Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан боллоо

Сайжруулсан түлштэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  Нийслэлийн Онцгой комисс өмнө нь хэд хэдэн удаа хуралдаж, цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Тэгвэл өчигдөр орой /2019.10.17/ Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан болж, цаг үеийн асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга нар аравдугаар сарын 03-17-ны өдрийн хооронд ямар асуудлууд дээр тодорхой шийдвэр гаргаж ажилласан талаараа мэдээлэл хийлээ.  

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн  “Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 594 байгууллагын 4302 алба хаагч төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 167.362 айл өрхүүдээр орж, зөвлөмж мэдээлэл хүргэж ажилласан. Бидний ажлын үр дүн 95.9 хувийн биелэлттэй байгаа” гэлээ. Сайжруулсан шахмал түлшний дээжийг ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улс руу шинжилгээнд  явуулаад байгаа бөгөөд одоогоор хариу нь ирээгүй байгаа юм байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Бид нөхцөл байдал үүссэнээс хойш лабораторийнхоо тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаагийн дээр “Тавантолгой түлш” компани дээр нийт 14 хоногийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнууд болон мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн байцаагч, эрүүл ахуй, агаарын чанарын байцаагч нар 24 цагийн өндөржүүлсэн байдалд хяналтыг тасралтгүй явуулан ажиллаж байна. Бидний хянаж буй гол зүйл бол шахмал түлшний үйлдвэрлэлийн явц,  өдөрт гаргаж буй тоо, нөөцийн үйлдвэрлэлийг бичлэг хийн хянаж байгаа” хэмээн мэдээлэл өгөв. Одоогийн байдлаар өдөрт 1000 тонн түлшийг 363 цэг дээр  борлуулж байгаа бөгөөд борлуулалт хийгдээгүй цэг байхгүй гэнэ.

Хурлын үеэр гишүүдийн зүгээс цаашид хүйтний эрч улам чангарах учраас Онцгой комиссын өндөржүүлсэн бэлэн байдлыг тасралтгүй 90 хоног үргэлжлүүлж, энэ хугацаанд төр захиргааны байгууллагууд, дүүрэг, хороод, хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаарх зөвлөмжүүдийг үргэлжлүүлэн хүргэж, хоорондын ажлын уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй гэдгийг хэлэлцэж тохирлоо.

Түүнчлэн нам даралтын зуух буюу ханан пийшинд сайжруулсан түлш тохирохгүй байгаа талаар иргэдээс гомдол санал ирж буйг харгалзан үзэж, 70-100 квт-ын хүчин чадалтай зуухыг хэрэглүүлэх талаар судлаач эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж шийдэлд хүрэх, мөн үйрч  бутарсан, чанаргүй түлш нийлүүлж байгаа асуудал, түлшний түгээлт, борлуулалт дээр онцгойлон анхаарч ажиллах талаар “Таван толгой” компанийханд комиссын гишүүд шаардлага тавьж байв.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан дараах үүргийг гишүүдэд өглөө. Сайжруулсан шахмал түлшний түгээлтэд онцгой анхаарч, аюул эрсдэл гаргахгүй байх, түүхий нүүрс Улаанбаатарт оруулахгүй байх тал дээрх хяналтыг сайжруулж, зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлж буй айл өрх, ард иргэдэд арга хэмжээ авах, дүүрэг, хороод, хэсгийн ахлагч нар ажлын уялдаагаа сайжруулах, утааны шүүлтүүр тавьсан айл өрх, аж ахуйн нэгжийн тоог гарган, чанарын шаардага хангаж байгаа эсэхийг нягталж, Онцгой комиссын гишүүдийг цаг тутам мэдээллээр хангаж ажиллахыг онцгойлон даалгалаа. Түүнчлэн хотоос холгүй орших амралт сувиллын газруудад түүхий нүүрс түлж байгаа, эсэх талаар шалгалт хийж, тоо баримтыг нь нарийвчлан гаргах, түлшний асуудлаас гадна иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд дээр анхаарал хандуулах, шахмал түлшний зөв хэрэглээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг үүрэг даалгавар өгч, цаашид өндөржүүлсэн бэлэн байдлаа улам нэмэгдүүлэн ажиллахыг шат шатны  холбогдох албаны хүмүүст хатуу анхааруулсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.21.115.126)

    2019-10-18

    Ард түмнээ амиа өгөөд ч хамаагүй түл гээд байхаар аж ахуйн нэгж жижиг уурийн зуухнууддаа наад шахмал түлшээ шахаач. Хуурай мухрын аманд онцгой байдлын нэг уурын зуух дан нүүрсээр галлаж байгаа нь хэр зөв бэ?