Д.Бямбасүрэн: Сангийн сайд аа, гоншгонох хэрэггүй, мэргэжлийн бай

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Ашигт малтмалын хуулийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч, улсын төсөвт төвлөрүүлдэг заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц үзлээ. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Энэ оны гуравдугаар сарын 26-нд УИХ Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг олборлох, борлуулах, боловсруулах шатанд нь нөөцийн татвар авахаар тогтоосон. Тухайн үед энэ өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэцэд зарга үүсгэж, улмаар Цэц дунд суудлын хуралдаанаараа уг өөрчлөлтийг буруу байна гэж үзсэн. Энэ шийдвэр зөв.

-Ямар үндэслэлээр Цэцийн шийдвэр зөв гэж?

-Ашигт малтмалын нөөцийн төлбөр гэдэг бол үйлдвэрийн шат бүхэнтэй холбоотой асуудал яав ч биш. Харин газрын хэвлийд хадгалагдаж байгаа Монгол Улсын үндэсний өв баялгийг тухайн эзэмшигчид худалдаж байгаа үнэ юм.

Жишээлбэл, Цюрихийн Бирж дээр унц алт 5900 долларын үнэтэй байна. Нэг грамм алт дунджаар 60-аад доллар гэсэн үг. Тэр 60 доллараас Монгол Улс энэ өв баялгийг хадгалж, хамгаалж ирсэн эзний хувьд ямар үнээр худалдах вэ гэдгээ тогтоож, татвараа авах ёстой. Авах даа газрын гүнээс ухаж гаргаж байгаа этгээдээс л авна. Тэр алтыг боловсруулж, борлуулах асуудал огт хамааралгүй. Нэг ёсондоо ашигт малтмалын нөөцийн төлбөр бол газрын хэвлийгээс гаргаж байгаа аж ахуйн нэгжийн өөрийн өртөг дотор орох зайлшгүй төлбөр. Жишээлбэл, Малчин хүн хотноосоо хонио борлууллаа гэхэд хонь худалдан авч байгаа цаад хүнээсээ нэг удаа л төлбөр авдаг биз дээ. Тэрнээс зарсан хонийг нь чанаж идвэл татвар аваад л, бууз хийвэл дахиж татвар авна гэж ярьдаггүй биз дээ. Үүнтэй яг ижил. Боловсруулах үйлдвэрээс татвар авах нь үйлдвэрлэл эрхлэгчдэд том дарамт болж байна. УИХ, Сангийн яам, УУХҮЯ-нынхны сэтгэлгээ ашигт малтмалын нөөцийн төлбөр гэдэг ойлголтоо ойлгоогүйгээс ийм тодорхойгүй байдал үүссэн.

-Ашигт малтмалын хуулийн дээрх заалт аж ахуй эрхлэгчдэд бодитоор ямар дарамт учруулдаг вэ?

-Энэ шат дараалсан татвар авах хуулийн заалт аливаа түүхий эдийг монголчууд дотооддоо боловсруулах сонирхлыг байхгүй болгож байгаа юм. Нэг ёсондоо олборлосон түүхий эдээ шат ахиулан боловсруулж, ашиг хуримтлал олох боломжийг хааж, үндэстнийхээ эрх ашгийн эсрэг шийдвэр гаргачихсан гэсэн үг. Энэ хуулийг зөвхөн улсын төсөв бүрдүүлж, мөнгө ихээр хурааж, үндэстнийхээ баялгийг дур зоргоороо зарцуулах сонирхолтой Сангийн яамны гол санаачилга гэж би ойлгодог.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Цэцийн шийдвэрээс улбаалан улсын төсөв 1.3 их наяд алдагдал хүлээнэ гэсэн. Энэ мөнгийн төсөвт урьдчилаад суулгачихсан байсан юм уу. Төсөв батлахад хоёрхон долоо хоног үлдчихлээ. Цагтаа баталж чадахгүй бол УИХ тарна...

-Наад сайдын чинь мэдэгдлийг би вебсайтуудаас үзсэн. Сангийн сайд маань үнэхээр энэ асуудлыг ойлгохгүй байгаа юм уу, аль эсвэл Монголд боловсруулах үйлдвэр цаашид хөгжих боломжийг хаах бодлогыг зориуд явуулаад байна уу гэдгийг ойлгохгүй байгаа. Цэцийн шийдвэр гарах даа шат дараалан авч байгаа татварыг боль гэсэн болохоос биш Ашигт малтмалын нөөцийн төлбөрийг байхгүй болго гэж хэлээгүй. Нөөцийн татвар цаашид явах хэрэгтэй. Тэгэхдээ зөв явах нь чухал. Монголын эдийн засгийг бүхэлд нь авч үзвэл жилд гарч байгаа зардлынхаа 43 хувьтай тэнцэх ашиг хуримтлалтай, боловсруулах үйлдвэрүүд нь 22 хувийн ашигтай, Уул, уурхай түүхий эдийг гадагш нь гаргадаг салбар 86 хувийн ашигтай байдаг. Эндээс харахад боловсруулах үйлдвэр рүүгээ хэн ч хөрөнгө оруулалт хийдэггүй, харин ч болж өгвөл газар онгичоод баялгийг нь гадагш нь зөөх сонирхолтой болно шүү дээ. Ийм боломж байхад нөөцийн төлбөрөө байхгүй болгоно гэж ярих нь эдийн засаг, улс төрийн хувьд буруу, маш харамсалтай үйл явдал л даа. Үүнээс болоод улсын төсөв төлөвлөхөд юм уу, тооцоход ямар нэгэн хүндрэл гарах учиргүй. Нөөцийн төлбөрийнхөө хуулийн заалтыг зөв болгох хэрэгтэй. Үүнийг Сангийн яам, УУХҮЯ гоншгонолгүйгээр засах ёстой. Гоншгоноод яваад байж болохгүй.

