Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын орчинтой танилцав

БСШУС-ын Сайдын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/292 дугаар тушаалаар батлагдсан “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам” гарсантай холбогдуулан БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар, нийслэлийн 55 дугаар сургуультай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлуудад зориулж үзүүлэх ажил зохион байгууллаа.

Нийслэлийн 55 дугаар сургууль байгуулагдаад 43 дахь  жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ба энэ жил 500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй сурагчид суралцаж, 105 багш ажиллаж байгаа юм байна.

55 дугаар сургуулийн захирал МУГБ Ч. Ганбилэг сургуулийнхаа товч танилцуулгыг хийсний дараа захирлууд  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын орчин, сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тэд сургуулийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв, цайны газар, ариун цэврийн байгууламж, тайвшруулах мэдрэмжийн  өрөө, хэл засал, хөдөлгөөн засал, ахуй заслын өрөөнүүд, аутизмтай хүүхдийн зориулалтын анги болон бусад анги танхимыг үзэж сонирхсоны зэрэгцээ сургалтын үйл явц, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, ялангуяа ганцаарчилсан хичээлийн төлөвлөгөөтэй танилцлаа.Тус сургууль ахлах ангийн сургалтаар оюуны хүндэвтэр бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгодгоороо онцлог бөгөөд энэ хичээлийн жил цэцэрлэгчин - ногоочны мэргэжлийн ангийг шинээр нээж байгаа бол хоол нарийн боов, зочид буудлын өрөөний үйлчлэгчийн мэргэжлээр сурагчдыг төгсгөн ажлын байранд шилжүүлэх юм байна.

Сургуулийн хамт олны  Монголд анх удаа бүтээн байгуулсан дээвэр дээрх өвлийн хүлэмж, багш нарын ажлыг хөнгөвчилсөн хичээлийн хэрэглэгдэхүүний өрөө,  эцэг эхчүүдийн ачааллыг багасгасан өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа нь илүү онцлог сонирхолтой байлаа.

Үзүүлэх ажлын үеэр сургуулийн захирал МУГБ Ч.Ганбилэг лаборатори сургуулиудын захирлуудад хөгжлийн бэрхшээл, түүний төрлийн тухай, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад мэдэж байх энгийн ойлголтыг өгсөн сургалт явууллаа.

Төгсгөлд нь 55 дугаар сургуулийн багш сурагчид урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн нь  зочдын сэтгэлийг хөдөлгөсөн сайхан тоглолт болов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)