Хүнд суртлын гинжийг таслах И-баримт системийн шинэ шийдэл

Арав хүрэхгүй жилийн өмнө гадаад пасспортоо авах гэж ажлаасаа бүтэн өдрийн чөлөө авдаг байлаа. Өглөө эртлэн босож уртаас урт очер дараалалд зогсож тал хуудас хүрэхгүй лавлагаа авахад 2 цагийг өлхөн зарцуулна. Дараа нь банканд төлбөрөө тушаана гэж адармаатай ажил бий. Ахиад л хоёр цаг хүлээж арайхийж төлбөрөө тушаан баримтаа авчихаад Иргэний бүртгэлийн газар руу яарна. Яг очиход өдрийн цайны цаг гээд хаалгаа барьчих нь тэр. Ганц нэг зүйл дутуу бол дээр дурдсан үйлдлийг дахин хийнэ.

Залхмаар энэ урт удаан шат дамжлагаас зүрхшээхдээ зарим нь гадаад пасспорт авахын тулд танилаараа “арын хаалгадуулна”. Арын хаалга гэдэг нь гар цайлгах нэртэй авлига юм л даа. Иргэн төрийн холбосон үйлчилгээний хүнд суртал ингэж авлигад хүргэж байсан энгийн л жишээ.

 

 

Бага байхаас төдийг хүртэл тийм л байх ёстой мэт санаж төсөөлж ирсэн төрийн үйлчилгээний дүр зургийг эргэн санагалзахад иймэрхүү. Хэдийгээр цаг наашилж ТҮЦ машины үйлчилгээ нэвтэрсэн ч төрийн үйлчилгээний хүнд суртлаас зүрхшээдэг үү?

Тийм бол та эндүүрч, сайн мэдээтэй. 10 дугаар сарын 16-наас эхлэн иргэд төрийн төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд иргэд төрийн байгууллага дээр нь очиж, банканд төлбөрөө төлөх гэж цаг хугацаа алдах шаардлагагүй болжээ. Шийдэл нь И-баримт систем юм. Иргэд И-баримт систем ашиглан энэ бүх асуудлаа шийдэж байна. Эхний ээлжинд иргэд төрийн 39 үйлчилгээ, лавлагааг ийнхүү авах боломжтой гэнэ. 

 

Хамгийн энгийн тайлбарлавал Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспортын захиалга зэргийг авахын тулд банкинд төлбөр төлж, дахин бүртгэлийн газарт очдог байсан бол Е-баримтын апликэйшнээ ашигласнаар төлбөр төлөхөд 2-3 минут л зарцуулна гэсэн үг. 

 

 

Үүнээс гадна үйлчилгээний хөлс болох 1000 төгрөгт нь и-баримт өгч буй. Цаашид иргэний улсын бүртгэлийн эдгээр үйлчилгээний үнэ хөлсийг хямдруулах бас төрийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхээ зорьж байгаа гэсэн чихэнд чимэгтэй мэдээг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дуулгав.

Энэ талаар гадны сайтууд онцлон бичжээ. Тухайлбал http://www.degruben.com/ сайтад “Дэлхийн улс түмнүүдээс Монголчуудын хамгийн сайн хийсэн зүйлийн нэг нь и баримтын тогтолцоо. Хөгжиж буй орнуудын жишгээр татварын асуудлаар 2015 онд НӨАТ-ын тухай хуулийн дагуу буцаалт авдаг болсноор шийдэж томоохон эргэлт чадсан. Хамгийн сүүлд и баримтын системийг төрийн үйлчилгээний төлбөрийн системд холбож чадсан нь Азийн орнууд дахь шилдэг жишиг юм”  хэмээн онцолжээ. 

 

Дээрээс нь бизнес эрхлэгч, ААН-үүдэд учирдаг хүнд төрийн хүнд суртлыг и баримт системээр шийдчихдэг бол манай улс цахим засаглалаараа дэлхийд тэргүүлдэг Эстонитой өрсөхгүй юмаа гэхэд Азид тэргүүлэх боломж харагдана. Тухайлбал Эстонид бизнес эрхлэгчид 20 минутын дотор компаниа бүртгүүлж, өөртэйгөө холбоотой эд хөрөнгө, хууль зүйн мэдээллийг шалган шинэчилж, мөн өөрийн бараа, үйлчилгээний мэдээллийн сангаа улсын сервертэй холбодог.  Ийнхүү мэдээлэл технологийн салбараа хөгжүүлсний ачаар ч авлига, төрийн албаны хүнд суртлаас салж чадсан жишиг орон юм.

Хүн амын хувьд ч цөөхөн энэхүү улс өдгөө технологийн шинэчлэлийнхээ ачаар Умардын бар гэгдээд буй. И баримт системийн шийдлийн ачаар ижилхэн цөөн хүн амтай, интернэт, ухаалаг гар утасны хэрэглээгээр дэлхийд дээгүүр орж буй манай улсад ч боломж бий. Засгийн газар ч шийдлээ олж харжээ. Иргэд ам сайтай байгаа энэхүү шинэ үйлчилгээ хүнд суртлын гинжийг таслах боломж хэмээн үнэлж байна. Дэлхий ертөнц ч технологийн боломжийн өмнөх монголчуудыг шинээр харах цаг айсуй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)