"Гомдолгүй" гэх гоншигоносон үг гэмт этгээдийг өөгшүүлдэг

“Нөхөр маань согтуу ирчихээд агсам тавиад байна. Туслаарай” хэмээн цагдаа дууддаг ч төд удалгүй “Гомдолгүй, өргөдлөө буцаалаа” гэдэг. Яагаад гэдэг асуултад тэд “Тэр ажил хийж, гэр бүлээ тэжээдэг. Тиймээс хүүхдүүд маань идэх хоолгүй болчих нь” гэх зэргээр учирладаг байна.

Энэ бол гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дийлэнх бүсгүйн зөрчилдөөнт үзэл бодол. Тусламж хүсдэг ч эцэст нь гомдолгүй гэдэг. Сүхбаатар дүүрэгт энэ оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 2273 дуудлага ирсэн бөгөөд эдгээрийн 210-т нь зөрчлийн хэрэг нээжээ. Харин үлдсэн дуудлагын хохирогч дээрх шалтгаанаар гомдлоо буцаасан байна.

 

Гомдолгүй гэж өчих нь тухайн үедээ гэр бүлээ хамгаалж, аварч үлдэх оролдлого байж болох ч нөгөө талаараа хүчирхийлэл хүндэрч, дахин энэ төрлийн хэргийн хохирогч болох, даамжруулах нөхцөл байдлыг бий болгодог байна. Бүсгүйчүүд “Эр хүн, эмэгтэй хүнд нэг л удаа гар хүрсэн бол дахиад хүрнэ” гэлцдэг нь үнэний хувьтайг хүчирхийлэл давтан үйлдэж буй этгээдүүд нотолж байх шиг.

 

Тодруулбал, 2-30 гаруй удаагийн дуудлага, мэдээлэл өгч, хоёроос дээш удаа баривчлагдаж байсан хүмүүс шүүхээс ял сонсдог. Баривчлагдсан нийт хүний 90 орчим хувь нь өмнө нь эрүүлжүүлэгдсэн бол арав орчим хувь нь ял шийтгэл эдэлж байсан байдаг аж. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн арав гаруй хувь нь дахин давтан үйлддэг бол 98 хувь нь эрүүл, хоёр хувь нь сэтгэцийн өвчтэй гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар 197 мянган дуудлага ирсэн бөгөөд үүний 30 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлийнх байжээ. Мөн 2536 иргэнийг шүүхийн шийдвэрээр  баривчлуулах арга хэмжээ авсан бол архины албадан эмчилгээнд 412 иргэнийг хамруулсан байна. Эхний зургаан сард 30010 хүн эрүүлжүүлэхэд хоносон нь архидалт их байгааг харуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл өнгөрсөн оныхоос 20 гаруй хувиар буурчээ. Тэхдээ дуудлага багассан ч гэмт хэрэг өссөн дүнтэй гарч буй нь цагдаа нар дуудлага нэг бүрт хүрч ажиллаж, хуульд заасан хариуцлагыг ногдуулж байгаатай холбоотой” гэж албаныхан тайлбарлаж байгаа юм. Жишээлбэл, хоорондоо маргалдаад нөхөр нь гараад явчихсан тохиолдолд маргааш нь материалжуулах үйл ажиллагаа зохион байгуулж, хуульд заасан хариуцлагыг нөхөрт нь ногдуулдаг байна. Гэр бүлийн хүчирхийллийг анхлан үйлдсэн бол Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчилна. Харин давтан үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, торгууль ногдуулах болон хорих заалттай байдаг. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн асрамжийн байгууллагад ажилладаг хүн энэ хэргийг үйлдсэн байвал шийтгэлийг нь хүндрүүлдэг. Энэ тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах буюу хорих заалттай. Иймд энэ зөрчлийг давтан гаргаж гэмт хэрэгтэн болчихвол гадагшаа явах, ажилд орох зэргээр нийгмийн амьдралд нь бэрхшээл үүснэ гэдгийг ойлгох ёстой.

