Нүүрсээ үнэд хүргэх “Шивээ энержи”

Өмнөд хөрш рүү эрчим хүч экспортлох “Шивээ энержи” цогцолбор төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын “State grid corporation of China”-гаас манайд ирүүлээд буй. Манайхан урьдчилсан ТЭЗҮ-ийг нягтлаад, санал, дүгнэлт гаргах учиртай. ТЭЗҮ-д үнэлгээ өгөх зорилготой Эрчим хүчний яам, “Эрдэнэс Монгол” компани зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулсан Засгийн газрын ажлын хэсэг байгуулаад удаагүй байна. Тиймээс ч ажлын хэсгийнхэн “Шивээ энержи” цогцолбор төслийн талаарх дүгнэлтээ хараахан гаргаагүй байгаа. Тэд төслийн ТЭЗҮ-тэй холбоотой санал, дүгнэлтээ ямар нэгэн байдлаар гаргах нь мэдээж.

Урьдчилсан ТЭЗҮ-ийн талаар уншигчдад мэдээлэл хүргэе. “Шивээ энержи” нь Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, БНХАУ-ын хойд бүс нутгийн хэрэглэгчдэд эрчим хүч борлуулах төсөл юм. Төсөл нь цахилгаан станц, нүүрсний уурхай, усан хангамж, дамжуулах шугам гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Шивээ-Овоод 5280 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөж буй. Станц нь найман зуухнаас бүрдэх агаад нэг нь 660 МВт-ын хүчин чадалтай байхаар тооцжээ. Цахилгаан станцыг хамгийн сүүлийн үеийн үр ашиг өндөртэй технологиор барих аж. Станцын ашигт үйлийн коэффициент 60-аас дээш хувьтай байж төсөл эдийн засгийн үр ашигтай ажиллах юм байна. Мөн үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь дотоодын хэрэгцээндээ ашиглах 70 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих гэнэ лээ.

Нүүрсний цахилгаан станц хүлэмжийн хий ялгаруулдаг. Өндөр хүчин чадалтай, том цахилгаан станц их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулах нь дамжиггүй. Тиймээс цахилгаан станцын утааг шүүх электрон соронзон шүүлтүүр хүртэл суурилуулахаар төлөвлөж байгаа аж. Үйлдвэрлэсэн цахилгаанаа экспортлохын тулд дамжуулах шугам барих шаардлагатай. Монголын нутаг дээгүүр 360 км зайтай 660 кВ-ын агаарын шугам татна. Мөн цахилгаан станцын яндангийн хөргүүрт их хэмжээний ус ашигладаг. Тиймээс усан хангамжаа шийдэх нь чухал. Сүүлийн үед цахилгаан станцуудыг буцамтгай эргэлдэх хэмээх технологийн дагуу барьж, усны хэрэглээг нь олон дахин хэмнэх болсон. Цахилгаан станцыг хэвийн ажиллуулахад 13.47 сая шоо метр ус хэрэгтэй аж.

Өндөр хүчин чадалтай цахилгаан станц ажиллуулахын тулд Шивээ-Овоогийн уурхайд хөрөнгө оруулах шаардлагатай. Нүүрсний уурхайгаа хөгжүүлэх нь төслийн нэг чухал хэсэг билээ. Цахилгаан станц жилд 21 сая тонн нүүрс хэрэглэнэ. Тэгэхээр жилд ийм хэмжээний нүүрс олборлох хүчин чадалтай уурхай бий болгох учиртай. Урьдчилсан ТЭЗҮ-д Шивээ-Овоогийн уурхайгаас цахилгаан станц нэг тонн нүүрсийг 20 ам.доллароор худалдаж авна гэж тусгажээ. Энэ нь өнөөгийн ханшаар 53 400 төгрөг юм. Уурхай нь жилд 420 сая ам.долларын орлоготой ажиллана гэсэн үг. Тээврийн зардалгүйгээр тонн нүүрсээ 50 гаруй мянган төгрөгөөр нийлүүлэх нь өнөөгийн нөхцөлд өндөр үнэд тооцогдох нь гарцаагүй. Одоогоор Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхай цахилгаан станцуудад нүүрсээ 30 гаруй мянган төгрөгөөр нийлүүлж байгаа. Нүүрсээ өндөр үнээр нийлүүлж буй нь манай талын төслөөс хүртэх эдийн засгийн өгөөжийн гол хэсэг. Цахилгаан станцыг барихад 3.83, дамжуулах шугам татахад 1.59, нүүрсний уурхайд 1.4 тэрбум, усан хангамжийн төсөлд 237.4 сая ам.долларын санхүүжилт хийхээр тооцжээ. Тэгэхээр төслийн нийт хөрөнгө оруулалт 7.1 тэрбум ам.долларт хүрэх нь. “Оюутолгой” төслийн эхний шатны хөрөнгө оруулалт 7.2 тэрбум ам.доллартой дүйсэн.

