Б.Мэргэн: Шинэ хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааны тухай заалт ороогүй

-“60 ТЭРБУМ”-ЫН ГЭХ ҮЙЛ ЯВДАЛ ГЭМТ ХЭРЭГ БИШ-

ХУУЛЬ БУЦААН ХЭРЭГЛЭХ НЬ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР БИЕ БИЕНЭЭ НАМНАХ МАШ ТОМ ЗЭВСЭГ БОЛНО

Хууль буцаан хэрэглэх ямар шаардлага байгаа вэ. Үүний хор уршиг хэр их бол. Хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн шинэ төсөлд огт тусгагдаагүй талаар хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа. Мөн тэрбээр “60 тэрбумын” гэх хэрэгт нэр холбогдоод буй А.Ганбаатарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм. А.Ганбаатар, Ц.Сандуй нарт нэр холбогдоод буй хэргийн шүүх хурал маргааш товлогдсон билээ.

-Эрүүгийн хуулийн шинэ төслийн хэлэлцүүлэг ид явж байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг үндэслэлээр дуулиантай хэд хэдэн хэрэг хаагдсан болохоор хүмүүс үүнийг яаж өөрчлөх бол гэж харж байгаа. Мөн хууль буцаах тухай ч яригдаж, дэмжигдэж байгаа нь ч хачирхал төрүүлж байна. Хуульч хүний хувьд та энэ талаар ямар мэдээлэлтэй, ямар байр суурьтай байна вэ?

-Хөөн хэлэлцэх хугацааны асуудал хүмүүсийн анхаарлыг татаж, нийгэмд маргаан үүсгээд жилийн нүүр үзэж байна.

Анх энэ Эрүүгийн хуулийг 2015 онд батлагдаад дараа нь 2017 онд нэлээн их өөрчлөлт оруулах явцдаа хөөн хэлэлцэх хугацаатай заалтад ч өөрчлөлт оруулсан. Хөөн хэлэлцэх хугацаа яллагдагчаар татагдаад дуусдаг байсныг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж оруулсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр маань гармагцаа хүчин төгөлдөр болдоггүй. Шийдвэр гарсны дараа оролцогчид гардаж аваад 14 хоногийн дотор давахын шүүхэд хандахгүй бол хүчин төгөлдөр болно. Хандвал давахын шүүхийн шийдвэр гарсны дараа анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно. Тэгэхээр ерөнхийдөө давахын шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор болсон. Хүмүүс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох дээр анхаараад байгаа болохоос биш зарим гэмт хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа тодорхойгүй байгаа.

-Хугацаа тодорхойгүй гэдэг нь...

-Тухайлбал, 84 гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа тодорхойгүй л байгаа. Зорчих эрх хязгаарлах болон хорих ял дээр л хөөн хэлэлцэх хугацааг тоолоод байдаг. Цаана нь нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ял дээр хэмжээ нь ямар байх, хөөн хэлэлцэх хугацаа нь ч тодорхойгүй. Байдаггүй гэсэн үг л дээ. Энэ мэт маш олон асуудал байсан, үүнийг шийднэ гэж Хууль зүйн яам 2018 оны зургадугаар сард хуулийн төсөл боловсруулсан боловч өргөн барихгүй явсаар байгаад жил гарны дараа өргөн барьсан. Өргөн барихдаа яг одоо маргаан болоод байгаа Хөөн хэлэлцэх хугацааны тухай заалтаа өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа яллагдагчаар татвал зогсоно, анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолно гэдгийн алинаар нь явах юм гэдэг дээр маргаан өрнөөд, үүнийг л засах зорилготойгоор хүмүүс өргөн барилаа гэж ойлгож байгаа шүү дээ. Гэтэл тэр заалт нь огт байхгүй.

-Бүр байхгүй юу?

-Байхгүй. Огт өөр заалтууд оруулаад явчихсан. Одоо бол хорих ял урт байхаас хамааран хөөн хэлэлцэх хугацааг тогтоодог гэх мэт гэмт хэргийн ерөнхий байдлаар нь тогтоогоод байгаа юм. Гэтэл тэр дундаас ганцхан татварын хэргийг ялган авч, Татварын хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэсэн заалт оруулаад ирсэн байна лээ. Ямар учиртай юм, ойлгомжгүй. Гэмт хэрэг болгон дээр ингэж ялгаж авч үзэх юм бол хууль хоёр гурав дахин том зузаан цаас болох гээд байна. Гэтэл хууль товч тодорхой, ойлгомжтой, хэмнэлтийн зарчим буюу аль болох богино цөөн өгүүлбэрээр бичих ёстой гэсэн зарчимтай байдаг.

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зарим хэргийг хууль буцаан хэрэглэх замаар дахин шалгах тухай яригдаж байна. Ингэж болох уу?

-Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ч тэр, бусад улсын хууль, Монгол Улсын хуулинд ч байдаггүй нэг зүйлийг Хууль зүйн байнгын хорооны дарга яриад байгаа. Тэр юу гэхээр хууль буцаан хэрэглэх тухай асуудал. Буцаан хэрэглэх онол, хууль гэж байна. Ямар тохиолдолд хууль буцаан хэрэглэдэг вэ гэхээр тухайн гэмт хэрэг хийсэн гээд байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж болно. Харин эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэзээ ч хэрэглэхгүй. Энэ бол хэдэн зуун жилийн өмнө бий болсон онол, одоо ч дэлхийн бүх улсууд хэрэглээд явж байна. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа гэж өөрсдийнх нь гаргасан алдаанаас болж дуулиантай том том хэргүүд эхнээсээ хаагдсан. Хамгийн анх хүргэн Дэнзэнгийн 17 тэрбумын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаагдсан. Дараа нь Хөгжлийн банкны өчнөөн зээлтэй холбоотой асуудлууд хаагдсан. Одоо Жастын Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна. Ингээд зөндөө асуудлууд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэл аманд ороод ирүүт энэ хүмүүс дээр хуулийг буцаан хэрэглэнэ гээд байгаа юм. Энэ хүмүүс буруутай нь буруутай. Өчнөөн төчнөөн мөнгө төгрөг идэж уугаад төрийг хохироосон нь үнэн. Хичнээн тийм байсан ч хууль бол хууль, онол бол онол. Хуулиараа л шийдэх ёстой. Ганц тэр хүмүүсийн хэргийг шийдэхийн тулд өдий хорь гучин жил бий болгосон эрх зүйн систем, ардчиллын ололт бүх зүйлээ нурааж, дараа дараагийн хүмүүсээ хохироох жишиг тогтоож болохгүй. Энэ хэдэн хүнийг шийтгэснээсээ илүү хохирол, үр дагавар ирээдүйд бий болно. Хүмүүст таалагдахын тулд ийм зүйл хийж болохгүй. “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг сэргээж ял өгчихлөө” гэвэл яг одоо нийгэмд, хүмүүст таалагдах гээд байна. Хортой үр дагавар нь түүнээсээ хавьгүй өндөр, яагаад ямар ч боломжгүй зүйлийг боломжтой болгох гээд байна вэ гэж тайлбар асуухаар Хууль зүйн байнгын хорооны дарга нь “Мэдэж байна, хуулийг буцаан хэрэглэхгүй. Ялангуяа гэмт хэрэг хийсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг бүр буцаан хэрэглэхгүй. Хөөн хэлэлцэх хугацаатай заалт чинь зүйл юм, хуулийн доторх зүйл. Зүйлийг буцаан хэрэглэхгүй гэсэн юм байхгүй. Тэгэхээр дагаж мөрдөх журмын тухай хуулин дээрээ хууль буцаан хэрэглээгүй, зүйл буцаан хэрэглэж байгаа шүү гэж тайлбарлаад явуулна” гэсэн юм яриад байгаа.

-Зүйл чинь хууль л биз дээ?

-Хууль зүйлүүдээс л бүтдэг. Молекул атомоос бүрддэг ч атом чинь молекултай ямар ч хамаагүй гэж байгаатай адил юм. Бүх зүйлүүд нийлээд хууль болно. Зүйл бол хууль. Ийм байж боломгүй тайлбар хэлээд, хууль буцаан хэрэглэнэ гэж яриад л байгаа юм. Үүнийг байнгын хороо дэмжээд, нэгдсэн чуулганд орох гээд л байж байна.

-Одоо хэдэн хүн дээр хуулийг буцаан хэрэглэлээ гэхэд дараа нь өөртөө таалагдахгүй хүмүүсээ хуулийг буцаан хэрэглэж дарж авах жишиг тогтоно. Бүр хуульгүй болох магадлалтай юм биш үү?

-Харин тийм. Энэ бол улс төрийн зорилгоор ч ашиглаж болох маш том зэвсэг болчихож байгаа юм. Хууль буцаан хэрэглэхтэй холбоотой бас нэг зарчим байна. Хэрвээ үйлдэл, эс үйлдэхүйг шинэ хуулиар гэмт хэрэгт тооцохоо больсон тохиолдолд хуучин хуулийн үед үйлдэгдсэн гэмт хэргийг хуулийг буцаан хэрэглэж тэр хүнийг буруутгаж болохгүй. Эсвэл хуучин хуулийн үед үйлдсэн гэмт хэрэг нь шинэ хууль гарсны дараа гэмт хэрэг биш болчихвол бас хууль буцаан хэрэглэж болохгүй. Гэтэл улс төрийн зорилгоор, эсвэл эсрэг намын улстөрчдөө гэмт хэрэгт холбогдуулан шоронд хорьж болох нөхцөл байдал үүсэх гээд байна. Тухайлбал, 2014 он буюу Эрүүгийн хуучин хууль үйлчилж байх үед одоогийн УИХ-ын гишүүн тухайн үедээ хуулинд ямар ч гэмт хэрэгт заагаагүй нэг үйлдэл хийсэн байлаа гэж бодъё. Тэгвэл шинэ хуулиндаа тэр үйлдлийг нь гэмт хэрэг мөн гэж оруулж байгаад өмнө нь энэ хүн гэмт хэрэг үйлдсэн байна гэж яллаад явуулаад байх юм уу.

