ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.20) хуралдаан 15 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. 

    Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцууллаа.  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж 2017 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг бууруулснаас шалтгаалан малын хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн үед огцом нэмэгджээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд зарим аймагт малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн ч ялын бодлого оновчтой биш байгаагаас гэмт хэрэгтэн ял завших болсон байна. Энэ нь нэг талаас малчдад маш их хохирол учруулж байгаа төдийгүй манай орны эдийн засагт их хохирол учруулах үйл явдал болж байна. Иймд Эрүүгийн хуулийн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ. 

    Хуулийн төсөлд дээр дурдсан практик хэрэгцээ шаардлагад үндэслэн зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараахь байдлаар тусгана. Үүнд: Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар мал хулгайлсан гэмт үйлдэлд оногдуулах хариуцлагын хэмжээг зааглах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ингэхдээ захиргааны хариуцлага оногдуулахаас илүү хэмжээгээр бусдын малыг хулгайлсан бол  эрүүгийн ял оногдуулах зохицуулалт оновчтой хэмээн тусгажээ. Бусдын малыг хүндрүүлэх нөхцөлтэйгээр хулгайлсан бол хорихоос өөр төрлийн ялыг оногдуулдаг байдлыг өөрчлөхөөр төсөлд тусгасан талаар З.Нарантуяа гишүүн тайлбарлав. Захиргааны хариуцлага өмнө хүлээсэн болон өмнө хөнгөн ял шийтгүүлсэн этгээд дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлд тооцдог байх журмыг тогтоох нь зүйтэй хэмээн үзжээ. Мөн “олон тооны мал” гэж заасныг хасна. Эрүүгийн хуулийн ерөнхий зарчмын дагуу хохирлыг тооцдог ердийн журмаар хохирлыг тооцдог болохоор төсөлд тусгасан байна. Энэ нь гэм буруугийн үйлдэлд хариуцлагыг ялгамжтай оногдуулах зарчимд нийцэх чухал зохицуулалт болно хэмээн үзсэн байна.  

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал зарим зүйлийг тодруулж, тайлбар авсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Хууль санаачлагч нь хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө татан авч болно” хэмээн заасан байдаг бөгөөд хуралдааны үеэр З.Нарантуяа гишүүн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг татан авч буйгаа хуралдаан даргалагчид мэдэгдсэн. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)