Кимүра Аяако: Миний Ардчилсан хөдөлгөөн

Монголын Ардчилсан хөдөлгөөн эхэлснээс хойш 30 жил боллоо. 1989 онд Япон оюутан миний бие Улаанбаатарт сууж МУИС-д мэргэжил дээшлүүлэгчээр суралцаж байлаа. 1989 он бол их сонин жил, миний амьдралд ч мартагдашгүй чухал жил болсон юм. 1989 онд Монголд япон хэлний богино долгионы радио нэвтрүүлэг эхэллээ.Тэгээд МҮРТХ-ны япон хэлний тэнхим дээр 1989 оны зургаадугаар сараас нэвтрүүлгийн япон хэлний материалыг боловсруулах, орчуулах ажилд туслахаар япон оюутан би ажиллах болсон билээ. Тэнд “Хонх” хамтлагийн С.Цогтсайхан, Н.Энхбаяр хоёр ах ч Радиогийн сэтгүүлчээр ажиллаж байлаа. Тухайн үеийн Монгол Улс социапизмын орон, Дэлхий дахин Зүүн, Баруунаар хуваагдаад байсан хүйтэн дайны үе. Барууны орны оюутан миний бие тэрхүү Монгол Радиогийн богино долгионы нэвтрүүлэгт биечлэн оролцож, японоор уншдаг материал бэлтгэх завшаантай боллоо. Тэнд өчүүхэн япон оюутан миний бие Монголын сэтгүүлч нартай танилцах завшаан тохиож, ёстой сайхан байлаа. 1989 оны есдүгээр сар бодж, “Хонх” хамтлагийн анхны тоглолт эхэлсэн. “Хонх”-ын С.Цогтсайхан, Н.Энхбаяр ах нар надад тоглолтынхоо урилгыг өгч, ирээд үзээрэй гэж байв. Тэд концерт болгоныхоо урилгыг надад өгдөг байлаа.

Монголын Ардчилсан хөдөлгөөний үе

Тухайн үед Монголын Театрыг судлахаар мэргэжил дээшлүүлж буй миний хувьд Монголын концерт очиж үзэх сайхан завшаан олсондоо туйлын баяртай байдаг байв. Харин тэр үед энэхүү тоглолт Монголын Ардчилсан холбооны Ардчилсан хөдөлгөөнтэй холбоотой үйл ажил гэдгийг эхлээд мэдээгүй байсан юм. Хэтэрхий гэнэн. Улс төржиж буйг огт бодоогүй. Юм мэдэхгүй байсан оюутан нас юм даа. “Хонх”-ын тоглолтыг үзээд сэтгэл догдлон,“Би манай япончуудад танай концертыг танилцуулмаар байна. Японд Танай хамтлагийг урих юмсан” гэж тэдэнд нэг удаа тэгж хэлсэн бололтой.

 

Оюутан хүний хийж чадах ажил биш гэж бодоогүй, сэтгэл хөдлөөд тэгж хэлчихсэн бололтой. Тэгж байтал,“Чи хэзээ биднийг Японд урьж өгөх юм бэ, Япон хүн худал хэлдэггүй биз дээ?” гэж надаас С.Цогтсайхан ах асуудаг боллоо. Би бол зэмлүүлсэн мэт санагдаад хэлсэн үгэндээ хүрэх ёстой, ам алдсан хариуцлагаа хүлээх ёстой гэж бодогдоод заавал урих гэж зүтгэлээ.

