын хүндлэн нэрлэдгээр Жигээ багш шатар хэмээх аугаа ертөнцтэй амьдралаа холбосон нь надад хувь заяаны тохиол юм даа гэж  ярихдаа

 

-Би амьдралынхаа замыг гурав хувааж үзэхдээ эхлэл, дунд үеэ туулж одоо бүхнийг үнэлж цэгнэх, үнэлэх жаргалын цаг дор хэзээ ч эргэлт буцалтгүй хувь заяаныхаа хүрдийг эргүүлсээр явна гэв.

Түүний нартын дор нэгэн жарныг элээх шатарчны замаа сонгосон нь бас санамсаргүй ч юм биш.

Аав Т.Пүрэв нь жирийн малчин нэгэн байсан ч алсын хараатай, таван сайхан хүүхдээ хүн болгохын зэрэгцээ тархи зүрхэнд нь ухаан суулгаж өгсөн ачтан. Шатар тун гайгүй тоглочихно. Тиймээс клуб шиг айл байж. Тэр нь П.Жигжидсүрэнгийн далд орших ухааныг нь нээж өгсөн гэж болно.

Нүүрэнд нь хэзээ ч сүүдэр харагддаггүй хүн гэж байдаг. Тийм хүний нэг нь П.Жигжидсүрэн багш юм.

Өөрийнх нь хэлснээр хувьдаа машингүй, сайхан орд харшгүй, хурааж хуримтлуулсан мөнгө төгрөггүй гэхдээ л би сэтгэлээрээ баян хүн дээ гэх нь зөн билгийн юм шиг санагдсан.

Түүний хэлэх үг бүр нь тархи зүрх хоёртоо чанд нэрэгдсэн мэт сонсголонтой ажээ.

 

 

Долдугаар ангид байхдаа, улсын аваргын тэмцээнд оролцож байв

 

П.Жигжидсүрэн 1945 оны дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн жил төрж. Ард олны амьдрал тиймхэн цаг. Тэднийх бас л тачуу гучуухныг амсаж байсан нь гарцаагүй л.

Энэ үед П.Жигжидсүрэн өөрөө арван настай, дүү нь наймтайдаа сургуульд хамт орж. Ачлалт аав Т.Пүрэв сүүтэй бурхан гэгдэх ээж Д.Мядаг нар нь мал малын захтай айл байсан ч хүүхдээ эрдэм номтой хүн болгохыг эрхэмлэж тэдэндээ гэрэл гэгээтэй сургаалиа хайрлаж байж.

П.Жигжидсүрэнгийн шатартай хувь заяагаар холбогдсон нь ч тэр л ач ивээлийнх утга учиртай холбоотой болж таарсан гэх.

Тэр дунд сургуульд орохынхоо өмнөөс гайгүй шатарчин гэдгээ харуулж эхэлсэн юм билээ.

Долдугаар ангид байхдаа сургуулийнхаа бүр аймгийн аварга шатарчин болж, улмаар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв. 1966 онд Худалдааны техникумыг төгсөөд төв бараа баазад очоод гавал нягтлан гэгдэж, үүрэгт ажлаа 15 хоногт нь амжуулчихаад үлдсэн хоногт нь шатраа тоглодог байсан юм билээ.

Энэ онцлогийг нь тухайн үед Монголын шатрын спортын хөтөч болж явсан Н.Намжил гуай мэдсэн учраас П.Жигжидсүрэнтэй уулзаад:

-Чи ер нь шатрын авьяастай хүүхэд байна. Чамайг улсын шигшээ багт авъя гэжээ.

 

Уухайн тас зөвшөөрөлгүй яахав. Шигшээ багийн тамирчин болж дотоод гадаадын олон тэмцээнд явах болов. 1970 онд ХБНГУ-ын Зиген хотноо болсон шатрын олимпод Үйтүмэн, Мягмарсүрэн, Лхагва зэрэг зургаан хүний бүрэлдэхүүнтэй оролцож, багаараа 16-д ороод ирж. 60-аад орон тамирчдаа оролцуулсан тэмцээн тэр байв.

Тэднийг ирэхэд Намын төв хорооны улс төрийн товчоо хүлээн авав. Тэгэхэд Ж.Самбуу гуай цаашид шатрыг хөгжүүлэхэд юу шаардлагатай байгааг лавлаж, шатарчдаас шигшээ багт мэргэжлийн дасгалжуулагчтай болмоор байна гэсэн үгийг сонсоод Соёлын яамнаас ирсэн хүнд шатрын дасгалжуулагчийн сургуульд хүн явуул гэсэн үүрэг өгч. Тэр үүрэг дараа зун нь биелэгдэн П.Жигжидсүрэнд Москваг зорих боломж олджээ.

