ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал Интерполоос эрэн сурвалжлагдаж буй 69 хүний мэдээллийг авахыг хүсэлт тавилаа

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын удирдах дээд байгууллага болох Ерөнхий ассамблейн 88 дугаар чуулган энэ сарын 15-аас 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чили улсын Сантьяго хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд Интерполын гишүүн 162 улсын 900 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлж ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны орлогч дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн чуулганаар олон улсын цагдаагийн хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмын өнөөгийн болон ирээдүйн аюул заналтай холбоотой асуудалд гол анхаарлаа хандууллаа. Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч, мөн улсын Үндэсний цагдаагийн газрын дарга, Интерполын Ерөнхийлөгч нар чуулганыг нээж хэлсэн үгэндээ “гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх гол арга зам нь хууль сахиулах байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа, мөн хууль сахиулах байгууллагуудыг технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх явдал” гэдгийг онцоллоо.

Интерполын чуулганы эхний өдөр ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал БНПУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, хурандаа Паулина Филиповиактай уулзаж, их хэмжээний тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт БНПУ-аас эрэн сурвалжилж буй Монгол Улсын нэр бүхий иргэдтэй холбоотой хэргийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжуудын талаар санал солилцож, хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх хүсэлт тавьсан байна.

Тэрээр мөн Интерполын ерөнхийлөгчтэй уулзаж хамтын ажиллагаа, хууль сахиулах байгууллага хоорондын мэдээлэл солилцох тал дээр ярилцаж, санал солилцлоо.

Мөн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах, түр хороо, сонгуулийн хороо сонгох, Австрали, Нигери, Португаль, Судан Улсын цагдаагийн байгууллагын дарга нар өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан "Цагдаагийн залуу манлайлагчид" хөтөлбөрийн явц байдлын талаар мэдээлэл хийлээ. Дашрамд дурдахад хуралдаанаар Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Штокийг 5 жилийн хугацаагаар улируулан сонголоо. Түүнийг ЕНБД-аар ажиллаж байх үед Интерполд шинээр 4 улс нэмэгдэж, мэдээллийн сангийн тоо 100 саяд хүрсэн байна. Түүнчлэн сураггүй алга болсон гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохицуулдаг “Интерполын Мэдээлэл боловсруулах дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, байнгын хороо байгуулахаар тогтсон нь онцлох үйл явдал байлаа.

Хурлын сүүлийн өдөр буюу өчигдөр хүн худалдаалах, хар тамхи, терроризмтой тэмцэх чиглэлээр салбар илтгэл, танилцуулга, туршлага солилцох хурлууд хийгдсэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)