Б.Лакшми: Үндсэн хуульд тусгах гэж байгаа хөрөнгө оруулалтыг үргээх заалтыг “Монголын эдийн засгийн форум” онцолно

“Монголын эдийн засгийн форум” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Өнөө жилийн “Монголын эдийн засгийн форум” өмнөх жилүүдийнх шиг төрийн ордонд болохгүй нь ээ?

-Өнөө жилийн “Монголын эдийн засгийн форум”-ын гол онцлогийн нэг нь энэ. МҮХАҮТ-ын байранд хийхээр шийдсэн. Танхимд хийхээр болсон нь цаанаа шалтгаантай. Бизнесийнхэн нэгдье гэсэн шийдэлд хүрээд байна. МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, “Монголын эдийн засгийн форум” ТББ, CEO клуб хамтарч зохион байгуулж байгаа нь ч ийм учиртай. Маргааш (өнөөдөр) болох “Монголын эдийн засгийн форум”-ын үеэр нэг чухал шийд гарах гэж байгаа. Сая хэлсэн бизнесийнхнийг төлөөлсөн байгууллагын удирдлагууд МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч болно.

-Бүгдээрээ юү?

-Тийм ээ, Эдийн засгийн чуулганыг зохион байгуулж байгаа бүх байгууллагын тэргүүнүүд МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч болно. Цаашид бизнес, эдийн засагтай холбоотой аливаа асуудлыг шийдэхдээ хамтарч ажиллая гэсэн шийдэлд хүрсэн юм. Монголын банкны холбоо гээд олон байгууллага цаашид хамтраад явна. Учир нь бид нэг л том завинд сууж яваа улс. Тус тусдаа өөр өөр тийш сэлүүрдээд үр дүнд хүрэхгүйг өнгөрсөн цаг хугацаа тод харууллаа.

-Бизнесийн байгууллагууд хамтрахаас аргагүй болсон гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Монгол Улсын хувьд ихэнх үзүүлэлт буурсан гарлаа. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд өрсөлдөх чадвар буурлаа. Дэлхийн банкнаас гаргадаг “Doing business” гээд бизнес эрхлэх орчны судалгаагаар манайх найман байраар ухарчихлаа. Хөрөнгө оруулалт нэлээд буурсан. Ингээд харахаар Монгол Улс хаашаа чиглэж, аль зүгт алхаад байгаа нь тодорхой бус болчихлоо л доо. Онцолж хэлбэл бизнес эрхлэгчдэд саад бэрхшээл, хүндрэлүүд учирч байна. Ийм шалтгаанаар бид хамтарч байгаа. Бид өнөөг хүртэл тус тусдаа ажиллаж ирсэн. Чуулганы үеэр бизнес эрхлэгчдийг төлөөлсөн байгууллагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

-Эдийн засгийн чуулганы нэг сэдэв нь “Саарал Монгол” юм байна. Саарал жагсаалт тойрсон сэдвээр эдийн засагчид, хуульчид, бизнесийнхэн байр суурь, санаа оноогоо хуваалцана гэсэн үг үү?

-Тэгнэ. “Саарал Монгол” сэдвээр өрнөх хэсгийг Монголын бизнесийн зөвлөл зохион байгуулж байгаа. Энэ жилийн чуулганы нэг онцлог нь хуралдаануудын нэр. Монголчуудын үнэт зүйлстэй холбож өгье гэсэн оролдлого хийсэн. “Хариуцлагатай Монгол” сэдвээр өрнөх хуралдаанд хариуцлагатай байх цаг ирснийг тал бүрээс нь хэлэлцэнэ. Энэ хэсгийн гол илтгэгч нь П.Цагаан. Сонгуулийн хуулиар сонголтгүй сонголт бий болчихлоо, зөвхөн намын дарга нар л нэр дэвшүүлэх эрхтэй байна, 1992 оны анхны сонгуулиар бүх байгууллага нэр дэвшүүлэх эрхтэй байсныг сэргээе гэсэн агуулгын хүрээнд илтгэл тавина. Намын даргадаа л таалагдвал нэр дэвших эрх авч байна шүү дээ. Таны сая асуусан “Саарал Монгол” хуралдааны үеэр саарал байхгүйн тулд яах вэ гэдгийг онцолно. “Залуу Монгол” хуралдаанд 60, 70, 80, 90, 2000 оны төлөөллүүдийг оролцуулж хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Саарал Монгол” хуралдааны хувьд үндсэн илтгэл тавигдана. Саарал жагсаалтад орсноос хойш үүсч буй эрсдэлүүд анзаарагдаад эхэлчихсэн. Наад зах нь валют солих үйл явц хязгаарлагдмал байгаа. Нэг удаад сая төгрөгөөр л валют солих хязгаарлалтыг төв банкнаас гаргасан. Ам.доллараар солиуллаа гэхэд 300 гаруйхнаар хэмжигдэж байгаа биз. Ингэхээр гадаадтай харилцах банкууд багасна. Өөрөөр хэлбэл гадагшаа гарах гарц хязгаарлагдмал болно гэсэн үг. Гаднаас хөрөнгө босгоход илүү үнэтэй болж байгаа. Саарал жагсаалт бидэнд хэд хэдэн сануулга өглөө. Нэгдүгээрт, санхүүгийн салбарын реформдоо илүү анхаар гэчихлээ. Хоёрдугаарт, жинхэнэ мөнгө угааж байгаа хүмүүстэй тэмцэж чадахгүй байгааг санууллаа. ОУВС-тай тохирсон зарим нэг реформоо хийгээгүй шалтгаан бас бий.

