Д.Оюунхорол: Хэн нэгнийг хууралгүйгээр, өөрийн ирээдүйгээс “хулгайлахгүйгээр” суралцах хэрэгтэй

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ОЮУНХОРОЛЫН “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЧУУЛГАНД ХЭЛСЭН ҮГ

Монгол Улсын ирээдүйн эзэд болсон Оюутан залуучууд Та бүхэнд болон Та бүхнээрээ уламжлан мянга мянган оюутан залуучуудад “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлж, чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. 

Энэ удаа “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулганыг Нийгмийн ардчилал монголын оюутны холбооноос санаачлан УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулж буй Та бүхний санаачилгыг дэмжиж, орчин үед залуучуудын хөгжлийн талаар байр сууриа илэрхийлэн, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх боломж, арга замын асуудлаар төрөөс баримталж буй бодлого, чиглэлийн зарим сэдвийг хөндөн  ярилцахыг зорьж байна.

Аливаа улс орны хөгжлийн чиг хандлага, хурд, амжилт ирээдүйн өнгө төрхийг залуу үе нь, оюутан залуучууд нь тодорхойлж байдаг. Оюутанд хандах төр, засгийн бодлого, шийдвэр, үнэлэмж ч улс орных нь нэр төр, баримт баталгаа болж, итгэлтэй ирээдүйг бүтээн байгуулах баттай үндэс суурь болдог.

Монгол Улс хүн амын насны бүтцийн хувьд залуу орон билээ. Манай улсын хүн амын 25.5 хувийг 15-29 насны залуус эзэлдэг ба гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтаж байна. Энэ бол юугаар ч сольшгүй баялаг, эрхэм үнэт зүйл юм. 

Бид залуучуудаа эрүүл саруул оюун ухаан, бие бялдартай, эх оронч, хариуцлагатай, боловсролтой, мэдлэгтэй, мэргэжил мэргэшилтэй иргэн болгон төлөвшүүлж, баталгаатай ажил орлоготой, өөрийн гэсэн орон байртай, өмч хөрөнгөтэй болгох талаар тогтвортой, цогц бодлого явуулах үүрэгтэй. Нөгөө талаас оюутан залуус Та бүхний өөрсдийн хүчин чармайлт, хариуцлага маш чухал гэдгийг энд онцлон хэлмээр байна. 

Залуучуудын өмнө тулгарч буй нийтлэг асуудал бэрхшээлийг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлж, эрчимтэй өөрчлөгдөж байгаа эрэлт хэрэгцээг хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх, оновчтой бодлого, тодорхой зорилго чиглэл бүхий хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилтыг хангах үүднээс Монгол Улсын Их Хурлаас анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд батлан хэрэгжүүлсэн нь дэлхийн болон бүс нутгийн хүрээнд залуучуудын асуудлаар бие даасан хуультай цөөн орнуудын нэг болж чадсан юм.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн 5 чиглэлээр залуучуудын хөгжлийг дэмжиж байгаа билээ.  Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид, өрх толгойлсон эцэг эхчүүдийг халамжилж, онцгойлон анхаарах болно. Хуулийн дагуу Залуучуудын хөгжлийн санг төрөөс  байгуулж өгөхийг зорьж байна.

Залуучуудын хөгжлийн санг тогтмол орлогын эх үүсвэртэй болгохын тулд бичил бизнес эрхлэхэд шаардлагатай санхүүжилтийг бий болгох зорилгоор барьцаа хөрөнгө шаардахгүй, жилийн 3 хувийн хүүтэй, урт хугацаатай зээл олгох замаар “Итгэлийн зээл”-ийн хууль батлагдвал  хамрагдах боломжтой юм.  

Боловсролын зээлийн сан байгуулж, оюутан залуучууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан төлөх боломжийг нээж, таатай  тогтолцоог бүрдүүлсэн. Оюутан залуус сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж байна. 

Залуучуудын сурч хөгжих боломжийг нэмэгдүүлж “Оюутны хөгжлийн зээл”-ийг санхүүгийн бололцоогүй, 2.8-аас дээш сургалтын голч оноотой, амжилттай суралцагч оюутан, залуучуудад хүүгүй, хамтран зээлдэгчгүй, барьцаагүй, ажлын байранд эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож байна. Тус зээлд 2018 онд нийт 9231 оюутан, суралцагчид хамрагдаж, 13.1 тэрбум төгрөгийн зээлийг аваад байна. 2020 оны төсөвт Оюутны хөгжлийн зээлд өмнөх оноос 2 дахин их мөнгө  зарцуулахаар төлөвлөсөн. Оюутны төрөл бүрийн хөнглөлт үйлчилгээ нь хэн нэгэнд үнэ төлбөргүй зүйл өгөхөд бус, харин ирээдүйд оруулж буй оюуны хөрөнгө оруулалт гэж зөв ойлгож үр дүнтэй ашиглаж өөртөө боломж бий болгох хэрэгтэй.

Залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдрах ухаан, эерэг хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх хөдөлгөөн өрнүүлж, үр нөлөө бүхий арга хэмжээг тогтмол зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалын хэрэгцээ, ач холбогдлыг таниулан сурталчилснаар их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагад элсэн суралцаж буй 1 дүгээр курсын оюутнууд 100 хувь, бусад курсын оюутан, залуучуудын 80 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан судалгаа гарчээ. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. 

Монголын төр улс орныхоо ирээдүй болсон залуучуудад халамж биш, боломж олгох болно. Та бүхэн таатай боломжийг дүүрэн ашиглаж, улс орныхоо ирээдүйг сайн сайхан болгохын төлөө бүхнээ зориулах учиртай.

Оюутан байхдаа аав ээжийнхээ чамд зориулсан оюуны хөрөнгө оруулалтыг салхинд хийсгэж болохгүй, ингэвэл чи өөрийнхөө ирээдүйгээс хулгайлж байна гэсэн үг. Боломжийг оюутан байхдаа маш сайн ашиглаж, сурах үйл ажиллагааны ид шидийг гаргаж чадвал үр дүнд нь тэр хүнд сэтгэлийн боловсрол шингэсэн мэргэжлийн бүх чадвар эзэмшсэн сайн мэргэжилтэн болж олон хүнд дэм тус болно. 

Монголын залуучууд өнөөдөр хүчтэй, чадалтай, мэдлэг боловсролтой. Өнөөдөр Та бүхнийг  төр бодлогоороо дэмжээд өгвөл ажил, мэргэжил, оюун ухаан сэтгэл зүтгэлээрээ улс орноо эзний ёсоор авч явахын сацуу гэр бүл, хамт олноо, манлайлан авч явж чадна. 

Магадгүй та нар дэлхийд өрсөлдөж, зарим чиглэлээр тэргүүлж ч чадна. Залуучууддаа итгэл өгч, өөрсдөөр нь ажил хийлгэж, тэд чаддаг юм байна гэдгийг нотлон харуулах тэр боломжийг залуучууддаа олгох ёстой.

Одоогийн залуус маань ямар ч ажлыг өөрийгөө зовоогоод байлгүй хөнгөхөөн чадварлаг маш зөв шийдлээр хийчихдэг шилдэг залуус олноор бий болж байна. /Амарбат, Булгантамир/ Хийж буй ажилдаа сэтгэл гарган нийгмээ өөрчлөх зөв чиг хандлагатай чадвар суусан манлайлагч залуучдаа хараад бахархаж байна. 

Зорилгоо зөв, оновчтой, ул суурьтай тодорхойлж, бодлого чиглэлээ судалгаанд тулгуурлан сайтар боловсруулж, шийдвэрлэх асуудлаа эрэмбэлэн жагсааж, гол асуудлаас нь зориглон барьж авч сайн зохион байгуулалт хийж, хүчээ нэгтгээд, хүрэх үр дүнгийн төлөө гар, сэтгэл нийлэн нэгдэн ажиллаж чадвал болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй ээ. Эерэг үр дүн гаргаж чадвал амжилт биднийг угтах болно гэдэгт итгэлтэй байгаарай.

Оюутан залуус бусдыг идэвхгүй  аялдан дагах бус, нийгмийг, хүн ардыг  араасаа дагуулж, үлгэрлэн оройлж манлайлах цаг болжээ. 

Улс орныг хөгжүүлэхэд  оюутны үүрэг оролцоог нэмэгдүүлж, санаачилга идэвхийг өрнүүлэн, боломж хүчийг чиглүүлэх болсон гэж үзэж байна. Оюутнууд бол нийгмийн хамгийн идэвхитэй цөм, хүчирхэг нэр хүнд бүхий хэсэг, бүтэц болохоо харуулах хэрэгтэй. Улс орны нийгэм эдийн засаг хүндрэлтэй, нөхцөл байдал ээдрээтэй хөгжлийн энэ цаг үед оюутнууд бэрхшээлээс зугталгүй сайн суралцахын зэрэгцээ улс орны хөгжил, бүтээн байгуулалтад гар бие оролцох, тэргүүлэх үүргийг  хүлээн авах болно. Энэ эрхэм хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлэхийн тулд эртнээс, оюутан байх цагаасаа бэлдвэл зохино.

Манай улс тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролыг бүгдэд, ялангуяа бүх залуучуудад хүргэж, насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх, ингэхдээ  залуучуудын оролцоо, хүчин чармайлтыг илүүтэй дэмжихийг чухалчилж ирснийг Та бүхэн мэднэ. 

