В.Нэргүй: Шүлэг бичихийг хэн нэгэнд ХАЙР ТҮГЭЭЖ байгаа бурхны хишиг гэж ойлгодог

Эмзэгхэн сэтгэлтэй зарим нь гуниглаж, бүүр уйлмаар тийм л зөөлөн намрын өдрүүд алсарч байна. Навч унаж, сэмжин үүлс нүүсэн ийм өдрүүдэд гуниглах нь бүү хэл харин ч баярлаж, улам жавхаажиж явдаг хүмүүс ч бий. Тэдний нэг нь сэтгүүлч, яруу найрагч Ванягийн Нэргүй хэмээх даруухан, эгэлхэн уран бүтээлч аж. Утга зохиолын салбарт шалдар бичээчээс шилдэг зохиолч хүртлээ “томорсон” энэ эрхэм “Миний хайрын зүг” гэх гэгээн зам тийм яруу найраг, дуугаар хамт амьдарч буй хүмүүсээ шагнах нь. Дурласан хийгээд ирээдүйд дурлах, тэгээд хичнээн олон шүлэг бичих шалтгаан нь, амьдралынх нь түшиг болж буй ханьдаа, өөрийнх нь ертөнцийг чимж ургасан охиндоо, ерөөс хүн бүрд тэр хайртай...Түүнтэй хэсэгхэн хором хөөрөлдсөнөө танд хүргэж байна.

Нэг тийм уйтгар, гуниг төрүүлж, сэтгэл эмзэглүүлдэг болохоор  энэ улиралд дургүй гэх уран бүтээлчид байх юм билээ. Та бас тэдний нэг байхдаа... Намрын улиралд дуртай юу?

-Уяаны шон дээр шаазгай шагшираад л хөдөө эл хульхан. Оюутан залуус, сургуулийн насны хүүхдүүд бүх л инээд баяслыг аваад суурин газар луу явчихсан мэт нэг тийм хөнгөхөн гунигтай. Нутгийн хөгшид ч хааяа нэг малын зах эргүүлж харагдана. Давхиад буухад бүлээн цайтай хүний мөрөөсөл болчихсон. Намар болохоор нэг тийм дүр зураг л сэтгэлд эргэлдээд байдаг. Уг нь үрэл жимс тагнайн шүлс асгаруулаад л уулын горхи захаасаа харзалчихсан хоржигнотол урсаад хаа нэгтээ буга урамдаад байгалийн цогцол нь их сайхан шүү дээ. Харин ахуйн хувьд л нэг тиймхэн хөнгөн гуниг хөврөөд байдаг юм.

-Хөнгөн гуниг хөврүүлдэг энэ улирлд та, уран бүтээлийн хэр олзтой байдаг бол...?

-Би хавар, намарт л их бичдэг. Хавар нь цэцгэнд дурлаж, намар нь навчинд даруулж суудаг. Нүүж яваа үүлсийг хүртэл дагаж хөвсөлзөөд л. Найз нөхдийнхөө бичиж туурвисаныг амталж унших ч сайхан. Ер нь намарт дэвтэр дүүрэн шүлэгтэй суудаг шүү. Миний уран бүтээлийн ихэнх нь намрын навч унахтай хамт дэвтэрт буусан байдаг. Тэгэхээр энэ улирал уран бүтээлийн минь оргил үе ч байж мэдэх юм. Дахиад намар болохгүй бол яана... Тэгж бодохоор л улам ихийг бичиж, энэ улиралд нөөцөлж авмаар санагдах үе бас бий. Хүн хүний араншин өөр. Бусад нь гуниглаж л байна биз. Би яагаад тэднийг дагаж гуниглах ёстой юм.  

-Олон жил шүлэг бичиж, тэр чинээгээрээ өөрийнхөө орон зайг энэ салбарт тогтоожээ. “Миний хайрын зүг” гэдэг нэртэй уран бүтээлийн тоглолт хийх сураг олны чимээнээс сонслоо... Бэлтгээд л байна уу?

