Ванягийн Нэргүй: Миний хамгийн анх уулзсан зохиолч Санжийн Пүрэв баавай байлаа

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүйтэй ярилцлаа. Тэрээр их утга зохиолын гал тогоонд ерээд оны сүүл үеэр намуухан орж ирсэн найрагч юм. Ерэн есөн “Болор цом”-д шалгарсан шилдэг шүлгүүд төвийн сонин хэвлэлд гарах үед Нэргүй найрагчийн шүлгийг анх олж үзсэн санагдана. Охидын тухай бичсэн хайрын гоё шүлгүүд хадгалагдаж үлджээ. Одоо бодох нь ээ, их л эмзэг торгон мөртүүд байж билээ. Түүнийг дотогшоогоо зөөлөн найрагч болохыг нь сүүлд мэдэрч билээ. Өр зөөлөн чанар, хүнлэг сайхан сэтгэл нь олон залуусыг араасаа дагуулахад хүргэсэн. Яруу найрагт дуртай олон залуу түүнийг багшаа гэж хүндэтгэдэг юм.

-Ерээд оны сүүл үед “Хонгорзул” сонин мандаж байхад “Хулангийн зэл” буланд таны шүлгүүд гарч байсан. Их утга зохиолын дуулиан шуугианд хэрхэн орж ирсэн тухайгаа ярихгүй юу?

-Намайг наймдугаар ангид байхад манай суманд хэдэн зохиолч ирсэн дуулддаг юм. Манай сум гэдэг маань Төв аймгийн Баянхангай. Би чинь Завханы хүн хэрнээ Төв аймагт нүүж ирж сургууль соёлоо төгссөн. Би гэж шүлэг зохиолд дуртай амьтан яахав, өнөө зохиолчдын чинь барааг харчих санаатай явлаа. Соёлын төвийн урдхан зохиолчтой таарлаа. Хүнээс асууж байж очиж байгаа. Мэнд усаа мэдээд гар барьтал би өөрөөсөө жигтэйхэн муухай ичлээ. Учир нь миний гар сайртчихсан, тэр сайхан хүнтэй гар барихад ямар ичмээр санагдсан гэж бодно. “Би шүлэг бичдэг хүүхэд байгаа юм аа” гэхэд “Өө тийм үү” гээд намайг үнссэн. Тэр хүн бол соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, үргэлжилсэн үгийн нэрт мастер Санжийн Пүрэв гэж агуу хүн байсан. Надад гарын үсэгтэй номоо бэлэглэлээ. Миний баярласан гэдэг жигтэйхэн. Улаанбаатар орохоороо ахтайгаа уулзаарай гэдэг юм. Зохиолч гэдэг маш хол, хүрч барахгүй ертөнц гэж би хүүхэд байхдаа боддог байсан. Гэтэл Пүрэв зохиолчтой уулзсанаас хойш тэрхүү төсөөлөл минь өөрчлөгдөлгүй яахав. Дотно дулаан мэдрэмж төрсөн. Уран зохиол, яруу найраг гэж бодохоор, зохиолч хүний санахаар сэтгэлд гэрэл гэгээ нэмэгдэж, шүлгэндээ их дурлаж байгаа юм. Ингээд наймдугаар ангиа төгсөөд хотод ирлээ. Зохиолчдын хороог сураглаад очсон чинь маш гоё инээд алдсан хүн угтаж авдаг юм. Өнөө Санжийн Пүрэв гуайгаа сураглатал, за хүү минь олон Пүрэв бий. Чи болохоор хар Пүрэвийг асуугаад байх шиг байна. Би чамайг охинтой нь уулзуулъя, зохиолчдын хороонд ажилладаг юм гэлээ. Миний уулзсан тэр гоё хүн Дөнгөтийн Цоодол ах байсан даа. Ёстой бурхан шиг хүн санагдсан. Хүн яахаараа ийм гоё байдаг юм бол, зохиолч л болох юм бол энэ хүн шиг ийм гоё хүн болох байхдаа гэсэн бодол төрлөө. Зохиолчдын хорооны босгоор алхсан тэр цагаас хойш сайн муу ч гэсэн шүлгээ бичсээр явна.

