Монголын мөнх цэвдэг эрчимтэй хайлж байна

Арван мянган жилийн өмнө устсан арслан зааныг идэж байсан өвстэй нь Сибирийн мөнх цэвдгээс олсон нь шинжлэх ухааны түүхэнд, байгаагүй ололт болсон юм. Үүн шиг хэдэн сая жилийн настай эд өлгийн зүйлс, амьтдын олдворыг бидэнд тэр чигээр нь өвлүүлдэг учраас цэвдгийг байгалийн “мөсөн зоорь” гэдэг. Дэлхийн цэвдгийн 95 хувь Монгол, ОХУ, Канад, БНХАУ, АНУ-ын нутаг дэвсгэрт байдаг.

 

Харамсалтай нь, Монголын хойд нутгийн мөнх цэвдгийн мөс эрчимтэй хайлж эхэлснийг АНУ-ын Колорадо мужийн их сургуулийн эрдэмтэд баталжээ. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдгүүд хайлснаар цаа буга тэргүүтэй тайгын амьтдыг мөхөлд хүргэх эрсдэлтэй аж.

 

Хөвсгөл аймагт 2001 оноос хойш агаарын температур 1.5 хэмээр дулаарсан байна. Хүлэмжийн хийн нөлөөгөөр нүүрстөрөгчийн давхар исэл нэмэгдсэний уршгаар мөнх цэвдгийг гэсгээж эхэлсэн талаар эрдэмтдийн судалгаанд дурджээ. ОХУ-ын эрдэмтдийн 46 жилийн өмнө хийсэн судалгаагаар Монгол орны нутаг дэвсгэрийн 63 хувь нь цэвдэгтэй байсан бол өдгөө 29.3 хувь болтлоо буураад байгаа аж. Цэвдэг нь гүний устай хөлдсөн хөрс, чулуулаг юм. Цэвдэгтэй хөрс гүний усыг тогтоон барьж, гол мөрний ус бүрэлдэхэд нөлөөлдөг. Ийм газар чийг ихтэй тул мод, ургамал ургахад таатай орчныг бүрдүүлдэг байна. Монголын мөнх цэвдэг хайлснаар дэлхийн дулаарал эрчимжиж ОХУ, БНХАУ-д нөлөөлнө. Мөнх цэвдэг нь байгалийн экосистемийн нэг хэсэг учраас гол мөрөн ширгэх, ой мод хатах, цөлжилт нэмэгдэх зэрэг сөрөг нөлөөтэй. Үүнээс гадна тухайн улсын эдийн засагт ч асар их гарз учруулдаг. Мөнх цэвдэг хайлснаар эртний булш бунхан дахь нэхмэл эдпэл, арьс шир, модон хэрэгсэл зэрэг археологийн үнэт олдворууд ил гарч эхэлжээ. Гэвч ингэж удаан хугацааны турш мөс цасанд хадгалагдсан эртний олдвор нь маш богино хугацаанд задралд орж устаж үгүй болох аюултай юм. Мөн орон нутгаар аялж буй аялагчид тэдгээр олдворыг олж, авч явах тохиолдол гарсан байна. Мөнх цэвдэг хайлсны улмаас эртний олдворууд ил гарч, нүд ирмэх зуур устах аюултай нөхцөл байдалд байгаа талаарх судалгааг АНУ-ын Колородагийн их сургуулийн археологич Виллиам Тэйлор бусад судлаачтай хамтран хийсэн байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • Харасалтай (202.126.89.118)

    2019-12-11

    Харамсалтай хайран юм