-Зарим улстөрч Цэцийн шийдвэрийг нэлээн эсэргүүцэж байна...

-Энэ бол эдийн засгийн асуудал. Энд ямар ч улс төр хэрэггүй. Энэ хуулийг тогтоосон байдлыг харахад УУХҮЯ, Сангийн яам, Их хурлынхан ямар ч боловсрол байхгүй гэдэг нь харагдлаа шүү дээ. Мэдлэг ч байхгүй. Хонио ямар үнээр худалдахаа мэддэггүй малчныг юу гэж хэлэх вэ. Тэрэн шиг баялгаа зөв худалдаж чадахгүй төр засгийг хүн юу гэж хэлэх вэ. Энэ асуудалд улс төр ярина гэдэг өөрсдийнхөө бүдүүлэг, харанхуй байгааг л халхалж байгаа хэлбэр. Сангийн сайд энэ асуудалд гоншигонох хэрэггүй, мэргэжлийн бай.

-Монголын эдийн засгийн форум дээр бизнес эрхлэгчид энэ асуудалд нэлээн бухимдаж байсан...

-Түрүүн хэлсэнчлэн боловсруулах салбар үнэхээр хүнд нөхцөлд байгаа. Харин уул, уурхайнхан буюу бүтээгдэхүүнээ ухаж гаргаад, гадагш нь худалддаг компаниуд мөнгөөр хэзээ ч дутаагүй. Бизнеснийнхэн бүгдээрээ бухимдаж байгаа юм биш. Боловсруулах салбарынхан л ингэж ярьж байгаа юм. Тэдэнд үйлдвэрлэлээ явуулах ямар ч боломж гарахгүй байна шүү дээ. Шат бүрт татвар авдгийн гол уршиг нь энэ юм.

-Зарим эдийн засагч таныг Цэцийн шийдвэрийг угтаж, хэн нэгний ятгалгаар Цензургүй яриа, нэвтрүүлэгт орсон гэх юм. Үнэхээр бодит хохирол байна гэж та ярьсан юм уу, эсвэл хэн нэгэн таныг яриад өгөөч гэж гуйсан юм уу?

-Цензургүй яриа нэвтрүүлэгт би хоёр дахь удаагаа орж байна л даа. Энэ нөөцийн татварын тухай асуудлыг олон жил бодож явсан. Манайхан энэ чиглэлд буруу юм хийгээд яваад байна гэж их боддог байлаа. C1 телевиз намайг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, төсөвтэй холбоотой асуудлаар ярина гэж нэвтрүүлэгтээ урьсан. Тэгээд ярилцлага явсаар нөөцийн төлбөрийн асуудал руу гулсаад орчихсон. Хөтлөгч асуултуудаа тавьсан. Нөөцийн төлбөрийн асуудлыг хэвлэлээр ярилцлага өгөхдөө би олон удаа буруутгаж, засах ёстой гэж ярьж байсан шүү дээ.

-Та телевизийн нэвтрүүлэгт орохдоо Монголын төрд гадны хөл гар болсон хүмүүс байна гэсэн. Тэр хүн нь хэн юм бэ?

-Илэрхий байна л даа. Манай улсын хуулиуд гаднын компаниудын захиалгаар батлагддаг нь хэнд ч илэрхий шүү дээ. Хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн олон улсын судалгаа хийдэг хүмүүс гэхэд Монголын уул уурхайтай холбоотой хууль өдөр болгон өөрчлөгддөг, учир нь олддоггүй гээд л ярьдаг. Үүнээс болоод Монголд янз бүрийн асуудал үүсч байна л даа. Жишээ нь, Рио Тинто төмрийн хүдрийн уурхайг Чалкод шилжүүлнэ гээд бөөн асуудал үүсч, Австралийн Засгийн газар лиценз шилжүүлж болохгүй гэж хориглочихсон. Гэтэл Монголд лиценз авсан аливаа аж ахуй нэгжүүд гүйж очоод л нөгөөдөө шилжүүлдэг, сүүлдээ ашит малтмалын нөөцийг нь хэн олборлож байгааг ч мэдэх ээ больчихсон сууж байна шүү дээ. Ийм уурхай олон байдаг. Нөгөө талдаа гаднынханд л бууж өгч байвал болдог юм шиг ойлголт Монголын улс төрийнхний хэм хэмжээ болчихож. Монголын төрийн түшээд гадныхны гарыг долоож амьдарч байна.

Б.Амартүвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)