-Та чинь “Бэрс” сургуулийн бүтээгдэхүүн. Бавуудорж ах, дархад Мийгаа ах, Түмэн-Өлзийн Эрдэнэцогт ах, Саруул ах гээд бүгд “Бэрс”-ийг төгссөн дөө. Захирал нь Гомбосүрэн гэж сайхан хүн?

-“Бэрс” кино урлагийн сургууль тухайн үеийн уран бүтээлчдийг, шүлэг найрагт дуртай залуусыг нэгтгэж байсан. “Бэрс”-д ороод Бавуу ах, дархад Мийгаа ах энэ хэдтэй танилцсан. Бас нэг сонин тохиол байдаг. Би оюутан байхдаа “Дэнжийн мянга”-д нэг айлд байсан юм. Манай урд талын хашаанд гэзэгтэй нэг ах хүүхдүүдтэй сагс тоглоод гүйгээд байдаг байсан. Манайхан “Энэ яруу найрагч залуу байгаа юм” гэдэг байсан. Тэр хүн Арлааны Эрдэнэ-Очир ах байсан. Миний бие хөдөө байх даа тамхи ороох сонингийн цаас олдохгүй тариалангийн талбайд хийсч явсан сонингийн тасархайг олж авч билээ. Уг сонины тасархайд Эрдэнэ-Очир найрагчийн “Алд хархан гэзгэнд чинь сэтгэлээ зүүгээд явууллаа, анирхан өглөө босоод зөөлөн зөөлөн самнаарай” гэсэн шүлгийн мөрүүд нь байж байдаг байгаа. Ингэж анх би Эрдэнэ-Очир ахтай бүтээлээр нь танилцаж, шүлгээр нь өвчилж явсан. Харин тэр хүн маань хамар хашаанд минь байж таарсан нь сонин юм шүү. Миний хамгийн айж бэргэж танилцсан хүн бол Эрдэнэ-Очир найрагч. Багаасаа л энэ хүн шиг ийм гоё найрагч болохсон гээд бодчихсон хүн чинь тэр сэтгэлээрээ явчихдаг юм билээ л дээ. Бавуу ахтай мөн л ялгаагүй. Манай сургуулийн нөхөд Бавуудорж найрагчтай их л дотно юм шиг хүзүүдэж авах нь холгүй. Миний хувьд өнөө л их том хүндэтгэл маань нөлөөлдөгсөн үү, нэг л халдаж чадахгүй. Сэтгэлдээ бол хэчнээн бишрэлтэй байгаа. Ийм л хоёр сайхан ахтай таарч танил болсноороо их утга, яруу найргийн сэтгэл зүрх гээчийг мэдэрсэн юм. Энэ хоёр ахаасаа би хүн чанарын гэгээ гэрлийг олж харсан. Энэ хоёр найрагч ах шиг явахад миний амьдрал зөв байх юм байна гэх итгэл надад төрсөн. Бусдыг хайрлах хайр, уран бүтээлдээ хандах хандлага, ахмадаа хүндэтгэх хүндлэл, араасаа олон дүү нараа дагуулсан сэтгэл нь зүгээр үлгэр дуурайлын туйл байсан. Элэг зөөлөн ийм ертөнцөд амьдарч ирлээ.

-Таны анхны ном юу билээ. Хэдэн онд гарч байв?

-Амархүү ах, Тавхайн Цолмон ах хоёртой уугаад байж байтал Цолмон ах хэлдэг юм. “Миний дүү шүлгийнхээ номыг гаргачихвал засарчихна. Чи их зөөлөн хүн” гэлээ. Яг тухайн агшинд надад “Нээрээ л номоо гаргая” гэсэн бодол төрсөн.

