Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато-г хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такаока Масато-г үүрэгт ажлаа дуусгаж, нутаг буцахтай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаандаа хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хөгжилд түлхэц үзүүлэх, томоохон бүтээн байгуулалтын төсөл болох Их сургуулийн эмнэлэг, тэрчлэн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг ЖАЙКА-ийн шугамаар үр дүн нь шууд үзэгдэж мэдрэгдэх, бага, дунд хэмжээний маш олон тооны төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласанд талархал илэрхийллээ. Нэн ялангуяа Монгол, Япон хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон их сургуулийн эмнэлэг ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

 


Элчин сайд Такаока Масато Япон, Монголын сургалтын эмнэлэг 10 дугаар сарын 1-ний өдөр амбулаторийн нээлтээ хийснээс хойшхи хугацаанд 12,000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлээд байгаа хийгээд тэдгээрийн олонхи нь Баянзүрх дүүргийн хүн  ам байгаа тул сургалтын эмнэлэг тус дүүргийн хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна хэмээгээд уг эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой олон ажлыг Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажилласны дүнд хийж гүйцэтгэсэн болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн Япон Улсад газар хөдлөх, хар салхи дэгдэх зэрэг байгалийн гамшиг тохиох үед Монголын ард иргэд байнга сэтгэл санааны болон эд мөнгөний тусламж дэмжлэг үзүүлдгийг дурьдаж, Улаанбаатар хотод 2018 оны зун үргэлжлэн орсон их борооны улмаас Хавдар судлалын үндэсний төвийн дээвэрт эвдрэл үүссэнийг нэн даруй засах шаардлага үүссэн үед “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн нь олон мянган хүн үйлчлүүлдэг тус эмнэлэгийн үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэхэд тодорхой хувь нэмэр, туслалцаа үзүүлсэндээ баяртай байдаг хэмээв.
 

Уулзалтын явцад талууд хамтран хэрэгжүүлсэн дээрх болон бусад олон төслүүдийн талаар харилцан дэлгэрэнгүй ярилцаж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Такаока Масато-д ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”-ийг гардуулж, түүний цаашдын ажилд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)