-Ийм нөхцөл үүсэх юм байна л даа...

-Ийм нөхцөлд оруулах боломжтой болгох гээд л байгаа юм. Жишээ нь, саяын хууль буцаан хэрэглэхтэй холбоотой асуудал дээр, иргэд тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой, эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн 60 тэрбумынхан гээд бүгд дургүйцэж байна. Гэхдээ энэ үйл явдал нь 2016 онд болсон, гэтэл тухайн үед буруутгаж байсан зүйл нь шинэ хуулиар гэмт хэрэг биш болчихсон байдаг. Миний түрүүний хэлдгээр иргэд хичнээн дургүйцээд хариуцлага хүлээлгэх ёстой гэж байсан ч одоогийн мөрдөж байгаа хуулиараа л шийдэх ёстой.

-Сонгууль дөхчихсөн, улстөрчид сонгогчдодоо таалагдах гэж попордог үе нь. Улс төрийн хэт попрол хуульд нөлөөлж, хуулинд ороод эхэлбэл жинхэнэ завхрал үүснэ биз дээ?

-Үүнийг ардчиллыг хулгайлж байгаа үйл явц гэж нэрлэдэг. Ардчиллыг маш богино хугацаанд хулгайлж, дарангуйлагч нийгэм рүү шилжиж болдог. Эсвэл урт хугацаанд аажмаар хулгайлж болдог. Богино хугацаанд гэдэг нь хүчээр төрийн эргэлт хийж,цэрэг зэвсэг, бослого хөдөлгөөнөөр өдрийн дотор булааж авдаг. Энэ бол иргэдийн дэмжлэгийг авдаггүй. Удаан оршин тогтдоггүй, эрх чөлөөгөө алдсан иргэд ойлгож ухаараад буцаад эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг. Харин удаан ч гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулдаггүй, үр дүнтэй, харин ч иргэдийн дэмжлэгийг авдаг арга нь нийгэмд таалагдахгүй байгаа хүмүүст зориулж хуулийг бага багаар нь өөрчилж шоронд явуулаад байдаг. Наад өнгөндөө буюу тухайн цаг үедээ бол иргэдэд маш их таалагддаг. Гэмт хэрэг хийсэн хүмүүст хуулийг буцааж байгаад ч болтугай хариуцлага хүлээлгэсэн юм чинь аргагүй, шударга төр бий боллоо гэж харагддаг. Гэтэл цаагуураа системийг нь, эрх зүйг тогтолцоог нь, ардчиллын элементүүдийг нь бага багаар хулгайлж авсаар байгаад нэг мэдсэн толгой дээр нь гараад суусан байдаг. Энэ үед ардчилал энэ тэр бүр байхгүй болчихсон, одоо та нар яах юм гэдэг. Яаж ч чадахгүй нөхцөлд оруулдаг. Энэ бол удаан хугацааны үр дүн. Сүүлийн хэдэн жилийг харж байхад яг л энэ замаар яваад байна.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА УРТ, БОГИНОДОО БИШ, ХЭЗЭЭ ДУУСАХДАА Л ГОЛ УЧИР НЬ БАЙГАА

-Хөөн хэлэлцэх хугацааны тухайд гол өөрчлөх заалтаа оруулаагүй гэлээ. Ер нь хөөн хэлэлцэх хугацаа хэдээс хэдэн жил байдаг юм бэ?

-Тухайн гэмт хэрэгт оногдуулж байгаа ял ямар байна түүнээсээ хамаарч янз бүр байдаг. Тухайлбал, нэг жил хүртэлх хугацаагаар хорих, эсвэл зорчих эрх хязгаарлах ялтай хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байна. Доод тал нь хоёр, дээд тал нь найман жилийн ялтай хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна. Энэ мэт 12, 20 жил ч байна. Бүр огт хөөн хэлэлцэх хугацаа тооцдоггүй гэмт хэрэг ч бий. Хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, бүх насаар нь хорих ялтай гэмт хэргүүд, хүн амины хэрэг гэх мэт. Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг 1998 онд үйлдэгдсэн байхад одоо хүртэл мөрдөж шалгаж байна гэдэг хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй болохоор хэрэг хэзээ ч дуусахгүй гэсэн үг. Өмнөх хуулиар хөөн хэлэлцэх хугацаа арай урт байснаа шинэ хуулиар арай багасгасан. Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш олон улсын маш олон гэрээ, конвенцид нэгдсэн. Тэр гэрээ, конвенцид нэгдсэн үүргээ хуулиндаа тусгаж олон улсын өмнө үүргээ биелүүлэх ёстой. Тэгэхгүй бол олон улсын шахалт дарамт ирнэ. Жишээ нь, цаазаар авах ялыг хална гэж олон улсын конвенцид нэгдсэн ч халахгүй явсаар байгаад 2015 онд батлагдсан шинэ хуулиндаа тусгаж өгсөн. Өөр маш олон гэрээ конвенцид нэгдэж, хуулиндаа тусгана гээд тусгахгүй явсаар байгаа заалтуудаа шинэ хуулинд тусгаж өгсөн, олон улсад нийцсэн байдлаар анх бичигдсэн юм. Гэхдээ 2017 онд хууль хэрэгжиж эхлэх үед өөрчлөлт оруулж, бүр замхруулаад хаясан.

