Сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх нь богино хугацааны шийдэл мөн гэж НҮБХХ үзжээ

Сайжруулсан түлш, зуухыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон байр дулаалах, орон сууцжуулах шийдлийг хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төсөл, хувилбаруудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр үзсэн байна. Дэлхийн банк болон Жайка байгууллагын хийсэн судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдэл олтол агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд НҮБ-ын ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБХХ-ийн захирагч А.Штайнертай уулзсан. Энэ үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж, бодлогын зөвлөмж, туслалцаа үзүүлнэ гэдгээ А.Штайнер илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Гадаад харилцааны яам агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2017 оноос хойш НҮБ, НҮБХХ, Хүүхдийн сан зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллаж байна.

Тухайлбал сайд Д.Цогтбаатар 2017 оны 11 дүгээр сард НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Б.Транкманыг хүлээн авч уулзахдаа харилцаа, хамтын ажиллагаагаа агаарын бохирдлыг бууруулахад чиглүүлэх хүсэлт тавьж байжээ. Мөн өнгөрсөн онд НҮБХХ-ийн захирагчтай уулзан энэ талаар хөндөж, дэмжлэг авах боломжийг эрэлхийлж байв. Түүнчлэн өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзахдаа дэмжлэг үзүүлэхийг хүсч байжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)