 

Тэгээд эрдэмтэн багш нар алдартай шатарчдаар хичээл заалгаж, Монголдоо анхны шатрын мэргэжлийн дасгалжуулагч болсон П.Жигжидсүрэн ирэнгүүтээ л улсын шигшээгийн дасгалжуулагч болоодхов. Өмнө нь тив дэлхийн чанартай тэмцээнүүдэд орж олон улсын мастер болсон, улсын аваргаар зөндөө л тодорч байсан зэрэг нь өөрт нь бөөн туршлага юм санагдсан гэх юм билээ.

 

Шатартай анх хувь заяаг нь холбож өгсөн Н.Намжил гуайтайгаа хамтраад тамирчдаа бэлтгэхэд ханцуй шамлан оржээ.

Тэгэхдээ орос багш нарынхаа зааж сургасан хэн нэгэнд мэддэг чаддагийг нь бататгахын зэрэгцээ шатарчин бүрийнхээ хувийн онцлогт тохируулан  харилцаж, ар гэрийнх нь байдлыг судалсны үндсэн дээр сэтгэл зүйгээр нь бэлдэхэд голлон анхаарч ажилласан гэх. Тэр ч байтугай тамирчдынхаа хоол ундыг нь хүртэл бэлтгэж өгдөг байна.

 

Монгол шатарчдын нэр сүр тив дэлхийд гараад ирэв. Их мастераас эхлээд олон улсын мастер, цолтнууд олноор төрсөн байдаг. П.Жигээ багшийн гарын шавь нараас гэхэд Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, А.Энхтуул, Б.Мөнгөнтуул нарын дөрвөн залуу шатрын спортын дээд цол их мастер болсон гээд л бод доо. Өөрөө дэлхийн шатрын 10-аад олимпод, бас ДАШТ мөн олон удаагийн тэмцээнд өрсөлдсөн юм билээ. Энэ тоо баримт түүний хэр чадалтай шатарчин бэ? гэдгийн баталгаа гэж хэлж болно. Бас сайн дасгалжуулагч, сайн багшийн ажлын үр дүн юм даа.

 

Энэ тухайгаа П.Жигээ багш ярихдаа удаан жилийн туршлага, нэр нүүрээ ашиглан Монголдоо шатрыг хөгжүүлэхийн төлөө л явна даа. “Зууны шатар” клуб ажиллуулж жил бүр олон арван хүүхдийг шатарт суралцуулж байна. Мөн Завхан аймгаас эхлээд сум багаараа сургуулиараа шатарчин болох уриалгатай ажиллаж байгаа газрууд олон.

-Ер нь шатрыг нийтийн хөдөлгөөн болгох санаа маань биелж байна шүү дээ гэжЖигээ багш сэтгэл хангалуун хэлэх юм билээ.

 

 

Тэр дотроос өөрийнх нь нутаг Завханд өрнүүлсэн ажил хамгийн их биелэлээ олсон гэх юм. Өөрийнх нь хэлснээр тэр бүхэн зөвхөн П.Жигжидсүрэнгийн хийсэн ажил биш монгол хүний ой ухааныг шүтэж явдаг тэр нь улс орноо хөгжүүлэхийн эх үндэс гэж ухаардаг тийм хүмүүсийн хамтын ажиллагааны үр шим юм. Үүнийг Завханы жишээ зүй ёсоор харуулсан гэж болно.

 

Хэдэн жилийн өмнө Я.Санжмятав гэдэг сайн зохион байгуулагч, сод ухаантай хүн Завхан аймгийн Засаг дарга байхдаа П.Жигээ мастертай хамтран ажиллах санал дэвшүүлжээ. Тэр нь юу вэ? гэвэл тус аймгийг хөгжүүлэх гурван тулгуурт бодлогын нэг нь аймаг даяараа шатарчин болох явдал гэж. Уг саналыг нь П.Жигээ тун талархалтай хүлээн авч ажиллаж эхэлсэн байдаг. Эхлээд аймгийнхаа 24 сумыг хэдэн ч удаа тойров доо.

Аймгийн хэмжээнд 33 сургуульд 15-16 мянган хүүхэд суралцдагийг мэдэв. Сумдад шатар тоглодог, сонирхдог хүн хичнээн байгааг ч судлав. Тэгээд тэднийхээ хүчийг ашиглан аймгийг хөдөлгөх нэг хүч нь шатар гэдэгт олон түмнийг итгүүлж чадаж.

Тун удаагүй 999 шатарчдын наадам зохиогдов. Нөгөө л тэр гурван тулгуурт бодлогын нэг 999 морин хуурчийн тоглолт хийсний араас бас нэг тийм дуулиан гарч ирж.

