Дэлхийн анатоми ба хүний геологи

Дэлхийг 4.56 тэрбум орчим жилийн өмнө бий болсон гэж үздэг. Орчин үеийн хомо сапиенсүүд буюу оюун ухаант хүн төрөлхтөн нь 150.000-200.000 орчим жилийн өмнө үүссэн гэж таамагладаг. Хүн төрөлхтөн ба амьтад нь нэг л дэлхийтэй. Дэлхий нь зөвхөн хүн төрөлхтөнд бус, хүнээс бусад бүх л амьтан оршин амьдрахад зориулагдсан. Нарны аймгийн гурав дахь гаригийг бид дэлхий ээж гэж нэрлэдэг. Дэлхий ээжийгээ заримдаа амьтай ч юм шиг, заримдаа амьгүй ч юм шиг үзэх. Дэлхийг ээжээ гэж дуудагсад нь хүн төрөлхтөн. Хүн төрөлхтөн нь дэлхий ээжийнхээ үр хүүхдүүд нь үү, эсвэл дэлхий ээжийн бие махбодод шимэгчлэгч паразитууд уу? гэдгийг ойлгоход төвөгтэй болжээ. Эхийн хэвлий дэх ураг буюу ээжийнхээ дотор тээгдэж яваа үр хүүхэд болон бие махбод доторх паразит хорхой хоёр нь хоёулаа л тухайн эхийн шим шүүсээр хооллон амьдарч байгаа юм. Үр хүүхэд ба паразит хорхой хоёрын гол ялгаа нь үр хүүхэд нь эх буюу ээждээ хор хүргэдэггүй бол, паразит хорхой нь тухайн эх буюу эзэн амьтныхаа шим шүүсээр нь хооллоод зогсохгүй, хор хүргэж байдаг гэдэг. Энэ үүднээс авч үзэхэд өнөөгийн дэлхий дээрх хүн төрөлхтөн нь дэлхий ээжийн үр хүүхдүүд бус, түүнд хор хүргэгч паразит хорхойнууд болсон бололтой. Үүссэн цагаасаа хойш дөнгөж саяхныг хүртэл дэлхий ээжийн маань бие махбод нь бараг бүрэн бүтнээрээ байлаа. Сүүлийн хэдхэн арван жилд төрсөн хүн төрөлхтөн буюу үр хүүхдүүд нь дээрээ биднийгээ цагаан тэмээ-аалз бүх үр өндөгөө тээж яваа шиг дааж ядан байгаа дэлхий ээжийнхээ гаднах төдийгүй, дотор эрхтнүүдийнх нь шим шүүсийг нь сорон идэж дуусган, голыг нь гогодож таслах гэж байна. Дэлхий ээж чинь зөвхөн өнөө үеийн шунал тачаалаа барьж дийлэхгүй болсон хүн төрөлхтөнд зориулагдсан юм биш гэдгийг ухаарах цаг болжээ. Хүн төрөлхтний хойч үеийнхэн төдийгүй, хүнээс бусад бүх л зүйлийн амьтан, биологийн олон янз байдал оршин тогтноход энэ дэлхий ээж чинь зориулагдсан юм шүү дээ.

 

Нэгэн зүйл. Амьд биетийн бүтэц зүйг судалдаг шинжлэх ухааны салбарыг анатоми гэдэг. Дэлхийн бүтэц зүйг судалдаг шинжлэх ухааны салбарыг геологи гэдэг. "Британника” нэвтэрхий тольд тайлбарласнаар: Анатоми гэдэг нь бие махбодыг задлан бүтцийг нь нарийвчлан судалдаг биологийн шинжлэх ухааны салбар (149х). Геологи гэдэг нь дэлхийн найрлага, бүтэц, тогтоц, физик шинж чанар, түүхийг судалдаг шинжлэх ухааны салбар (852х).

 

Нэгэн зүйл. Анатоми, геологи хоёр аль аль нь бүтэц, тогтоцыг л судалдаг шинжлэх ухааны салбар юм байна. Анатоми, геологи хоёр аль аль нь тасдаж авах, барьж идэх, алах, устгах, ухах, цөлмөхийг судалдаггүй, зөвлөмж болгодоггүй юм байна.

