ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

 

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг хүчингүй болгож, Чөлөөт бүсийн тухай 2002 оны хуулийг шинэчлэн найруулж Чөлөөт бүсийн тухай нэг хууль батлан өнөөг хүртэл мөрдүүлж ирлээ.

    Энэхүү шинэчилсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “”Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ””, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна.” гэж тус тус заасан. Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр захирамжийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурж байгуулсан.

    Энэхүү хэлэлцээрийн төслийг боловсруулах, Хятадын талтай хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Хил дамнасан чөлөөт бүс" гэсэн томьёоллыг өөрчлөх чиглэл өгсний дагуу Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

    Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ /1994 он/”, “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал /2014 он/", Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тус тус нийцэж байгаа болно.

    Чөлөөт бүсийн тухай /2015 онд батлагдсан/ хуульд тусгагдсан “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх, нийгэмд сөргөөр ойлгогдох магадлалтай тул Монгол, Хятадын Замын- Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллоор Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Шадар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.3 хувь нь Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав. Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар төслийг боловсруулжээ. Энэхүү хуулийн төсөл нь 4 бүлэгтэй бөгөөд хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тодорхойлсон байна. Мэргэжлийн нэгдсэн холбооны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүрэгт түүний үйл ажиллагаа болон гишүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлж, гишүүнчлэлийн дийлэнх олонх нь мэргэшсэн төрийн бус байгууллага болон хувь хүн байхаар зохицуулжээ. Мөн тодорхой салбарын хэмжээнд нэг мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулах ба оноосон нэрний ард “МНХ” гэсэн тодотгол авахаар заасан. Салбарын мэргэжлийн нэгдсэн холбооны салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулахын тулд тухайн холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө салбарын яамандаа холбогдох материалаа хүргүүлэх ба яам хүлээж авсан материалыг хүлээн авч Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшөөрөл олгох эсэхээ шийдвэрлэнэ. Сайдын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн тохиолдолд холбогдох зөвшөөрлөө хуулийн дагуу шаардсан бичиг баримтын хамт бүртгэлийн байгууллагад гаргаж өгч улсын бүртгэлд бүртгүүлэхээр тусгажээ. Түүнчлэн мэргэжлийн холбооны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дотоод зохион байгуулалт болох хурал, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан. Мэргэжлийн нэгдсэн холбоо, төр хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг тусгасан бөгөөд энэ хүрээнд төрийн зүгээс мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах нөхцлийг мөн тусгасан.

    Хуулийн төсөл батлагдснаар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа тогтвортой, мэргэшсэн байх нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ. Мөн мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа бэхжсэнээр төрийн зарим чиг үүргийг энэхүү хуулийн дагуу байгуулагдах гэрээний эсхүл хуулийн дагуу гүйцэтгэх нөхцөл бүрдэх, төр, хувийн хэвшлийн түншлэл бэхжих, олон жижиг төрийн бус байгууллагууд нэгдэж цар хүрээ нь тэлэх, олон улсад үйл ажиллагаа нь хүлээн зөвшөөрөгдөх боломж өсөх зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг илүү мэргэшсэн түвшинд гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн ялангуяа мэргэжлийн байгууллагын үзүүлэх нөлөө нэмэгдэх, мэргэжлийн холбооны үйл ажиллагааны сахилга, хариуцлага нэмэгдэх үр дагавартай болохыг Н.Учрал гишүүн танилцуулсан. Хуулийн төсөл нь тухайн салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлсэнээр төрийн чиг үүргийг илүү мэргэжлийн төвшинд хүргэхэд түлхэц болох боломжийг нэмэгдүүлэх бөгөөд төсөвт ачаалал үүсгэхгүй цаашилбал зарим нэг үр ашиггүй зардал, орон тоог бууруулах боломж бололцоо бүрдэх аж.

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нар зарим зүйлийг тодруулж, тайлбар мэдээллийг Н.Учрал гишүүнээс авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-очир үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)