 

Энэ тухайд П.Жигээ мастер ярихдаа:

 

-Өчигдөрхөн Монголын шатрын холбооны их хурал болж УИХ-ын эрхэм гишүүн Я.Санжмятав холбооны ерөнхийлөгч боллоо. Энэ хүн аймгийн Засаг дарга байхаасаа л ихийг хийсэн юм шүү дээ. Олон сум, сургуульд хамт олноороо шатарчин болох хөдөлгөөнд уриалсан. Хамгийн наад зах нь 11 мянган шатар үйлдвэрлүүлж аймгийнхаа төв, хөдөөд үнэгүй тараасан байдаг. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг урьж, зургаан сумандаа очуулж хийж байгаа ажлаа танилцуулсан. Тэгэхэд Илюмжинов гуай:

 

-Би маш олон оронд очиж үзсэн. Завхан аймаг шиг ийм гайхамшигтай газрыг олж хараагүй. Маш сайхан ажил зохиож байгаа юм байна гэсэн гэв.

Тэгээд ч дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч маань өөрийн зардлаар шатрын мэргэжилтэн дасгалжуулагчийн сургуульд хүн явуулахад тусална гэж. Тэр дагуу одоо ОХУ-д хэдэн хүн суралцаж байгаа ажээ.

 

Тэр бүхнийг Я.Санжмятав дарга, П.Жигээ мастер нарын гар нийлж ажилласны үр дүн гэх юм.

 

Бас 50-иад багш дасгалжуулагч гадаадад явуулж суралцуулж дадлагажуулсан, зөвхөн Завханаас 100 хүүхдийг гадаадын уралдаан тэмцээнд оролцуулж байж. Энэ бүхэн шатраар дамжуулан хүүхэд залуучуудын толгойд нь юм хийж өгөх, тэгснээр Монгол улам хөгжих эхлэл энд байна гэсэн утгыг агуулж чадсан л байгаа юм.

 

Шатар бол оюун ухааны гайхамшиг нь

 

Өнөө үед хүний оюун ухаанд нөлөөлж байгаа телевиз, компьютер байна. Орчлон дэлхийд болж буй элдэв бүхнийг цагт нь шуурхай мэдүүлж байгаа ч тэдгээрт сөрөг тал байдаг гэх. Тэгвэл шатар бол хүний тархийг хөгжүүлдэг байх юм.

Ер нь бол хүн тархиныхаа маш өчүүхэн хэсгийг ашигладаг гэж ном сударт бичжээ.

Тэгвэл улам ахиуг ашиглаж чадах юм бол хүний тархи гэдэг дуусашгүй шавхагдашгүй компьютер гэж.

 

Компьютерийн программ хангамж гэж байна. Тэр чинь хүний уураг, тархины бүтээл, олон ид шидтэй гар утас ч гараад байна. Ер нь дэлхийд хурдацтай хөгжиж байгаа техникийн дэвшил бүхнийг тархи л бүтээж байгаа юм.

Тэр бүх хөгжил сайхан ч заавал сөрөг нөлөөтэй байдаг. Тэгвэл шатарт ямар ч сөрөг нөлөө ажиглагддаггүй гэх. Харин хүний ухаан тэлнэ, хүүхэд хичээл номондоо дуртай болно. Ёс суртахуунтай хүмүүжлийг сонгож авна. Юмыг олон талаас тунгааж бодохыг  эрмэлзэнэ.

Тиймээс шатар дэлхийд хүчтэй хөгжиж байгаа. Монголд ч тэр. Баримт нь монгол хүүхдүүд шатраар дэлхийд “цахиур хагалаад” эхэллээ шүү дээ. Шатрын үүсэл хөгжил монголтой холбоотой юу гэсэн асуулт хариу нэхсээр л байна. Ухаантнуудын зарим нь шатар Монголоос үүссэн байх олон баримт бий гэж байгаа. Тухайлбал оньсон тоглоомын “хаан” гэгдэж байгаа З.Түмэн-Өлзий яг тэгж хэлдэг юм.

 

П.Жигээ үг бүрээ цэгнэж тунгаангуй хэлэхдээ:

 

-Бидний ахуй чинь тэр чигээрээ шатар юм шүү дээ гээд Монголд үүссэн гэх санаа батлагдаагүй ч шатарт монгол ухааны холбогдолтой юм их бий.  Морь нь байна. Нүүдэл нь өрөөл хэлбэртэй яг зураглаад хэлбэл чөдөр шиг гэж болно. Мөн тэрэг, тэмээ бий. Бас бэрс буюу нохой. Хөдөөгийнхөн тоглож байхдаа за одоо нохойгоо нүүе дээ гэж ярилцдаг. Ноён гэж байна. Угтаа яг монгол ухагдахуун юм даа гэж байна лээ.