Хөөн хэлэлцэх хугацаа урт, богино байхдаа асуудал биш юм. Гэтэл иргэдэд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрхий богино байгаа болохоор хэрэг хаагдаад байгаа юм гэсэн ойлголт төрүүлэнгүүтээ хорь, гучин жил болгож сунгана гэж шинэ хуулиар яриад байгаа. Хугацаа сунгахдаа биш, хэзээ дуусах вэ гэдэг нь л асуудал. Хэрэв яллагдагчаар татаад л хөөн хэлэлцэх хугацаа зогсдог байсан бол энэ хэргүүд хаагдахгүй байсан. Бүгд яллагдагчаар татагдсан, түүнээс хойш хэдэн ч жил мөрдөн шалгаж болно. Яахав, хэрэг мөрдөн шалгах хугацаа гэж байдаг, түүндээ багтаж байвал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахгүй.

Хуул зүйн яам иргэдээс санал авах гээд сайтдаа хуулийн төслөө байршуулдаг. Тэр үед хөөн хэлэлцэх хугацаа нь яллагдагчаар татагдаад зогсоно гэсэн заалт байсан юм. Дараа нь яагаад ч юм тэр төслийг сайтаасаа татаад авчихсан байсан. Хэдэн сарын өмнөөс хөөн хэлэлцэх хугацааны хэл ам гарах үеэр буцаагаад сайтдаа байршуулсан, дээрх заалт байж л байсан. Сая Хууль зүйн байнгын хороогоор хуулийн төсөл хэлэлцэх үеэр УИХ-ын сайт руу ороод хуулийн төслийг татаж аваад үзэхэд нөгөө заалт алга болсон байсан.

-Анхны төслөөсөө их өөрчилж дээ...

-Зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа биш, маш олон зүйл өөрчлөгдсөн. Зөрчил байсан олон заалтыг буцаагаад гэмт хэрэг болгож байна. Гэмт хэрэг байсныг хүчингүй болгосон заалтаа Зөрчлийн хууль руу оруулж байна. Маш инээдтэй ч гэмээр юм уу, эмгэнэлтэй нэг зүйл болсон. Бэлгийн дарамт гээд заалт Эрүүгийн хуульд байсныг 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр хасаад хаячихсан. Хурлын протоколыг нь үзэхээр үүнийг арай ч гэмт хэрэг гэж үзэж болохгүй юм байна, Зөрчлийн хууль руу оруулъя гэсэн байдаг. Тэгснээ Зөрчлийн хуулиндаа оруулахаа мартаад орхичихсон. Бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй, эмэгтэйчүүдийн эрх ашиг хөндөгдөөд байна гэж нэлээн яригдсаны дараа одоо сэргээж Зөрчлийн хуулинд оруулахаар төсөлдөө нэмж байх жишээтэй. Сэтгүүлчдэд хохиролтой нэг зүйл нь зөрчил байсан “гүтгэх”-ийг Эрүүгийн хууль руу гэмт хэрэг гэж оруулаад ял өгдөг болох гэж байна.

-Биеэ үнэлэлтийг бас гэмт хэрэгт тооцдог болж байна уу?

-Өмнө нь гэмт хэрэг байсныг зөрчил болгосон. Одоо буцаагаад гэмт хэрэг болгож байна. Энэ мэт төрийн залгамж чанар, хуулийн бодлого гэж огт байхгүй болж байна. Хуульд хэлбэрийн хувьд долоон том үндсэн зарчим байх ёстой гэдэг. Үүний нэг зарчим нь хууль тогтвортой байх ёстой. Иргэд хууль мэддэггүй гээд хариуцлагаас чөлөөлөгддөггүй. Иргэдэд хуулийг мэддэг болтол нь Засгийн газар хууль сурталчлах үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл иргэд хуулиа мэдэж ойлгоо ч үгүй байтал дахин дахин өөрчлөөд байж болохгүй.

60 ТЭРБУМ БОЛ ШИНЭ ХУУЛИАР ГЭМТ ХЭРЭГ БИШ

-Та түрүүн 60 тэрбумын хэрэг гэж ярилаа. Энэ хэрэгт холбогдогсдын нэг А.Ганбаатарын өмгөөлөгч нь та. Маргааш энэ хэргийн шүүх хурал товлогдсон байгаа. Ер нь энэ заавал шүүхээр орж шийтгүүлэх гэмт хэрэг мөн үү?

