Чандмань эрдэнэ шиг гурван хариулт

•Цагаан сарын шинийн нэгэн хэзээ вэ?

•Чингис хаан хэдэн оны хэдэнд төрсөн бэ?

-Чингис хааны зураг мөн уу, хэн зурсан бэ?

1990 оны Ардчилсан хувьсгалын ачаар дээрх гурван асуултын үндсэн сэдвээр хэн ч ярихаар нээлттэй болсон. Зарчмын хувьд дээрх асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх нь хүн болгонд нээлттэй болохоос эрдэмтэн мэргэдийн шинжлэх ухааны үндэслэлтэй гаргалгаа дүгнэлтэй адил түвшинд авч үзнэ гэж хуульчлаагүй билээ. Гэтэл нэг хэсэг хугацаанд зурхайчид хоёр талцан, Цагаан сарыг Төгс буянтын болон Шар зурхайн алийг нь дагаж тэмдэглэх талаар хэвлэл мэдээллийн талбар дээр үзсэн. VIII Богд 1911 онд туурга тусгаар Монгол Улсын хаан ширээнд залраад Төгс буянтын зурхайн цаг тооллыг хэрэглэх зарлиг буулгасан байна гэдгийг эрдэм номтой хүмүүс  баримтаар нь гаргаад ирлээ.

 

Богд хаан "Манжийн хааны Шар зурхайг халж монгол хүний зохиосон, Монгол газраа зохицсон Төгс буянтын зурхайг хэрэглэ” гэснээр тусгаар тогтнолын нэгэн баталгаа болгожээ гэдэг нь ойлгомжтой боллоо. Манжийн хаан жил бүр шинэ он гармагц зарлиг гарган тухайн үед өөрийн захирч байсан Хятад, Монгол, Төвөд, Шинжаан Уйгар зэрэг газарт ганцхан цаг тооны бичиг Шар мөрний хуанлийг нийтээр хэрэглэхийг үүрэг болгодог байж.

 

Тэгэхдээ тэрхүү хуанлийг үндэстэн болгоны төрөлх хэлээр нь, Монгол газарт уйгаржин Монгол бичгээр, Төвөдөд Төвөд бичгээр, Шинжаан Уйгарт Арабаар гэх мэтээр барлан хэвлэж тараадаг байсан түүхтэй. Шар зурхай нь одоогийн өмнөд хөршийн Шар мөрнийг гол цэг болгон тооцож гаргасан харийн орны зурхай болох нь тодорхой болсон. Эцэст нь “Бидний эцэг өвгөдийн хэрэглэж байсан, модон авдран дотроос олдсон Шар зурхай зөв, харин Төгсбуянтынх буруу" гэж хашгираад байсан Шар зурхайчид хазаараа татсан. Маргааныг тасалсны ачаар Монголчууд бид сүүлчийн хэдэн жил Цагаан сараараа цаг хугацааны талаар хэл амгүй, сэтгэл сэвгүй сайхан шинэлж байна. (Хөдөлмөрийн хуульд “76.1.2. Цагаан сар: билгийн тооллын Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3” гэж нийтээр амрах баярын өдөр гэдгийг заасан байгаа) Чингис хааны төрсөн оныг 1162 гэдэг дээр арайхийж санал нийлтэл төрсөн өдрийг тогтоох гэж бөөн асуудал 2011 оны намар үүссэн. УИХ-ын гишүүдээс зарим нь 800 гаруй жилийн өмнө мэндэлсэн эзэн хааныхаа байтугай өөрийнхөө төрсөн өдрийг мэдэхгүй байна гэж даапаалсан. Дэлхий хавтгай юу бөөрөнхий юү гэдгийг гар өргүүлэн санал хурааж шийддэг үеэ өнгөрөөсөн оюунлиг монголчууд бид эрдэмтдийнхээ амыг харах нь зөв гэдэг нь хэнд ч ойлгомжтой байв. Манай улсын сор болсон эрдэмтэд чуулж хуралдаад ямар ч болов “Чингис хаан маань билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн” гэдэг нэгэн мөр ойлголтод хүрсэн билээ. Ингээд монголчууд бид “Их эзэн Чингис хааны мэндэлсэн гараг зуны зургаадугаар сарын 1-нд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчийн төрсөн өдөртэй давхацдаг бил үү, хаашаа билээ” гэх мэтээр элдэв бодол санаанд баригдалгүйгээр оны эцсээр Чингис хааныхаа төрсөн өдрөөр сайхан амарч сураад байна.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

 

 

(Хөдөлмөрийн хуульд “76.1.7. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1” гэж нийтээр амрах баярын өдөр гэдгийг заасан байгаа) Дээр дурдсан асуултуудын гурав дахид нь Өвөрмонголын алдарт эрдэмтэн Сайшаалт нэгэн мөр хариулт өгсөн юм. Гэтэл манай ардчилсан Монголын зарим “эрдэмтэн" эзэн хааныхаа эш зургийг “Чингис хааны зураг биш. Ямар ч зураач хаанаа бүтэн зурах ёстой. Цээж зураг хожуу, Европт фото зураг үүссэнтэй холбоотойгоор гарч ирсэн” гэж даапаалах явдал одоо ч үргэлжилсээр байна.