Залуучууд Та бүхэн боловсролтой, зөв төлөвшилтэй, эерэг хандлагатай, хариуцлагатай байснаар нийгмийн хөгжлийг түүчээлэх хүч болж чадна.Та бүхэнд өргөн боломж, олон сонголтоос гадна үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурах, хөгжих нээлттэй ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ нийгэм өрсөлдөөнт нөхцөл, шинийг сэтгэх, шийдлийг олох, шийдвэр гаргах хурдыг ч шаардаж байна. 

Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 94 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр сургуулиудад 157 000 орчим оюутан, залуучууд суралцаж байна. 

Судалгааны их сургууль байгуулахаар төр засгаас тавьж буй зорилгыг хэрэгжүүлэх  үндсэн нөхцөл бол дэлхийн түвшний их сургуультай болох асуудлыг гаргаж тавьж байгаа нь цаг үеэ олсон чухал асуудал юм. 

Энэ чиглэлээр авъяасын төвлөрлийг бий болгохын тулд багшийн авъяасын төвлөрөл, оюутан залуусын авъяасын төвлөрлийг зэрэг бий болгох шаардлага тулгарч байна. 

Ер нь дэлхийн топ 100-д ордог ганц сургуультай болъё гэдэг зорилгыг үнэхээр монголын төр тавиад санхүү хөрөнгө оруулалт бодлогын хувьд дэмжээд аваад явбал бидний ирээдүй хойч үеийн өмнө хийж буй хамгийн том оюуны хөрөнгө оруулалт болно. Энд ямар ч улс төр шаардлагагүй, эрсдэл бэрхшээлүүд мэдээж бидний өмнө тулгарах байх, энэ асуудлыг шийдвэрлэх хандлагыг бий болгож чадвал боломж гарна гэж харж байна. 

Их сургуулиуд улс орны хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд шинэ мэдлэг бүтээх, шинэ санааг инноваци болгон нэвтрүүлэх боловсролын үйлчилгээг экспортлох зэрэг замаар улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж чадах боловсролын байгууллага болж хөгжих боломж ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Ингэж чадвал дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо бий болгож чадна. 

Нөгөө талаас энэхүү шаардлагыг манай зэргэлдээх хөрш 2 орноос эхлээд дэлхийн бусад бүх бүс нутагт мэдэрч бодитой арга хэмжээнүүдийг авч тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал сүүлийн 10 жилд ОХУ дэлхийн топ 500 их сургуульд 15 их сургуулиа оруулж чадсан байна. БНХАУ дэлхийн топ 100 их сургуульд 4 их сургуулиа оруулж чадлаа. Ийм их сургууль байгуулах чухал нөхцөл нь авъяаслаг залуучуудыг дэмжих их сургуулиуд бол авъяастнуудын төвлөрөл болох зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. 

Монгол хүний оюуны чадвар дэлхийд 11-р байрт орж байгаа энэ том боломжийг бид улам хөгжүүлэх ёстой. 

       Энэ үед залуус маань мэдээллийн технологид, эрчимтэй суралцаж англи хэлний мэдлэгийг төгс эзэмших, 

       бүтээлч хандлагатай суралцах арга барилд сурах, өөрийгөө дайчлах

       багаар ажиллах чадвар, арга барилыг эзэмших бусдыг үнэлэх, хүндлэх, хамтрах, суралцах

       аливаа хийх гэж байгаа ажилдаа сэтгэлээ зориулж сурах, ингэж чадвал итгэлтэй, зүтгэлтэй, чадвартай, зөв хүн болж төлөвшинө.

Чиний амьдрал зөвхөн чамаас л хамаарна. Өөр хэнээс ч юунаас ч биш. Хэрэв чи үүнийг мэдэрдэггүй бол ирээдүйд нэг л их хохирогчийн сэтгэлгээтэй хүн болно. Ийм сэтгэлгээ л хүний амжилтын гол саад бэрхшээл болж залхуурал, ядуурал, стрессийн тойрогт аваачдаг.

       Сайн боловсролтой хүн хаана ч арын хаалгагүйгээр ажиллаж дэвших боломжтой нийгэмд л боловсролын үнэ цэнэ өсөж байдаг. Залуучууддаа ийм боломж олгох, хандлага зарчмаа өөрчлөхийн төлөө би та бүхний дуу хоолой болж ажиллана.

       Социализмын үеийн ганц давуу тал бол хэн чадаж хийж байна тэр хүнд боломжууд нээлттэй байж манлайлдаг боловсон хүчний шударга зарчим үйлчилж байсан. Жишээ нь миний гэр бүл, миний амьдралын жишиг юм даа.

