Г.Ичинхорлоо: 15 төрлийн 3000 шахам уламжлалт тоглоом наадгай бий

-ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ, НААДГАЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ "МОНГОЛ НААДГАЙ" ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА- 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Ичинхорлоогоос “Монгол наадгай” аяны талаар тодрууллаа

 

-“Монгол наадгай” аяны талаар мэдээлэл өгнө үү. Ямар ач холбогдолтой арга хэмжээ вэ?

-Хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгох зорилтыг Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Мөн 2019-2020 оныг Бүх нийтийг соён гэгээрүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд бид соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах олон төрлийн аян, арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Монгол наадгай” аян юм.

Монголын ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадам зүй ёсоор ордог. Хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны нэгэн том хувь нэмэр нь монгол наадгай гэж үздэг. Бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн 15 төрлийн 3000 шахам тоглоом наадам бий. Тухайлбал, Шагайн тоглоом, Хөлөгт тоглоом, Оньсон тоглоом, Аман наадам, Уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, Өрж эвлүүлдэг тоглоом, Хуруу гараар наадах наадгай, Шагайн тоглоом, Шүүрэх,булаалдах наадгай, Тооцоолох наадгай, Эвхэх,хайчлах наадгай, Илбэ,мэрэг болон уламжлалт спорт наадам болох Мөсөн дээрх наадам, Эрийн гурван наадам гээд олон төрөл зүйл багтдаг.

Иймд уламжлалт тоглоом наадмын түүхийг судлан, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх, судлаачдыг дэмжих, үндэсний уламжлалт тоглоом наадгайн бүртгэл судалгааг сайжруулахаас гадна үндэсний тоглоом, наадгайн үндэсний үйлдвэрлэгч байгууллага иргэд, өвлөн уламжлагчийг сурталчлах, үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага их байна.

-Монгол наадгай аяны хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулаад байна вэ?

-Аяныг угтан 2019 оны 1 дүгээр сард Цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг зохион байгуулсан. Үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй эртний шавар, шаазан хасаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг тоглоомын олдворуудыг анх удаа дэлгэн үзүүлсэн бөгөөд ард түмний дунд өнөө хүртэл уламжлагдан ирсэн хорол, үйчүүр, бажий, буган жиргээ зэрэг 100 гаруй тоглоомыг дэлгэн үзүүлсэн болно. Цагаан сарын битүүний орой шагайгаар “Алаг мэлхий” өрдөг бол, шинийн нэгэнд золголтоор ирсэн зочид гийчид нь “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинжихээс гадна үйчүүр, алаг мэлхий, дөрвөн бэрх, хорол зэрэг тоглоом тоглодог уламжлалыг ийнхүү хүүхдүүдэд сонирхуулсан нь цаг үеэ олсон үзэгчдийн мэдлэг тэлсэн арга хэмжээ болсон. Эдгээр арга хэмжээнүүдийг 2020 оноос эхлэн 21 аймаг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийт музейд зохион байгуулах нь зүйтэй юм гэж үзсэн.

-Удахгүй болох өдөрлөгийн хүрээнд ямар үзвэр, үйлчилгээ, арга хэмжээ болох вэ?

-2019 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монгол наадгай” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн холбогдох хүрээлэн, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаач болон энэ чиглэлээр судалгаа, бүртгэл хийдэг цуглуулагч, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч нар оролцож, судалгааны шинжилгээний ажлаа танилцуулах юм.

Мөн үндэсний уламжлалт тоглоом наадгайг орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүүхэд залуусын сонирхлыг татахуйц хэлбэрээр шинээр хийж бүтээсэн үндэсний үйлдвэрлэгч, байгууллага, иргэдийн бүтээл болон хувь хүмүүсийн гар дээрх түүх, соёлын дурсгалт зүйлсийн үзэсгэлэн гаргаж, түүнийг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ өргөнөөр оролцохыг урьж байна. Үндэсний тоглоом наадгай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ өдөрлөгийн үеэр танилцуулахыг хүсвэл бид хүлээж авахад бэлэн.  https://naadbrand.com/mongolnaadgai  линкээр бүртгүүлээрэй гэж хэлмээр байна.

-“Монгол наадгай” аян зөвхөн энэ өдөрлөгөөр хязгаарлагдахгүй биз дээ. Хүүхэд багачуудаа тоглоом наадгайгаар дамжуулан хүмүүжүүлж, хөгжүүлж ирсэн ардын сайхан уламжлалаа сэргээх, өвлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид ч авах байх гэж бодож байна?

-Монгол тоглоом наадгайн судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тоглоом наадгайн танилцуулга бүхий нэвтэрхий толь боловсруулан бүх нийтийн хүртээл болгох том зорилтыг дэвшүүлээд ажиллаж байна. Монгол үндэсний тоглоом наадмын талаарх түүх, тоглох аргачлал бүхий нэгдсэн мэдээллийн сантай болох нь сургалтад ашиглах, судалгааны эх үүсвэр болгох, шинээр үйлдвэрлэгч бүтээгдэхүүн бий болгогч нарт гарын авлага болох зэрэг олон талын холбогдолтой.

Мөн Монгол Улс 2019 онд ЮНЕСКО-гийн Уламжлалт спорт, тоглоом наадгайн найзуудын бүлэгт элсэн орсон. Уламжлалт спорт, тоглоом наадгайн (УСТН) Олон Улсын зөвлөлөөс төлөөлөгчид ирж “Монгол наадгай” өдөрлөгт оролцож, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар санал солилцох гэж байна.

 

Эх сурвалж: БСШУСЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)