Башар Асад: АНУ нацистуудыг дуурайж байна

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Оросын төрийн өмчит "Россия-24" станцад ярилцлага өгснийг хөрвүүллээ. Тэрбээр Сирийн эрх баригчид курдуудтай яриа хэлэлцээр хийж байгаа болон ард иргэдээ хэвийн тайван амьдралд хэрхэн буцаах талаар ярьсан байна. Ассад АНУ яагаад Сирийн нефтийг хулгайлдаг вэ, Дамаск энэ талаар ямар алхам хийх талаар санал бодлоо хуваалцжээ. Мөн "Цагаан дуулга" байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг Жеймс Ле Мезурийн үхлээс хэн ашиг хүртэх талаар ярилцлагадаа дурдсан байна.

-Ноён Ерөнхийлөгч өө, дэлхий нийтийн анхаарал Сирийн зүүн хойд хэсэгт болж буй нөхцөл байдалд төвлөрч байна. Та Сирийн талаар Орос, Туркийн хооронд байгуулсан гэрээг хэрхэн үнэлж байна вэ?

-Бид Астанагийн болон бусад гэрээний дагуу хүлээсэн үүргээ төдийлөн дагаж мөрддөггүй Туркийн талд итгэдэггүй. Гэхдээ өнөөдөр Орос улс энэ асуудалд оролцох нь эргэлзээгүй ач холбогдолтой юм. Бид гурван боломжит хувилбартай тулгараад байна. Эхнийх нь Исламын ахан дүүсийн холбоо ба Османчуудын үзэл суртлын үндсэн дээр бий болсон Туркийн төлөвлөгөөг хэлэлцэх асуудал. Хоёрдахь нь Сири улс дахь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, шийдэлд хүрэх үр дүнд хүрэхийг хойшлуулах зорилгоор Туркийн довтолгоотой холбоотой Америкийн төсөл юм. Гуравдугаарт, тэнд олон улсын аюулгүй байдлыг хангахын тулд бүс нутгийг олон улсын болгох А.Меркелийн санаачилга юм. Ерөнхийдөө эдгээр сонголтыг АНУ-ын удирдлага дор боловсруулсан. Энд дурдсан хувилбаруудыг хэрэгжүүлэхэд Оросын тал эергээр нөлөөлнө. Мөн Туркийн цэргийг татан оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд курдын хүчин зүйл хэлбэрээр шалтаг, шалтгааныг арилгахад тусална.

 

-Гэхдээ ОХУ яагаад Сирид туслах ёстой вэ?

 

-Орос улсын үүргийн талаар ярихгүйгээр энэ асуултад хариулахад хэцүү байна. Орос бол үүрэг хариуцлага хүлээдэг, олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэдэг том гүрэн. Москва ард түмнийхээ эрх ашгийн төлөө төдийгүй хүн төрөлхтний хувьд чухал алхам хэрэгжүүлдэг. Орос улсад агуу улсын дүрд тоглохоос өөр сонголт байдаггүй. Иймээс дэлхийн тэнцвэрийг хадгалахын тулд Оросын цэргийн нөлөө зайлшгүй шаардлагатай байна. Терроризмтой тэмцэх нь хоёр талтай. Эхнийх нь ёс суртахуун, олон улсын эрх зүйн хэм хэмжээг харгалздаг. Нөгөө талаар Оросын ашиг сонирхлыг хамгаалах хэрэгцээ юм. Терроризм хил хязгааргүй байдаг. Онөөдор Сирийн хямралаас гадна Европт алан хядах ажиллагаа болсон. ОХУ-д арав гаруй жилийн өмнө террористууд сургууль, театруудад гэм зэмгүй хүмүүсийг барьцаалж, хүмүүсийг хөнөөж байсан. Терроризмтой дэлхий даяар тэмцэх ёстой. Оросын тал хувийн ашиг сонирхлоос илүүтэй дэлхийн улс орнуудын хоорондох нийтлэг ашиг сонирхлыг баримталдаг. Тиймээс Оросыг Сири улсад тусална гэж найдаж байгаа.

