Д.Үүрцайх: Үндсэн хууль өөрийгөө халах зохицуулалтгүй гэдгийг Ерөнхийлөгч мэдмээр л юм

ХҮН-ын гишүүн, хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.

 

-Танай намаас Ерөнхийлөгчийг огц­руу­лах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа.  Үндэслэл, шалт­гааныг  хэр бодитой гэж харсан бэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэхтэй зэрэгцүүлж, засаглалын хэлбэр буюу Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээс асуух ёстой гэсэн саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн.  Энэ үйлдэл нь Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалт, хууль  дээдлэх зарчмыг зөрчсөн,  төрийн тэргүүн Үндсэн хуулийг дээдлэн сахина гэсэн тангаргаасаа няцсан хэрэг болсон гэж үзсэн. Энэ нь Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл болно гэдэг утгаар манай намын гишүүд Монгол Улсын иргэнийхээ хувиар Үндсэн хуулийн цэцэд  мэдээлэл гаргасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Энэ хуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ард нийтээс дангаар нь асуухаар хуульчилсан байдаг. Зэрэгцүүлэн өөр санал асуулга явуулахыг хуулийн хүрээнд хориглосон. Гэтэл Ерөнхийлөгч өөр асуудлаар санал асуулга явуулахаар УИХ-д хандсан нь мөн холбогдох хуулиудыг үгүйсгэж байгаа хэрэг. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд өөрийгөө халах зохицуулалт байдаггүй. Одоогийн Үндсэн хуулийг бүхэлд нь үгүйсгээд шинээр батлах ийм зохицуулалтгүй. Зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар Үндсэн хуулийн реформыг хийх боломжтой. Харин Ерөнхийлөгчийн гаргасан засаглалын хэлбэрийг асуух санаа нь Үндсэн  хуулийг бүхэлд нь хянан үзэх шинэчлэн батлах агуулгатай байсан.

 

-Өөрийгөө халах зохицуулалт гэдгийг тодруулахгүй юу?

-Үндсэн хууль нь өөрөө Монгол Улс юм. Хэн ч Үндсэн хуульт байгуулалыг үгүйсгэж болохгүй. Үндсэн хууль өөрийгөө халах зохицуулалтгүй батлагдсан нь Үндсэн хуульт байгууллагын өөрийнх нь дархлаа, баталгаа юм.  Гэтэл Үндсэн хуулийг дээдлэн сахина гэж тангараг өргөсөн Ерөнхийлөгч маань  Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх агуулгатай санал гаргаж байгаа нь тангаргаасаа няцсан үйлдэл болоод байна. Энэ нь үндэслэлтэй юу, үгүй юу гэдгийг хуулийн хүрээнд тогтоож өгөөч гээд байгаа юм. Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх, тангаргаасаа няцсан болох нь тогтоогдож, Үндсэн хуулийн цэцээс бидний мэдээллийг хангаж шийдвэрлэвэл УИХ Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх нөхцөл байдал үүснэ гэсэн үг л дээ.

 

-Үндсэн хуулийн цэцэд өнгөрсөн сарын 18-нд энэ асуудлаар хандсан байсан.  Та бүхний  гомдол мэдээллийг шийдвэрлэх ажил ямар шатанд яваа бол. Хариу ирүүлсэн зүйл байна уу?

-Бид асуудлыг хүлээж, анхааралтай ажиглаж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга манай гомдлыг нэг гишүүндээ хуваарилсан гэдгээ хэлсэн. Харин хэн гэдэг гишүүнд харьяалагдсаныг хэлээгүй. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар ирүүлсэн, УИХ-ын Тамгын газраас шаардлагатай мэдээлэл авахын тулд 30 хоногоор хугацааг сунгасан гэдгийг Цэцээс бидэнд хэлсэн. Бид Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль зөрчсөн, тангаргаасаа няцсан эсэхийг тогтоолгохын тулд хууль ёсны дагуу ажиллах болно. Хэрэв Үндсэн хуулийн цэцээс бидний өгсөн мэдээллийн хүрээнд хэрэг үүсгэхээс татгалзажшийдвэрлэвэл хуулийн хүрээнд бид дахин дараагийн шатанд хандах болно.

 

-Төрийн тэргүүнээ цэцэд өгч бай­сан тохиолдол улс төрийн хүрээнд гарч байгаагүй.  Та бүхний асуудал хэр­хэн ший­дэгдэх нь сонирхолтой байна?

-Төрийн тэргүүнийг ийм зарчмаар, хуулийн хүрээнд огцруулах асуудлыг импичмeнт гээд байгаа юм. Ингэж хандсан тохиолдол байхгүй. Одоогийн Ерөнхийлөгч маань дэлхий дээр байгаа олон популист улстөрчдийн адил улсаа хагалган буталгаж, зөрчил тэмцэлд хүргэх мэдээлэл, мэдэгдлүүдийг удаа дараа хийж байна.  Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч маань ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын гаргаж байгаа дураараа авирлалт, хэт популист байдлыг хуулийн хүрээнд шийдүүлэх нэг оролдлого болж байна. Монголын сэхээтнүүд өнөөдөр ардчилалд ноцтой аюул учруулж болохуйц  ийм үг үйлдэл хийж байгаа улстөрчдийн үйлдэл, үйл ажиллагааг Үндсэн хуулийнхаа хүрээнд оруулахаар дуугарах ёстой гэсэн байр суурьтай байна. Бид өнөөдөр болохгүй бүтэхгүй байгааг мэдсээр байж дуугүй явах нь энэ популист улстөрчдийн үйлдэл газар авахад хүргэж байна. Цаашлаад Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдал, тусгаар тогтнолын байдал хэврэгшиж байна. Тиймээс энэ асуудалд хэн бүхэн анхаарал тавьж, дуугарах цаг иржээ.