Нэгэн зүйл. Дэлхий ээж маань тав ч, долоо ч гэж тоолох тив буюу эх газар, дөрвөн их далайгаас голлон бүрддэг. Хүний бие махбод ч таван цул, зургаан сав гэж тоолох дотоод эрхтнүүдтэй.

Нэгэн зүйл. Дэлхий ээжийн бүтэц зүйг судлан тогтоож буй геологи чинь дэлхийн анатоми буюу хаана нь ямар эрхтэн, эд, эс байгааг судалж тогтоодог шинжлэх ухааны салбар болохоос бус, дэлхий ээжийнхээ эрхтэн, эд, эсүүдийг ухаж, тасчиж, сорж идэхийг уриалж, зөвлөмж болгодог мэргэжлийн салбар биш гэдгийг ойлгож ухаараасай. Дэлхий ээжийгээ өрөмдөн цоолж ‘‘биопси” гаргаж ирээд эд, эсийг нь таньж тогтоосноо “гайхамшигт нээлт” хийсэн мэтээр зарлан тунхаглахаа зогсоогоосой. Харьцуулбал геологич нь дэлхий ээжийн хаана нь юу байгааг олоод тогтоож буй нь хүн ба амьтны анатомийг нь судлагч хүний эмч, амьтны эмч, биологич нар хаана нь ямар эрхтэн, эд, эс байгааг хэлж өгч буйтай л утга чацуу юм.

 

Нэгэн зүйл. Хүн, амьтны анатомийг танин мэдэх нь тухайн эрхтэн, эд, эсүүдийн байршил, үүрэг, үйл ажиллагааг тогтооход чухал ач холбогдолтой юм. Харьцуулбал, дэлхий ээжийн анатомийг геологич нар судлан ус, шороо, чулуу, төмөр, зэс, мөнгө, алт, газрын тос, нүүрс зэрэг нь хаана байгааг тогтоох нь чухал боловч, дэлхий ээжийн тэдгээр эрхтэн, эд, эсүүд буюу бүтэц, бүрэлдэхүүн нь дэлхий ээжид болон түүнтэй холбоотой бусдад ямар үүрэг, үйл ажиллагааг гүйцэтгэж, хэрхэн ямар нөлөөлөл үзүүлдэг болохыг судалж тогтоох нь туйлын чухал цаг үе тулж иржээ.

 

Нэгэн зүйл. Хүн, амьтны анатоми буюу эрхтэн, эд, эсийн байршил, хэмжээ, хэлбэр, бүтцийг судлан тогтоох нь хүүхэд, үр төл нь тэр бүхнийг нь ухаж, тасдаж, сороод ээж, эхийгээ барьж идэхэд зориулагддаггүй юм. Яг түүнтэй адилаар дэлхий ээжийн хаана нь ямар эд, эрхтэн, эсүүд буюу бүтэц бүрэлдэхүүн байгааг геологийн судалгаагаар тогтоох нь тэр бүхнийг нь өнөө цагийн хүн төрөлхтөн нь шуналынхаа үрээр ухаж, сорж, идэж дуусгахад зориулагдаагүй юм гэдгийг л ухаараасай. Дэлхийн бүтэц, бүрэлдэхүүн буюу эрхтэн, эд, эсүүд нь дэлхийгээ хэвийн оршин тогтноход болон түүнтэй холбоотой бүхний амьдрал, хувь заяанд ямар үүрэг, үйл ажиллагааг гүйцэтгэдэг болохыг судалж тогтоодог шинжлэх ухааны салбар нээгдэж, мэндлээсэй.