Би ямар эвдэртлээ уучихсан ч биш. Ном гаргах тухайгаа ижий аавдаа хэллээ. Ном хэвлүүлэх мөнгө хэрэгтэй байгаагаа дуулгалаа. Тэр хоёрын хувьд бол надад мөнгө өгнө гэдэг асуудалтай. Учир нь өмнө нь машины мөнгө өгөөд явуулахад би чинь наргичихсан хүн. Гэхдээ ижий аав хоёр минь хүүдээ итгэлгүй яахав. Нэг бяруу төхөөрч аваад хот руу гарч өгсөн юм. Хэдэн шүлгээ бариад Чойномын “Өд” сангийн тэргүүн Ганболд ах дээр очсон. Тэдний хэвлэх үйлдвэрт номоо хэвлүүлэхээр боллоо. Тэр чинь 2007 он юм. “Зургадугаар сарын 27 миний төрсөн өдөр. Энэ өдөр л та номыг минь гаргаж өгөөрэй” гэж Ганболд ахад захисан. Өмнөтгөлөө би Чилаа ахаар бичүүлсэн. Намайг Монголын радиогийн “Шинэ эрин”-д дадлага хийж байхад Чилаа ах огтоос танихгүй хэрнээ “Миний дүү автобусны мөнгөтэй юу” гэж үргэлж асууна. Тийм дээ ч болоод тэр үү, нэг л гоё санагддаг байсан. Ер нь зөөлөн, нуруутай сайхан хүн. Тэгээд би Чилаажав ахаар өмнөтгөлөө бичүүлэхээр хэдэн шүлгээ аваад очиж билээ. Анхны номоо “Гэрэлт эх” гэж нэрлэсэн. “Чи ямар гоё ээжийн тухай нэр өгсөн юм” гэж хүмүүс хэлдэг. Үнэндээ бол миний анхны хайрыг булаасан Нансалмаа хэмээх охинд зориулж бичсэн бүлэг шүлгээрээ нэрлэсэн хэрэг. Нансалмаа гэж төвдөөр Гэрэлт-Эх гэсэн үг юм.

-Тэр жил Санзайгалсангийн Ууганбаяр ах, Лхамсүрэнжавын Ганзул ах та гурав нийлж номын баяр хийж байсан. Зүрх сэтгэл ойр хүмүүс нийлж номын баяр хийх нь сайхан юм байна гэх бодол хүнд төрсөн байх?