 

“АМЬД ХҮНИЙ ГЭРЧ БОЛСНООС ҮХСЭН ХҮНИЙ ДЭР БОЛ” ГЭДЭГ НЬ БУРУУ

 

Аливаа зөрчлийг бага дээр нь таслан зогсоогоогүйгээс хүний амь эрсэдсэн тохиолдол олон байдаг. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт нөхөр нь эхнэрийгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан. Цагдаад огт дуудлага өгч байгаагүйг шалгалтын явцад тогтоожээ. Нөхөр нь эхнэрээ зодож, дарамталдгийг хажуу айл нь мэддэг ч нэг ч удаа цагдаад хандаж байгаагүй аж. Цоожтой хаалга, дөрвөн хананы дунд болж буй харгислалын талаар хөршүүд нь цагдаад мэдэгдэхгүй бол хүний амь, эрүүл мэндийг хохироох эрсдэлтэйг дээрх жишээ харуулж байгаа юм. Дийлэнх хөрш ‘‘Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол” гээд хажуу айлынх нь хэн нэгэн эрүүл, согтуудаа ч ялгаагүй гэр бүлийнхэндээ ааг омгоо гаргаж байхад юу ч болоогүй мэт өнгөрөөдөг. Хэрэв эхнэр нь биш ч гэлээ хөрш нь мэдээлсэн бол нэгэн гэр бүл элэг бүтэн байх байлаа. Тиймээс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас дүүргийнхээ нутаг дэвсгэрт гарч буй гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, дуудлага, мэдээлэлд цаг алдалгүй очих, алба хаагчдаа чадавхжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилготой ажлыг эхлүүлээд байгаа билээ. Аравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 267 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 9.4 хувь нь буюу 25 нь тус дүүрэгт гарчээ. Эдгээр дуудлага мэдээллийг нарийвчлан авч үзэхэд, шөнийн цагаар буюу 21.00-00.00 цагийн хооронд 13.00- 21.00 цагийн хооронд 12 дуудлага бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 44 хувь согтуу үедээ хэрэг үйлджээ.

 

БУСДЫН ХҮСЭЛ ЗОРИГИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ БОЛЖЭЭ

 

Зөвхөн гэр бүлийн гишүүд нэгнийгээ зодохыг гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгож болохгүйг албаныхан тодотгож байна. Эдийн засгийн хараат байдалд оруулах, зодох, хүсэл зоригийн эсрэг байлгах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэлд багтдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд 2018 оны байдлаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдээ зодох зөрчил их үйлдэгдсэн бол энэ онд хүсэл зоригийн эсрэг хүчирхийлэл их гарах болжээ. Агсам тавьж бусдын тайван амрах эрхийг зөрчиж байгаа нь энэ төрлийн хүчирхийлэлд багтдаг байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүнээ зодвол хариуцлага тооцно гэдгийг мэдсэн хүн бусад хэлбэрээр буюу бусдын хүсэл зоригийн эсрэг хүчирхийлэл үйлдэх болжээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд, бага насны хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдах явдал удаа дараа гарч нийгмийг цочирдуулдаг.

 

 

 

Хүчирхийлэл гэхээр эмэгтэйчүүд, хүүхдүүд л өртдөг мэтээр ойлгодог ч эрчүүд далд хэлбэрээр өртөх явдал нэмэгдэх болжээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхний мэдээлснээр дуудлагын  найм орчим хувийг эрчүүд хүчирхийлэлд өртсөн тухай гомдол эзэлдэг байна. Олонх нь бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Эрчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа хэнд ч хэлдэггүй нь энэ төрлийн хэрэг нэмэгдэх нэг шалтгаан болдог.

