Иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудыг оролцуулсан “Иргэдийн өргөдөл, гомдол: Шийдвэрлэлт, хяналт, тайлагналт” сэдэвт форумыг анх удаа зохион байгуулж байна.

Төрийн байгууллагууд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын агуулгад судалгаа дүгнэлт хийж, түүний мөрөөр арга хэмжээ авахгүй байгаа нь хүнд суртлыг бий болгож, улмаар авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх бодит шалтгаан, нөхцөл болж байна. Энэ нь иргэдээс АТГ-ын 110 дугаарын утсанд өгч буй гомдол, мэдээллийн агуулгаас тодорхой харагдаж байгаа юм.

АТГ-аас улсын хэмжээнд авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх ажиллагааг шинэ хэлбэрт шилжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудыг чадавхжуулж, иргэдээс хүлээн авч буй өргөдөл, гомдолд байнгын дүн шинжилгээ хийн зохион байгуулалтын арга хэмжээг шат шатандаа авч, иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, төрийн албан дахь хүнд суртлыг багасгах, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж эхэллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтуудыг ажил хэрэг болгох хүрээнд АТГ-аас төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудад 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Иргэдийн өргөдөл, гомдол: Шийдвэрлэлт, хяналт, тайлагналт” сэдэвт форумыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулав. Форумаар “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт, тайлан мэдээ гаргахад анхаарах асуудал”, “Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвд иргэдээс хандаж гаргасан санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нөхцөл, байдал”, “Статистикийн дүн шинжилгээ хийх зарим аргууд”, “Өргөдөл, гомдлын цахим систем” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төрийн байгууллагууд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн үнэлгээ хийлгэж нөхцөл байдлыг тодруулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд Зөвлөмж хүргүүлэхээр тогтлоо. Төрийн бүх шатны байгууллагын өргөдөл, гомдол хүлээн авах ажилтны мэдээллийн санг бүрдүүлж, төрийн байгууллагад хандсан иргэнийг тухайн байгууллагын хариуцсан ажилтантай шууд холбож иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийг АТГ зорьж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)