-Би түрүүн хэлсэн, дахиад хэлэхэд тухайн үйл явдал тухайн үедээ хүмүүст, нийгэмд таалагдахгүй байж болно. Ялангуяа хүний эрхийг хамгийн ноцтойгоор зөрчдөг хэлбэр болох Эрүүгийн ял оногдуулахдаа хуулиа ягштал биелүүлэх ёстой. Түүнээс биш нийтэд таалагдах гээд хуулиас гажуудуулж болохгүй. Ийм байдал руу манай улс сүүлийн үед нэлээн ороод байгаа нь сошиал хөгжсөнтэй ч холбоотой байх. Иргэд юмны цаад учрыг мэдэхгүйгээр ганц нэг буруу мэдээлэл дээр үндэслээд яллах ёстой, цаазлах ёстой, алаад өг гээд байдаг. Хэрэв нийгмийн хүсээд байгаа хариуцлагыг оногдуулахгүй бол шүүгчийг авлига авсан, шүүгч байх эрхгүй хүн, энийг хал гэлцээд эхэлдэг. Шүүгч ч гэсэн хүн. Хичнээн мэргэжлийн хандах ёстой ч сэтгэл хөдлөлд автах, нөлөөнд орох үе байна. Манай шүүх, прокурор, цагдаа ялгаагүй нийтийн хэл амнаас эмээж, нийгмийн шахалтад орж хариуцлага тооцдог тохиолдлууд зөндөө гарч байна. Би маш олон хэргүүдийг хэлж чадах ч, хэлчих юм бол эргээд өөрөө нийгмийн тэр хараалд өртөх болчихоод байна. Гэтэл бодит байдал дээр хэргийн материалыг уншаад үзэхээр нийгэмд тархаад байгаа мэдээллээс огт өөр байдаг.

60 тэрбумын асуудал дээр хүмүүс янз бүрийн байр сууринаас ханддаг. Гэхдээ үүнийг байгаа хуулийнхаа хүрээнд л шийдэхээс өөр арга байхгүй. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулиар 60 тэрбумын схемийг зурсан танилцуулсан гээд байгаа үйл явдал гэмт хэрэг байж болно. Яагаад гэхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 82.1-д Төрийн эрх мэдлийн хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан бол ял өгнө гээд заасан. Үүний биелэгдэх нөхцөл нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулах. Бид нар нэг өрөөнд суугаад, төрийн эрхийг авъя. Чи ийм ажил хийнэ, чи энийг хийнэ, ингэж мөнгө тараая, ийм ийм байдлаар зохион байгуулъя гэж ярилцаад сууж байгаа үйлдэл нь өөрөө гэмт хэрэг болохоор байгаа юм.

Гэтэл шинэ хуулиар олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, дэлхийн эрүүгийн загвар хуулиас санаа авч өөрийн улсын хууль тогтоомжид нийцүүлж, ихэнх гэмт хэргийг эрх зүйн онолын зарчимд нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн ч ял завшуулахгүйгээр хийхийг зорьсон. Энэ явцдаа төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг чинь хүмүүс хоорондоо ярьж сууж байгаад арав, хорин жилийн ял авдаг байж болохгүй юм байна. Үүнийг арай нарийвчлах ёстой гээд шинэ хуулийн 19.2-т “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хүч хэрэглэх замаар хууль бусаар авахыг оролдсон байвал төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж оруулж өгсөн. Ялгааг нь аваад үзвэл хуучин хууль шиг “Төрийн эрх мэдлийг” биш “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг” гэж оруулж өгсөн. Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Парламентын эрх мэдлийг авахтай холбоотой асуудал яригдаж байгаа юм. Тэгвэл 60 тэрбумын гээд байгаа хэрэг чинь парламентын эрх мэдлийг авах тухай яригдаагүй. Бичлэг нь нийтэд цацагдсан болохоор хүмүүс мэдэж байгаа байх. Хоёрт, хүч хэрэглэх замаар гэдэг нөхцөл байхгүй. Тэр бичлэг дээр хүч хэрэглэж төрийн эрх авах талаар юу ч байхгүй.

Бид аль хуулиа хэрэглэх вэ гэдэг асуудал яригдахаар гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа этгээдэд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн буюу ашигтай хуулийг нь л хэрэглэнэ гэдэг. Үйлдэл нь 2002 онд болсон ч Эрүүгийн хуулинд заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоо больсон бол яг оногдуулж болохгүй.

-Үйл явдал 2016 онд болсон. Эрүүгийн шинэ хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн гэхээр хуучин хуулиараа л шийдэхээр яллаад байгаа юм биш үү?