1990 оны 12 дугаар сар, Токио хот

Таньдаг япончуудаас асуугаад бүр гуйгаад явлаа. Тэгээд 1990 оны 12 дугаар сард Токиод урьж чадсан юм. Оюутан хүн би санаачилга гаргаад хөөцөлдсөн ч оюутан учраас олон сайхан сэтгэлтэй япончуудаас туслалцаа авах хэрэгтэй байлаа. Гэвч тэдний замын зардлыг хүртэл гуйх боломж байхгүй тул чадах хэрээрээ өөрөө гаргаад, бас Японы телевизийнхнээс  тэдний Японд байх хугацааны зардлын туслалцаа авах гэж тэднийг  телевизийн нэвтрүүлэгт оролцуулахаар, гол нь хамгийн чухал нь бол Монголын Ардчиллыг Японд өргөн танилцуулахаар хөөцөлдсөн юм. Өөрийн таньж мэддэг Японы Телевизийнхнээс гуйгаад “Асахи” телевиз, “NHK” телевизийн нэвтрүүлэгт “Хонх” хамтлагийг оролцуулахаар боллоо. Үнэхээр маш ховор аз завшаан тохиосон билээ. Тухайн цаг үеийн Японы ард “Токио Шинбун” 1990 оны 12 дугаар сар түмний олонх нь үздэг хамгийн алдартай, өдөр тутмын мэдээний шууд нэвтрүүлэг болох “News Station”-д  “Хонх”-ынхон оролцож дуулах боломжтой болж, улмаар Монголын Ардчиллыг Японы ард түмэнд өргөн танилцуулах болсон юм. Тухайн үед “Асахи” телевизэд сайн таньдаг эгч маань ажилладаг байв. Тэгээд тэр эгч дарга нартаа хэлж “Хонх” хамтлагийг шууд нэвтрүүлэгт оруулах тухай ярьж өгсөн юм. “Асахи” телевизийнхэнд би одоо ч талархаж явдаг. Тэр үеийн ачийг мартаж болохгүй гэж. “Асахи” телевизийн “News Station” нэвтрүүлгийн продюссер Хаяакава гуай уриалгахан, сайхан сэтгэлтэй хүн байлаа. “Сүүлийн үеийн япон оюутан залуус бол бусдын төлөө огт зүтгэхгүй бусдад санаа тавьдаггүй маш аминч болсон байна гэж боддог байлаа. Харин Кимүра сан Та бол тийм биш. Тань шиг бусдын төлөө зүтгэдэг халуун сэтгалтэй оюутан хүн Японд байгаа цагт Японд бас ирээдүй байна. Ингэж бодогдсон тул Танд шууд нэвтрүүлгийн цаг өгсөн шүү. Таны хүчин зүтгэлд сэтгэл хөдөлсөн. Таны төлөө бид Монголын хамтлагийг нэвтрүүлэгт урих болсон.

 

1990 оны 12 дугаар сар Шибуяад

Япон Монгол хоёр орны харилцаа сайхан нээгдэж байна. Олон жил мэдээллийн хувьд ч хаалттай байлаа. Япончуудад Монголын Ардчиллыг танилцуулмаар байгаа Таны халуун сэтгэл, хүслийг биелүүлж өгмөөр санагдлаа. Та харь Улс-Монголын Ардчиллын төлөө ингэж хөөцөлдөж чаддаг хүн байна. Тань шиг оюутан хүн байгааг бид гайхаад баярласан. Япон оюутан Танд бид тусалсан шүү” гэж билээ. Би тэр үед “Асахи” телевизийн Продюссерийн тэрхүү үгийг сонсоод маш их гайхаж, бас маш их талархсан. Одоо ч тэр хүний үг мартагдашгүй миний сэтгэлийн гүнд урам түшиг болж байдаг юм. “Хонх” хамтлагийг Японд урихад үнэхээр олон япончууд надад тусалсан. “Хонх”-ынхныг сайхан хүлээн авч өгсөн. Ялангуяа,“Асахи” телевизийн Продюссер Хаяакава гуай бол маш зоригтой хүчтэй дэмжлэг үзүүлж өгсөн билээ. Дахиж уулзаж чадвал, Түүнд талархлаа илэрхийлмээр байна. Гэвч Хаяакава гуай мартсан байх. Миний хувьд бол, Хаяакава гуай шиг сүрхий япон хүнтэй уулзаж байгаагүй тул мартах аргагүй. Тэр цагаас хойш 29 жил өнгөрсөн ч тийм япон хүнтэй уулзаж байгаагүй. Хаяакава гуай одоо “Асахи” телевизийн Ерөнхийлөгч. Бас Японы хамгийн том интернетийн “Abema” TV-гийн Ерөнхийлөгч. Аргагүй Ерөнхийлөгч болох чадалтай хүн.

“Хонх” хамтлагийг Японд урьснаараа ийм сүрхий хүнтэй танилцах завшаан тохиосон юм. Тэгээд сайхан олон япончуудаас дэмжлэг туслалцаа аваад,“Хонх” хамтлагийнхны Японы аялал биелэх боллоо.