Тэгэхээр “Оюутолгой”-гоос дутахааргүй бүтээн байгуулалт өрнөх төсөл хэрэгжүүлэх нь гэж ойлгох хэрэгтэй. “Шивээ энержи” төслийн санхүүжилтийн 6.3 тэрбум ам.долларыг Монголын нутаг дэвсгэрт зарцуулах юм байна. Төслийг хэрэгжүүлснээр 3200 ажлын байр бий болох аж. Говьсүмбэр аймаг Багануураас хоёр дахин том хот болно гэж “Шивээ энержи” төслийн нэгжийнхэн ярьж байна. Багануурын нүүрсний уурхай 1200 орчим ажилчинтай. Нүүрсний уурхай болон цахилгаан станцад 3200 хүн ажиллахаар Багануураас том хот босох нь дамжиггүй. Уурхай болон цахилгаан станцын ажилчдын олонх нь монголчууд байх, эрчим хүчний үйлдвэрлэлд шаардлагатай туслан гүйцэтгэх, ханган нийлүүлэх ажлыг үндэсний компаниуд хариуцах бодлого баримталбал төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөж улам нэмэгдэнэ.

Шивээ-Овоогийн нүүрсний орд Шинэ усны, Өехий цагаан, Ногоон тойром гэсэн гурван хэсгээс бүрддэг. Уг орд нийт 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Ордын Шинэ усны хэсэг 564 сая тонн нөөцтэй гэсэн нарийвчилсан судалгаа бий. Шинэ усны хэсгийн нөөцөөр л цахилгаан станцыг 30 жил ажиллуулна гэж мэргэжилтнүүд тооцож байна. Шивээ-Овоогийн нүүрс дунджаар 3000 килокалори илчлэгтэй. Өөрөөр хэлбэл, илчлэг бага, чанар муутай нүүрс. Тиймээс зарим мэргэжилтэн чанар муутай нүүрсээ өндөр үнээр борлуулах төслийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дэмждэг.

Эл ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, БНХАУ руу эрчим хүч экспортлох төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээ 10 жилийн өмнө ихээхэн идэвхэжсэн. Тухайн үед Шивээ-Овоод 4500 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөж байлаа. Гэвч Хятадын талын өндөр албан тушаалтныг орчуулагч нь Төрийн ордонд тамхи татлаа гээд өшиглөж, согтуу нөхөр зочид буудлын цахилгаан шатанд цохиж унагаснаар хэлэлцээ зогссон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар 2015 оны арваннэгдүгээр сард тус улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр Шивээ-Овоогийн ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор барих ТЭЗҮ-ийг хамтран гүйцэтгэх гэрээнд манай талаас Эрчим хүчний яам, БНХАУ-ын талаас “State grid corporation of China” гарын үсэг зурснаар хэсэг завсарлаад байсан яриа хэлэлцээ дахин эрчимжсэн юм.

Цахилгаан дамжуулах сүлжээний үндсэн бизнес эрхэлдэг “State grid corporation of China” нь Хятадын төрийн өмчит компани. Тус улсын нутаг дэвсгэрийн 88 хувийг хамарч, 1.1 тэрбум хүнийг эрчим хүчээр хангадаг, 563.3 тэрбум юанийн хөрөнгөтэй, 1.72 сая ажилчинтай компани аж. Тэднийх Португал, Бразил, Австрали, Итали, Филиппин зэрэг долоон улсын эрчим хүчний гол сүлжээний хувьцаанд 19.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Гадаад улс оронд удирдаж буй нийт хөрөнгийнх нь хэмжээ 60 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Дээрх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн дүгнэлтээс ирээдүйн төлөв харагдах нь дамжиггүй. Манай тал үр ашигтай төсөл гэж үзвэл нарийвчилсан ТЭЗҮ хийнэ. Дараа нь хоёр тал хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээ хийх юм. Гэрээний төслөө Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ. Их хэмжээний хөрөнгө оруулалттай мега төсөл учраас хардлага сэрдлэг, хавчлага ч дагаж магадгүй. Тиймээс төслийн бүтээн байгуулалт эхлэх хугацаа хол байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (192.82.70.47)

    2019-10-18

    уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум

  • Хэнчбиш (203.91.115.55)

    2019-10-16

    Уг нь муу нэрт С.Баярын Англичуудтай яриа хэлэлцээ хийж байсан төсөл анхаараах зүйл байсан байх даа30,30,40-ч лөөлөө боллоо доо харамсалтай байна