-Үйлдэл нь хуучин хуулиндаа орж байгаа ч хууль буцаан хэрэглэх онолын зарчмаар бол үйлдэх, эх үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоо больбол хуучин үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхгүй гэдэг. Манай хуулинд ч заачихсан байгаа. Аль ч талаас нь бодоод үзсэн хуучин хууль хэрэглэх ёсгүй. Гэхдээ 60 тэрбумыг гэмт хэрэг гэж үзэх гээд байгаа бол хуучин хууль хэрэглэхгүй гэж яриад байгаа юм. Түүнээс биш бид гэмт хэрэг мөн гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш. 60 тэрбумын гэх энэ үйл явдал гэмт хэрэг биш. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх гээд байгаа бол гэмт хэрэгтэн нь Ганбаатар биш. Тэр бичлэгийг үзээд, тайлбарлаад сууж байсан зөндөө л хүн байгаа, тэд нар нь яагаад зүгээр яваад байгаа юм гэдэг асуудал ч яригдана. Одоо энэ асуудлыг ярихаар шалгаж дуусаагүй хэргийн талаар ярих болчихоод, шүүгчид нөлөөлсөн зэрэг янз янзын асуудалд орох учраас орхилоо. Нэгэнт хуучин хууль хэрэглэхгүй, шинэ хууль хэрэглэнэ гэдэг нь илэрхий байгаа учраас хуулиараа ч, хуульчийн ёс зүйн дүрмээрээ ч ярьж болох асуудал юм. Гэтэл хуучин Эрүүгийн хууль хэрэглэж энэ хүмүүст ял оноох гээд байна. Хуульч хүн болгон, хуулийн сургуулийн оюутнууд, цагдаа, мөрдөгч, шүүгч, прокурор гээд бүгд мэдэж байгаа, хуучин хуулийг яагаад ч хэрэглэж болохгүй гэдгийг. Гэтэл яагаад хэрэглэх гээд байна гэдэгт асуудал байгаа.

-Шүүх хурал болохоор тов гаргаад байна гэдэг хуучин хуулийг хэрэглэх гээд байна гэсэн үг үү?

-Процессоороо бол гэмт хэргийн тухай мэдээлэл ирж, мөрдөгч хэрэг бүртгэл явуулаад гэмт хэрэг мөн гэж үзэх юм бол прокуророос зөвшөөрөл аваад, хяналтад дор нь хэрэг хэрхэн шийдвэрлэх ажиллагаануудаа хийгээд гэмт хэрэг биш байна аа гэх юм бол прокурор хааж болно. Мөрдөгч ч гэсэн хаах саналаа прокурорт өгч болно. Санал өгөөгүй ч прокурор хааж болно. Гэтэл прокурор үүнийг гэмт хэрэг мөн гээд шүүхэд өгчихөөд байна. Шүүх прокурорын шийдвэрийг батлаад цааш нь хариуцлага хүлээлгэх юм уу, эсвэл гэмт хэрэг биш гэж шийдэх үү гэдэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал болчихоод байна. Прокурорын зүгээс бидэнд үнэхээр инээдтэй хариу өгч байгаа юм. Бид гэмт хэрэг биш гэсэн үндэслэлүүдээ бичээд гэмт хэрэг биш учраас хэргийг хаана уу гэсэн албан бичгээ өгсөн. Хариуг нь хар үгээр хэлбэл, “яахав, бид нар ингээд явууллаа. Шүүх наадахыг чинь хэрэг биш гээд л шийдчихнэ биз”гэсэн.

-Юу ч гэмээр юм бэ дээ...

-Өөрсдөөсөө зайлуулж байгаам уу, эсвэл үнэхээр дарамтанд орчихоод бие бие рүүгээ түлхэж байгаа юм уу, бүү мэд. Хэргийг шүүхийн шатнаас прокурор руу их буцаадаг. Энэ бол хэзээ ч байж болохгүй зүйл. Дэлхий дахинд ч байдаггүй. Ингэж болохгүй гээд шинэ хуулин дээрээ болиулсан чинь 2017 оны өөрчлөлтөөр хуучин хэвээр нь болгочихсон. Хууль зүйн дэд сайд байсан Б.Энхбаяр ч бас хэлсэн байна лээ, ингэж хэрэг буцаадаг нь авлигын хэргийг цэцэглүүлж байна гэж. Шүүх дээр айлгаж байгаад буцаадаг. Тэгээд “чамд ял өгвөл өгчих л байсан, буцаалаа шүү, одоо нөгөө юмаа өг” гэдэг нөхцөл рүү оруулж байна гэдэг. Энэ үнэн. Хоёрт, шүүгч, прокурорууд хариуцлагаас бултдаг байдал руу мөн оруулж байгаа. Прокурор хэргийг энэ гэмт хэрэг мөн гэдгийг ямар ч асуудалгүй, маргаангүй боож шүүх рүү оруулах ёстой. Мөн цагаатгах талаас нь ч прокурор хянах ёстой. Манайд энэ талаас ердөө оруулдаггүй учраас би яллах ёстой юм шиг л яриад байгаа юм. Шүүх дээр очоод нотлох баримт хангалтгүй цуглуулсан, гэмт хэрэг нотлогдохгүй байгаа тохиолдолд гэмт хэрэг биш байна гээд шийдвэрээ шууд гаргах ёстой. Прокурор дутуу шалгасан бол хариуцлагаа хүлээ л дээ. Түүнээс биш “чи дутуу шалгасан байна. Энэ заавал гэмт хэрэг байх ёстой. Гэмт хэрэг болтол нь шалгаж оруулж ир” гэж байгаа юм шиг хэрэг буцаадаг. Мөн прокурор өөрөө улс төрийн нөлөөнд орж байна. Нөлөөнд орохоороо “ямар ч байсан хэргийг нь боогоод явуулчихъя” гээд явуулдаг. Тэгээд цаана нөлөөлөөд байгаа этгээддээ “би ямар ч байсан нүдээ аниад явуулсан шүү” гэдэг. Үүнээс гадна манай төрийн байгууллагуудын ажлын үр дүнгийн гэрээ гэдэг утгагүй зүйлээс хамааралтай. Учир нь прокурор хэрэг шалгаж байгаад хаавал ажлын үзүүлэлтэд нь сөргөөр нөлөөлдөг. Цагдаа сард дөрвөн хэрэг заавал прокурор руу шилжүүлэх ёстой. Ингэхгүй бол ажлын үзүүлэлт нь буурдаг.