 

-Үндсэн хуулийн цэцийг улстөржсөн байгууллага болсон гэж ярьдаг.  Ерөнхийлөгчийн зүгээс нэрийг нь дэвшүүлсэн гурван ч хүн томилогдож  очсон. Тэгэхээр энэ асуудалд  Цэц үнэн  зөвөөр хандана гэсэн итгэл үнэмшил байна уу?

-Үндсэн хуулийн цэц бол улс төрийн нөлөөлөл ихтэй байгууллага болсон гэдгийг олон нийтээр хүлээн зөвшөөрч байна. Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон гурван гишүүн байгаа. Мөн  Ерөнхийлөгчийн үзэл бодлыг дэмжих ажилладаг байж болзошгүй гишүүд бий. Гэхдээ бүгд хэн нэгний  нөлөөлөлд багтаагүй гэдэгт итгэж байна. Цэцэдд улс үндэстнээ боддог, Үндсэн хуулиа үнэнчээр манадаг, мэргэжлийн хуульч, төрийн зүтгэлтэн хүн  байгаа гэж итгэж найдаж байна. Тиймээс бид тэр л хүмүүсийн оролцоотойгоор Үндсэн хуулиа уландаа гишгэж, дураар авирладаг улстөрчдийг хазаарлаж, хязгаарлах боломж байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ яг хуулийн хүрээнд бидний мэдээллийг хангаж ажиллана гэсэн өндөр итгэл байхгүй байна. Яагаад гэхээр Үндсэн хуулийн цэц өмнө нь эргэлзээтэй, алдаатай олон шийдвэрийг гаргаж байсан. Тухайлбал, Сонгуулийн хуулийн шууд байх зарчмыг 2016 оны дөрөвдүгээр сард буруугаар тайлбарласнаас болоод дийлэнх олонх буюу мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулахаас аргагүйд хүрсэн. Уг нь бид Үндсэн хуулиараа парламентын ардчиллыг сонгосон. Энэ зарчмаа биелүүлэхэд бүх улстөрчид санаа тавьж ажиллах ёстой. Парламентын ардчилал бэхжихийн тулд хувь тэнцүүлсэн буюу пропорцианаль элемент орж ирж байж  улстөрийн намууд төлөвшиж, парламентат ёс жинхэнэ утгаараа ажиллаж эхэлдэг. Гэтэл энэ боломжийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны шийдвэрээр үгүй хийсэн. Сонгууль болохоос сар гаруйхан хугацааны өмнө сонгуулийн хуулийг өөрчилж, жижиг 76 тойрогтой, дийлэнх олонхийн тогтолцоог хуульчилсан. Үүний хориой үр дагаврыг өнөөдөр бид амсаад явж байна. Тэгэхээр иймэрхүү шийдвэрүүдийг нь харахаар Үндсэн хуулийн цэцийг хараат бус байдлаар улстөржөөгүй шийдвэр гаргаж, Үндсэн хуулийн дээд хяналтыг зрхих ёсоор хэрэгжүүлж байгаа гэхэд эргэлзэж байна.

 

-Ерөнхийлөгчийн ард   хуулийн тусгай баг ажилладаг. Тэд Үндсэн хуу­­лийн эсрэг, тангаргаасаа няцсан асуу­­дал болно гэдгийг мэдэхгүй бай­маар­гүй юм.  Яагаад ийм хөнгөн мэдэг­дэл санал хүргүүлэх болов.  Энэ дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Миний ойлгож байгаагаар Төрийн тэргүүн маань одоогоор хууль зүйн бодлогын зөвлөхгүй байгаа. Хуулийн үшйн асуудлаар зөвлөдөг баг бол байгаа байх. Тэдний мэдлэг мэргэжил хүрэхгүй байна уу, эсвэл Ерөнхийлөгч, ЕТГ-ын дарга хоёр мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохгүй, дур зоргоороо, хэт улстөржсөн байдлаар асуудалд хандаж, ийм бодлогогүй шийдвэр, мэдэгдлийг гаргаж байна уу гэдгийг би шууд хэлж мэдэхгүй байна. Гаргаж байгаа мэдэгдэл, үйл ажиллагаа, олон хоригуудын асуудал байна.  Тэр бүхэн нь хууль үшйн хувьд алдаатай байгаа тухай шүүмулэл олон гарсан.  Энэ бүхнээс үзэхэд хэт улстөржиж, популизм хийх, магадгүй хувийн өс хонзонгоор төрийн асуудалд ханддаг байдал нь эргээд Ерөнхийлөгчийн институцийн нэр хүндийг унагах байдалд хүргэж байна.  Сүүлдээ Үндсэн хуульт байгууллаа үгүйсгэх ийм хэлбэр рүү орж байна. Энэ бол маш аюултай үзэгдэл юм. Тиймээс бид Үндсэн хуулийн цэцэд хандаж,  эрхзүйт төрөө хамгаалдаг ийм улс төрийн хүчин, иргэд байгаа шүү гэдгийг сануулж байгаа юм. Бид энэ зорилгоосоо хэзээ ч ухрахгүй, шантрахгүй.

 

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)