- “Миний хайрын зүг” нэртэй тоглолтоо UB паласын концертийн их танхимд хийнэ. Олны хүртээл болж амжаагүй ч 30 шахам дуу байна. Нэргүй гэж хэн бэ гэдэг тодотголын хариултын найз нөхөд, хамт олон, ах дүү, монгол зон олноосоо олж авахыг хүссэн гэх үү дээ.

 

Хайр бол мөнхийн сэдэв ярьдаг... Гэхдээ хүний зан ааш ч хувирамтхай шүү дээ. Яг мөнхийн байж чаддаг болов уу?

Хайр бол нар... Ерөнхий нэг том зүйл. Нарны цацраг хүмүүний ертөнцийг ялгалгүй тусдаг шиг. Хайр тийм л үүрэгтэй. Баян, ядуу, өтөл, нялхас, сайн муу, алдаа оноо бүх зүйл хайраар бүтдэг. Хүн нь төгсвөл хайр нь дуусна. Тэгэхээр хязгаар бий байх. Өглөг буян ч байж болох юм. Мөнгө төлөхгүйгээр бүх зүйлд хүрч, асгарч болно. Амьдралд хайртай байна гэдэг бол бүх зүйлд хайртай байгаагийн илэрэл. Түүнийгээ зарим нь дуу, хөгжим, жүжиг, сийлбэр, зураг, бүжиг болгодог. Би бол шүлэг болгодог. Автобусанд, гудамжинд, цайны газар, ууланд, цаснаар, борооноор ер нь хэзээ л бол хэзээ хайр хүрдэг. Тэгээд л шүлэг бичдэг. Ээждээ, аавдаа, охиндоо, эхнэртээ, дүүдээ, Отгонтэнгэртээ, Бадархундагадаа зориулсан шүлэг бүхэн минь хайр.

-Би бол аугаа хүн, том хүн гэж өөрийгөө дөвийлгөсөн зохиолчидтой уулзаж байлаа. Та ч хэр “том” хүн бэ?

- Миний хүрээнд тийм хөөрүү хүн ховор. Энгийн, даруухнаараа яваа. Л.Ганзул, С.Ууганбаяр, П.Нямлхагва гурвыгаа хамгийн түрүүнд хэлнэ. Өөр өөрийнхөө өнгөөр сайн бичдэг. Олон танигдчихсан хүмүүс. Надад ч тийм хөөрүү “том зан” байхгүй. Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Х.Эрдэнэбаатар, Т.Баянсан, М.Амархүү энэ хүмүүсийн сэтгэл намайг утга зохиолд тосож авсан. Хүн чанар, мөн чанар, хүнлэг ёсны  амьд домогууд. Ийм сайхан ах нартай хүн чинь яаж хоосон хийрхэж, худлаа хөөрөх шалтгаан байхгүй. Тэгвэл ах нарынхаа харцанд нь алгадуулна биз дээ. Бас хүн чанарын хорвоод дүү нартай байж болно биз дээ. Онгиргон хүний дүү хүртэл ичиж зовж явдаг байх. Их утга зохиолын буянаар би олон дүүтэй хүн. Ах нарынхаа энд хүрэхгүй ч дүү нарынхаа дэргэд зөв байхыг хичээдэг.

-Сүүлийн үед зохиогдсон яруу найргийн наадмуудаас нэлээд шагналыг та хүртсэн. Гэтэл яруу найргийг шүүмжлэх хүн олон боллоо. Ямар бодол тээж явдаг хүн бэ, бэ?

-Би яруу найрагч хүн. Өнөө цагт яруу найраг, шүлэг уншигчдад ямар хэлбэрээр хүрч байна. Яах вэ яруу найргийн наадам сайн муу хоёр талтай. Гэхдээ энэ байх ёстой зүйл. Тэр буруу гэж яриад байгаа хүмүүс л орохгүй бол болоо биз дээ. Ямар тэдний бичсэн шүлгийг  булааж ирээд яруу найргийн наадамд оруулах гээд байгаа биш.

