Р.Мөнхбаяр: “С” бичгийг шаардлага хангасан компанид хангалттай өгөх хэрэгтэй

Өмнөговь аймгийн Цагаан хад, Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн “Victory coal trans” группын тээвэр хариуцсан дэд захирал Р.Мөнхбаяртай ярилцлаа.

-Нүүрс тээвэрлэлтийн замд 6-8 мянган жолоочийг ажлын байраар хангах боломжтой. Гэвч дахин ийм хэжээний жолооч ажил хайж байгаа нь асуудал үүсгэдэг гэж байна. Цалин өндөр болохоор ажил хайсан хүмүүс энд ирж буйг буруутгах аргагүй. Тэгэхээр үүнийг зохицуулах боломж байна уу?

-Манай улс тээврийн чиглэлээр тууштай барьсан бодлогогүйгээс тээврийн үнэ ханш тогтворгүй байдаг. Цагаан хад, Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн замаар 8000 автомашин зорчих даацтай гэж мэргэжлийнхэн ярьдаг. Гэтэл 14 мянган машин зорчиж хүндрэл, бөөгнөрөлийг үүсгэж байна. Тэгэхээр эдгээр машиныг бүгдийг оношлож, шигших  хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Авто замын тухай хууль дүрэмд нийцсэн, мэргэжлийн үнэмлэхтэй стандарт шаардлага хангасан 7-8 орчим мянган автомашин, жолоочид зөвшөөрөл олгож бусдыг нь гаргах хэрэгтэй. Найман мянган жолоочийг шалгаруулж ажлын байраар нь хангасан байхад аж ахуйн нэгжүүдэд болон жолооч нарт асуудал үүсэхгүй. Нөгөөтэйгүүр, БНХАУ авто тээврийн хуульд зааснаар насжилт нь болсон  хуучин тээврийн  хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оруулдаггүй. Гэтэл насжилт нь болсон хуучин автомашинуудыг манай улс хилээр оруулахдаа шинэ машинаас авах татвараас бага татвартай байгаад асуудал нь байна. Үүнд манай төрийн бодлого, зохицуулалт алдагдсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд өндөр татвар төлж шинэ машин оруулж ирэхээс илүүтэй бага татвартай хуучин машин оруулж ирдэг. Энэ машинууд нь бүрэн бус тээврийн хэрэгсэлд тооцогдож осол гарах шалтгаан болж байна. Тиймээс манай улс импортоор орж ирэх  хуучин машины татварыг өндөр болгож шинэ тээврийн хэрэгслийн татварыг бага болгох хэрэгтэй. Эсвэл тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацааг 12 жил байгааг нааш нь болгож найм болгох хэрэгтэй.Ингэснээр парк шинэчлэл хийж  машин болон жолооч нарын тоо цөөрч,үйлчилгээ чанартай болох юм. Ийм зохицуулалтыг төр хийх боломжтой.

-Аж ахуйн нэгжүүд “С” зөвшөөрлийн бичиг олныг авах шаардлага байдаг ч шалгуур нь өндөр гэж байна?

 

– “С” зөвшөөрлийн бичиггүй хууль бусаар ачилт хийдэг компаниудын автомашинууд тээвэрлэлт хийхээр, албан ёсны зөвшөөрөлтэй компаниудын ачилт буурдаг. Тухайлбал, зөвшөөрөлтэй нэг автомашин сард таван удаагийн ачилт хийх байтал гурав болж саардаг. Ингэснээр жолооч нарын болон  компанийн ашиг орлого тодорхой хэмжээгээр буурдаг.

 

2010 онд манайд уул уурхай сэргэж Хятадын хөрөнгө оруулалттай олон компани байгуулагдаж байх тэр үед монголчууд өөрсдөө яагаад компани байгуулж ажлын байр бий болгож болдоггүй юм гэдэг зорилгоор 2012 онд “Victory coal trans” групп байгуулагдаж одоо таван тээвэрлэлтийн охин компанитай 600 гаруй жолоочтой болж үйл ажиллагаа тэлсэн. “С” зөвшөөрлийн шаардалгын хүрээнд жолооч нарт зориулж амарч, алжаал ядаргаагаа тайлах кемп буюу амрах байрыг энэ онд ашиглалтад оруулсан. 

