Чөлөөт бүсийг чөлөөлөх хэрэгтэй байна

Үнэндээ 2000 оноос хойш манай улс чөлөөт бүсийн тухай ярьж эхэлсэн. Гэвч өнөөдөр ямар түвшинд байна. Үүний гарц гаргалгаа зөв замаар хөгжихийг дан ганц манай улс шийдэж чадах уу гэх  мэт олон асуултад хариулт хайх байх. УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төсөл яригдах болсон нь иргэдийн  шүүмжлэлийг дагуулж эхэллээ.  Энэ хуулийн өөрчлөлийг хийхдээ  нэр томъёо талд нь илүү анхааралтай  хандсан өөрчлөлт болсныг нуух юун. Тухайлбал, хуулийн төсөлд “хил дамнасан” гэдэг нэрийг ашиглах нь зохимжгүй гэж үзэж байгаа. Энэ нь ч зөв.  Учир нь, хил дамнасан гээд нэрлэчих юм бол хоёр талын хэлэлцээр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй, будлиантай нөхцөл байдал үүсэх магадлалтай.

Иймээс хил дамнасан гэж нэрлэхээсээ илүүтэй Монгол, БНХАУ хамтарч ажиллаж байгаа гэдэг үүднээс “хамтын ажиллагааны чөлөөт бүс” гэсэн утгаар нэрийг оруулах нь зөв байх магадлалтай юм. Монгол Улсын хувьд чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хамгийн том тулгамдаж буй асуудал бол бүтээн байгуулалт. Монгол Улс өөрөө далайд гарцгүй орон. Энэ нь тээврийн зардал өндөртэй гэсэн үг. Тээврийн зардал өндрөөс гадна чөлөөт бүсүүдэд нь бүтээн байгуулалт хийгдээгүй буюу дэд бүтэц байхгүй байгаа тохиолдолд зардал нь улам л нэмэгдэнэ гэсэн үг. Чөлөөт бүсэд татварын хөнгөлөлт, тусгай дэглэм үйлчилдэг жишиг бий. Харамсалтай нь тээврийн зардал өндөр, дэд бүтэц хөгжөөгүй байдал нь үүнийгээ үгүйсгээд байдаг. Хэрвээ бид чөлөөт бүсийг хөгжүүлэх гэж байгаа бол энэ чиглэлийнхээ  дэд бүтцийн асуудлыг маш өндөр түвшинд шийдэж өгөх ёстой. Одоогоор манай улс чөлөөт бүсийнхээ дэд бүтцийг нь тодорхой түвшинд шийдчихсэн гэж зарим албан тушаалтнууд үздэг.  

Гэтэл  Замын-Үүд, Алтанбулаг дээр ч адил бүс дундуураа явсан үндсэн зам байхаас биш тэрхүү зам болон тухайн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуй нэгжүүдийг холбосон туслах зам байхгүй. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн зөөх боллоо гэхэд нөгөө л нэг шороон замаараа явна л гэсэн үг. Цаашилбал дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус гэх мэт тухайн газарт үйл ажиллагаа явуулах түвшинд асуудал нь шийдэгдээгүй. Алтанбулаг чөлөөт бүсэд дээрх асуудлыг нь шийдчихсэн. Гэтэл энэ боломжийг ашиглаад үйл ажиллагаа явуулъя, эдийн засгийн үр ашгийг нь гаргах компаниуд байхгүй. Замын-Үүдэд бол  чөлөөт бүсэд дэд бүтцийн байгууламж нь бэлэн болчихсон. Гэхдээ асуудалтай. Хэн ашиглах вэ гэдэг тал дээрээ асуудлаа шийдэж чадахгүй байна. Тус чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулаад эхлэхээр урсгал зардал гарна, түүнийг нь хэн төлөх вэ. Хятадууд нь бариад өгчихсөн юм чинь тэд асуудлыг нь шийдэж өгөх үү эсвэл монголчууд нь цаашид энэ бүсээ хөгжүүлээд аваад явах уу гэдэг асуудал тодорхойгүй байна. Тодорхойгүй байгаа учраас хэн очиж үйл ажиллагаа явуулах юм вэ энэ мэтчилэн үйл ажиллагааны шинж чанартай маш олон асуудал бий. Үүнийгээ хамгийн түрүүнд шийдэх ёстой.  USAID-ийн зүгээс Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийн төслийг хийхдээ хангалттай хэмжээний ТЭЗҮ боловсруулаагүй байна, зардал, ашгийн шинжилгээг олигтой хийгээгүй байна гэсэн дүгнэлт хүртэл гарч байсан. Өөрөөр хэлбэл, үүн дээрээ анхааралтай хандах ёстой гэдгийг олон талаас нь илэрхийлчихээд байна.Чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудал нь зөвхөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад шийдчих асуудал биш. Үүнийг хөгжүүлэхэд болохгүй байгаа маш зүйл олон байна. 1995 онд л Чөлөөт бүсийн тухай үзэл баримтлал батлагдаад л явсан.

Анхны чөлөөт бүс байгуулагдсан явдал нь 2000 оны эхээр, түүнээс хойш бараг 20-оод жил өнгөрчихлөө. Гэвч өнөөг хүртэл бахь байдгаараай. Харин өнөөгийн  Засгийн газар одоо л нэг жаахан ойлгоод, дэмжих санаа санаачлага яригдаж байна. Гэхдээ чөлөөт бүсийг хөгжүүлье л гэж байгаа юм бол санхүүжилт тогтвортой байх ёстой. Өнгөрсөн жилүүдэд Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийг нь шийдэж өгье гээд төсвөөс санхүүжилт өгсөн. Харамсалтай нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад дараа жил нь тасалдчихсан. Нэг жил нь төсөв өгөөд, дараа жил нь нь төсөвгүй үлдчихдэг, тэгснээ төсөв өгөөд, дахиад хэдэн жилээр төсөв тасарчихдаг. Ингэж явсаар байгаад цаг хугацаандаа орох ёстой ажил орж чадахгүй гацаанд орчихоод байгаа. Тиймээс чөлөөт бүсийг яаралтай чөлөөлөх хэрэгтэй байна. Хэрэв тэгж чадахгүй бол бидний хөгжлийн хурд даруй 10 жилээр ухарч магадгүй юм .

А.Гал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)