Рашаан булаг ширгэхийн хэрээр амины ус ховордоно

Уулын бэл, хяр зэрэг өндөрлөг хэсэгт буусан хур тунадасны ус газрын ан цаваар нэвчин орж, хүндийн хүмний үйлчлэлээрээ газрын налууг даган хөрс чулуулгын үе давхаргаар урсч явсаар аль нэгэн нам дор газар юмуу гуу жалгын хавьд нэвчин гарч ирдэг хурын усны нэгэн хэсгийг булаг гэдэг. Газрын гүнээс үүдэлтэй булаг ч байдаг. Тиймээс булгийг газрын доорх усанд багтааж судалсаар ирсэн юм. Олон булаг орчлонгийн эх гэдэг Монгол ардын сайхан сургаал бий. Тиймээс л булгийг монголчууд Рашаан булаг гэж дээдэлж хүндэлж нэрлэдэг байсан. Рашаан гэдэг үг эмчилж, эдгэрүүлж, эрүүл саруул болгодог гэсэн ойлгоцыг юуны түрүүнд хүний ой санамжид төрүүлдэг. Булаг усыг эм тан гэж ойлгодог ойлголтоо монгол хүн бүр хойч үеийнхэндээ дадал заншил болгон үлдээж, байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн. Гэтэл сүүлийн үед рашаан гэдэг үгийг хасч бичиж, хэлж заншсан учраас ялангуяа өнөө үеийнхэн булгийг хаа сайгүй байдаг жирийн л нэгэн ус гэж ойлгож бузарлаж бохирдуулдаг болсноор бүхний эх үндэс болох булаг шанд ширгэж хатаж байгаа нь нүднээ илхэн. Үүнийг дэлхийн дулааралтай холбон ярьдаг нь ч үнэн ч бас ашиглалт хамгаалалтын буруугаас болж байгааг үгүйсгэж болохгүй.

Оросын нэг эрдэмтэн хүйтэн ус эмчилгээнд хэрхэн нөлөөлдөг явцыг (механизм) маш үнэмшилтэйгээр тайлбарлажээ. Тухайлбал, хүйтэн усанд орох юмуу хөл гараа дүрэхэд юуны түрүүнд тархи мэдэрч тэр хэсгийг дулаацуулан цусан хангамжийг сайжруул гэдэг үүргийг зүрхэнд өгдөг, Зүрх тэр даруйд хүчтэй ажиллаж тухайн хэсгийн судсыг тэлүүлж, цусан хангамжийг нь онцгой ихэсгэдэг. Арьсны гадарга дахь бичил судсууд хүргэл тэлж цусан хангамж нь сайжирч дулаацдаг гэжээ. Тэр үнэн. Цасаар нүүр гараа угаамагц улайж халууцаад явчихдаг. Ийм маягаар цусны эргэлтийг сайжруулж, бие эрхтэнийг эрүүлжүүлдэг байна. Тиймээс л монголчууд ес эхлэнгүүт харз усанд ордог. Тэгэхдээ магнайгаа эхэлж хүйтэн усаар заавап шавшдаг нь шүтлэг биш толгойн хэсгийнхээ судсыг тэлүүлж цус харвалтаас хамгаалдаг мэргэн ухаан байжээ.Энэ зөвхөн монголчуудынх бишээ. Бусад орны иргэд ялангуяа оросууд мөстэй усанд байнга л орж харагддаг.

 

 

Манай ард түмэн рашаан булгийихаа орчмыг талхалж дагшруулахгүй, тостой зүйлээр бохирдуулдаггүй байсан нь учиртай. Тослог бодис усан дээгүүр нимгэн хучаас давхарга үүсгэн агаарын солилцоогүй болгож үхмэл байдалд оруулдаг.