Ингэснээр зам дээрх осол, зөрчил буурсан. Кемп барьж байгуулах, газрын зөвшөөрөл авахад нийт хоёр тэрбум төгрөг зарцуулсан. Энэ зардлаа бид нүүрс тээвэрлэлтээс нөхнө. Тэгэхээр “С” зөвшөөрлийг манайх шиг компаниудад хангалттай тоогоор өгч төр биднийг дэмжих хэрэгтэй. Бид төрөөс тавьсан шаардлага, нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө гаргаж жолооч нарынхаа ажиллаж, амрах ая тухтай орчинг бүрдүүлж буй тохиолдолд харилцан дэмжих ёстой байх. Цагаан хаданд одоогоор манайхаас өөр ийм кемп байгуулсан аж ахуйн нэгж байхгүй. Байгуулах хүсэлтээ өгсөн хэд хэдэн компани байгаа гэж сонссон. Хамгийн гол нь тэдэнд газрын асуудлыг нь шийдвэрлэж өгөхгүй байгаа юм. Учир нь Цагаан хад багийн төв учраас газрын зөвшөөрлийг Өмнөговь аймгаас шийдвэрлэх юм билээ. Газрын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгээр хойшилсоор ирсэн.Гэхдээ өнгөрсөн жил манайд олгосон болохоор боломжтой байх.

-Хятад, Монгол цуваа гэж ярих юм. Хятадууд монгол жолоочийг хөлсөлснөөс болж асуудал үүсгэдэг гэх юм?

-Ихэнх компанид ийм цуваа бий. 2007-2010 онд хятад иргэд түр хөдөлмөрийн виз авч олноор орж ирж байсан. Тэр үед ихэнх компани хятадын хөрөнгө оруулалттай монгол эзэдтэй байсан. Энэ компаниуд автомашинуудаа түрээсээр хятад иргэдэд өгсөн байдаг. Тухайн үед монгол жолооч нарын жолоодох  ур чадвар, туршлага муу гэдэгтэй холбоотой. Түүнчлэн энд ирж ажиллах жолооч бага байсан нь хятад жолооч нарт түрээслүүлэхээс өөр сонголт байгаагүй.

Түрээслэсэн жолооч нарын компанид төлсөн төлбөр нь 100 сая төгрөгийн үнэтэй машин байлаа гэхэд өнөөдрийн байдлаар 70 орчим хувийн төлөлттэй байгаа. Компанийн эздийн зүгээс тэдэнд төлбөрийг нь буцааж өгөөд монгол жолоочид машиныг нь түрээсээр өгье гэхээр тэд компаниас их хэмжээний нөхөн төлбөр нэхдэг.

 

Тэгэхээр түүнийг нь төлөх чадвар аж ахуйн нэгжүүдэд байдаггүй. Ийм байдлаар олон жил явсан учраас машины эзэн болох хятад иргэд энд суурьшсан. Үүнээс шалтгаалж өөрийнхөө машин дээр сул буюу бидний ярьдгаар “янхан” жолооч нарыг хөлсөлж тээвэрлэлт хийлгэдэг ийм учиртай. Эдгээр жолооч нарыг цэгцлэхээр АТҮТ-өөс сүүлийн үед хяналтыг чангатгаж, мэргэшсэн жолооч нарын 21 хоногийн сургалт зохион байгуулж үнэмлэхтэй болгож ямар нэгэн компанид заавал хярьялалтай байх шаардлага тавьж байгаа нь үр дүнтэй болж байна.

-Ганц модны боомт дээр хятад эзэд монгол жолоочид түлхүүрээ өгөөд ачаад ир, мөнгө өгье гэдэг. Нэг суурин дээр хоёр эргэлт хийж болдгоороо ашигтай гэж жолооч нар ярьж байсан. Энэ нь “С” зөвшөөрлийн тоонд ордог юм уу?

-Ганц мод дахь хятад эзэнтэй компаниудын  ихэнх нь 1-2 машинтай. Монгол жолооч, хятад эзэн хоёрыг монгол хэл гадарладаг Өвөрмонгол хүмүүс хөтчийн үүрэг гүйцэтгэж холбон зуучилдаг.Хөтөч нар хэлнийхээ давуу талыг ашиглан монгол жолооч нарыг өөртөө татаж улмаар жолооч сураглаж ирсэн хятадуудад өгч хөлсийг нь тохиролцдог. Жолооч нарын ажил амралтын горим алдагдаж буй нь эндээс үүдэлтэй. Тухайлбал, зуучлагдсан жолооч Цагаан хадаас тээвэрлэлт хийж Гашуунсухайтын  хилээр оронгуут нөгөө хятад эзэн бас нэг машин өгөөд буцаагаад гаргадаг. Нөгөө жолооч эргэлт, мөнгөнд шунаад эргээд гардаг. Үүнээс болж ажил амралтын горим алдагдаж элдэв осол, хэрэг зөрчил гардаг. Энэ машинууд “С” зөвшөөрөлгүй байдаг. Хятад эзэд бүх зүйлийг мөнгөөр зохицуулдаг. Харин манай үндсэн жолооч нар дугаарлалтын дагуу тэвэрлэлтээ хийдэг болохоор ямар нэгэн асуудал гардаггүй.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)