-2013 онд аав маань бурхан боллоо. Би тэр үед ном гаргана гэж их ярьдаг байсан. Аавын минь бурхан болсны дараахан “Үнэн” сонины хамт олон миний номыг бэлдэж надад маш том бэлэг барьсан юм. Манай Ууганаа л компьютерт бичээтэй байгаа шүлгүүдийг минь авч янзлаад, Дамбий ах үг үсгийн алдааг нь хянаад бэлдчихсэн байв. Ингэж аавынхаа 49 хоног дээр “Хайрын зүг” гэж номоо гаргасан. Ганзулын маань “Сэтгэл бүрдийн тойром” яруу найргийн ном, Ууганаагийн “Тавилангийн цэцэрлэгт” гэх ном ойрхон гарч, нэг уяаны морьд гэдэг гурвуулаа нэгэн зэрэг баяраа хийж байлаа. Бид гурав гэж баларсан хүмүүс нэг ч хүнд урилга өгч чадаагүй. Магадгүй урилга хэвлүүлэх мөнгөгүй ч байсан байх. Ойр орчмын хүмүүс л ирэх байх гэж бодож байтал “Интерном”-ын танхимд багтаж ядтал олон хүн цугласан. Олон ч сайхан хүн сэтгэлийн үгээ хэлсэн. Мөн ч халуухан баяр болсон. Үгийн хачир болгоход, манай гэр бүлийн хүн анх удаагаа тийм олон зочид цугласан номын баярыг үзэж надад жигтэйхэн хайртай болж билээ (инээв). Тэр баярыг эргээд бодсон ч, дүүтэйгээ ингээд хөөрч суусан ч муу Зул ах нь үнэхээр их санагдах юм аа. (Тэрээр Ганзул найрагчийн тухай ийн хэлээд нулимсаа барьж чадаагүй юм. Хэсэг уйлж байж дотор нь онгойв бололтой яриагаа үргэлжлүүлсэн) Намайг архи ууж байх үед хүмүүс зугтдаг байсан. Тэр хүмүүсийн буруу биш өөдгүй яваа миний буруу. Харин Ганзул надаас нүүр буруулалгүй ирж уулзаад мөнгө өгөөд явсныг би мартдаггүй. Дотроо их л баярлаж билээ. Ганзул бол үнэхээр мэдрэмжтэй, уянгатай найрагч байсан. Яг үнэндээ Ганзулыгаа амьдад би мэдэрч, бахдаж уншаагүй юм байна. Хүн чинь ойр байгаа хүнээ тэр бүр анзаардаггүй юм байна лээ. Өнгөрснийх нь дараа хараад уншаад л, ийм авьяас билэгт найрагч гэдгийг нь амьдад нь хэлж байхгүй яав даа гэсэн харуусал төрсөн. Мэдээж мундаг л гэж боддог байснаас яг нарийн мэдэрч, зүрх сэтгэл, найргийнх нь ертөнцөд гүн нэвтрээгүй л байсандаа харамссан. Ганзул, Ууганаа бид гурав уран бүтээлийн хувьд ч, амьдрал дээр ч сэтгэл нэг явсан. Хэнийх маань санхүүгийн хувьд асуудалтай, хоосон хонох дээрээ тулж байгаа вэ гэдгээ мэддэг байсан. Манай Зулд нэг сонин чанар байдаг байв. Эхлээд хүнийг болгодог, өөрийгөө ар гэрээ дандаа хойш тавьдаг тийм хүн. Найз нөхөд нь болж байвал өөрөө сэтгэл дүүрэн байж чаддаг тийм л хүн байлаа. Оюутан байхад аав, ээж хоёр минь Хайлаастад хашаа авч өгсөн юм. Тэнд л бидний оюутан цагийн онгодтой өдрүүд үлдсэн. Бадамцэрэнгийн Эрдэнэбулган гэж сайхан найз минь байв. За тэгээд л манай Бадамжав, Сонинбаяр, Занданхүү гээд бүгд дарвиж очно.Оройдоо Буяннэмэхийн таван хором хийнэ. Таван минутын шүлгийн уралдаанаа хэлж байгаа нь тэр.

-Та Эрдэнэ-Очир ах, Бавуу ах хоёрын тухай ярилаа. Үнэхээр арга байхгүй. Ууганаагийнхаа тухай, Зулынхаа тухай ярилаа. Таны л ярьж дурсах хүмүүс мөн. Өөр бас танд их утга зохиолд хүндэтгэдэг бурхад байж таарна?

-Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр гуай байна. Мөн Очирбатын Дашбалбар найрагч байна. Даваасүрэнгийн Чинзориг гэж жүжгийн нэрт зохиолч, бас сайхан найрагч бий. Энэ аваргууд чинь бидэнд хичээл заадаг байлаа. Ер нь бид чинь нэгнээ сайн уншдаггүй юм байна гэх бодол надад их төрдөг. Сүүлд би Хөөдөгийн Эрдэнэбаатар, дархад Мягмаржав гэсэн “Болор цом”-ын эзэн хоёр сайхан найрагч ахын номыг уншлаа. Үнэхээр тас тасхийсэн мөрүүдтэй, барахын аргагүй том найрагчид байж. Сая бас нэг сайхан найрагч дүү минь биднээс алга боллоо. Оролзодынхоо “Тогоруутай нуур” гэж дууг нь л мэдэхээс шүлгийг нь бас л анзаарч уншаагүй байх юм. Хөшөөнийх нь чулуун дээр ямар шүлэг бичих вэ гэхэд хэлж чадахгүй байж жишээний. Тэгэхээр бид нэгнээ мэдэрч унших цаг болжээ.

-Сүүлд хэвлүүлсэн “Мөнгөн өвс” яруу найргийн ном тань утга зохиолд олон хүний талархал хүлээсэн?