-Заавал яллах нь гол юм уу?

-Заавал хэрэгтэн орж ирэх ёстой болчихдог. Ингээд прокурор ажлын үзүүлэлтээ бодсон ч, дээрээс нөлөөлөөд байгаа хүнээ бодсон ч заавал шүүх рүү шилжүүлдэг. Шүүгч бас нөлөөнд автана. Ял өгөхгүй гээд шийдэхээр дараа нь өөрөө асуудалд орох гээд байдаг, ял өгөхөөр арай улайм цайм болох гээд байдаг. Тэгэхээр өөрөөсөө зайлуулаад буцаачихдаг. Хэрэг ингэж хоёр тийшээ шидэгдэхээр шалгагдаж байгаа хүний эрх зүйн байдал, сэтгэл санаа маш их дарамтад ордог. Хүнийг маш их хохироож байгаа юм. Зарим нь бүр хоригдоод шалгагдаж байгаа.Гарч ирээд хохирлоо олигтой барагдуулсан ч юм байхгүй өнгөрдөг.

-Хэрэг буцаах гэдэг нэрийн дор цагдаа, прокурор, шүүхийн авлигын гурвалсан коридор үүссэн гээд их ярьдаг...

-Авлига нэхэхээр тухайн хүн би гэмт хэрэг үйлдээгүй юм чинь хуулиараа үнэн зөв шийдэгдэх байлгүй, шүүх шударга ажиллах биз гэж явсаар байгаад шүүх дээр ирдэг. Яг ял авах, эсэх дээрээ тулахаар “аль дээр юмыг нь өгсөн байсан бол гайгүй байх байж дээ” гэж боддог. Чамайг гэмт хэрэг хийгээгүй байхад чинь гэмт хэрэгтэн мэт болгож чадна шүү гэдгийг харуулчихаад прокурорт буцаадаг. “Прокурорт хэрэгсэхгүй болгож чадна, одоо юмаа өг” гэдэг.

-Энэ заваан тогтолцоог энэ хуулийн өөрчлөлөөр шийдэж чадахгүй нь л дээ...

-Одоо орж байгаа хуулийн өөрчлөлтөөр шийдэхгүй. Одоогийн хэлэлцэгдэж байгаа хууль эрүүгийн эрх зүйн орчноо сайжруулах биш, улам муутгаж байна гэж хараад байгаа.

-60 тэрбумын гэх хэрэгт одоо Ганбаатар, Сандуй хоёрыг л яллагдагчаар татсан уу?

-Энэ хоёр хүн л байгаа.

-Гэтэл цаана нь Доржзодов гээд схем зурж танилцуулсан хүн байгаа. Түүнийг нь Ганбаатар, Сандуй хоёртой хамт суугаад сонсож байсан хүмүүс Засаг тэргүүлж, намын генсек болчихсон явна. Тэд яагаад хэрэгт холбогддоггүй юм бэ?

