Лам нар нэгнийхээ амийг онц хэрцгийгээр хөнөөжээ

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны Дэнжийн гудамжинд монгол гэрт бусдын гарт амиа алдсан хүний цогцос байна гэх дуудлага цагдаагийн газар иржээ.

Хэргийг тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр тус дүүргийн нутагт оршин суудаг 37 настай эрэгтэй Д-г хэрцгийгээр зодож, олон удаа хутгалан хөнөөсөн байжээ. Амь хохирогч нь нэгэн хийдийн лам байсан бөгөөд хэрэг гарсан өдөр талийгаачийн гэрт олон лам нар цугларч архидан согтуурсан аж. Талийгаачийн аминд хүрсэн гэх лам нар гэрийнх нь авдарны тагаар зодож алсан байдалтай байсан гэх.

Харин талийгаачийн гэрт нь хүн байгаагүй бөгөөд лам нар олуулаа нийлж түүнийг хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байна. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд талийгаач толгойн зулай хэсэгт хурц иртэй зүйлээр хоёр удаа 9 см зүсэгдсэн шархтай, дагз хэсэгт мөн хоёр удаа 6 см зүсэгдсэн шархтай, зүүн нүдний зовхи, духны урд хэсэг, зүүн хацар, чихний дэлдэнгийн урд хэсэгт тус тус хөхөрч, зулгарсан, тархины суурь яс дух хэсгээрээ бяцарч  цөмөрсөн гэмтэлтэй нас барсан байсан.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар 29 ширхэг улаан шонхор тамхины иш, авдарны хугархай хоёр ширхэг, гарын мөр 21 ширхэг зэргийг баримтжуулан авсан байна.

Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгаж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)