-Хөрөнгө оруулагчдыг бараг л үргээчихлээ. Ер нь эдийн засгаа самарчих гээд үзээд байгаа дотоодын улстөр саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Манайд урт хугацааны хөгжлийн бодлого алга. Хөгжлийн тэргүүлэх салбар юу байх тухай тодорхой чиглэл бас алга. Бараг л бүх хөрөнгө оруулагчаа хөөчихлөө. Наад захын, сүүлийн нэг жишээ гэхэд л УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн банкуудын талаар байр сууриа илэрхийлсэн жиргээ байна. Банкны бизнест нэг том онцлог бий. Энэ салбарын хувьд нэр хүнд маш чухал. Жишээ нь, “Анод” банк дампуурлаа гэж маш удаан ярьсан. Тэр сургаар харилцагчид нь мөнгөө татаад эхэлсэн. Мөнгөө их хэмжээгээр татаад эхлэхээр яалт ч үгүй дампуурсан шүү дээ. Учир нь банк бол итгэлийн бизнес. Шийдвэр гаргаж, хууль тогтоолцоход оролцоотой хүн банкны бизнесийн наад захын энэ онцлогийг мэдрэхгүйгээр мэдэгдэл хийнэ гэдэг эдийн засгаа хорлож байгаагаас ялгаагүй.

-“Саарал Монгол” хуралдаанд яг ямар хүмүүс оролцож байр сууриа илэрхийлэх бол?

-Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн нар оролцож байр сууриа илэрхийлнэ.

-Хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөтэй заалтуудыг цөөнгүй хуульд оруулсны балаг дуусахгүй явна л даа. Үндсэн хуульд хөрөнгө оруулалтын урсгалыг тасалж мэдэх заалт тусах нь гэсэн болгоомжлол бий. Энэ чигийн яриа хөөрөө, хэлэлцүүлэг өрнөх үү?

-Яг наад асуудлыг чинь онцолно. Үндсэн хуульд оруулах гэж буй нэг шинэ заалт бий. Ашигт малтмалын төсөл, бизнесийн дийлэнх хувийг Монголын тал эзэмшинэ гэсэн утгатай заалт оруулах гэж байгаа. Хэрвээ энэ заалт батлагдвал гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Оюу толгой дээр төрийн оролцоо хэр байгаа билээ. Төрийн оролцоотой том төсөл ямар байдгийг хөрөнгө оруулагчид Оюу толгойгоос харж суугаа. Ийм нөхцөлд сая онцолсон заалт Үндсэн хуульд тусвал байдал улам хэцүүднэ.

-Монгол Улс Дэлхийн банкны “Doing business” судалгаагаар найман байр ухарсан гэж та ярианыхаа эхэнд онцоллоо. Бизнес эрхлэх орчныхоо хувьд яагаад ийм олон байраар ухарсан талаар чуулганы үеэр хөндөх байх...?

-Энэ талаар хөндөнө. “Do­ing business”-ийн тайланд яг ямар үзүүлэлтүүд нь буурсан гэх мэтээс эхлээд нэлээд нарийвчилж ярина.