Баянхонгорын Эрдэнэцагаан сумын нутагт шатрын чулуун хөшөө байдаг нь цогцоороо морь, тэмээ, тэрэг гээд бүгд байдаг.

Энэ нь хэдийгээр байгалийн хувьд цэвэр урлал мэт боловч судлаад үзвэл өөрийг хэлж болохоор утга бий ажээ.

Бахархах юмтай хүний үг буюу төгсгөл

-Миний амьдралын утга учир бол шатар гэж хэлэх П.Жигжидсүрэн гуайд бахархан ярих юм олон. Хүнд эцэг хүний захиас гэж нандин зүйл бий. Тэгвэл түүнд аавынх нь:

-За миний хүү алс нь амиа борлуулаад явах хүн юм даа. Харин туулах зам дардан байна гэж үгүй болохоор ямар нэг бэрхшээл саад тохиолдсон үед эцэг эхдээ, нутаг усандаа залбирч яваарай.

 

Нэгэн зүйлийг чандлан хэлэхэд чи хөгширнө шүү дээ. Тэр цагт нутгийн малын бор шөл хавартаа ууж байхыг бодоорой гэсэн захиас бий. П.Жигээ ч тэр захиасыг биелүүлж явдаг л гэнэ лээ.

Өөр нэг бахархал нь энэ шатарч хүн амьдралдаа Германд, Францад, Югославт, Швейцарьт гээд олон орны тэмцээнд очсон, оролцсон гэдгийг дээр дурьдсан. Тэрнээс хамгийн гол нэг амжилт нь саяхан даа 2010 онд Швейцарийн Цюрих хотод болсон залуучуудын ДАШТ-нд түүний ахалж очсон баг дэлхийн аварга болсон нь мартахын аргагүй том амжилт байжээ. Б.Мөнгөнтуул, Б.Гүндаваа, Т.Батчимэг нар тэр багт багтаж байсан. Одоо тэд их мастер цолтнууд болсон нь тэрхүү сод амжилтын хаялга гэж болохоор.

Шатарч хүний ар гэрийн амьдрал амжилтынх нь нэг тал байдаг аж. Тэгвэл П.Жигжидсүрэн хамгийн гэгээлэг нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн нь. Тэр 1970-аад  оны үед тогооч ажилтай, цанын спортын мастер Д.Хишигдорж гэдэг бүсгүйтэй гэр бүл болж түүнээс хойш 50 жил шахам амьдрахдаа ёстой л тэгш сайхан яваа юм. Дөрвөн сайхан хүүхэдтэй, 10-аад ач, зээтэй, тэд нь ургаж байгаа цэцэг гэлтэй.

 

-Та гэр бүлийн хүнтэйгээ анх хэрхэн танилцсан бэ? гэхэд П.Жигээ хошигнонгуйгаар:

-Заяаны хань зам дээр гэдэг биз дээ гэж товчхон хариулна лээ. Эндээс бас шатарчин хүний талбиухан ухааны хүч харагдаад байгаа юм.

-Түүний бас нэг бахархаж хэлсэн үг нь “Гэрэлт тоёо” ХХК-ийн захирал Г.Баярмаад зориулагдсан байгаа.

Ямар их хувь заяагаар тэр хүний ивээлд багтав гэдгээ эргэцүүлж бодсоор л явдаг аж.

 

-Би амьдралдаа зөв сонголт хийж хэзээ ч хазгай гишгэлгүй явсны хувь тавилан байлгүй. Надаас сохор зоос ч гаргуулалгүй “Зууны шатар” хэмээх шатрын клуб байгуулаад өгсөн юм. Тэр эмэгтэй.

Миний хувьд энэ клубын менежментийн талын ажлыг нугалж бас ирээдүйн дэлхийн аваргуудыг төрүүлэх хүсэл мөрөөдөлдөө шатаж суух юм гэснээр П.Жигээ бидний сэтгэл ханамж дүүрэн яриа сая л өндөрлөвэй.

Ер нь зүгээр суух дургүй хүн юм. Шатрын сурах бичиг талын 10-аад ном бичсэн нь түүний бүтээл ээ.

 

 

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.9.44.237)

    2019-10-14

    жигээ багшийн нэр дурдсан тэр баярмаа гэж шатарт элэгтэй энэ цагт ховор бүсгүй байна даа

  • (103.20.152.50)

    2019-10-14

    1945 оны дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн жил төрж. " Д.Цэрэннадмид "- та түүх судлах хэрэгтэй юм байна даа

  • АХ (103.26.193.172)

    2019-10-14

    Сайхан нийтлэл байна. Жигээ багшаар бахархаж байна. Амжилт хүсье