1990 он бол өнөөдрийнх шиг монголчууд Японд чөлөөтэй очиж чаддаг цаг үе биш байв. Тэдний аяллаар, тэдний дуутай нэвтрүүлгээр Японд, япончуудад Монголын Ардчиллыг  танилцуулж  чадлаа. Аяллын явцад янз бүрийн адал явдал ч гарлаа. Энд бичиж амжаагүй. Гагцхүү хэлж чадна. Одоо ч миний хувьд Ардчилсан хөдөлгөөний цаг үе дуусаагүй л байна. “Сайн юмнаас муу юм гардаг. Муугаас сайн гардаг. Цагаанаас хар гарч хараас цагаан гардаг”  гэж Гүмбүм хийдийн настай Монгол лам надад хэлдэг байсан шиг л юм. Гэнэн сэтгэлээр зүтгэснээс юу үлдсэн болов оо?. Гэсэн ч миний амьдрал сонин боллоо. Монголчуудын ачаар сайхан ховор нандин амьдрал болж байна. Монголын Ардчилсан хөдөлгөөний цаг үед Монголд суралцах завшаантай болсон минь санамсаргүй тохиолдол бөгөөд бас хожим нь бодоход зайлшгүй тохиолдол байсан мэт. 1989 оны Улаанбаатарт Монголын нийгэмд монголчуудтайгаа хамт тухайн цаг үеийн уур амьсгалыг хамт амсаж явсан минь амьд түүх. Мартагдашгүй дурсамж. Монгол судлаачийн хувьд Монголын Ардчилсан хөдөлгөөний үе цагт Монголд байж чадсан минь аз гэж боддог. Гэвч, Ардчилсан хөдлгөөнийг Ардчилсан хувьсгал гэж учиргүй баярлаад байж болохгүй байх. С.Зориг ахын тухай бодвол Ардчилсан хувьсгал бол байх ёсгүй, тэгээд баяр биш. Ардчиллыг Хувьсгал мэт, Гавьяа мэт үнэлгээтэй болгон бахархах арай өөр. 1989 оны Монголын Ардчилсан хөдөлгөөний цаг үед Монголд байсан монголчууд бол илүү мэддэг биз ээ. Тухайн цаг үед хүүхэд байсан юм уу төрөөгүй залуучуудад бол ний нуугүй хэлэхэд мэдэх боломж үгүй байх. Монголын Ардчилсан хөдөлгөөнийг хожим нь судлах болохдоо миний бие 1989 онд яг тухайн цаг үед Монголын Ардчилсан хөдөлгөөнийхөнтэй уулзаж ярьж явсан тул мэдэх юм байх шиг санагдаж байдаг. Тухайн цаг үеийн нийгэмд байгаагүй бол хожим гарсан ном, нийтлэлээс бодит байдлыг нь олох хэцүү, ойлгох ч бэрх, бараг боломжгүй болов уу. Эх оронч монголчуудаар би маш их бахархдаг. Тэгээд япончууд ч эх оронч сэтгэлгээгээрээ Монголын Ардчиллыг дэмждэг.

С.Цогтсайхан ахын надад дурсгасан гитар бол Монголын Ардчиллын түүхийн үнэт өв

Тухайн цагт япон оюутан байсан миний бие тэр үед сүрхий юм огт хийгээгүй. Гэвч Монголын Ардчилсан цаг үед монголчуудтайгаа Монгол нийгэмд аж төрсөн хүний хувьд хожим хэлэх цаг ирвэл Монголын ирээдүйн төлөө хэлмээр байгаа юм багагүй бий. “Хонх” хамтлаг Японд урьсан минь тийм чухал юм биш. Гагцхүү С.Цогтсайхан ах надад “Чи биднийг Японд урина гэсэн. - Япон хүн худал хэлдэггүй биз дээ?” гэж надад хэлсэн тул урьсан. Үгэнд нь япон хүний хувьд баригдаад зүтгэх болсон. Хэлсэн амандаа хүрэх гэж зүтгэсэн. Өөр юмгүй. Гэвч оюутан хүний хийж чадах юманд хязгаар бий. Олон үг нуршчихлаа. Гол юмаа одоо бичье. “Хонх” хамтлагийнхныг Японд урихад С.Цогтсайхан ах надад тапархал илэрхийлэн, Токиод гитараа надад  бэлэглэсан байсан. Уг нь нэг япон хүн Токиод “Хонх”-ынхонд Японы хөгжим бэлэглэнэ гэж хэлсэн тул шинэ хөгжимтэй болно гээд, хуучныгаа надад дурсган бэлэглэсэн бололтой. Тэр гитар бол Ардчилсан хөдөлгөөний үед бүх аймагт очиж дуугарсан дурсгалтай гитар гэнэ.