 

 

Тухайлбал, нэгэн лам төрсөн эцгээ зодож гэмтээсэн хэрэг олонд ил болж, хүмүүсийг сэртхийлгэж, дургүйцэл жихүүцлийг төрүүлээд байгаа. Бурхны сургаал, сайн сайхан явдал, гэгээрэхүйг сүсэгтэн олонд таниулдаг лам хүн архи ууж ийн ёс зүйгүй авирласан нь харамсалтай. Сахил хүртсэн лам хүний өдүүлсэн хэрэг сархад хэмээгч савнаасаа бусдыг дийлдэг гэдгийг харуулав. Тэрбээр 1991 онд Дундговь аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, Хан-Уул дүүргийн XIV хороонд үйл ажиллагаа  явуулдаг нэгэн хийдийн их унзад лам. Ламтан энэ оны хоёрдугаар сард согтуудаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцгийнхээ толгой руу нэг бус удаа өшиглөж  эрүүл мэндэд нь хохирол учруулсан тул түүнд дөрвөн жилийн хорих ял сонсгосон.

 

ТУСЛААРАЙ, ГОМДОЛТОЙ

 

Хүний эрхийг хүндэтгэх үүднээс тэдний нэрийг өөрөөр орлуулж, болсон явдлын талаар товчхон өгүүлье. Амралтын өдөр Болдын утас дуугарч "Найз нь байна, эрүүлжүүлэхээс ирж аваарай" гэх танил дуу Бат гэдгийг илтгэв. Болдыг очиход эрүүлжүүлэхийн үүдэнд “баатруудаа” авах гэсэн олны хөл тасрахгүй байж. Эрүүлжүүлэхийн төлбөр 4150 төгрөгийг төлөөд найзыгаа гарч ирэхийг хүлээх зуур Болд цагдаагийн хэлтэс рүү очин учрыг тодруулахад “Бат зүгээр, эрүүлжүүлэгдээгүй, эхнэртээ гар хүрсэн гэх дуудлагаар төрийн хамгаалалтад орсон нь тэр байж. Хэрэв эхнэр нь гомдолтой гэвэл Бат торгуулийн 100 мянган төгрөг төлөхөөс гадна 7-30 хоногийн баривчилгаанд явах учраас Болд эхнэрийг нь аргалах гэж тайлбарлахыг хичээжээ. Тэрбээр “Цаадах чинь баривчлагдвал  яах болж байна. Ажил төрлөөс нь халахыг ч үгүйсгэхгүй, ганц хүний цалингаар амьдарч байгаа хүүхэд, та хоёрыг хэн тэжээх юм” хэмээхэд Батын эхнэр “Хуульд юу гэж заасан байдаг юм, түүгээр нь шийтгүүлнэ. Би лав гомдолтой” гэсэн учраас түүний хэлснээр хуулийн дагуу асуудлыг шийджээ.

 

Энэ нь гэр бүлийн хүчирхийллийг даамжруулах, түүнд дахин гар хүрэхээс сэргийлж, хамгаалж чадсан зөв шийдэл бол үүний цаад талд Бат хүчирхийлэл хүсээгүй олон үр дагаварт хүргэх тулуур биш ухаанаа урьтал болгохыг ухаарч, ойлгох нь зүйтэй. Хүчирхийллийг хэн ч үйлдэж болохгүй, хэрэв үйлдсэн тохиолдолд төр төмөр нүүрээ харуулна. Бат дээр гаргасан үйлдлээ байнга давтвал торгуулж, баривчлагдах биш, бүр гэмт хэрэгт тооцон ял эдлүүлнэ. Шийтгэл нь зургаан сараас нэгжил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ялтайг дахин сануулъя.

 

Тайван цагийн “тахал” буюу эргэн тойрондоо аюул халдвартай, үр хүүхдээр дамжин цаашид ч үргэлжлэх боломжтой гэр бүлийн хүчирхийлэлд бид л цэг тавьж чадах учраас нүд нь боолттой, чих нь дүлий юм шиг байж, хэлээ хазан өнгөрүүлэхгүй, бас тусламж хүсчихээд эргээд гомдолгүй гэж энэ хэргийг өөгшүүлэхгүй байхыг үүгээр дамжуулж байна.

 

 

C.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)