-Өрсөлдөх чадвар “Монголын эдийн засгийн форум”-ын онцлох бас нэг сэдэв. Сүүлийн үеийн судалгаануудыг харахад манай улс байр ахихгүй ухарсаар байна. Урагшлах ямар гарц шийдэл байгаа талаар ярих уу?

-Ер нь тэгнэ. Өрсөлдөх чадвар яагаад буурав гэсэн асуулт тавиад харах хэрэгтэй л дээ. Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үзүүлэлтүүд манай улсын өрсөлдөх чадварыг доош нь татдаг. Засаглал гэхээр тогтворгүй байдал гэсэн асуудал сөхөгддөг. Тогтворгүй байдал дундаа хууль эрх зүйн тогтворгүй байдал онцгой анхааралд байдаг. Хууль, дүрэм журам нь өөрчлөгддөг гээд маш олон түвшинд асуудал бий. Өнөөдрийн тухайд бид бараг л Венесуэлийн өмнөх түвшинд оччихлоо. Цаашлаад Венесуэлийн түүхийг давтах уу, наашилж хөгжилтэй орнуудын алхсан мөрөөр урагшлах уу гэсэн зааг дээр зогсч байна.

-Эдийн засагт голлох салбаруудын асуудлуудыг ярих уу. Жишээ нь уул уурхай тойрсон өчнөөн асуудал байна?

-Эдийн засгийн чиглэл, салбар бүрээр олон форум, арга хэмжээ болсон учраас тэр энэ гэж онцлохгүй гэсэн шийдэлд хүрсэн. Суурь асуудлууддаа анхаарлаа хандуулахаар болсон. Гэхдээ мэдээж онцлох салбаруудынхаа асуудлыг хөндөнө. Жишээ нь, “Бүтээлч Монгол” хуралдааны үеэр уул уурхайн салбарыг онцолж ярина. Сүүлийн жилүүдийн ерөнхий хандлагыг анзаарахад бид ажил хийж бүтээж яваа хэсэг рүүгээ дайраад байна. Уул уурхай Монголд мөнгө авчирдаг гол салбар. Тэр мөнгөөрөө бид бусад салбараа хөгжүүлэхээс өөр арга, гарц байхгүй. Өнөөдрийнх шигээ уул уурхайг адалж, лицензийг нь хомроголж хураагаад байвал хөгжих тухай ярих аргагүй л дээ.

-“Монголын эдийн засгийн чуулган”-ы дараа өмнөх жилүүдийнх шиг зөвлөмж гаргаж Засгийн газарт хүргүүлэх үү?

-Тэгнэ.

-Чуулганы энэ жилийн уриаг яагаад “Үндэсний эрх ашиг” гэж тодотгосон бэ?

-Өнөөдрийн байдлыг том зургаар нь харахад бүх зүйл намын эрх ашгаар яваад байна л даа. Намын эрх ашгийг биш үндэсний эрх ашгаа бодох цаг иржээ гэсэн санаагаар уриа үгээ сонгосон.

-Ирэх онд эдийн засаг ямархуу байх төлөв таамаг голлож байна?

-Олон улсын байгууллагуудын прогнозыг анзаарахад Монголын эдийн засаг тав, зургаан хувьтай өсөх таамаг голлож байгаа. Эдийн засгийн энэ өсөлтөд хамгийн том нөлөө үзүүлэх нь уул уурхайн салбар. Хэрвээ уул уурхайн зах зээл дэх эрдсийн үнэ дажгүй бол сайн нөлөө үзүүлнэ. Гэхдээ ирэх жилийн хувьд нэг том эрсдэл бий. Ирэх жил сонгууль болно. Сонгуулиас хамаарч хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид шийдвэрээ гаргана. Жил ч хүрэхгүй хугацаанд ямар ч хөрөнгө оруулагч шинэ бизнест хөрөнгөө оруулахгүй. Сонгууль зургадугаар сард болно. Засаг бүрдэхэд хугацаа орно. Бүрдлээ гэхэд ажил жигдэрч цэгцэртэл оны сүүл үе рүү орчихно. Тэгэхээр ирэх жилийн хувьд ийм шалтгаан, хамаарал эдийн засагт сайн биш нөлөө үзүүлэх болов уу. Дээр нь төлөх ёстой их хэмжээний өр хүлээж байгаа.

Ц.Баасансүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)