Улсын хэмжээнд 70 сая 949 мянган мал тоолуулжээ

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа. 

Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар хийсэн бөгөөд мал тооллогын урьдчилсан дүнгээр 70 сая 949 мянган мал тоолуулсан болохыг ҮСХ-ноос онцоллоо. 

Энэ нь өмнөх оныхоос 4.5 сая толгой малаар буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор

  • Хонь 45.5 хувь
  • Ямаа 41.2 хувь
  • Үхэр 6.2 хувь
  • Адуу 5.9 хувь
  • Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ. 

2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоогоор тэргүүлж буй аймгуудыг жагсаавал /мянган толгой/

  1. Архангай аймаг 6 сая 166 мянган толгой мал 
  2. Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой мал 
  3. Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал 
  4. Төв аймаг 4 сая 978.7 мянган мал 
  5. Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тус тус тоолуулж тэргүүлсэн байна.

Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй байгаа аж. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44 насны малчид, 22 хувийг 25-30 насны малчид, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж буй.

 2018 оны тооллогоор тоологдсон нийт 290 мянган малчны 26.2 хувь нь Нийгмийн даатгалд хамрагдаж байсан бол энэ жил нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ. 

Эргэн сануулахад мал тооллогын 2018 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байсан билээ. 

Мал тооллоготой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг нэгдүгээр сарын 10-ны дотор танилцуулахаа ҮСХ-оос хэллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.21.105.186)

    2019-12-27

    Maliig ni neg burchlen tooldog yum uu? Malchdiinh ni amaar toolchikhdog yum shig bgaan, nuguuduul ni ahiu zeel avahiin tuld maliin toogoo usguud helchihdeg. Tegeheer hudlaa l too bolj taaraad bgaan.