 

-Туркийн тал хяналтан дахь нутаг дэвсгэрээс Сирийн дүрвэгсдийг буцаах бодолтой байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-Туркийн Засгийн газар Сирийн гурван сая дүрвэгчийг буцаах хүсэлт гаргасан. Энэ бол тэдний мөн чанарыг илтгэсэн үйлдэл. Сирийн хойд болон зүүн хойд нутгаар арабууд голлон амьдардаг. Тэндэхийн хүн амын 70 гаруй хувь нь араб. Гэхдээ америкчууд Курдын зэвсэгт дайчдыг дэмжиж, зааварлах болсон. Өөрөөр хэлбэл, Сирийн угсаатны бүлгүүдийн хоорондын тэмцлийг санаатайгаар дэврүүлж байна. Америкчууд тэднийг зэвсэглэж, санхүүжүүлж байгаа нь курдууд эх оронч биш гэсэн үг биш. Туркийн түрэмгийллийн дараа энэ чиглэлд ахиц гарч байгаа. Орос улс энэ талаар чухал үүрэг гүйцэтгэж байна. Дайны дараа хүн амын ихэнх нь улс төрийн ялгаа байгаа ч Засгийн газартайгаа эв нэгдэлтэй байхын ач холбогдлыг ойлгосон гэдэгт би итгэж байна. Дайн нийгмийг өөрчилдөг. Гэхдээ дайн улс орныг хуваах шалтгаан биш бөгөөд салан тусгаарлах, Үндсэн хуулийг устгах, төрийг сулруулах эрх олгодоггүй.

 

-Сирийн ихэнх хэсэгт дайн за дуусч, хүмүүс гэр орондоо буцаж эхэллээ. Сирийн эрх баригчид амьдралын ердийн нөхцөлийг хангахын тулд ямар алхам хийж байна вэ?

 

-Сирийн Засгийн газрын тулгамдсан асуудал бол эдийн засгийн байдал, суурь хэрэгцээ, хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн асуудал юм. Бид сургуулиудыг сэргээн засварлаж, хичээлийн хэрэгсэл, багшийн хангамж зэргийг шийдвэрлэсэн. Мөн орон нутгийн эмнэлгүүдийг сэргээн засварлаж байна. Би яг одоо уран зөгнөл эсвэл бодит бус зүйлийг ярихгүй. Одоо бид Сирийг чиглэсэн хөрөнгийн урсгалыг өдөөх, гаднын хоригт орохгүй байхын тулд одоогийн нөхцөл байдалд тохирч болох нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэж, судалж байна. Үүний зэрэгцээ, барууны болон Америкийн хоригоос үл хамааран Орос, БНХАУ-аас хөрөнгө оруулалт орж ирдэг ч хязгаарлагдмал байна.

 

-Амар амгалан тайван байдлын  тухай сэдвийг үргэлжлүүлэн, цэргүүд зэвсгээ хураалаа. Сирийн Засгийн газраас тэднийг  нийгэмд нэгтгэхийн тулд маш их зүйлийг хийж байгааг бид мэднэ. Цэргүүд болон тэдний гэр бүлд туслах ирээдүйн төлөвлөгөө бий юү?

 

-Энэ бол манай улсын хувьд чухал цэг, ноцтой сорилт юм. Юуны өмнө зэвсэгт дайчдыг гэр бүл, хүрээлэн буй орчноос нь салгаж авч үзэх боломжгүй, жижиг ч гэсэн радикал санаа байдаг. Тэд удаан хугацаанд хуулиас гадуур амьдарч, эх оронч үзлээс хол байсан.Тэдэнд эх оронч үзэл баримтлалыг дахин шингээх зорилгоор сургалт зохион байгуулж байгаа.

 

-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп газрын тосны ордыг хамгаалах гэсэн шалтгаанаар Сирид, ялангуяа зүүн хойд нутагт цэргийн хүчээ өргөжүүлэхээ зарласан. Энэ асуудлыг цэргийн аргаар шийдэх боломжтой юу?

