Ц.Нямдорж: Манай улсын 170 иргэн гадаад улсад ял эдэлж байгаагаас 110 нь БНХАУ-д ял эдэлж байна

 Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр Засгийн газраас өнгөрсөн 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн  "Гэрээ соёрхон батлах тухай" хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.  

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 7 гэрээ (БНХАУ, БНСУ, БНЭУ, Канад, БНКазахстан Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макао), мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ (Орос, Турк, Польш, Куба) байгуулжээ. Манай улс БНСВУ-тай “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г Улаанбаатар хотноо 2000 онд байгуулсан байна.  

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ" нь 19 зүйлтэй юм. Гэрээний төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газраас санал авч Вьетнамын талтай удаа дараа техникийн болон зарчмын саналуудыг харилцан солилцсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сард Вьетнамын талын төлөөлөгчидтэй Улаанбаатар хотод хэлэлцээр хийж тус гэрээний төслийг үзэглэжээ. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар Ханой хотноо тус гэрээнд гарын үсэг зуржээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Бат-Эрдэнэ нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм.  Одоогийн байдлаар манай улсад Вьетнам Улсын 2 иргэн ял эдэлж байгаа, харин Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй.

Вьетнам Улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг. Манай улсад 407 вьетнам иргэн амьдарч байгаагаас 279 нь хөдөлмөр эрхлэх визтэй гэсэн мэдээллийг ажлын хэсгээс өгөв. Мөн манай улсын 170 иргэн гадаад улсад ял эдэлж байгаагаас 110 нь БНХАУ-д ял эдэлж байгаа, үүнээс 11 хүнийг шилжүүлж авсан.

Энэ талаар нэг хүндрэлтэй асуудал байдаг нь шилжүүлж авсан хүнээ ял эдлүүлэхгүйгээр суллаж явуулдаг гэсэн асуудлыг хятадын талаас тавьдаг гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлж байв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.43.97)

    2019-11-21

    амар хялбар аргаар мөнгө олох гэсэн монголчууд биз.