 

Гэтэл одоо сав суулга, хир буртагтай эд зүйл төдийгүй машин тэргээ угааж, голыг зугаа маягаар машинаараа гаталж булингартуулах нь жирийн л үзэгдэл болжээ АНУ-д зэрлэгээр амьдардаг нэгэн бүлэг хүмүүс гол дээр ирэнгүүт л хөл гараараа голыг булингартуулахад загаснууд тэр дорхноо үхэж тэдгээрийг түүж идэж амьдардаг юм билээ Булингар усны амьтад ялангуяа загасны амьсгалын эрхгэн болох заламгайг дор нь бөглөдгөөс л хялбархан үхүүлдэг байна. АНУ-д гол, түүний ай савд орох бүртээ татвар төлж, зөвшөөрөл авч, тэгээгүй тохиолдолд өндөр торгууль оноож, хүн ардаа журам дэглэмтэй байлгаж, торгуулийн хүмүүжүүлэх ач холбогдлыг өндөрт тавьдаг хууль журмыг манайд хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.

 

 

Хөрс ургамлын олон үе давхаргаар шүүгдэж гардаг болохоор булгийн ус ихээхэн цэвэр, цэнгэг, хүйтэн байдаг. Тэрхүү цэнгэг усанд усны молекулын цахилгаан (+ ба -) туйлт холбоог саармагжуулагч цэнэг хэсгүүд (өөрөөр ууссан давс) бага байдаг учраас хир, буртаг, өөх тос зэргийг угааж зайлуулах цахилгаан таталцлын хүч, үйлчлэх чадвар нь сайн хэвээрээ байдаг.

 

 

Энэ чанарыг нь ашиглаж монголчууд хүйтэн булгийн усыг ууж, ялангуяа элэг цөсөө угааж цэвэрлэж, ходоодныхоо хүчил шүлгийг саармагжуулан тэнцвэржүүлж бас түүнд орох зэргээр элдэв өвчин эмгэгээ илааршуулдаг байсан. Тиймээс л тэдгээрийг рашаан хэмээн нэрлэж, хайрлан шүтэж хамгаалдаг байжээ.

Би 1952 онд Булган аймгийн Намнан сумын бага сургуулийг төгссөн. Тэр үед черта, чоно тарвагачлах, лапта зэрэг тоглоомоор нааддаг байлаа. Гэтэл тэдгээр нь заавал газарт зураас гаргадаг тоглоом. Бүх хүүхэд завсарлаж, тоглох болоход газар зурах хүүхэд олдохгүй ээж нь өөд болсон Калинин (Болдбаатар) гэдэг ганцхан хүү газар зурдаг байв. Учир нь, тэр үед газар зурвал ээж нь өөд болдог гэсэн сургаал их тархсан байлаа. Ганц зурааснаас газар дэлхийн эвдрэл үүсдэг гэсэн ойлголтыг монголчууд тэгж хойч үедээ хүргэж. байгаль дэлхийгээ хамгаалдаг байжээ. Ингэж орчлон ертөнцийг хамгаалахуйц ончтой сургаал үг зөв нэршлийг уул усандаа өгч, байгаль дэлхийгээ хамгаалж байж дээ, манай өмнөх үеийнхэн. СГЗ, сэтгүүлч, зохиолч Г.Галсан гуай Улаанбаатар орчимд байсан 30 гаруй рашаан бүгд алга болжээ гэж бичсэн байна лээ. Саяхан хүртэл Дондогдулам, Ганц мод, Яргайт, Улиастайн гээд олон рашаан байсан. Гэтэл одоо ганц Дамбадаржаагийн рашаан үлдсэн ч тэр нь нийтийн усан хангамжийн эх үүсгэвэр болж, бузарлагдаж бохирдсоор рашаан шинж чанараа алдсан байна. Үүнийг тэрлэсний учир гэвэл, урд үеийнхнийхээ уламжлалт ёсыг ухаарч ойлгоод улс орны дэвшилт санаа, санаачилгыг нэвтрүүлж, ус булгаа хамгаалж байгаасай гэсэн юм шүү, хүүхдүүд минь.

 

Химийн ухааны магистар Д.Мөнхзул.

Өндөр насган Г.Туваанжав /2019.09.25

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)