 

Ингээд их эрдэмтэн Сайшаалтын, Эзэн Чингис хааны эш зургийг тодруулсныг өөрийн үг найруулгаар уншигч танд хүргэе.

Мөнх хаанаас эхлээд Монгол Улсын Их хааны сууринд Тулуйн үр хүүхэд, ач нар 1251-1634 оны хооронд 380 гаруй жил заларч төр барьжээ. Чингис хааны отгон хүү Тулуй ч өөрөө, эцгээ 1227 онд тэнгэрт хальж төрсөн ах Өгөөдэйгөө Их хааны ширээнд 1228 онд өргөмжлөгдөх завсар хугацаанд монгол төрийн жолоог албан бусаар барьж байсан билээ. Түүний хүү Хубилай 1260 онд Монгол Улсын дөрөв дэх Их хаанаар Бээжин хотноо өргөмжлөгдөн хаан ширээнд суусан Тэрбээр 1278 онд Чингис хааны хөргийг ордны зураач Хорихусунаар зуруулахаар зарлиг буулгасан байна.

 

Зураач Хорихусун нь мөн энэ үеэр Есүхэй баатар, Өгөөдэй хааны зургийг зурсан ажээ.

Хубилай хааны зарлигаар бүтээсэн Чингис хааны хөргийг зурснаас нь 677 жилийн дараа, өнгөрсөн зууны дундуур 1953 оны намар олсон юм байна. Бээжингийн Түүхийн музейнхэн Юан Ши Кай-гийн цэргийн штабын дэд дарга байсан Чзнь Хуаны ач зээ нарт хадгалагдаж байхад нь уг зургийг олж авсан бөгөөд эрдэмтэн судлаач Чжан Хан, Сэ Чжи Лю, Хань Шэнь Сянь нар шинжлэн Юань улсын үеийнх болохыг тогтоожээ. Чингис хааны сайх хөргийг нэгэн сурвалжит монгол ноёноос 1900-аад оны эхэн үеэр Чэнь Хуанд хүргүүлэн анх хадгалуулсан түүхтэй аж. Өндрөөрөө 58.3 см, өргөнөөрөө 40.8 см хэмжээтэй тус хөрөг одоо Бээжин хотноо Хятадын түүхийн музейд хадгалагдаж буй.

 

Дашрамд хэлэхэд, Монголчууд бид 1962 онд Чингис хааныхаа 800 жилийн ойгоор шуудангийн марк хэвлүүлж, Хэнтий аймгийн Дадал суманд хөшөөг нь босгосон билээ. Энэ бүгдэд дээрх Чингис хааны эш зургийг хуулбарласан байдаг.

Мөн ойн үеэр яруу найрагч Д.Пүрэвдорж алдарт “Чингис” шүлгээ бичиж,

Тэмүүжин нумын хөвчнөөс төрөөгүй юм

 Тэмүүжин сумын зэвнээс гараагүй юм 

Тэмүүжин Өүлэн эхээс төрсөн юм 

Тэмүүжин өрлөг түүхээс гарсан юм хэмээн биднийг омогшуулсан.

 

...Чингис хааны өргөө, Чингис хааны хөшөө, Чингис хааны талбай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Чингис хаан хот, “Чингис хаан" олон улсын жүдо бөхийн тэмцээн, “Чингис хаан” одон, “Чингис хаан” зочид буудал гэх мэтээр олон Чингис хөвөрнө. Дашрамд сонирхуулахад, Монголд (бас дэлхийд гэж ойлгож болно) Чингис хааны зурагтай, хамгийн олон тоогоор хэвлэсэн зүйл бол 500 (1993 оноос), 1000 (1993 оноос), 5000 (1994 оноос), 10000 (1995 оноос), 20000 (2006 оноос) -тын дэвсгэрт (төгрөг) болой. Удахгүй Төгсбуянтын зурхайн тоолдрор өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу арваннэгдүгээр сарын 27-ны Лхагва гарагт Эзэн Чингис хааны төрсөн өдөр тохионо. Нийтээр “Монгол бахархлын өдөр”-өө тэмдэглэнэ.

 

Ойрын жилүүдэд Төгсбуянтын шинэ зурхайн билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу Эзэн Чингисийн мэндэлсэн - Монгол бахархлын өдөр нь Аргын тооллын арваннэгдүгээр сард тохиож буй.

 

2019. XI.27 Гахай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1

2020. XI. 16 Хулгана жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1

2021. XI.05 Үхэр жилийн өвпийн тэргүүн сарын шинийн 1

2022. Х1.24 Бар жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1

2023. XI. 14 Туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1

2024. XI.02 Луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1

2025. XI.21 Могой жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1

2026. XI. 10 Морь жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1

2027. XI.29 Хонь жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1

2028. XI.17 Бич жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1

2029. XI.07 Тахиа жилийн евлийн тэргүүн сарын шинийн 1

2030. XI.26 Нохой жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1

 

 

Б.Ерэнтэй

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)