Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан 21208 иргэний тэтгэвэр ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

 

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.11.05) хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороодод шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийлээ.  Засгийн газраас 2020 онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд: төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэн төсвийг эрүүлжүүлэх, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх; Засгийн газрын 2012-2016 онд гаргасан бондуудыг эргэн төлөхтэй холбогдуулан төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс сайжруулах, татварыг бүрэн тэгш хураах боломжийг бүрдүүлэх; зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх; өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөоөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх; бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт тавьж, ирэх оны төсвийн төсөлд тусгасныг сайд танилцуулгадаа онцлов. Мөн нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж төсвийн үр ашиг, хүртээмжийг сайжруулах бодлогын хүрээнд зарчмын шинжтэй зарим тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг дурдлаа.

Энэ үндсэн дээр Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг салбарын сайд нар, яамд, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон зарим удирдлагууд, мөн Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг оролцлоо.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Д.Оюунхорол нар Сангийн яамны ажлын хэсэг болон яам, агентлагийн холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Я.Санжмятав нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Дараа нь Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад туссан “Хүүхдийн спортын наадам” гэснийг “Олон улсын залуучуудын ногоон наадам” гэж нэрийг нь өөрчлөх саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс тус төвийн урсгал зардалд дутагдалтай байгаа 8.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн сайдын багцад нэмж тусгах санал гаргаж, гишүүдийн дэмжлэгийг авсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа Гоц халдварт өвчний буюу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн агуулах барихад шаардагдах 500 сая төгрөгийг төсөвт нэмж тусгах санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд Монгол Улсын 2020 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ талаар хийсэн танилцуулгадаа, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан бөгөөд түүнээс хойш нийт 52 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Өнөөдрийн байдлаар нийт 29 тусгай сан байгаа бөгөөд эдгээрээс 19 сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар, бусад 10 сангийн үйл ажиллагааг тусдаа хуулиар зохицуулж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулснаар төсвийн сахилга батыг нэмэгдүүлж, тусгай сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Засгийн газрын тусгай сангуудын давхардал арилж, зарцуулалт нь оновчтой, үр ашигтай, ил тод болж,  хяналт хариуцлагын тогтолцоо сайжирч, төсвийн сахилга батыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт нийтдээ 15 хуульд өөрчлөлт оруулахаар болж байгаа. Үүнийн нэг нь Тамхины хяналтын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм гэдгийг дурдлаа.

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг “Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан эх үүсвэрээр бүрдэнэ” гэж, 2 дугаар зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг “Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан зориулалтаар зарцуулна” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ. Харин төслийн 3 дугаар зүйлд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцохоор тусгасан байна. Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.

Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)