Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ

Монголын шинэ цагийн түүхэнд 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр онцгой өдрөөр тэмдэглэгдэх эрхээ олж авч чадлаа. Энэ өдөр Монголын парламент Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталсан нь улс төрийн тогтворгүй байдалд тодорхой хязгаар тавьснаараа түүхэнд үлдэх юм.

Монголын нийгэмд системийн гажиг үүссэн гэсэн санаа сүүлийн жилүүдэд хууль тогтоогчид, хуульчид ч, иргэдийн дунд идэвхитэй өрнөж байв. Энэхүү тогтолцооны гажигийн нэг хэсэг Үндсэн хуульд бий. Мэдээж хэрэг бүх бурууг Үндсэн хуульд тохох учиргүй ч засаглалыг бүрдүүлэх зарчмаа хуульчилсан Үндсэн хуулийн заалтууд цаг үеэсээ хоцрогдсон нь тогтолцооны гажгийн нэг том шалтгаан хэмээн болж байгааг тайлбарлаж ирсэн юм.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2008-2012 онд байгуулагдсан УИХ-ын үеэс идэвхитэй хөндөж эхэлсэн. Энэ ажлыг Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн УИХ хэрэгжүүлж, өчигдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслөө УИХ-ын 63 гишүүний ирцтэй өөрчилж чадлаа.  УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш 5 сарын турш, зуны саруудад ч завсарлагагүй хэлэлцэгдсэн. УИХ-ын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирсэн бол төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан байв. Нэгдсэн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцсэн юм.

Шинэ Үндсэн хуульд

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх,  

-Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө,

-Улс төрийн нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана,

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно,

-Шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлууд багтсан,

- УИХ-ын гишүүн эгүүлэн татагдах заалт тусгагдсан гэх мэт нийтээрээ эрэлхийлж, шийдэхийг хүсч байсан олон давуу талууд тусгагдлаа.  

Үндсэндээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт  нь төр тогтвортой, засаглалууд тэнцвэртэй, шүүх хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо зөв тийш эргэх эхлэлийг тавиад байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны дараа хэлсэн үгэндээ “Шинэ Үндсэн хуулийг батлах ажил амар хялбар өрнөөгүй. Бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүүтэй асар их хариуцлага, эх орон, ард түмэн, ирээдүй маргаашаа бодсон чин сэтгэл, хичээнгүй тууштай зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан гэж хэлж болно. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажиллалаа. 

Төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад талархаж байна хэмээсэн.

Түүхийн хуудсыг эргүүлэн ганцхан жишээ хөндөж үзье. Монгол Улс Үндсэн хуультай болсон 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар огцорсон байдаг. Энэ нь нэг Засгийн газар дундажаар 1.7 жил ажиллаж, 27 Ерөнхий сайд мэндэлсэн гэсэн үг юм. Ерөнхий сайдаа дагаад Засгийн газрын танхимд салбар салбарт шинэ сайдууд томилогдсон. Харин энэхүү 27 жилд сайдын суудалд 300 хүн сууж үзжээ.

 

Ийм гунигтай түүх бүтээгдсэн 30 жилийн хугацаанд улс орны хөгжил тушигдаж, нийгэм өнөөдрийн хэмжээнд хүртэл хямарсан нь үнэн юм. Байдал энэ хэвээр үргэлжилж, дахин хоёр сонгуулийн ард гарахад л монголчууд Засгийн газраа огцруулсан үзүүлэлтээрээ Гиннесийн амжилтанд бүртгүүлж ч мэдэхээр байсан юм. 

Гэвч өчигдрөөс энэ гашуун түүх ард хоцорч Монголчууд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн Үндсэн хуультай боллоо. Энэ бол Г.Занданшатарын тэргүүлсэн парламентын амжилт болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. 

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)