 

Нэгэн зүйл. Хүн, амьтны бие махбодод ямар ч үүрэггүй, ач холбогдолгүй эрхтэн, эд, эс гэж байхгүй. Тодорхой үүрэггүй рудимент эрхтнүүд байна гэж үздэг байсан ч шинжлэх ухааны судалгаа, танин мэдэхүй нарийсаад ирэхээр тодорхой үүрэгтэй байсныг нь мэдэж ойлгож авцгааж байгаа. Түүнтэй яг адилаар дэлхий ээжийн бүтэц, бүрэлдэхүүн тус бүр нь дэлхий ээж маань амьд мэнд оршин тогтноход зайлшгүй л ямар нэгэн үүрэг, үйл ажиллагааг гүйцэтгэдэг байж таарна.

Нэгэн зүйл. Ус ба цус. Дэлхийн гадаргын 70 хувийг ус эзэлдэг гэдэг. Хүний бие махбодын 70 хувь нь уснаас бүтдэг гэдэг. Хүний ус нь цус, эсийн гаднах шингэн, тунгапаг, эс хоорондын шингэн зэрэг болно.

 

Нэгэн зүйл. Алт ба шөрмөс, холбоос. Хүн ба амьтны нэг ясыг нөгөөтэй нь, булчинг ястай нь холбодог эдийг холбоос, шөрмөс гэдэг. Алт гэх металлыг ч газрын гагнаас, холбоос гэлцэх юм. Хэрэв алт нь газрын шөрмөс, холбоос гэж үзвэл ясыг ястай нь, ясыг булчинтай нь холбож бэхэлдэг холбоос, шөрмөсийг нь таслаад авчихсан хүн, амьтан ямархуу байдалтай байхыг жишиж төсөөлөн бодож үзэцгээ дээ.

Нэгэн зүйл. Нүүрс ба өөх. Өнгөний хувьд зүйрлэж боломгүй ч, эх-ээж, эзэндээ гүйцэтгэх үүрэг, бүтэц бүрэлдэхүүн, байршлын хувьд нь жишиж болмоор бодогддог. Нүүрсний голлох бүрэлдэхүүн нь нүүрстөрөгч, устөрөгч элементүүд. Өөх нь ч нүүрстөрөгч, устөрөгчөөс голлон бүрддэг. Дэлхийн арьсан доорх нүүрс нь дэлхий ээжийн дотор эрхтнүүдийн дулааныг хадгалж барин, энергээр хангаж байх нь нэг зориулалт нь байж магад. Түүнээс бус хүн төрөлхтөн гэх “үр могой”, “паразитууд” нь ухаж аваад аливааг түймэрдэж, шатаах зориулалт үгүй гэж бодож байна.

 

 

Дэлхийн дулаарал буюу эмгэгт халуурал, халуун нэмэгдэлтийн голлох шалтгаануудын нэг нь нүүрс ухалт, нүүрсний уурхай гэдэг нь эргэлзээгүй. Хүн, амьтны арьсан дор голчлон хуримтлагддаг өөх нь ч хүнс тэжээллэгийн нөөцийн зориулалтаас илүүтэйгээр энерги хангамж, дулаан барих, дулаан үйлдвэрлэхэд гол үүрэгтэй мэт. Ялангуяа, сэрүүн, хүйтэн бүсийн амьтдаас жишээлж бодоход. Дэлхийн наслалтын хязгаар ба хүн, амьтны наслалтыг харьцуулж бодсоны үндсэн дээр “нүүрс- өөх"-өө ариг гамтай зарцуулах нь зүйтэй мэт.

 

 