-Архи идээний дээж гэдэг. Та энэ дээшээс хүртэлгүй 10 жил болж байгаа. Өмнө нь сайн хүртдэг байсан гэлцэх юм?

-Тэнгэрийн рашаан. Бор дарсыг би муу хэлэх дургүй. Над шиг хишигийг нь даахгүй хүн хэрэглээд дэмий байх гэж бодсон. Тиймээс 10 шахам жил энэ идээнээс хол яваа.

- фэйсбүүк, сошиал, цахим ертөнцөөр дүүрэн шүлэг бичдэг боллоо. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Шүлэг хүний сэтгэлд дандаа гэгээ дагуулж явдаг. Сэтгэлийн хүлээсийг тайлах ч үе бий. Бичиж л байг. Зөв буруу нь юу байх вэ. Өөр өөрийнхөө ертөнцөөр л хүн оршдог шүү дээ.

-Хүнийг сайн сайхан явахад хамгийн түрүүнд юу нөлөөлдөг вэ?

-Итгэл. Сайн хань. Өөр юу ч нөлөөлөхгүй. Сайн ханьтай хүн сэтгэл амгалан байдаг. Сайхан найз нөхөдтэй хүн итгэл дүүрэн явдаг. Шинэ мянган утга зохиолын нэгдлийнхэнийг сайн муугаар ярьж л байна. Бид албан тушаал, хувийн ашиг сонирхол харж нэгдээгүй. Сэтгэлийнхээ зөнгөөр л учирсан хэдэн найзууд. Миний найзуудын хэн нь ч надаас хоногийн хоолоо харамлахгүй. Би нүүр бардам хэлнэ. Би их том хувь тавилантай хүн. Тиймээс надад сайн хань заяасан. Надаар овоглосон тэр өрх гэрт миний бүтээсэн юм нэг ширхэг ч зүйл байхгүй. Ханийн минь итгэл, сэтгэл дандаа намайг жаргааж явдаг.

Сүүлд хэвлүүлсэн “Мөнгөн өвс” нэртэй таны номонд уншигчид ам сайтай байна билээ. Урам авч, хөглөгдөж байна уу?

-Номыг минь уншсан хүнээс олон сайхан захидал ирж байгаа. Тэгэхээр би зөв оршин тогтнож байна гэж өөрийгөө бодож байгаа. Номыг минь “Сутайн бумбат” ХХК-ны нягтлан Б.Баярмаа, Дорноговь аймгийн цэргийн хэлтсийн дарга Амартүвшин , Яруу найрагч С.Одгэрэл нар ивээн тэтгэсэн. Хүний сэтгэлийн бэлэг сайхан. Би энэ хүмүүсийн ачийг хариулж амжихгүй л явна.  

-Таныг Завханы яруу найрагч гэдэг. Зарим нь Төв аймгийн хүн гээд байдаг. Яг аль нутгийн хүн бэ?

-Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн. Завханаараа л овоглож яваа уран бүтээлч шүү дээ. Төв аймгийн Баянхангай суманд хүүхэд нас, сурагч насны дурсамжаа өнгөрөөсөн. Энэ нутаг хошууны зон олон минь надад элгэмсэг дотно. Тэгэхээр зарим нь Төв аймгийн яруу найрагч гэдэг тал бий. Эцэг эхийн яс, цусыг дагаж, энэ биеийг олсон болохоор Завханаараа л овоглож явдаг. Нутаг усаараа овоглогдох бол миний ч мэддэг юм биш юм билээ. Сурагч насны гэнэн хонгор дурсамж, сумын төвийн дан саарал байшин гээд дурсах юм бол би Баянхангай сумаа л дурсана. Харин эцэг дээдсээс өвлөж ирсэн өлгий нутаг минь яах аргагүй Завханы Алдархаан сум шүү дээ. Нарийн ярих юм бол Б.Явуухулан бид хоёр нэг бууцанд төрсөн хүмүүс. Энэ нь миний хувьд их хувь тавилан гэж боддог.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)