 

Японы Токио дахь “NHK”-гийн студи дээр надад бэлэглэсэн. Тэр үед С.Цогтсайхан ах нэгэн хайчаар гитар дээрээ “Аяко-доо дурсгав” гэж сийлсэн байсан. Тэр үеэс хойш би 30 жил шахам тэр гитарыг гэртээ хадгалж ирлээ.

 

1995 онд Кобэ хотод маш хүчтэй газар хөдөлсөн үед ч их эвдрээгүй, апга болоогүй. Харин, маш хүчтэй газар хөдөлснөөс болж гитарын нүүр дээр байсан хээ унасан бололтой. Аргагүй дээ, олон жил, урт удаан цаг хугацаа өнгөрсөн билээ. Бас Япон бол маш чийгтэй орон. Гэртээ хадгалаад явсан боловч өв цаашид үүнийг яах вэ? гэж бодох боллоо. С.Цогтсайхан ахын гитар бол Монголын Ардчиллын түүхийн үнэт өв. Надад бэлэглэсэн юм боловч Монголд буцаах ёстой. Монгол Улсын түүхийн Музей хадгалаад өгвөл зүйтэй мэт санагдаж байна. Монголын Ардчилсан хөдөлгөөн эхэлснээс хойш 30 жил болж байна. 30 жилийн энэ ойн мөчид С.Цогтсайхан ахын гитарыг Монголд буцаамаар байна. Бас 1989 онд “Хонх”-ынхны надад бэлэглэсэн 1989 оны “Хонх” хамтлагийн дууны кассэт ч бий. 1989 оны дуунууд учраас Монголд байлгах ёстой, Монголын Түүхийн өв соёл мөн болой.Тэгээд эдгээр өвийг Монголд яаж аваачих вэ? Гитарыг нь үүрээд онгоцоор аваад очно гэхэд ганцаараа ачаа зөөж дийлэхгүй мэт санагдлаа. Тэгээд аваад очсон ч Монголд алга болчихвол яана даа. Харин одоохондоо эндээ 40 жилийн ой хүртэл хадгалаад л байх нь зүйтэй болов уу. Гэвч 30 жилийн ойн үед, Ардчилсан Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч болсон байгаа энэ мөчид, Монгол Улсад буцаах юмсан гэж бодогдож байна. Өчүүхэн би Монголын Ардчилсан хөдлгөөний цаг үед монголчуудтай хамт Монголын Ардчиллыг мөрөөдөж явсан. Сэтгэл санаа нэгтгэж, чадах хэрээрээ зүтгэсэн. Ний нуугүй хэлэхэд “Хонх” хамтлагийнхныг Японд урьснаас болж надад зовлон учирлаа. Монголын дуучид Японы хамгийн нэртэй нэвтрүүлэгт оролцуулсан тэр үед сенсац боллоо. Тухайн цагийн Японд хамгийн нэртэй нэвтрүүлэгт гаргана гэдэг өчүүхэн оюутан ч гэсэн миний хувьд гавьяа зүтгэл мөн. Даруу байх ёстой боловч миний хийсэн юмыг өдий хүртэл хэн ч огт хэлж дурсаж өгдөггүй. Даруу байх ёстой ч мэдсээр байтап өөр хүний хийсэн юм болсон бол түүхэнд үнэнгүй болно. Тэр цагаас хойш 30 жил өнгөрөх гэж байна. 50 гарсан би одоо оюутан биш. Хуучин дурсамж өгүүлснийг минь өршөөнө үү.

"NHK" телевизийн нэвтрүүлэгт орох үед

Юм болгонд ард нь зохион байгуулахаар зүтгэсэн хүмүүс бий. Сайхан бүтээсэн бол ар талд зүтгэсэн хүмүүсийн зүтгэл бол алга мэт харагдахгүй болно. Тэр нь хүний зам. Нийгмийн жам. Хүн бол хэцүү. Сайн юмнаас муу юм гардаг нь үнэн. Тэр цагаас хойш надад учиргүй зовлон учрах боллоо. Одоо ч тэрхүү зовлон үргэлжилсээр, салахгүй бололтой байна. Миний хувьд Монголын Ардчилсан хөдөлгөөнийн түүх одоо ч түүх болоогүй байна. Гитарыг нь Монголд буцаагаад 30 жилийн ойг тэмдэглэн түүх болгомоор байна даа.

 

Кимүра Аяако

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • Малчин (202.21.127.160)

    2019-12-10

    Яг л үнэнийг бичдэг, мундаг нийтлэлч шүү, энэ Аяако Кимура.