Нэгэн зүйл. Газрын тос ба лимф. Олон сая жилийн өмнө үхсэн амьтан, ургамал, замаг мэтийн сэг зэмээс үүсэлтэй гэх газрын тос нь эх дэлхийдээ ямар үүрэгтэй оршиж, ямар үйл ажиллагаа явуулдгийг бодож, судапж, сурагласан нь цөөхөн л байлгүй дээ. Хүн, амьтны бие махбодод лимф гэх нэгэн төрлийн шингэн байх. Түүнийг дархлааны тогтолцоонд чухал үүрэгтэй гэдэг. Бие махбодыгхог хаягдлаас нь цэвэрлэх, гадны халдагч бичил организмуудаас хамгаалахад лимфийн шингэн бүхий тогтолцоо чухал үүрэгтэй байдаг. Энэ жишгээр харьцуулан бодоход дэлхий ээжийн маань дархлааны тогтолцооны нэг хэсэг болж, дэлхий ээжийн арьс, булчингаар нь нэвтрэн орж буй хүн төрөлхтөн гэх үр могой, паразитуудын үйлдвэрлэсэн зохиомол хорт бодис, нэгдлүүдийг чинь хорин тогтоож, саармагжуулж, цэвэршүүлж, шүүж, хоргүйжүүлж, устган дэлхий ээжийг тань амьд мэнд оршин байлгадаг чухал бүтэц бүрэлдэхүүн нь “газрын тос" гэдэг нэртэй лимфийн шингэн чинь биш биз дээ?!. Лимфийг нь устгачих юм бол хүн, амьтан шууд л үхэл рүүгээ явна. Газрын тосыг нь ухаж, соруулаад дуусах үед чинь дэлхий ээж маань ямар ч эмчилгээгүйгээр, эргэж буцаан сэхээн сэргээх ямар ч найдлагагүйгээр үхлийн замдаа орсон байх болно гэдгийг аль болох эртхэн ухаараасай. Газрын тосоороо буюу лимфээрээ оролдох нь гарцаагүй үхэл гэдгийг ч ганц манайхан бус, хүн төрөлхтөн ойлгоосой.

 

Нэгэн зүйл. Уул, овоо, газар нутаг тахих ба амьтантай зүй бусаар харьцахгүй байх (animal welfare). Монголчууд уул, овоо, газар нутагаа тахин шүтэж дээдлэх нь элбэг. Дэлхийд анхлан дархалсан, хамгаалсан уул, газрыг монголчууд 1700-гаад оны үед бий болгож байсан ч гэлцдэг. Уул, толгод, газар нутагаа амьтай гэж үздэг учраас л манайхан түүнийгээ шүтэж мөргөн залбирдаг байх. Амьд гэдэгт нь эргэлздэггүй учраас л уул, толгод, газар нутагтайгаа зүй бусаар харьцахгүй, нуур, гол, горхи, булаг, шандныхаа усыг бохирлохгүй, бузарлахгүй аргадаж, арга эвийг нь олж, бүрэн бүтнээр нь авч явж ирсэн байх. Өндөр хөгжилтэй гадаад орныхон саяхнаас амьтантай зүй бусаар харьцахгүй байх буюу animal welfare гэдэг асуудлыг нэлээд чухалчлан авч үздэг боллоо. Хэдийгээр animal welfare гэж нэрлэдэггүй ч монголчууд мал сүрэг, амьтантай зүй бусаар харьцахгүй байх, энэрэнгүй харьцах талаар гайхалтай ухаан, их өв соёл, туршлагатай ард түмэн. Тэр ч хэрээрээ мал сүрэг, ан амьтантай нь салшгүй холбоотой бөгөөд хүн төрөлхтний олонх нь амьгүй гэж үздэг уул, толгод, газар, нутаг, нуур, гол, горхи, булаг, шандаа амьтай гэдэгт итгэж, түүнийгээ тахин шүтэж, онголж, дархапж, бохирлохгүй, бузарлахгүйгээр, цэвэр ариун, бүрэн бүтнээр нь өнөөдрийг хүртэл авч явж ирсэн байх гэж бодож байна. Монголчуудын өвөг дээдсийн энэ их ухаан, өв соёлыг Nature Welfare, World Welfare буюу байгаль, дэлхийтэй зүй бусаар харьцахгүй байх, энэрэнгүй харьцах гэж ойлговол зохино.

 

 

Ц.Өлзийтогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Дамдинсүрэн (59.153.115.23)

    2019-12-03

    Сонирхолтой харьцуулалт,нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл,ухаан, үйлийг нэн сайхнаар сэтгэн бичжээ...

  • иргэн (202.9.43.155)

    2019-12-03

    маш сайхан харьцуулсан энгийн ойлгомжтойгоор эх дэлхийгээ хайрлах.ойлголтыг өгчээ.