-Дорнын их Явуугийн 90 насны ой болох гээд бужигнаад байж байх үед нэг сайхан ном гаргахсан гэх бодол надад төрөөд байдаг. Гэтэл ном гаргая гэхээр мөнгө санхүү нь юу билээ. Ах нь тэр жил айхавтар өвдсөнийг чи мэднэ. Олон сайхан нөхөд маань надад тус болсон. Би гэдэг хүн таван төгрөг олохоороо түүнээ эмэнд өгөөд таардаг. Гэнэт сэтгэл хөдлөөд Явуугийн наадам, хутагтуудын шагналтнууд тодрохоос өмнө нэг ном гаргаад хийморио сэргээчих юмсан гээд өөрийн фэйсбүүк хуудаснаа бичээд тавьчихлаа. Тэгтэл шууд тэр дороо танихгүй цэрэг хувцастай нэг хүн “Битгий олон юм яриад далчиганаад бай. Ахдаа дансаа өгчих” гэдэг юм. Би хувийн чатаар холбогдоод, би таныг танихгүй юм, зүс үзээгүй юм гэлээ. Тэгтэл Дорноговийн Амараа гэж хурандаа утсыг минь авч залгаад “Миний дүү ахыгаа уучлаарай, шууд холбогдсон. Ах нь чиний олон шүлгийг цээжээр хэлнэ. Тэгж би чамайг хүндэтгэх болсон” гээд надад нэг сая 500.000 төгрөг өгдөг юм. Баярмаа гээд бас нэг эгч холбогдож “Би яруу найрагч нарт хайртай. Номоо хэвлүүлэхэд тань сэтгэлийн дэм болох гэсэн юм” гээд мөнгө өгсөн. Завханы Түдэвтэйн Одгэрэл гэж шүлэг бичдэг охин “Нэргүй ах та хаана байна. Би танд 400 мянган төгрөг өгөх гэсэн юм. Манай нөхөр хүргээд өгөөрэй, заавал өгөөрэй” гэсэн гэж холбогдсон. Ингэж л утга зохиолд элэгтэй сайхан хүмүүсийн ачаар “Мөнгөн өвс” маань хэвлэгдсэн.

Нэргүй найрагч бид хоёрын яриа товчхондоо ийм. Зөөлөн сайхан түүний гэгээнд суухад нэг л сайхан байдаг.

“Намирсан цэнхэр бороотой үдшээр

Над руу гүйж ирдэг чиний зөрөг

Учралын мөнгөн харгуй сүлжиж

Уруулыг чинь үнссэн миний ертөнц”.

“Дандаа сайхан юм бодъё

Далавчгүй ч нисэх тухай бодъё

Өөрийнхөө тухай гэгээхэнээр бодъё

Өвдөж байсан ч эрүүл гэж бодъё

Өрөөлийн төлөө илүү сайханыг бодъё

Өрөвдмөөр санагдсан ч хүчтэй гэж бодъё

Өмнөөс алхаж яваа бүсгүйг хайрлахын эхлэл гэж бодъё

Өөрийгөө тэгээд хайр бүхний эзэн гэж бодъё

Өмөлзтөл уйлсан нэгнээ инээж жаргана гэж итгэе

Өнчин хүүгийн сэтгэл дүүрэн амьдрана гэж итгэе...”. Тэр бол шүлэг шигээ яруу тунгалаг хүн. Ууж идэж явсан үе бий. Гэхдээ архинаас бүрэн татгалзаж он оныг үдэж байна. Найз нөхөд олныхоо өмөг түшиг болсон ийм нэг ах минь өнөөдөр “Миний хайрын зүг” уран бүтээлийн үдэшлэгээ хийх гээд сандруухан явна. Олон ч хүний тоглолтыг мөнгө төгрөг харалгүйгээр зохион байгуулж, өөрөө гүйснийг нь мэдэх юм. “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн. Тэр хэддээ мань эр хайртай. Тэднийхээ хүрээлэлд, олон сайхан дүү нар залуусын хүрээлэлд шүлгээ бичиж явдаг ийм л эгэл найрагч билээ сэн.

Н.Гантулга

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)