 

-Хамгийн ойр, тайван шийдэл бол биднийг, сиричүүдийг эх оронч зарчмын дагуу нэгтгэх явдал. Газрын тос бол америкчуудын хувьд сайхан шалтаг. АНУ Иракаас сургамж аваагүй бололтой. Би 2003 онд америкчууд Ирак руу довтолсны дараа манай улс цэргийн эсэргүүцлийг өдөөх болно гэдгийг таамагласан. Тиймээс Америкийн Сири дэх байлдааны ажиллагаа нь цэргийн эсэргүүцлийг өдөөх бөгөөд энэ нь АНУ-ыг алдагдалд хүргэнэ.

 

-Вашингтоны үйл ажиллагаатай холбоотойгоор Сири эдийн засгийн ямар хохирол амсч байна вэ?

 

-Тэд манай газрын тосыг хулгайлдаг төдийгүй, дээрэмчдийн бүлэглэл шиг улс төрийн дэглэм баримталдаг. Америкийн Ерөнхийлөгч нэг муж улсыг төлөөлдөггүй, улсыг захирдаг. Гэтэл Д.Трамп зөвхөн компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга, удирдах зөвлөл шиг аашилж байна. Эдгээр нь газрын тосны компани, зэвсэг үйлдвэрлэгч, банкууд болон бусад лоббийг дэмжигч болгосон. Газрын тосны хувьд энэ бол Америкийн тогтолцооны манлайллын оршихуйн үр дүн юм. АНУ бол муж биш, харин өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажилладаг компаниудын удирдлагаас бүрдсэн дэглэм юм. АНУ-ыг дээрэмчид гэж тодорхойлсноос илүү ноцтой нэг зүйлийг сануулахыг хүсч байна. Дэлхийн хоёрдугаар дайнд Гитлерийг ЗХУ руу дайрахад хүргэсэн хамгийн чухал хүчин зүйл бол газрын тос байсан. Өнөөдөр АНУ хил хязгаараа тэлэх, байлдан дагуулах, бусад ард түмний ашиг сонирхлыг боомилох, олон улсын хууль тогтоомж, хүмүүнлэгийн заалтыг зөрчих зэргээр нацистуудыг дуурайж байна. Америкийн одоогийн улс төрийг нацистын бодлоготой зүйрлэж болох юм.

 

-Та НҮБ-д Сирийн газрын тостой холбоотой өргөдөл гаргах уу. Мөн Вашингтонд  дээрэмдүүлсэн газрын тосны нөхөн төлбөрийг шаардах төлөвлөгөөтэй байгаа юу?

 

-Энэ бол жам ёсны зүйл. Гэхдээ НҮБ-д ирүүлсэн гомдлууд арын өрөөний тавиур дээр дарагддаг. Тиймээс бид боломжит цаг бүрдсэн үед НҮБ-д өргөдөл гаргана.

 

-“Цагаан дуулга” байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг Истамбул хотод таалал төгслөө. Энэхүү байгууллага нь томоохон хэмжээний үйлдвэрлэлийн арга хэмжээнд оролцсон, Сирид химийн зэвсэг ашигласан гэх хуурамч бичлэг үйлдвэрлэсэн гэж нэгээс хоёр удаа ял сонссон. Истамбул хотод болсон үхлийн талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-Энэ хэргийн талаар тусад нь ярихгүй байхын тулд ижил төстэй үйл явдлуудтай уялдуулан авч үзэх нь зүйтэй. Америкийн тэрбумтан Жеффри Эпштейн хэдхэн долоо хоногийн өмнө алагдсан бөгөөд тэд түүнийг шоронд амиа хорлосон гэж дүгнэсэн. “Цагаан дуулга”-ыг үүсгэн байгуулагч өнөөдөр алагдлаа. Тэр цэргийн офицер бөгөөд Афганистан, Косово, Ирак, Ливанд НАТО-той хамтарч ажиллаж, Сирид “Цагаан дуулга” байгууллагыг үүсгэн байгуулсан. Тэд Бин Ладен, Аль-Багдади шиг чухал нууцыг мэддэг байсан тул алуулсан гэж бодож байна. Тэд үүргээ гүйцэтгэсэн учраас амьд явах эрхгүй болсон.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)