Монгол Улс дахь хүний эрхийн асуудлыг цогцоор нь авч үзэх саналыг гаргав

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.22) хуралдаан 12 цаг 23 минутад эхэлж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны 48/134 дүгээр тогтоолоороо батламжилсан "Хүний эрхийн үндэсний байгууллагуудын талаарх зарчмууд буюу Парисын зарчмууд"-ын дагуу УИХ-аас 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан бөгөөд 19 дэх жилдээ зарчмын шинжтэй өөрчлөлт оролгүйгээр хэрэгжиж байгаа аж. Парисын зарчмын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан гэж үздэг ч Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Зохицуулах Хорооноос уг зарчимд бүрэн нийцүүлэх шаардлагатай талаарх зөвлөмжүүдийн удаа дараа өгсөөр иржээ. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг Монгол Улс соёрхон баталсан. Энэ хүрээнд оролцогч улс бүр нэг жилийн дотор үндэсний түвшинд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх байгууллагыг байгуулах үүргийг хүлээдэг байна. НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хорооноос удаа дараа Монгол Улсын Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах асуудлаар зөвлөмжүүдийг өгсөөр байсан ч манай тал томоохон өөрчлөлтийг хийлгүй өнөөдрийг хүрсэн гэлээ. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 45 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 5.2.11-д “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулж, хүний эрхийн стандартыг нэвтрүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын 2017 оны “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан байдаг. Энэ дагуу төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Мөн хүний эрхийн үндэсний тогтолцооны бүрдэл, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, комиссын үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх хангалттай төсөвтэй байхаар тусгасан байна. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, хөхиүлэн дэмжих, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн төслийг боловсруулж, хянуулж, батлуулах процедурыг тодорхой болгож тусгажээ. 

Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл бэлтгэх, олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулах, тайлагнах, хэрэгжүүлэх үйл явцыг боловсронгуй болгохоор төсөлд тусгасан байна. Хамтын зарчмаар шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх Комиссын хуралдааны журмыг нарийвчлаах, комисст гаргасан гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гишүүнийг төлөөлөн ажиллаж буй тухайн чиг үүргийг хэрэгжүүлж буй Комиссын ажлын албаны албан хаагчдын мэдээлэл цуглуулах ажиллагааны явцад эдлэх эрхийг хууль тогтоомжоор баталгаажуулах асуудлыг зохицуулахаар төсөлд тусгасан байна. Комиссоос хүргүүлж буй шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлэхгүй удаашруулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох талаар шуурхай, тодорхой арга хэмжээ авахгүй байгаа тохиолдолд хүлээлгэх хариуцлага тооцох үндэслэлийг тодорхой болгох, комисст ирүүлсэн иргэний болон эрүүгийн хэрэг маргаантай холбоотой гомдлыг харьяаллын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж буй зохицуулалтад зөрчил, захиргааны хэрэг маргааныг нэмж тусгах, бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг Комиссын дэргэд бий болгох зэрэг асуудлыг төсөлд тусгасан болохыг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцууллаа. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Х.Нямбаатар нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. НҮБ-аас ирүүлсэн холбогдох зөвлөмж дээр хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцолсон байдгийг хэлж байсан. Засгийн газрын түвшинд хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байгаа тэрхүү төслийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамтатган хэлэлцэх нь олон талын ач холбогдолтой талаарх саналыг Н.Оюундарь гишүүн тэмдэглэв. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар үг хэлэв. Энэхүү төслийн хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд Монгол Улс дахь хүний эрхийн асуудлыг том зургаар нь харах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал хариуцсан орон тоог Хүний эрхийн Үндэсний Комисст бий болгосноор, төсвөөр хязгаарлагдсан байдлаар цаашид хүний эрхийг хангахтай холбоотой асуудлыг ярих нь оновчгүй. Эрх зүйн болон тогтолцооны хувьд засаж, сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлаас эхлэн эрүүдэн шүүх хүртэл, хууль цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны явцад хэн нэгэнтэй зүй бусаар доромж, хэрцгий харилцахгүй, дарамтлахгүй, заналхийлэхгүй, нэр төрийг нь гутаахгүй байх ёстой гэдэг зарчимд нийцүүлэх хүртэл асуудлыг сууриар нь цогцоор харах шаардлага бий гэдэг саналыг тэрбээр хэлж байсан. Төслүүдийн хэлэлцүүлгийн нухацтай хэлэлцэх ёстой гэдэг байр суурийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэлсэн. Хүний эрх гэдгийг эрүүгийн байцаан шийтгэх харилцааны хүрээгээр явцууруулж ойлгож болохгүй, Монгол Улс өнгөрсөн хугацаанд олон улсын түвшинд хүний эрхийн харилцаанд эн тэнцүү харилцаж ирснийг тэрбээр тэмдэглэсэн. Гэсэн хэдий ч өнөөгийн үүссэн нөхцөл байдлаас харахад эрх зүйн зарим төрлийн шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлага харагдаж байгааг хэлж байлаа. 

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)