       Төрийн албыг намчирхахгүй, хэт цус ойртуулахгүй, танил тал ар өврийн хаалга, нутаг ус, жалга довны томилгооноос ангид болгож жинхэнэ мэдлэг, чадварт суурилсан мерит зарчмаар томилдог, дэвшүүлдэг зарчим тогтчихвол залуусын өөрийгөө нээх, өөрчлөх, дайчлах, итгэлтэй болж зорилго тавин мөрөөдөлтэй амьдрах боломж бүрдэнэ. 

       Одоогоор зөв бичиж чадахгүй асуудлаа ойлгодоггүй, бүтээлч сэтгэлгээ, хандлагагүй нөхдүүд дарга болж дэвшиж байгааг хараад эмзэглэдэг.

Өнөөдөр Улсын Их Хурлаар Боловсролын тухай багц хуулийг хэлэлцэхээр  яригдаж буй энэ үед Та бүхэнтэй энэ чуулган дээр уулзаж байгаа нь онцлогтой юм. 

Бид хуулийг гарсан хойно нь бус гарахын өмнө, зохицуулалтаа дутуу орхихгүйн тулд энэ асуудлуудыг ярилцаж эхлэх хэрэгтэй байна. Их сургуулийн шинэ үеийн манлайлагчдыг бодлогоор дэмжиж хамтран ажиллах цаг нь болсон байна. 

Оюутан, залуучууд та бүхэн мэдээллийн зуунд амьдарч байгаа, цоо шинэ үеийнхэн илүү хурдтай мэдээллийг авч боловсруулж шүүлтүүр хийж сурах ёстой. 

       Монголчуудын үнэт зүйлс ёс суртахууны үнэлэмж маш ихээр унаж байгаад харамсдаг. 

       Өнөөдрийн нийгмийн үнэн дүр төрх нь ялангуяа бусдыг хар муу үгээр талцуулж, зөрчилдүүлдэг батлагдаагүй мэдээллээр хэн нэгнийг нэр зааж дайрч тавлаж доромжилдог. Энэ үед эцэг, эх гэр бүл хүүхдүүд нь шаналж гомддог. Ийм тохиолдолд би яах байсан бол гэж өөртөөгөө харьцуулан жишиж бодоход гэмгүй. Тохуутай юм шиг энэ амьдралд ээлж ирдэг. Доромжлол хэнд ч сайн зүйлс авч ирдэггүй тул эвийг зангидаж, тэвчээртэй хүлээцтэй, ёс суртахуунтай зөв хүн байх нь чухал шүү гэдгийг та бүхэндээ захимаар байна. 

“Монгол тэмүүлэл” сэдэвт энэхүү чуулгандаа идэвхтэй оролцож, өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа нухацтай ярилцаж, шийдлийг эрэлхийлэх, хэрэгжүүлэхэд манлайлан оролцоно гэдэгт итгэж байна.

Оюутан, залуучууд та бүхний санаачилга, шийдэл, тэмүүлэл, эрэл хайгуул чинь шинэ мэдлэг, эрч хүч, ирээдүйд тэмүүлсэн их хүсэл мөрөөдлөөр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье. 

 

 

 
 
 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.131.241.34)

    2019-11-18

    хувийн сургуульдаа малчдын хүүхдийг мөнгөөр чанаргүй сургуульдаа сургаж диплом өгч гаргаад л гүйцээ. Хүний мөнгийг шулж авахдаа гаргуун, төрийн ордонд тухалж, тансаг ордон амьдардаг болохоор агаарын бохирдол гэдгийг ч огт ойлгохгүй, унтахаас өөр эрдэмгүй, хулгай луйвар хийхээс өөр гаршсан ажилгүй, жинхэнэ бузар шиманус гэдэг чинь Оюунхорол шүү дээ. Сонгуууль дөхөхөөр олон юм ярьж дахих сонгогдох санаатай байх шив. Тарыг нь таньсан болохоор мэдрэл муутай л биш бол дахин сонгох хүн байхгүй шүү

  • зочин (202.131.241.34)

    2019-11-18

    Оюунхорол өөрөө худал хуурмаг, дээрэмчин луйварчин байж юугаа яриад байгаа балай авгай вэ

  • зочин (66.181.184.46)

    2019-11-18

    Малчид ,ядуучуудын ,хүүхдүүдийг ,өндөр ,төлбөртэй ,сургаж , диплом ,өгсөн ,болоод ,бизнес хийж,хөлжсөн ,хүмүүс ,ийм юм ,ярих ,тааламжтай ,биш ,байна ,аа. Санаа ,зовдоггүй ,юм байх даа. Чанар ,ажлын байр ,байхгүй ,хохирогчид бий ,болсоор.