Гааль, НӨАТ-ыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан 15 цаг 16 минутад 54.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. 

    Төсөл санаачлагчийн илтгэлийн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахыг 2017 оны 92 дугаар тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсан. Уг компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэн 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв. Үйлдвэрт шаардлагатай төмөр зам, авто зам болон цахилгаан хангамж зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд бүрэн хийгдэж дууссан төдийгүй үйлдвэрийн технологийн хувьд унд, ахуйн усан хангамжийг шийдэж, үйлдвэрийн хэрэгцээнд зориулан нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа аж. Төслийн менежментийн үйлчилгээний гэрээг БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанитай энэ оны 05 дугаар сард байгуулснаар үйлдвэрийн зураг төсөл боловсруулах болон дараагийн шатны ажлууд хийгдэх нөхцөл бүрдээд байна. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 

    Уг асуудлыг хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй бараа материалд тухайн татварын жилд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлж дараа жилийн эхний улиралд багтаан буцаан олгох нь зүйтэй. ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд төрөөс үзүүлэх бодитой дэмжлэг болно гэж төсөл санаачлагч Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр газрын тосны үйлдвэр шинээр байгуулан банкнаас зээл авч үйл ажиллагаа нь эхлэх учраас үйлдвэрийн бүтээн байгуулалтын зардал өсөхөөс болгоомжлох хэрэгтэй, цаашид зээл аваад буцааж төлдөг хэлбэр нь зөв үү гэдгийг анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно. Гаалийн албан татварыг хөнгөлж. буцаан олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж. чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

    Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Ч.Содбаатар, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж Д.Сумъяабазар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тодруулга хийв. Мөн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 58.1 хувийн саналаар дэмжив. Иймд Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв. 

    Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар тус тус танилцуулсан юм. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй, ингэснээр төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг 10 хувиар бууруулах боломж бүрдэх юм гэж үзэж хууль санаачлагч хуулийн төслийг боловсруулсан байна.

    Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн газрын тосны үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа боловч түүхий эдийн нөөц хангалтгүй байгаа учраас газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж баталгаат нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах. үүний тулд хуучин хайгуул хийж байсан газруудыг бүрэн ашиглах. цаашид газрын тосны салбарыг хөгжүүлэх, салбарын бие даасан бодлогыг хэрэгжүүлэх үүднээс бие даасан агентлаг байгуулах. мөн газрын тосны эрэл, хайгуулын чиглэлээр төрийн өмчит компани байгуулах талаар Засгийн газар онцгой анхаарч ажиллах, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу сайн засаглалын түвшинд хөгжүүлэх шаардлагатай байна гэсэн саналыг гаргасан гэв. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж. төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

    Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардыг 10 хувиар бууруулах ач холбогдолтой дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 51.2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)