-Энэ хэрэг дээр би шүүхийн шатан дээрээс өмгөөлөгчөөр ажиллаад явж байна. Прокурорт “Энэ хүнээ шалгаач, тэрийг хийгээч” гэсэн нэмэлт хүсэлт өгөх боломж байхгүй болсны дараа би өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн гэсэн үг. Яагаад Ганбаатар, Сандуй гэж хоёр хүн өмгөөлөгч аваагүй юм гэхээр, түрүүний хэлсэн шиг би гэмт хэрэг хийгээгүй юм чинь гэж явсаар байгаад шүүх дээр ирсэн байна. Өмнө нь хоёр гурван ч удаа гэмт хэрэг биш гэж хаагдсан хэрэг. Бид шүүх дээр “яагаад энэ хүмүүсийг хэрэгт татаагүй юм бэ” гэдэг асуудлыг тавина. Нэг хүн ойлгомжтой байгаа нь Доржзодов. Энэ хүнд хэрэг үүсгэсэн ч прокуророос хэргийг нь хэрэгсэхгүй болгоод хаасан байдаг. Гэмт хэрэг хийснээ өөрөө сайн дураараа хүлээсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэсэн заалт хуучин хуулинд бий. Прокурор хэрэг хаасныг энэ үндэслэлээр тайлбарладаг. Логикоор нь харахад Доржзодов ямартаа ч гэмт хэрэг хийгээд түүнийгээ сайн дураараа хүлээсэн гэдгийг прокурор хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл сайн дураараа илчилсэн үү, үгүй юу гэдэг асуудал дахиад яригдана. Доржзодов гэдэг хүн хэргээ сайн дураараа илчилсэн юм ерөөсөө байдаггүй. Анх АН, МАХН, МАН бүгд цагдаад мэдээлэл өгсөн байдаг. Тэр мэдээллээр шалгаж явж байхдаа энэ нөхрийг олдохгүй байхад нь эрж хайж мэдүүлэг авсан байдаг. Гэмт хэрэг илчилсэн хүн зугтаж явж байгаад баригдаж ирж мэдээлэл өгдөг юм уу. Хар тамхин дээр ч ийм тайлбар байдаг, гэмт хэргээ илчилсэн, эсвэл хар тамхины өөр хэргүүдийг илчилж өгвөл хэргээс чөлөөлнө гэдэг. Харин тэр мэдээлсэн хэргийг нь цагдаа мэдээгүй шинэ хэрэг байх ёстой. Хэрэв цагдаа мэдэж, мөрдөж байсан хэргийг мэдээлэх юм бол тооцохгүй гэдэг зарчим. Үүнтэй адилхан, цагдаа шалгаж байсан хэргийг Доржзодов ярихаар хэргээ сайн дураараа хүлээсэн болохгүй. Тэгвэл хүн болгон ингэе л дээ. Хар тамхи татаж байгаад баригдангуутаа “за би хэргээ хүлээе ээ, би ярья” гээд л хариуцлагаас чөлөөлөгдөөд байж болох нь. Ингэвэл Эрүүгийн хуулийн бүх зарчим алдагдах, хуультай байх нь утгагүй болж эхэлнэ. Хуулиа хэрэгжүүлдэг биш, үзэмжээрээ шийддэг болно. Зарим хүнийг ялаас чөлөөлж, заримыг нь үзэмжээрээ яллаад байж болохгүй.

-Та Б.Хурцын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Мөрдөн байцаалтад шилжүүлсэн байсан Б.Хурцын хэргийг хэдхэн хоногийн өмнө анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Одоо ямар үйл явдал өрнөх вэ?

-Б.Хурц нарын гэж яригдаад байгаа есөн шүүгдэгчтэй энэ хэрэг зургаа хоногийн турш Төв аймгийн анхан шатны шүүх дээр хуралдсан. Маш олон зүйлийг дутуу шалгасан, шалгах ёстой зүйлээ шалгаагүй байна , гэмт хэрэг гэж үзээд ял өгөхөд боломжгүй байна, тогтоож тодруулах олон зүйл байна гэдэг ерөнхий үндэслэлээр прокурорын нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм. Прокурорууд болохоор шүүх буруу шийдсэн, буцаахгүй байх ёстой гэдэг үндэслэлээр эсэргүүцлээ давах шатны шүүхэд гаргаж, давах шатны шүүх түүнийг нь хүлээж авсан. Өмгөөлөгчдийн зүгээс давах шатны шүүхийн магадлал дээр Улсын дээд шүүхэд гомдол гаргана.

-Гомдлыг хүлээж авахгүй байж болох уу?

-Болно. Улсын дээд шүүх хоёр янзын шийд гаргана. Нэг нь давахын шийдвэр болон прокурорын эсэргүүцэл зөв байна. Анхан шатны шүүх шийдэж болно гэнэ. Эсвэл анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна, давахын шийдвэр болон прокурорын эсэргүүцэл буруу байна, мөрдөн байцаалтад буцаа гэсэн шийдвэр гарна.

-Хэд хоногт гарах вэ?

-Хугацаа хэлж чадахгүй байна. Эхлээд давах шатны шүүхийн шийдвэрийг гардаж авах хэрэгтэй байна. Шийдвэр авсанаасаа хойш 14 хоногийн дотор өмгөөлөгч нар гомдлоо гаргах хугацаа байна. Гомдлоо гаргаад өгөхөөр шүүх хэзээ хурлын товоо зарлах бол гээд биднээс шалтгаалахгүй шалтгаанууд байгаа болохоор хугацаа тодорхой хэлж чадахгүй байна.

-Б.Хурц нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа гэсэн мэдээлэл байсан болохоор хугацаа асуусан юм?

-Зарим үйлдэл нь 2014 онд, зарим нь 2015 онд хийгдсэн юм билээ. 2014 онд болсон үйл явдлын хөөн хэлэлцэх хугацаа зарим хүнийх нь дууссан. Энэ бол нэг хоёр хүний асуудал. Бусад хүмүүсийн хувьд буруутгаад байгаа зүйл нь таван жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны есдүгээр сард дуусна.

Д.Оюунтуяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)