С.Чинзориг: “Капитал” банкинд нь байршиж байсан мөнгийг буцаан авах талаар ярьж байна

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. “Капитал” банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөнд эрсдэл учирсан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дөрвөн тэрбум төгрөг хууль зөрчин аж ахуйн нэгжид олгогдсон зэрэг нь хэр бодитой тухай асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Нийгмийн даатгалын сангийн 79 тэрбум төгрөг намайг сайдаар томилогдохоос өмнө буюу 2017 он хүртэл жилийн 15 хувийн хүүтэй “Капитал” банкны хадгаламжинд нь байршиж байгаад хугацаа нь дуусч, харилцах дансанд шилжихэд хүү нь 5 хувь болж буурсан байдаг юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ асуудалтай танилцаад Засгийн газарт гэрээг нь сунга гэдэг чиглэл өгсөн. Сунгасан гэрээ 2018 оны арванхоёрдугаар сард дахин дууссан. Тиймээс “Капитал”-тай гэрээ байгуулахгүй, мөнгөө татаж ав гэдэг чиглэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газартаа өгөөд хоёр талдаа ярилцаж байтал Монголбанкнаас “Капитал”-ыг татан буулгах шийдвэр гаргасан.

Энэ мөнгийг буцаан авах асуудлыг төв банктай ярьж байна. Монголбанкны зүгээс “Капитал”-ын үндсэн хөрөнгөөр хохирлыг барагдуулж авах боломжтой гэсэн. Гэхдээ тус банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас хөрөнгө нь битүүмжлэгдсэн юм байна. Прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай.” гэлээ. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотойгоор дөрвөн тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс бичиг ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж, гишүүд нь нэгдмэл байр суурь гаргаагүй байхад хуурамч бичиг хөтөлсөн тул агентлагийн даргыг чөлөөлөх шаардлагатай гэсэн, чөлөөлсөн. Агентлагийг дэд даргаар нь удирдуулж байна. Өмнөх сайдын үед орон нутагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд аймаг болгонд 200 сая төгрөгийн зээлийг хүүгүйгээр олгоно гээд тухайн үеийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан. 2017 онд 4 тэрбум төгрөгийг орон нутгуудад хоёр жилийн хугацаатай хүүгүй олгох тендер зарлаад, ажлын хэсэг нь байгуулагдаад, тухайн үеийн сайдын тушаалаар 4 тэрбум төгрөг олгосон асуудал юм билээ” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)